| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0007/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Өлзийт сумын харъяат, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 10-р хороо оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 09 сарын 22-ны өдрийн 287 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 75 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл Х овогт С.Н-д холбогдох эрүүгийн 172000141010085 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч С.Н нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг 18-н худаг гэх газарт нутаглах иргэн Х.Ч-н туслах ажилтнаар ажиллаж байхдаа гэрээс дунд гарын мөнгөн аяга, хутга, үсний машин, нүдний дуран, олон төрлийн хутга, бахьний ком зэрэг эд зүйлийг хууль бусаар хулгайлан авч 639,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би Эрээнд ажил хийж байгаад 9 сарын 25-нд орж ирсэн юм. Тэгээд Замын-Үүдийн төвөөр явж байхдаа ногоо зарж байсан хүнээс хийчихээр ажил байна уу гэхэд манайх ногоо тарьж, мал малладаг юм, чи манайд очиж ажил хийгээч гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд 26-наас эхлээд Ч-д очиж ажил хийсэн. Ногоо хураахад сарын 250,000 төгрөг, ногоо хураасны дараа мал маллахад 300,000 төгрөгийн цалин өгнө гэж тохирсон юм. Ингээд ногоо хурааж байгаад цалингаас урьдчилж өгөх боломж байна уу гэхэд боломжгүй гэсэн. Тэгээд Ч-г эхнэр рүүгээ явсан хойгуур гэрээс нь эд зүйлүүдийг авч явсан. Ингээд Сайншанд суманд очоод авч явсан архиа уусан, тэнд нэг дриль зарсан. Тэгээд цагдаад баригдсан. Хулгайлсан эд зүйлээ бүгдийг нь буцаан өгсөн. Үнэлгээн дээр гарсан 24 нэр төрлийн эд зүйлийг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байгаа. 2 архи, дрил зэргийн үнэ 70,000 төгрөгийг төлж барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11/
Хохирогч Х.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2017 оны 10 сарын 10-ны өдөр манай туслах ажилтан Н бид хоёр гэртээ байж байхад манай эхнэр өөрийн 18-48 ДГО улсын дугаартай Бонго жи-3 маркийн машинтай Замын-Үүд суманд ногоо зарж дуусаж байна гэхээр би өөрийн 84-39 ДГО улсын дугаартай Ниссан датцуйн маркын машинаар 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад Замын-Үүд сум руу явдаг замын хажуу талд байдаг Т айлын гадаа машинаа үлдээгээд Дорноговь аймгийн Сайншанд сумаас Замын-Үүд сумын хооронд явдаг автобусанд суугаад Замын-Үүд суманд ирсэн. Тэгээд Замын-Үүд суманд байж байхад манай нутгийн малчин О.М гэх хүн манай эхнэрийн дугаарын гар утас руу залгаад танай туслах ажилтан өдөр зам руу танай усны тэргийг түрээд явж байсан талаар утсаар ярьсан. Тэгээд эхнэр бид хоёр машинаа унаад Замын-Үүд сумаас 17 цагт гарах гэж яваад Замын-Үүд сумаас гарах замд байдаг пост ороход тэнд ажиллаж байсан цагдаагийн алба хаагчид би Эрдэнэ сумын 3 дугаар баг 18-н худаг гэх газар амьдардаг хүн байна манай туслах ажилтан зам руу усны тэргэн дээр юм ачаад явсан талаар хэлэхэд тухайн цагдаа сумынхаа хэсгийн төлөөлөгчид юу болсон талаараа даруй мэдэгдэж хэлээрэй гэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Тэгээд бид хоёр гэрээдээ яваад гэртээ очиход манай гэрийн хаалга цоожтой гэрийн түлхүүрийг ногооны хашааны торноос өлгөсөн түлхүүрээ аваад гэртээ ороход манай туслах ажилтан өөрийн өмсөж байсан хувцасаа гэрийн баруун урд талд тайлаад үлдээсэн гэр эмх замбараагүй байдалтай гэрээс эд зүйл авсан байдалтай байсан. Тэгээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, швейцарь улсад үйлдвэрлэгдсэн том хутга 1 ширхэг, сахлын машин 1 ширхэг, цэнхэр өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, бор өнгийн бор өнгийн трусик 1 ширхэг, том оврын гар чийдэн 1 ширхэг, цагаан савтай 50г сүүлний тос, шар өнгийн жижиг төмөр хайрцагтай чихэр, коровка печень 1 ширхэг, нурууны наалт 1 ууттай, компот 1 ширхэг, дэлбээ нэртэй хуурай сальфитка 1 ширхэг, ханын цаг 1 ширхэг, 2 нүдний дуран 1 ширхэг, швейцарь улсад улсад үйлдвэрлэгдсэн том хутга бахьтай хутганы цуглуулга, төмс тасдагч 1 ширхэг, эмэгтэй хүний үсний будаг 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 0,5 л архи, Улаан өнгийн шилтэй 0,5 л вино 1 ширхэг, Экс нэртэй 0,5 л 1 шил архи, хайрцагтай Дрил өрөм 1 ширхэг эд зүйлүүд алга болсон байсан. Энэ талаар хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Одоо манай эд зүйлээс хайрцагтай дрилл өрөм, Улаанбаатар нэртэй 05 л архи, Улаан өнгийн шилтэй 0,5 л вино 1 ширхэг, Экс нэртэй архи 0,55 л 1 шил архи зэрэг эд зүйлүүд дутуу байна. Би хайрцагтай дрилл өрөм, Улаанбаатар нэртэй 0,5 л 1 шил архи, Улаан өнгийн шилтэй 0,5 л вино 1 ширхэг, Экс нэртэй 0,5 л 1 шил архи зэргийг дутуу байгаа зүйлээ нэхэмжилж байна. Хайрцагтай дрилл өрөмөө 42,000 төгрөгөөр, Улаанбаатар нэртэй 0,5 л 1 шил архи 10,000 төгрөг, Экс нэртэй 0,5 л 1 шил архи 12,000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч О.