Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 14

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192 дугаар захирамжуудийг тус тус хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2015 оны 2 ба 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын мөнгө, 2015 онд ерөнхий менежерүүдийн хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн ур чадварын нэмэгдэл, 2016 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон ихэсгэсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7 дахь заалтуудыг үндэслэл болгон ажлаас чөлөөлөх тухай захирамжийг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан болно.

Миний бие Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор албан тушаал, эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жил тэнсэж, хянан харгалзах ялаар шийтгүүлсэн. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасны дагуу тэнсэн харгалзах хугацааг хэрэгсэхгүй болгож захиргааны хяналтыг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хааж, зогсоосон тухай Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 31-2/305 албан тоотыг Засаг дарга Д.Жаргалсайханд хүргүүлсэн байсан. Гэтэл энэ үндэслэлээр давхардуулан хариуцлага тооцон ажлаас чөлөөлөх захирамж гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 10-нд дуусч сунгах гэтэл Засаг дарга Д.Жаргалсайхан ял эдэлж байгаа хүнтэй гэрээ байгуулахгүй гэсэн. Энэ үед Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Батбаяр хамт байсан бөгөөд намайг албан ёсоор хэрэгсэхгүй болгосон бичгээ аваад ир гэсэн. Би захиргааны хяналт зогсоосон бичгээ өгөх гэтэл Засаг даргатай уулзах хүн олон байсан тул Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Батбаярт биечлэн өгөхөд эргээд утсаар дуудъя гэж хэлсэн. Тэгээд дуудах байх гэж хүлээтэл 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөх захирамж ирсэн. Энэ заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д зааснаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээ анх заасан хугацаагаар сунгагдсан гэж би үзэж байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 байнгын ажлын байранд хугацаагүй гэрээг байгуулна гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэж байгаа.

Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан аймгийн Боловсрол соёлын газрын дарга Д.Байгалмаад явуулсан 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12/173 тоот албан бичигт “…ажлын байрны тодорхойлолт, 2015 оны аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул Д.Уранчимэгийг албан тушаал бууруулах эсэхэд санал ирүүлнэ үү...” гэсэн тоотын хариуд Д.Байгалмаа дарга /Би аймгийн Засаг дарга, Боловсрол соёлын газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр сүүлийн 3 жил дараалан В үнэлгээтэй үнэлэгдсэн байгаа / ямарч үндэслэл, нотолгоо баримтгүй, хурлын тэмдэглэл, протоколгүй доод албан тушаалтнаа олон жил хөдөлмөрлөсөн цаг хугацаа, ажилласан байдал, ахуй амьдралыг үл хайхран Засаг даргынхаа санаа бодлын дагуу хариу өгч байгаа нь удирдах хүний ёс зүй, хариуцлагад нийцэхгүй байгаад гомдолтой байна. Мөн аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан Боловсрол соёлын газрын дарга Д.Байгалмаа нар албан тушаал бууруулах саналаа нэгтгэсэн мөртлөө ажлаас чөлөөлсөн, 1 үндэслэлээр давхардуулан хариуцлага тооцож байгаа зэрэг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192 тоот захирамжаар эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 дүгээр тушаалын дагуу 2016 оны 03 сарын 29-ний өдөр миний бие ажлаа хүлээлгэн өгсөн.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192 дугаар захирамжуудийг тус тус хүчингүй болгуулах, цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2015 оны 2 ба 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын мөнгө, 2015 онд байгуулсан ерөнхий менежерүүдийн хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн ур чадварын нэмэгдэл, 2016 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгс шүүхэд гаргасан тайлбартаа:

“Баянхонгор аймгийн Засаг даргаас сум, сургууль, цэцэрлэгийн дарга, захирал, эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгуулдаг бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгуулах үеэр Д.Уранчимэгт хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй буюу цуцлах талаар саналыг мэдэгдсэн” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Байгалмаа шүүхэд гаргасан тайлбартаа:

