Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 01178

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М-” шашны

байгууллагын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01082 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М-” шашны байгууллагын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Х-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 8 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Бг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 4 сарын 17-ны өдөр “М-” шашны байгууллагын ерөнхий санхүүч Д.Өлзийтунгалаг, нөгөө талаас Ж.Х- нар нь харилцан тохиролцож, Экспресс тауэр оффисийн зориулалттай талбайн 15 давхарт байрлах, 1 өрөө 62 м.кв талбайг түрээсээр эзэмших гэрээ байгуулсан. Түрээслэгч нь 2018 оны 12 сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй. Түрээслэгч Ж.Х- нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй, хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Нэг сарын түрээсийн төлбөр нь 1 550 000 төгрөг. Тиймээс хариуцагч Ж.Х-аас 2019 оны 3 сараас эхлээд 2019 оны 9 сарын 30-ны өдрийг дуустал хугацааны төлбөр болох 8 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Гэрээг байгуулаад талууд нэг нэг хувийг авдаг. Нэхэмжлэгч байгууллагад түрээсийн гэрээний эх хувь байсан учраас нотариатаар баталгаажуулж хуулбарыг шүүхэд өгсөн. Хэргийн 13 дугаар талд байгаа түрээсийн төлбөр төлөх тухай баримтад Ж.Х- гарын үсэг зураад сүүлд байгуулсан компанийнхаа тамгыг дарсан байсан. Түрээслэгчийн нийт эзэмшлийн талбайн нэг өрөө болох 62 м.кв талбайг Ж.Х-д түрээсэлсэн. Ж.Х- өөрөө тухайн өрөөний дотроос нь эд зүйлүүдээ гаргаж аваад явсан бол гэрээний хугацаанд төлбөрөө шаардана. Харин 2019 оны 4 сарын 17-ны өдрөөс хойш түрээсэлж, ашиглаад явсан учраас тэр хугацааны төлбөрөө шаардах нь зүй ёсны учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарта: Ж.Х- миний бие Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Экспресс тауэрт оффисийн барилгын 15 давхарт, 62 м.кв талбайтай оффис түрээслэхээр “М-” шашны байгууллагатай 2018 оны 4 сарын 17-ны өдрөөс 2019 оны 4 сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэн ашиглах хугацаанд эхний 8 сард төлбөрөө төлж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулж чадахгүй, ажил доголдож, төлбөрийг төлөх хугацаа хойшилж эхэлсэн юм. Тухайн үед хөл хугарсан, мөн тал цус харваж эмнэлэгт эмчлүүлж байгаагаа утсаар мэдэгдэж байсан. Гэрээний 1.1-д түрээсийн хугацааг 1 жил гэж тодорхой заасан гэж ойлгосон бөгөөд одоогоор 4 сарын төлбөр түүнээс 1 сарын дэнчингийн 1 500 000 төгрөгийг хасч тооцон, нийт 3 сарын үлдэгдэл төлбөр болох 4 700 000 төгрөгийг үлдэгдэлтэй гэж ойлгож байсан. Тус байгууллагаас надад гэрээг цуцлах, сунгах талаар бичгээр мэдэгдэж байгаагүй бөгөөд миний хувьд дээрх мөнгийг төлөөд гэрээ дуусгавар болно гэж үзэж байсан. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Гэрээг заавал үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ба бүртгүүлээгүй гэрээг хүчин төгөлдөр бус байна. Тус гэрээнд тамга дарж, гарын үсэг зурснаар баталгаажна гэж заасан байдаг. Гэтэл гэрээнд гарын үсэг зурагдсан хэдий ч тамгагүй. Мөн Ж.Х- гэх иргэнтэй эсвэл компанитай гэрээ байгуулсан нь тодорхой бус. Нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэж үзэж байгаа. Учир нь хавтаст хэрэгт байгаа гэрээ нотариатаар баталгаажуулсан байна. Харин бид нарт байгаа гэрээ тамгагүй, нотариатаар ороогүй байгаа. Тооцоо нийлж тооцооны хуудсанд гарын үсэг зурсан. Үүнд 2019 оны 8 сарын 21-ний өдрийн мөн тус оны 9 сарын 22-ны өдрийн нэхэмжлэх дээр Ж.Х-ы гарын үсгийг дуурайлгаад зурсан байсан. 2019 оны 9 сарын 22-ны өдрийн нэхэмжлэх дээр гарын үсэг огт зурагдаагүй. Гэрээний хугацаа дуусаад Ж.Х-ы ажил нь бүтэл муутай байсан учраас нэхэмжлэгч талд амаар мэдэгдэж байсан. Түрээслэх явцдаа 6 000 000 төгрөгөөр шилэн хаалт хийсэн. Тэгээд түрээсэлчих болов уу гэж хүлээсэн болохоос, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаараа хэлж байсан. Хамгийн гол нь гэрээг яаж нотариатаар баталгаажуулсныг ерөөсөө ойлгохгүй байна. Тамга байхгүй, иргэний үнэмлэхийн хуулбаргүй байхад нотариатаар баталсныг үнэхээр их гайхаж байна. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэж стандартаар баталсан баримтын хуулбар гэж ийм байх ёстой гээд стандартын маягтыг нэхэмжлэгчид үзүүлж тайлбарлаад нэг тал нь өөрийнхөө эрх ашгийг хэт хамгаалаад тэрийгээ нотлох баримтад оруулаад хаа хамаагүй тоо гаргаж ирж тавиад байж болохгүй гэж бодож байна. Яг стандартын дагуу байсан бол бид нарт маргаад байх зүйл гарахгүй байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Х-аас 8 500 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “М-” шашны байгууллагад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 150 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “М-” шашны байгууллагад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01082 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмжээгээр төлбөрөө шаардах эрхтэй гэж үзэж, нийт 8 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Миний бие өөрийн эрүүл мэндийн байдлаас болж, ажил хийх боломжгүй болсноо нэхэмжлэгчид ашиглах бололцоотой хүнд нь түрээслэхийг санал болгож байсан ба бусдын өмч хөрөнгө ашигласан гэх хугацаанд ямар нэгэн ашиг орлого олоогүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Нэхэмжлэгчийн нэхсэн төлбөр нь үндэслэл муутай, хуурамч нотлох баримт цуглуулж, шүүхэд өгснийг харгалзаж, үзээгүй гэж үзэж, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “М-” шашны байгууллага нь хариуцагч Ж.Х-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “М-” шашны байгууллага нь “Экспресс тауэр” оффис үйлчилгээний зориулалттай барилгын 15 давхарт байрлах, өөрийн өмчлөлийн 554.95 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн 62 м.кв талбайг, 1 м.кв-ыг нь 25 000 төгрөгөөр түрээслүүлэх, хариуцагч Ж.Х- нь түрээсийн төлбөрийг сар бүр түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, түрээсээр эзэмших гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “М-” шашны байгууллагын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 4 дугаартай барилгын 15 дугаар давхрын 1501 тоотод байрлах, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 554.95 м.кв болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд үүнээс нэхэмжлэгч “М-” шашны байгууллага нь 62 м.кв талбайг хариуцагч Ж.Х-д түрээслүүлсэн байна. /хх-ийн 58-р тал/

 

Түрээсийн гэрээний зүйл болох 62 м.кв талбайн хувьд тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй тул талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан шаардлага тавигдахгүй юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх түрээсийн гэрээг зохих байгууллагад бүртгүүлээгүй нь талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж дээрх түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэгэнт зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч “М-” шашны байгууллага нь түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Ж.Х- нь түрээсийн төлбөр 8 500 000 төгрөгийг 2019 оны 10 сарын 30-ны дотор багтааж төлөхөө хүлээн зөвшөөрч, 2019 оны 10 сарын 07-ны өдөр бичгээр тайлбар гаргасан байна. /хх-ийн 14-р тал/

 

Иймд хариуцагч Ш.Хашчулуунаас түрээсийн гэрээний үүрэгт 8 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М-” шашны байгууллагад олгож шийвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо эрүүл мэндийн шалтгааны улмаас түрээсэлсэн байрандаа үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт “Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж заасан байх тул хариуцагч Ж.Х-ыг түрээсийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2020/01082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ...” гэснийг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.БАТЗОРИГ          

                                               

                                         ШҮҮГЧИД                                                Э.ЗОЛЗАЯА

           

                                                                                                            Г.ДАВААДОРЖ