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3-р баг 18-н худаг дээр малаа услаад байж байхад 11 цагаас 12 цагийн хооронд Ч гэх айлын туслах ажилтан усан дээр архи уусан байдалтай ирээд Сайншанд явах гэсэн юмаа нэг шил 0,75 литрийн Экс архи борлуулаад өгчих зардал мөнгө хийх гэсэн юмаа гэхээр нь энд архи зарагдахгүй гэж хэлчихээд малаа услаж дуусаад гэртээ хариад байж байхад 15 цагийн үед Ч гэх гэх айлын туслах ажилтан гэрээс нь усны тэргэн дээр эд зүйл ачаад түрээд зам руу явж байхаар нь Ч-н эхнэр Ж гэх хүний гар утас руу өөрийн гар утсаар залгаад танайд байсан туслах ажилтан засмал зам руу танай гэрээс усны тэргэн дээр эд зүйл ачаад яваад өглөө та нар хурдан ир гэхэд наад нөхөр чинь зам дээр усны тэрэг үлдээгээд яваад өгсөн байхдаа М минь чи зам руу яваад усны тэрэг аваад гэрийн гадаа тавьчих бензиний мөнгийг өгнө гэж хэлэхээр нь би засмал зам руу усны тэрэг явсан мөрөөр явж байгаад замын хажуу талд байсан усны тэргийг нь гэрийн гадаа авчирч тавьсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/
Шинжээч С.Э 2017 оны 10 сарын 17-ны өдрийн нэр бүхий 24 нэр төрлийн эд зүйлийг 639,200 төгрөгөөр үнэлсэн 111 тоот дүгнэлт /хх-ийн 23/
Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 09 сарын 22-ны өдрийн 287 тоот шийтгэх тогтоол, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 75 тоот шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 46-47, 49-51/
Хохирогч Х.Ч-н алдагдсан 20 нэр төрлийн эд зүйлийг шүүгдэгч С.Н-с хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 50/
Хохирогч Х.Ч-т дунд гарын мөнгөн аяга 1ш, хар хуйтай бор иштэй хутга, үсний машин, сахлын машин, цэнхэр өнгийн цамц, бор өнгийн турсик, хагас түрийтэй гутал, хар өнгийн оймс, том оврын гар чийдэн, цагаан савтай сүүлний тос, шар өнгийн савтай чихэр, коровка печень, нурууны наалт, компот, хуурай сальфетик, ханын цаг, 2 нүдний дуран, бахь, хутганы ком, тасдагчны ком, үсний будаг тус бүр 1 ширхэг, нийт 20 нэр төрлийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 57/
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 12-ны өдрийн “ Тус шүүх нь 2018 оны 01 сарын 11-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Х овогт С.Н-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно” гэсэн 11 тоот /хх-ийн 84 / зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.Н нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг 18-ын худаг гэх газарт нутаглах хохирогч Х.Ч-д туслах ажилтнаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн гэрээс мөнгөн аяга 1ш, хутга 1ш, үсний машин 1ш, сахлын машин 1ш, цамц 1ш, трусик 1ш, хагас түрийтэй гутал 1ш, оймс 1ш, гар чийдэн 1ш, 0,5 л Экс архи 1ш, 0,5 л Улаанбаатар архи 1ш, вино 1ш, сүүлний тос, чихэр, коровка печень 1 ш, нурууны наалт 1 уут, ковар компот 1ш, хуурай сальфетик, дрил 1ш, тасдагчийн иж бүрдэл 1, ханын цаг 1ш, 2 нүдний дуран 1ш, хутга, бахьны иж бүрдэл, үсний будаг 1ш зэргийг хулгайлж, 639,200 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Н-н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Х.Ч, гэрч О.М нарын мэдүүлэг, хохирогч Х.Ч-н алдагдсан 20 нэр төрлийн эд зүйлийг шүүгдэгч С.Н-с хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 50/, хохирогч Х.Ч-т нийт 20 нэр төрлийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 57/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 9-11/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Түүнчлэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 11-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Н-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болох нь хх-ийн 84-т авагдсан 11 тоот албан тоотоор тогтоогдож байна.
Дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд, хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Харин шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсоны дараа Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.11, 37.12 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэх журмын дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасан журмаар нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.
Хохирлын талаар:
Шүүгдэгч С.Н нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ч-т учруулсан хохирлоос 2 шил архины үнэ 22,000 төгрөг, виноны үнэ 6,000 төгрөг, дрилны үнэ 42,000 төгрөг нийт 70,000 төгрөгийг төлөөгүй, бусад эд зүйлийн биет байдлаар хүлээлгэн өгсөн нь хэрэгт тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 70,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Ч-т олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Н-г 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Н-с 70,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Ч-т олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Н нь 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД