Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/59

 

 

 

 

 

 

   2023            1              11                                          2023/ДШМ/59

 

 

Ц.Оид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

яллагдагч Ц.Оийн өмгөөлөгч С.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/1956 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаар эсэргүүцлийг үндэслэн Ц.Оид холбогдох эрүүгийн 2210 00000 1014 дугаар хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Цны О, ..... оны ... дүгээр сарын ...ий өдөр Баянхонгор аймагт төрсөн, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ........................... мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, эхнэрийн хамт ............... дүүргийн .... дүгээр хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................../,  

            Яллагдагч Ц.О нь 2022 оны 8 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт клуб дотор иргэн Б.Ттэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.        

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, хүсэлт, гомдол болон Ц.Оид холбогдох хэргийн нөхцөл байдлыг судлаад тус эрүүгийн хэргийн яллагдагч Ц.Оийг шүүхэд шилжүүлж, түүний гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн болон шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Тухайлбал:

1. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн санал /хх 81/ ойлгомжгүй, мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэх /огноо засвартай/ саналын удиртгал хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2210 00000 1159 дугаартай хэрэгт гэж, хохирогч А.Дөлгөөний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан М.Ачбаярт гэгчид холбогдох үйл баримт тодорхойлох хэсэгт бичигдсэн байгаа нь яллагдагч Ц.Оид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт гаргасан мөрдөгчийн санал гэж ойлгогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлд заасан журам зохицуулалт зөрчигдсөн байна.

2. Яллагдагч Ц.Оийн биед тархи доргилт, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12406 дугаартай дүгнэлт хэргийн 37-38 дугаар талд авагдсан байх ба түүний эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг хэн ямар байдлаар, хэрхэн учруулсан эсэх талаар хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулаагүй, улмаар “дээрх нөхцөл байдлыг шалган тогтоож өгнө үү” гэх яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтэд прокуророос “...Б.Мын Ц.Оийн эсрэг хийсэн, түүний нүүр лүү цохиж буй үйлдэл нь ...аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй...” гэсэн хууль зүйн урьдчилсан дүгнэлт хийж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, хэрэгт гэрчээр асуугдсан Б.Мын дээрх үйлдэлтэй холбогдуулж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа огт хийгдээгүй, энэ талаар хэрэгт баримтгүй байна. Энэ нь мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж ажиллагаагүй зөрчил болно гэж шүүх дүгнэв.

3. Түүнчлэн хэргийн материалтай танилцаад яллагдагчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх заалтад заасан журмын дагуу гаргасан хүсэлтийг мөрдөгч мөн хуулийн 32.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “хэргийн материалтай танилцах үед энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг мөрдөгч хүлээн авч хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож энэ тухай шийдвэр гаргана” гэсэн журмын дагуу шийдвэрлээгүй орхиж, хэргийг прокурорт шилжүүлсэн зөрчилтэй байна. /хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл - хх 80/

Иймд дээрх зөрчилтэй байдлыг зөвтгөн залруулахгүйгээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим зөрчигдөх үр дагавар үүсгэх бөгөөд захирамжид дурдсан нөхцөл байдлыг шалган тогтоох нь эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж дүгнэн Ц.Оид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн болно.

Хэргийг прокурорт буцаасантай холбоотой яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргаж буй мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан, оролцогчоос гаргасан баримтат мэдээлэл буюу СD-д үзлэг тэмдэглэл хийж хэрэгт бэхжүүлээгүй гэх асуудлыг тухайн шатанд тавьж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд яллагдагч Ц.Оид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Түмэн-Өлзий бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөгчийн гаргасан хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал нь яллагдагч Ц.О болон Б.Т хохирсон гэх хэргийн үйл баримтаас зөрүүтэй байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж ирүүлсэн санал байсан учир тухайн саналыг хэргийн талаарх шийдвэр гэж үзэх үндэслэлгүй бөгөөд прокуророос дан ганц мөрдөгчийн саналд хязгаарлахгүйгээр хэргийн материалыг бүхэлд нь хянаж үзээд яллах дүгнэлтийг яллагдагч Ц.О болон хохирогч Б.Т нарын хэргийн үйл баримтад нийцүүлж яллах дүгнэлт үйлдсэн болно. Прокуророос хэргийг хянахдаа мөрдөгчийн саналаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд болох “оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх, гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэх, энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхдээ хууль зөрчсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэх, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх”-ийг хянаад дээрх нөхцөл байдал хангагдсан гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 зүйлд заасан “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд мөрдөгчийн санал зөрүүтэй гэх шалтгаанаар хэргийг мөрдөгчид буцааснаар хэргийн оролцогч нарт чирэгдэл үүсгэхээс гадна энэ нь хэргийн үйл баримт болон шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж үзсэн болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ” гэж заасан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй бол шүүхэд шилжүүлэхээр хуульчилсан байх бөгөөд мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүхэд шилжүүлнэ гэж хуульчлагдаагүй байна. Яллагдагч Ц.О нь хэрэг үйлдэгдсэн гэх өдөр өөрийн биед бас гэмтэл авсан талаар тэрээр яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан бөгөөд үүнийг шалгаж тогтоох чиглэлээр Ц.Оийн биед гэмтэл үүссэн эсэх, мөн үүссэн бол тухайн гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тодруулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү шинжээч томилж 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12406 дугаартай дүгнэлтийг гаргуулсан бөгөөд тухайн дүгнэлтээр Ц.Оийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тогтоогдсон. Дээрх хөнгөн хохирлыг хэн, хэрхэн, ямар байдлаар учруулсантай холбоотой хэрэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан хохирогч Б.Тийн мэдүүлэг, Б.Мын гэрчээр өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар Ц.Оийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь Б.Мын түүнийг цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байх боловч Б.Мын дээрх үйлдэл нь Ц.О нь хохирогч болох Б.Тийн эсрэг түүний биед халдан зодож байх явцад Б.М нь түүнийг Б.Төөс холдуулах, салгах зорилгоор зууран авсан байх ба тэрхүү үйлдлийг Ц.О нь эсэргүүцэж улмаар Б.Мыг цохиж улмаар цааш үргэлжлүүлэн нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэрэг үйлдэл хийж байхад Б.Мын зүгээс дээрх Ц.Оийн үйлдлийн эсрэг хариу үйлдэл хийсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэх аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл байсан учир Б.Мт холбогдуулан яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзсэн. Мөн энэ талаар яллагдагч Ц.Оийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтэд тодорхой дурдаж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Иймд Ц.Оид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн зэргийн гэмтлийг хэн, ямар байдлаар, хэрхэн учруулсантай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй үзэх үндэслэлгүй байна.

Яллагдагч Ц.О болон түүний сонгон авсан өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэргийн материалтай танилцаад танилцуулсан тухай тэмдэглэлд тусгасан хүсэлтийг мөрдөгчийн зүгээс шийдвэрлээгүй орхигдуулсан зөрчлийн тухайд өмгөөлөгчөөс хавтаст хэргийн материалтай танилцаад мөрдөгчид гаргасан хүсэлтийг мөрдөгч нь шийдвэрлээгүйтэй холбоотой буюу хэрэг прокурорын шатанд байхад өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар дахин прокурорт хандаж “...хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан камерын бичлэгт М гэгч нь Оийг цохиж байгаа бичлэг байх харагдаж байгаа бөгөөд үүний улмаас Оийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Мт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагааг хийж өгнө үү...” гэх хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасныг прокуророос хүлээн авч хянаад хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Ц.Оийн өмгөөлөгч С.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1, 32.2, 32.3 дугаар зүйлд заасан хуулийн зарим шаардлагуудыг огт хангаагүй байдаг. Иймд хэргийн материалтай танилцасны дараа прокурорт хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ “мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шалгавал зохих нотлох баримтыг бүрэн шалгаагүй, хэрэг нотлогдоогүй байна” гэсэн. Бид CD бичлэгтэй танилцахад ганцхан бичлэг байсан. Тэр бичлэгт Ц.Оийн Мтай зодолдсон бичлэг л байдаг. Нөгөө бичлэгт Ц.Оийн найзыг М цохиж унагааж байгаа болон хүн татаж босгож байгаа бичлэг байсан. Мөрдөгчид “бичлэг дутуу байна. Бидэнд бүх бичлэг нь байна” гэхэд “та прокурорт хүсэлтээ гаргаад бичлэгээ өгчих” гэсэн. Ц.Оийг өмнө нь зодуулсан байсан гэж маргадаг. Ц.О нь бааранд орохдоо нүүр, ам нь зүгээр байсан талаарх зураг болон шалгуулах шаардлагатай байгаа зүйлүүдээ бичээд прокурорт хүсэлтээ өгсөн. Гэтэл яллах дүгнэлт үйлдэснийхээ маргааш нь хүсэлтийг маань хангахаас татгалзсан тогтоол гаргасан. Ц.Оийн биед хөнгөн гэмтэл учирсан байхад шалгаагүй атлаа аргагүй хамгаалалт байсан гэдэг. Мөн “мөрдөгчийн санал байхгүй байна” гэхээр “тэр ямар хамаатай юм, хэргийг уншихад ойлгомжтой байгаа, тэр хамааралгүй” гэдэг. Хуульд мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа мөрдөгч саналаа хэргийн хамт прокурорт шилжүүлнэ гэж заасан. Гэтэл яллах дүгнэлт дээр “мөрдөгчийн ирүүлсэн саналын дагуу...” гээд бичсэн байдаг. Хөнгөн хэрэг юм чинь ямар ч байдлаар шалгасан яахав гээд байна уу, ямар учиртай болохыг ойлгохгүй байна. Танхайрсан хүмүүст арга хэмжээ аваагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Ч.Түмэн-Өлзийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Ц.Оид холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Ц.Оийг 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт клуб” дотор иргэн Б.Ттэй маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудыг оролцуулан дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай нотолж, тогтоосон эсэхийг тодруулах үүднээс оролцогч нараас асуулт асууж, захирамжид дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй байдлыг зөвтгөн залруулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шалгавал зохих ажиллагааг тус бүр тодорхой заасан тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь зөв байна.

Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 12406 дугаар шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, дээрх шинжээчийн дүгнэлтэд “...Ц.Оийн биед тархи доргилт, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 32/ гэх, шинжээч эмч Н.Туяа “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн шинжилгээ, оношны бичгийг үзүүлсэн өөр бичиг үзүүлээгүй. Тархи доргилт нь 10-14 хоногийн дотор эдгэрнэ. Эмчилгээг хэр хийлгэснээс хамаарч эдгэрэлт явагдана...” /хх 42/ гэж мэдүүлсэн ба уг шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг нь  тухайн хэргийн шалтгаант холбоог нарийвчлан тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байх тул тус шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай байна.

Мөн хэргийг прокурорт буцааж байгаатай холбогдуулан тухайн үйл явдлыг бүрэн агуулсан хяналтын камерын бичлэгийг нягтлан шалгаж, хэрэгт хавсаргах шаардлагатай байна.

Иймд прокурор Ч.Түмэн-Өлзийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/1956 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/1956 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ч.Түмэн-Өлзийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 51 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ                                

 

                        ШҮҮГЧ                                                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