Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн харъяат, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эгчийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум  1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй,  бие эрүүл Б овогт Ч.Т-д холбогдох эрүүгийн 172000141010085 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Ч.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Гаалийн газрын жижүүрийн өрөөний ширээн  дээр цэнэглээстэй байсан М.Б-н самсунг маркийн утсыг  өрөөний үүдээр орж хулгайлан бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр согтуу явж байгаад буудал байна гэж андуураад Гаалийн газар руу орсон байсан. Тэгээд хаалгаар ороод 2 давхар руу гарчихаад буцаад бууж байхад шатны хажуу талд цонх байсан, цонхоор харахад ширээн дээр нэг утас байсан, цонхоор нь авах гэхэд болохгүй байхаар нь тойроод хаалгаар нь орж ширээн дээр байсан гар утсыг авсан. Тухайн үед согтуу байсан боловч  болсон үйлдлийг мэдэж байгаа, хохирогчийн гар утсыг 5-6 хоногийн дараа хүлээлгэн өгсөн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэсэн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

2017 оны 11 сарын 24-ний өдрийн 15 цаг 45 минутаас 46 минут хүртэл  бичлэгтэй СД-г эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 10/

Хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би  2017 оны 11-р сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг гаалийн төв конторт жижүүрийн үүрэг гүйцэтгэж  байх хугацаандаа 15 цаг 45 минутын орчимд жижүүрийн өрөөнөөс  гараад 1 давхарт  байрлах амралтын өрөөнд ороод гараад ирэх хооронд  ажлын ширээн дээр ажлаа хийж байгаад үлдээсэн цагаан өнгийн  гэртэй, гадна талаараа бор шарга өнгийн гэртэй Самсунг нөте 4 маркийн  миний гар утас өрөөнд ороод гараад ирэхэд  байхгүй  болсон байхаар нь цагдаагийн  байгууллагад  мэдэгдсэн. Тэгээд манай байгууллага хяналтын телекамертай байсан учир цагдаагийн ажилтны хамт шүүж үзэхэд  35-40 орчим  настай эрэгтэй хүн манай өрөөнд ороод  гарсан бичлэг байсан. Намайг жижүүрийн өрөөнд байх хугацаанд тэр өдөр гаднаас ямар нэг хүн орж ирээгүй би өрөөндөө  утсаа үлдээгээд амралтын өрөөнд ороод  5 минут болоод ирэх хооронд утас алга болсон байсан. Тэгээд манай байгууллага хяналтын телекамертай байсан учир  хяналтын камер цагдаагийн ажилтны хамт шүүж үзэхэд 15 цаг 45 минутын орчимд гаднаас үл таних хар өнгийн саравчтай малгайтай , хар өнгийн  өмдтэй гадуураа, саарал, хөх өнгийн нимгэн куртиктэй, дотуураа улаан шоотой ноосон цамцтай эрэгтэй  хүн орж жижүүрийн өрөөний цонхоор  өнгийж  байгаад тойрч ороод утас аваад  гарч байгаа бичлэг байсан. Би  тэр үл таних хүнийг сэжиглэж байсан. Би 2016 онд найз Б-с барьж байсан утсыг 400,000 мянган төгрөгөөр  худалдаж авч байсан. Би анх авсан үнээрээ үнэлж байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гар утас олдсон учир энэ хүнд хуулийн дагуу дараагийн арга хэмжээ  авч өгнө үү ” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 14/

Гэрч Ц.В-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Ч.Т нь манай хамгийн бага дүү Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Бага насандаа гэртээ хүмүүжиж  байгаад  1976-1984 онд Дорнод аймгийн Хэрлэн  сумын ерөнхий  боловсролын сургуульд  суралцан 8-р анги  төгссөн. Тэгээд цэрэгт явсан. Манай аав ээж хоёртой хамт амьдарч байсан учир сайн мэдэхгүй байна би тухайн үед  гэр бүлтэй  болоод  өөр газар амьдарч байсан. Дорнод аймгийн  нэгдсэн  эмнэлэгт сувилагч  хийж байгаад тэтгэвэрт гарч  манай төрсөн хүүхдүүд Дорноговь  аймгийн Замын-Үүд суманд амьдардаг учир энд 2011 онд ирсэн. Манай төрсөн дүү Замын-Үүд суманд 2016 оны энд ирээд Замын-Үүд суманд гутал засвар ажиллуулж  байж байгаад би Улаанбаатар хотод ажил хийх гээд явж байгаад  2017 оны 10-р сарын сүүлээр энд ирээд барилгын ажил хийдэг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

Шинжээч С.Э-н 2017 оны 12 сарын 15-ны өдрийн  Самсунг НӨТ-4 маркын гар утас хуучин цагаан өнгөтэй  300,000 төгрөгөөр үнэлсэн 124 тоот дүгнэлт  /хх-ийн 18/

Шүүгдэгч Ч.Т нь 1986 оны 09 сарын 10-нд  Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэсэн тэмдэглэгээ бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/

Шүүгдэгч Ч.Т-с Самсунг Нөте 4 маркийн гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32/

Хохирогч М.Б-д гар утасны гадна талаар бор шаргал өнгийн  гэртэй нүүрний наалт нь цуурсан Самсунг Нөте 4 маркийн  гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 34/

Хохирогч М.Б-н “ хулгайд алдагдсан гар утсыг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй “ гэсэн хүсэлт /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Т нь архи уусан үедээ  2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр баг Гаалийн газрын жижүүрийн өрөөнд орж,  ширээн дээр нь цэнэглээстэй байсан хохирогч М.Б-н Самсунг Нөте 4 маркийн утсыг хулгайлж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хөрөнгийг нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан хохирогч М.Б-н мэдүүлэг, шинжээч С.Э-н 2017 оны 12 сарын 15-ны өдрийн  Самсунг НӨТ-4 маркын гар утас хуучин цагаан өнгөтэй  300,000 төгрөгөөр үнэлсэн 124 тоот дүгнэлт  /хх-ийн 18/, шүүгдэгч Ч.Т-с Самсунг Нөте 4 маркийн гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32/, хохирогч М.Б-д гар утасны гадна талаар бор шаргал өнгийн  гэртэй, нүүрний наалт нь цуурсан Самсунг Нөте 4 маркийн  гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 34/, хохирогч М.Б-н “ хулгайд алдагдсан гар утсыг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй “ гэсэн хүсэлт /хх-ийн 54/, 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 15 цаг 45 минутаас 46 минут хүртэл  бичлэгтэй СД-г эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 10/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ч.Т нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу хохирогчийн Самсунг Нөте 4 загварын гар утсыг биет байдлаар нь буцаан өгсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр хэрэгт тогтоогдсон байх тул түүнийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан оногдуулах ялыг хөнгөрүүлж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  ялын  доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

Түүнчлэн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 15 цаг 45 минутаас 46 минут хүртэл  бичлэгтэй СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хөрөнгийг нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Т-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Т-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 15 цаг 45 минутаас 46 минут хүртэл  бичлэгтэй СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ     А.ЦЭРЭНХАНД