“Ойдов овогтой Байгалмаа миний бие Баянхонгор сумын “Одхон” 2 дугаар цэцэрлэгт 2007 оноос одоог хүртэл багшаар ажиллаж байна. Баянхонгор сумын Засаг даргын 2016 оны 03 сарын 24-ний өдрийн 192 дугаар захирамжаар эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгүүлэх тухай захирамж ирсний дагуу мөн Боловсрол соёлын газрын дарга Д.Байгалмаагийн ажил хүлээлцэх тухай тушаал гарч 2016 оны 03 сарын 29-ний өдөр миний бие ажлыг хүлээн авч өнөөдрийг хүртэл хуулийн дагуу үүрэгт ажлаа хийж байна. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсантай холбоотойгоор миний бие гуравдагч этгээдээр татах тухай захирамжийг хүлээн авсан ба тус шүүх хурлын тов зарлсаныг мэдсэн. 2016 оны 04 сарын 27-ны 15 цагт шүүх хуралдаан болох юм байна. Энэ шүүх хуралдаанд миний бие суух шаардлагагүй, миний хувьд энэ хэрэг надад хамаагүй болохоор шүүх хуралдааныг товлосон хугацаандаа явуулна уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Уранчимэг тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2015 оны 2 ба 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын мөнгө, 2015 онд ерөнхий менежерүүдийн хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн ур чадварын нэмэгдэл зэргийг нөхөн олгож өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан[1] ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192 дугаар захирамжийг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2016 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” гэж ихэсгэжээ[2].

Шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбар, бусад нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгс “Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийнэ үү.” гэсэн, гуравдагч этгээд О.Байгалмаагийн “шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтээ тус тус бичгээр ирүүлснийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгэээд нарыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Нэг. Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх”-ийг хүссэн шаардлагуудын тухайд:

Д.Уранчимэг нь Баянхонгор сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 113 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон[3] ажиллаж байгаад Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны  03 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар захирамжаар[4] үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Аймгийн Засаг дарга маргаан бүхий захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 “…хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон…”, 37.1.7. “…ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон…” тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан хуулийн заалтуудыг баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй”, 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” байгуулахаар, 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж хуульчилжээ.

Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд “ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан “хугацаатай гэрээ” гэдэг нь хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, сар , өдрөөр, эсхүл жил, урирал, сараар, үйл явдлаар тодорхойлсон байна” гэж, хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн “хугацаагүй” гэрээг байгуулах үүрэгтэй болно. Харин энэ зүйлийн 23.2.2-т дээрх гэрээг “талууд харилцан тохиролцож хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажилтан олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд шаардлага, шалтгааныг мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино.” гэж тайлбарлажээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал нь байнгын шинжтэй ажлын байр тул ажил олгогч хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг хуульчилсан байна.

 Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэгтэй 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг[5] нэг жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд уг гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хугацаатай байгуулахаар тодорхой үндэслэл, ямар нэгэн шаардлагыг тусгаагүй, энэ талаар өөрчлөлт ороогүй болох нь хөдөлмөрийн гэрээнээс харагдаж байна.

Түүнчлэн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болгоогүй, түүнээс хойш ажилтан албан үүргээ гүйцэтгэж байгаад 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь маргаан бүхий захирамж, ажилтны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар[6], нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар гэрээний хугацаа сунгагдсанд тооцох боломжтой юм.

Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор[7] Д.Уранчимэгийг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасан байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Уранчимэгт оногдуулсан тэнсэн хянан харгалзах хугацааг тооцохгүй болгож, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр захиргааны хяналтыг зогсоож[8], Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасны дагуу ялгүй болсныг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан байхад аймгийн Засаг дарга 2016 оны 155 дугаартай Д.Уранчимэгийг ажлаас чөлөөлсөн захирамжаа гаргахдаа Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй, мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасны дагуу аймгийн Боловсролын газраас “цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэгийг ажлаас чөлөөлөх” талаар санал аваагүй, харин “албан тушаал бууруулах” талаар санал авсан[9] байгаа нь дээрх хуулиудыг зөрчсөн хууль бус захиргааны акт болсон байна. 

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Уранчимэгийг урьд эрхэлж байсан Бянхонгор сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан гурван сарын буюу 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192 дугаар захирамжийг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлагын тухайд:

Аймгийн Засаг даргын 2016 оны 192 дугаар захирамжаар[10] О.Байгалмаад 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг хавсран гүйцэтгүүлсэн бөгөөд тэрээр бие даасан шаардлага гаргаагүй тул шүүх гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар “Д.Уранчимэгийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага хангагдсан тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Гурав. 2015 оны 2 ба 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын мөнгө гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад энэхүү шаардлагаасаа татгалзсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-т  заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Дөрөв. 2015 онд ерөнхий менежерүүдийн хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн ур чадварын нэмэгдэл олгуулах-ыг хүссэн шаардлагын хувьд:

Баянхонгор аймгийн Засаг дарга, аймгийн Боловсролын газрын дарга нар нь 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэгтэй 2015 оны үр дүнгийн гэрээг байгуулж[11], гэрээний биелэлтэд Боловсролын газраас “В”, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дүгнэлтээр “С” үнэлгээгээг тус тус өгсөн нь Боловсрол, соёлын газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар[12], аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар[13] албан бичгүүдээр нотлогдож байна. Энэ нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 362/112/183 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-д “А”, “В” үнэлгээг   шалгуур болгосон байх ба Д.Уранчимэгт үр дүнгийн гэрээний биелэлтийн ур чадварын нэмэгдэл олгоогүй нь хууль болон холбогдох эрх зүйн актыг зөрчөөгүй байна.

Тав. 2016 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгуулах” шаардлагын талаар:

2 дугаар цэцэрэгийн эрхлэгч Д.Уранчимэг нь 2016 оны 1 дүгээр улирал бүрэн дуусаагүй байхад буюу 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ба 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал авах талаарх холбогдох материалуудаа аймгийн Боловсрол, соёлын газарт өгсөн гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь тус шүүхээс аймгийн Боловсрол, соёлын газрын бичиг хэрэгт хийсэн үзлэгээр дээрх баримт ирээгүй, бүртгэгдээгүй, байхгүй нь нотлогдсон[14] бөгөөд мөн  тус газраас аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2016 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгох саналын[15] жагсаалтад тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэгийн нэр бичигдээгүй зэргээс харахад 2016 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулалыг олгох үндэслэл бүрдээгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.8, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Уранчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар, 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 192 дугаар захирамжуудийг тус тус хүчингүй болгож, Д.Уранчимэгийг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Уранчимэгийн ажилгүй байсан 3 /гурав/ capын цалин хөлстэй тэнцэх олговор 2 245 011 /хоёр сая хоёр зуун дөчин таван мянга арван нэгэн/ төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгч Д.Уранчимэгт олгож, мөн ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Уранчимэгийн гаргасан “2015 онд ерөнхий менежерүүдийн хооронд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн ур чадварын нэмэгдэл, 2016 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Уранчимэг “2015 оны 2 ба 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын мөнгө гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА

[1] Нэхэмжлэл, хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас

[2] Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас

[3] Баянхонгор сумын Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 113 дугаар захирамж, хавтаст хэргийн 5 дугаар хуудас

[4] Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаар захирамж, хавтаст хэргийн 4 дүгээр хуудас

[5] Хөдөлмөрийн гэрээ, хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас

[6] Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хавтаст хэргийн 70 дугаар хуудас

[7] Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, хавтаст хэргийн 40-49 дүгээр хуудас

[8] Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 31-2/305 дугаар албан тоот, хавтаст хэргийн 26 дугаар хуудас

[9] Аймгийн Засаг даргын 2016.03.03-ны өдрийн 1а/173 дугаар албан тоот, хавтаст хэргийн 83, аймгийн Боловсролын газрын 2016.03.03-ны өдрийн 63-р албан бичиг, хавтаст хэргийн 84,

[10] Баянхонгор аймгийн Засаг даргын 2016.03.24-ний өдрийн 192 дугаар захирамж, хавтаст хэргийн 55 хуудас

[11] 2015 оны үр дүнгийн гэрээ, хавтаст хэргийн 12 дугаар хуудас.

[12] Хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 105 дугаар хуудас

[14] Шүүхийн үзлэгийн тэмдэглэл хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас

[15] Аймгийн Боловсрол, соёлын газрын 2016.03.23-ны өдрийн 83 дугаар албан бичиг, хавсралт, хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас