Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 112/ШШ2024/0027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: ............ аймгийн ............ сумын иргэн Ч.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Д, М.Э,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга Д.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.З,

Гуравдагч этгээд: Я.М нарын хооронд үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г /цахимаар/, түүний өмгөөлөгч Ж.Д, М.Э, хариуцагч Д.Э /цахимаар/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Говь-Алтай аймаг Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ......... аймгийн ........... сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар маргаж байна.

 

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Нэхэмжлэгч Ч.Г нь тус аймгийн Алтай сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар ........ сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогджээ.

 

2.2. Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.20, 59.1.23 дахь хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны ХЭГ/595  тоот албан бичиг, Засаг даргатай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3.2, 6.1.3.3, 6.1.3.7 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, 39.1.4 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дэх заалтыг тус тус үндэслэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын гаргасан шийдвэр шүүр ажиллагааг хэрэгжүүлээгүй, албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, албан эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, Улаанбаатар хотод сурч байсан оюутныг тушаал гаргаж ажилд авсан цаг бүртгэж цалин гаргаж, оюутны цалинг өөр хүний дансаар буцаан авсан, эхнэрээ хөгжмийн багшаар 40%-ийн цалин өгч ажилллуулсан, ажлын цагаар архи уусан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цаг тасалсан гэж дүгнэн ............ аймгийн ......... сумын Соёлын төвийн эрхлэгч Ч.Г-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

2.3. Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ......... аймгийн ........ сумын харьяат Ч овогтой Г би 1996 оноос эхлэн ........ аймгийн ........... сумын Соёлын салбарт ажиллаж, 2015 оноос ......... сумын Соёлын төвийн эрхлэгчээр тасралтгүй тогтвор суурьшилтай ажиллаж байсан юм.

Гэтэл Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй байх тул Говь-Алтай аймаг Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, .......... аймаг .......... сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг Алтай сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгч Ч.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би 1996-2024 он хүртэл ............ сумын соёлын төв байхаас эхлээд өдийг хүртэл соёл урлагийг дэмжиж явсан. Миний энэ шалтгаанууд надад бол үндэслэлгүй. Би боловсон хүчин олдохгүй алс хязгаар нутагт байдаг учраас оюутантай аав ээж нь гуйсны үндсэн дээрээс соёлын сургуульд оруулж өгөөд цаашдаа бүр эчнээгээр сургаад 2024 оны 01 сарын 01-нээс манайд ажиллана гэж гуйсны дагуу соёлын сургуульд сургаад 11 сар, 12 сард би цалин гаргасан. 01 сараас эхлээд манайд эчнээгээр сураад ажлаа хийгээд ажлын байран дээр боловсон хүчнээ бэлдэх бодлого барьж би ажилласан. Үүнийг шалтгаан болгож байгаа. Тэр цалин гаргасныг би 100 жилтэй холбоотойгоор аймгийн мэргэжлийн найруулагч, морин хуурч хүн авч ажиллуулах байсан. Оны өмнө зав нь гараад цалинг нь эхлээд тэр оюутан дээр гаргаад 01 сарын 01-нээс 14 хоног вакумжуулсан сургалт хийж 6 бүтээл гаргасан байдаг. Байгууллагынхаа 100 жилийн төлөө ийм зохион байгуулалт хийж буруудсан гэсэн шалтгаан байгаа. Тэр шүүр ажиллагаанд болохоор номын санчаа шүүр ажиллагаанд оруул гэсэн шаардлагын дагуу хоёуланг нь халаад эргүүлээд би орон нутаг судлах танхимын ажилтнаа ажлын байран дээр олон жил ажилласан байсан учраас мөн бүх газрууд эргүүлээд авчихсан байсныг судлаад ажиллуулсан. Энэ дээр буруудсан. Ийм үндэслэлүүд байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн эхнэрээ авч ажиллуулсан гэдэг зүйл байгаа. Соёлын төвийн хөгжмийн багш ажлаа хаяад явсан. Ажлын байр зарлаад хүн олдоогүй, соёл урлагийн газар руугаа би тоот явуулаад ой болох гэж байгаа сургуулийн хөгжимийн багшийг 40 хувиар цалинжуулаад ажиллая гэсэн хүсэлт гаргасан. Тоот нь сургууль руу яваад сургуулийн захирал нь зөвшөөрөөд хөгжмийн багшийг ажиллуулж байсан. Энийг бас эхнэр гэдэг талаас нь харж нэг шалтгаан болгож байгаа. Ийм үндэслэлүүдээр би ажлаас халагдсан байгаа.Энэ үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ажил олгогчийн зүгээс 2024 оны 2 сарын 1-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг гаргаж үйлдэж Ч.Г-г ажлаас халсан байна. Энэ захирамж нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын агуулга өөрөө явж байгаа. Тэргүүн ээлжинд өнөөдөр ажил олгогчийн хувьд хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа тохиолдолд энэ зөрчлөө тогтоож байж тухайн ажлаас халах тухай захирамжийг үйлдэх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан өнөөдрийн нотлох баримтыг харах юм бол зөрчлөө тогтоох биш. Энэ захирамжийг гаргасны дараа энэ зөрчлийг тогтоох гэж гэрч асуулгах зарим нэг бусад нотлох баримтыг гаргаж өгсөн нөхцөл байдал харагдаж байгаа. Нөгөө захирамж өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар захиргааны үйл ажиллагааны зарчим гэж байгаа. Захиргааны үйл ажиллагааны захирамж бол гаргахдаа 4.2.1 хуульд үндэслэсэн байх ёстой, хоёрдугаарт нь 4.2.4 дэх хэсэгт үр нөлөөтэй байх ёстой, 4.2.5 дахь хэсэг зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр үндэслэл бүхий байх ёстой, 4.2.6 дахь хэсэгт заасан бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлын хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах гэсэн энэ зарчмаа бол зөрчиж гаргасан захирамж байна гэж үзэхээр байна. Тухайн 2 сарын 1-ний өдөр гаргасан захирамжийг харахад сонсох ажиллагаа, эрх нь зөрчиж байгаа этгээдийн оролцоог хангасан эсэх талаар сонсох ажиллагаа хийсэн юм уу гэхээр хавтаст хэрэгт авагдсан материалыг харахад тийм нотлох баримт ерөөсөө байхгүй байгаа гэж үзээд байгаа. Өнөөдөр сонсох ажиллагаа хийсэн талаар магадгүй энэ ажилтан одоо хүлээж авахгүй байх, татгалзах үндэслэл байж болно. Гэтэл тэр ямар байдлаар яаж татгалзсан юм? сонсох ажиллагаа хийх одоо журам Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд тодорхой 26, 27 дугаар зүйлд тодорхой заагаад өгчихсөн байдаг. Хэрхэн яаж хүргүүлэх вэ, ямар байдлаар сонсох ажиллагаа хийх вэ, оролцогч оролцогчийн эрхийг хэрхэн хангах вэ гэдэг гэтэл энэ ажиллагаанууд ерөөсөө хийгээгүй. Энэ сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй. 2024 оны 1 сарын 30-ны өдрийн сонсох ажиллагаа, хийсэн тэмдэглэл гэж ажил олгогчийн зүгээс гаргасан 2 хуудас ямар ч тамга тэмдэггүй, гарын үсэггүй ийм баримтаар сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байна гэдэг. Дараагийн дугаарт хууль зүйн үндэслэлтэй холбоотой захирамжийн агуулгыг харахад захирамж дээр хуулийн баахан заалт дурдсан. Нэгдүгээрт захирамжийн хууль зүйн үндэслэлийн агуулга дээр Хөдөлмөрийн гэрээг үндэс болгосон байдаг. Гэтэл ажил олгогч өнөөдөр ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчийн үүрэг, ажилтны үүрэг биш. Хавтаст хэргийн материалд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нотлох баримт байхгүй.

Хамтран ажиллах гэрээ гээд байгаа боловч тэр хамтран ажиллах гэрээнд байгаа заалт юм уу? захирамжид дурдсан тэр хөдөлмөрийн гэрээний заалттай тохирохгүй байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ өнөөдөр ажил олгогч тал байгуулсан гэж ярьж байгаа боловч өнөөдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нотлох баримтаа гаргаж өг. Хэрвээ нотлох баримт байхгүй бол шүүхэд нотлох баримтын эх сурвалжийг зааж өгөх үүрэгтэй. Энэ үүргийг хэрэгжүүлж ороогүй байна. Захирамжид дурдсан нөгөө хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэсэн заалт нэгдүгээрт нотлогдохгүй байна. Хоёрдугаарт Хөдөлмөрийн гэрээ, Төрийн албаны тухай хуулийн сайхан л хуулийн заалтуудыг дурдаад биччихсэн байгаад байгаа. Төрийн албаны тухай хуулийн бүхий л заалтыг дурдчихсан байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл гээд энэ заалттай холбоотой. Тэгэхээр энэ хориглох зүйл гээд 39.1.1 албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгөхөд биелүүлэхийг шаардаж байна. Өнөөдөр нэхэмжлэгч ямар албан тушаалтанд ямар хуульд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгсөн юм биелүүлэхийг шаардсан юм. Энэ талаар тодорхойгүй. 39.1.2 албаны эрх мэдлээ хэтрүүлэх гээд байгаа 39.1.2 албаны эрх мэдлээ хэрхэн хэтрүүлсэн юм? Энэ нотлох баримтаар нотлогдож байгаа зүйл байхгүй. 39.1.3 хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэж байгаа. Хуульд нийцээгүй ямар шийдвэр гаргасан юм. 39.1.4 албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрийг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах гээд ийм заалтуудыг барьсан. Хамааралгүй баахан зөрчлүүд тогтоогдож байна гээд болох болохгүй бүхий л юмыг захирамждаа дурдчихаад байгаа. Тэгэхээр энэ захирамжаар өнөөдөр хүний хөдөлмөр эрхлэх хэрэгт халдаж байгаа тохиолдолд эхлээд зөрчлөө тогтоо. Зөрчлөө тогтоосныхоо дараа хуульд нийцүүлж өнөөдөр захирамж үйлдэх ёстой. Гэтэл зөрчлөө тогтоогоогүй байж хуулийн заалт бариад захирамж үйлдчихсэн ийм л нөхцөл байдал харагдаж байгаа юм. Мөн 2023 оны 11 сарын 23-ны Б/20 дугаар тушаал байгаа. Сахилгын шийтгэл оногдуулах, нөгөө сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал дээрээ бас 2024 оны 01 дүгээр сарын 23 буюу 2 сарын хугацаатай сахилгын арга хэмжээ авагдсан тушаал харагдаад байгаа. Тэгэхээр нөгөө нэг зөрчлөө дахиад л дурддаг тайлбарлаж чаддаггүй. Тэр шүүр ажиллагаа хэрэгжүүлдэг, ямар шүүр ажиллагаагаар хэнийг яаж халах байсан юм. Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дугаар хэсэг чинь тодорхой заагаад өгчихсөн. Нөгөө сахилгын шийтгэл 48 дугаар зүйлийн 5 дахь хэсэг юу гэж заасан бэ гэхээр сахилгын шийтгэл давхцуулан ноогдуулахыг хориглоно гэж байгаа юм. Тэгэхээр ажлаас чинь халаад байгаа захирамжид дурдсан 4, 5 зөрчлийг 2023 оны 11 сарын 23-нд авсан зөрчил сахилгын шийтгэл дээрээ авчихсан байгаа. Гэтэл энэ зөрчлөө тэргүүн ээлжид ийм ийм нотлох баримтаар нотлогдож байна гээд тогтоочхоод арга хэмжээгээ авах ёстой. Дээрээс нь ажил олгогч хэлж байна. Нэг сард архи уусан гэж байна. Нэг сард архи уусан баримт хаана байгаа юм хэрэгт байхгүй. Тэгээд ямар зөрчил дээр ямар арга хэмжээ аваад ямар зөрчлийн зөрчил гэж тооцоод магадгүй сахилгын шийтгэл оногдуулж байгааг бодвол энэ захирамжид дурдсанаар хөдөлмөрийн гэрээ нь байхгүй байгаа. Гэрээ байж тэр захирамжид тэр хуулийн заалтуудыг, гэрээний тэр заалтуудыг дурдсан байх. Тэгэхээр санаанаасаа зохиогоод хуулийн заалт дурдаад байдаг юм уу? ажил олгогчийн гаргаад байгаа захирамж өөрөө хуульдаа нийцэхгүй байна. Хууль зүйн үндэслэл маань нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан эрхийг бол хязгаарласан, гаргасан зөрчил өөрөө нотлогдохгүй байх тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгаж өгнө үү. Энэ хүний тухайд 2015 оноос хойш энэ ажлын байран дээр ажиллаж байгаа. Магадгүй ганц 2 зөрчил бол гаргасан байж болно. Гэхдээ энэ зөрчлөө нотолж байж арга хэмжээ ав гэж хуулийн зохицуулалт байгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ зөрчил нь өөрөө нотлогдохгүй байна. Энэ захирамжид дурдсан зөрчлүүд нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ч.Г-ын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн заалт бариад чөлөөлчихсөн байгаа. Хөдөлмөрийн гэрээний 6.1-3.2, 3.3, 6.1 нь харахаар албан хаагчийн томилогдсон өдрөөс хойш ажлын 7 хоног эсхүл 6.3 руу нь оръё гэсэн чинь албан хаагчийн мөнгөн урамшуулал, ур чадвар гэсэн ийм хөдөлмөрийн гэрээ гэсэн нэг ийм. Тэгэхээр энэ нотлох баримтын хэргийн материал байхгүй байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 595 тоот албан бичиг гэж байгаа юм. Тэгэхлээр энэ хэргийн материал бас огт байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл Засаг даргатай байгуулсан 2023 оны 1 сарын 4-ний өдрийн албан бичиг гэж байгаа юм. Тэгэхээр нөгөө энэ хүн чинь ажил олгогч хөдөлмөрийн тухай хуулиа бариад өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123-ын баримт сахилгын шийтгэл оногдуулах гэсэн юм энэ хүн чинь зөрчил гаргаснаас хойш 6 сар явж байгаа юм. Одоо хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан зөрчлүүд дээрээ Хөдөлмөрийн тухай тухай хуулийг баримталчихсан байгаа. Тэгэхээр баримталсан мөртөө тэр эрхийн акт, хөдөлмөрийн гэрээ нь бол хэргийн материалд байхгүй байгаа. Дараагийн дугаарт нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123.7-д сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ноогдуулахгүй гэж байгаа. Тэгэхээр энэ хүн би 11 сард хот руу томилолтоор яваад замдаа ирж байгаад архи балгачихсаныг чи томилолтоор явахдаа архи балгасан гэж хэлээд надад 2023 оны 11 дүгээр сарын 23-ны Б/20 дугаартай ийм 2 сарын хугацаатай 20%-ийн сахилгын шийтгэл оногдуулчихсан. Нэг сард тэгвэл архи уусан нь яаж нотлогдож байгаа юм гэдэг хэргийн дүгнэлт байна. Тэгэхээр нөгөө захирамж нь дурдсан хууль хэрэглээний үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримттайгаа уялдахгүй байгааг бас шүүх бүрэлдэхүүн анхаараарай. Сонсох ажиллагаа бас Захиргааны ерөнхий хуулийн 27.1, 27.2 сонсох ажиллагааг хууль зүйн дагуу явуулаад байгаа. Захиргааны үйл ажиллагааны зарчим одоо зөрчсөн ийм захирамж гаргасан байна. Өөрөө хуульд үндэслээгүй, шийдвэргүй, хууль зүйн үндэслэл бүхий бол болоогүй. Энэ захирамжийг одоо хүчингүй болгоод миний үйлчлүүлэгчийг ……. аймгийн …………. сумын соёлын төвийн эрхлэгчээр эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийж гэсэн саналыг шүүхэд танилцуулж байна гэв.

 

3.5. Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэгч Ч.Г эхнэр Г.А-н төрсөн дүү Г.Ц нь ямар нэгэн дээд сургууль төгсөөгүй мэргэжлийн шаардлага хангаагүй байхад ашиг сонирхлын үүднээс ажлаас чөлөөлөөгүй нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны ХЭГ/595 тоот албан бичиг болох, шүүр ажиллагааг хэрэгжүүлээгүй болно.

2. Галч Х.У нь 11,12 сард ажиллаагүй Улаанбаатар хотод нөхрийн хамт амьдарч байхад цалин бодож данс руу нь шилжүүлсэн нь албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, албаны эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэдэгт хамаарч байгаа болно.

3. Улаанбаатар хотод сурч байгаа 1 дүгээр курсийн оюутан Ж.Х-г ажилд авах Соёлын төвийн даргын тушаал гаргаж түүнийг нь эхнэрийн төрсөн дүү болох Г.Ц цагийн бүртгэлийг хуурамчаар ирснээр бүртгэж цалин бодож олгосон боловч буцааж Д.Б, Г.Ц нарын дансаар удаа дараа авсан баримтаар нотлогдож байгаа нь Албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, албаны эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэдэгт хамаарч байгаа болно.

4. Соёлын төвийн хөгжмийн багшийн ажлын байранд мэргэжлийн боловсон хүчин авахгүй Эхнэр Г.А Ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн багшаар ажилладаг хүнийг томилж байгаа нь хувийн ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо гэж үзэж байна.

5. Соёлын төвийн даргын 10 дугаар сарын 2-ний өдрийн Б/10 дугаартай тушаалд 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Соёлын төвийн хөгжмийн багшаар хавсран гүйцэтгүүлэхээр гарсан байгаа нь хуульд нийцээгүй шийдвэр байна.

6. Сумын Засаг даргын сахилгын хариуцлага тооцох тухай 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/20 дугаартай захирамжид гомдол гаргаагүй нь ажлын цагаар архи уусан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цаг тасалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

7. Сонсох ажиллагааг хийх гэж удаа дараа дуудсан боловч ирээгүй гэжээ.

3.6. Хариуцагч Д.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 595 тоот албан бичгийг зөрчсөн. Сая өөрөө ч бас хэллээ. Ер нь бол албан бичиг, энэ захирамж шийдвэр амаар явдаггүй, албажих ёстой. Тэгэхээр энийг бол албажуулаагүй байна. Нөгөө талаар түр халаад буцааж томилсон гэж байгаа. Энэ нь нэр төдий болж байгаа юм. Хэргийн материалд хавсарсан зүйл дээр байгаа 2024 оны 4 сарын 3-нд Г.Ц гээд хүр дүүгээ чөлөөлсөн байдаг юм. 4 сарын 4-ний өдөр буцаагаад томилсон, нэг хонуулаад л томилсон. Өөрийнх нь хэлээд байгаа ажлын байр зарласан тийм албан тоот байвал бас тэрийг нь харуулаарай. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргасан шийдвэрийг бол 100% хэрэгжүүлээгүй зөрчсөн, энэ шийдвэрийг хангаагүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт: Албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж Авлигатай тэмцэх газар хандаж байгаа. Сая өөрөө ч бас хэллээ. Би яах аргагүй хотод байсан хүнийг аваад ажиллуулсан гэж байна. Албан тушаалд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгсөн гэдэгт нь мэдээж өөрийнхөө хүр дүү нь байгаа учраас Улаанбаатарт байгаа хүний цагийн бүртгэлийг хуурамчаар бүртгэсэн. Энэ нь яах аргагүй тэр албан тушаалд хууль нийцээгүй үүрэг даалгавар биелүүлэхийг шаардсан гэж үзэж байгаа. Тэр Ж.Х гэдэг хотод сурч байгаа хүн дээр цалин гаргаад тэрийгээ буцааж авсан байдаг. Г.Ц гэж өөрийн хүр дүүгийн данс руу шилжүүлж авсан тэр баримт нь хэрэгт хавсаргасан байгаа. Эхнэрийгээ 7 сард гэрээ хийсэн байдаг. Яагаад гэрээ хийсэн юм бэ гэхэд хөгжмийн багш нь байхад давхар эхнэрээ ажиллуулсан. н.И гээд нягтлан бодогчийн мэдүүлэгт байгаа. Энэ нь хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгсөн мөн албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Мөн Х.У үйлчлэгч 10 дугаар сард очиж Улаанбаатар хотод ажилласан. Тэр хүний нэр дээр дахиад цалин гаргасан. Х.У-н данс руу цалин нь ороод буцаагаад оронд нь ажилласан н.А руу шилжүүлсэн байдаг. 2024 оны 1 сарын 2-нд Х.У гэдэг хүнийг чөлөөлөөд оронд нь үйлдэгч н.А гэдэг хүнийг 2024 оны 1 сарын 2-ны өдрийн Б/02 тушаалаар Х.У-г чөлөөлөөд, н.А гэдэг хүнийг томилсон байдаг. Энэ нь үндсэндээ бүгдээрээ энэ байгууллага яаж ажиллаж явсан бэ гэдэг нь баримтаар харагдаж байгаа гэж үзэж байгаа. Улаанбаатар хотод байгаа оюутныг ажиллуулсан гэдгийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг дээр хэлж байгаа. Үүн дээр хүр дүү Г.Ц нь холбогдолтой. Хөгжмийн багшийг авсан, архи согтууруулах ундаа уусан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь нотлогдож байгаа. Алтай сумын Засаг даргын 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/20 дугаартай захирамж байна. Үүн дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн, 2 ба түүнээс хоног ажил тасалсан гээд арга хэмжээ авсан. Үүн дээр гомдол гаргаагүй байдаг. Мөн урамшууллыг ажилтануудад ялгамжтай оногдуулсан. 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилчдад тэтгэмж олгох тухай гэдэг тушаал байна. Энэ дээрээ Ч.Г өөртөө 105,700, эхнэр Г.А 105,700, хүр дүү Г.Ц 211,400, галч Б, А, Б, И нарт 105,700 төгрөгийн урамшуулал олгосон баримт байгаа. Эдгээр зүйлийг хэлж байна. Ийм учраас миний гаргасан шийдвэр зөв үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

3.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Алтай сумын Засаг даргын 2024 оны 2 сарын 1-ний Б/02 тушаал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зарчим гэж байна. Ч.Г бол албан тушаал болон албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй, албан үүрэгт нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байх зарчимтай. Хамаарал бүхий этгээдүүдээ ерөнхийдөө ажилд томилдог, ажиллаагүй хүмүүсийг ажилласан гэж нэр дээр нь цалин мөнгө боддог. Тэгээд эхнэрийнх нь дүү, эхнэр нь хүртэл нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байхыг үгүйсгэхгүй байна. Учир шалтгааныг хэрхэн үзсэн гэхээр дурдагдаад байгаа Улаанбаатар хотод оюутан Ж.Х гэж хүүхдээс Алтай сумын Засаг дарга Д.Э-д 1 сарын 31-ний өдөр өргөдөл ирсэн юм. Тэр нь хавтаст хэрэгт мөн авагдсан байгаа. Миний дансаар мөнгө орж ирээд байна, ямар учиртай ингээд мөнгө орж ирээд байгааг тодруулъя гэдэг байдлаар өргөдөл ирүүлсэн. Үүний дагуу нөхцөл байдлыг тодруулаад яг бас энэ хүнтэй адилхан үйлчлэгчийг ажилд аваад үндэслэлгүйгээр цалин мөнгө гаргуулсан асуудал байсан. Тэгээд шалгаад үзвэл эхнэртэйгээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эхнэрээ тушаал гаргаж ажилд авсан нөхцөл байдлууд тогтоогдсон. Хамаарал бүхий этгээд гэж хэнийг хэлэх вэ гэхээр нөгөө Ашиг сонирхлын хуулийн 3.1.5-д зааснаар эхнэр нь, эхнэрийнх нь дүү нь Ч.Г-тай шууд хамаарал бүхий этгээдүүд байгаа. Ч.Г өөрөө нийтийн албан тушаалтан бөгөөд хамаарал бүхий этгээдийнхээ эрх ашигт нөлөөлсөн шийдвэр, үйл ажиллагаа явуулах нь бол хуулиараа хориотой. Өөрөөр хэлбэл Ч.Г нь энэ хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон учраас Алтай сумын Засаг даргын Б/02 дугаар тушаалыг гаргасан. Сонсох ажиллагааг мөн хэлэх нь зүйтэй. Өмнө нь архи согтууруулах ундааны зүйл ажлын байран дээрээ хэрэглэсэн гэдэг зөрчилтэй нь холбоотой сонсох ажиллагаа явуулаад сахилгын арга хэмжээ авсан нөхцөл байдал байдаг. Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Сонсох ажиллагаанд ирдэггүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24, 27 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж ажилласан. Эдгээр бүх баримтууд нь хэрэгт байгаа. Ашиг сонирхлын хуулийн 29.2.4-д заасан эдгээр зөрчлүүдийг гаргасан бол нийтийн албанаас нь халах гээд нөгөө нарийвчлан зохицуулсан ашиг сонирхлын хуульдаа бол заасан. Тушаалын хууль зүйн үндэслэлүүд бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиа баримтлаад гаргасан. Засаг дарга эрх хэмжээгээр хэлэлцээд 59.1.20, 23, 59.1.1, 66.1-ийг бариад Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан албан тушаалтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5, 2.1, 123.1-ээр хөдөлмөрийн сахилгын харилцаа, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх Засаг даргын хэлсэн тайлбаруудтай холбоотой бүх нотлох баримт нь шүүхэд цугларчихсан байна. Ж.Х-ын үйлдэл мөнгө төгрөг авсан, хэний данс руу орсон гээд бүх баримтууд нь ерөнхийдөө хэрэгт авагдсан байгаа. Засаг даргын захирамжийг дэмжиж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч Ч.Г нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, .......... аймгийн ........... сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын хувьд: Нэхэмжлэгч Ч.Г нь 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн .......... сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.20, 59.1.23 дахь хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны ХЭГ/595  тоот албан бичиг, Засаг даргатай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3.2, 6.1.3.3, 6.1.3.7 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, 39.1.4 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дэх заалтыг тус тус үндэслэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын гаргасан шийдвэр шүүр ажиллагааг хэрэгжүүлээгүй, албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, албан эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, Улаанбаатар хотод сурч байсан оюутныг тушаал гаргаж ажилд авсан цаг бүртгэж цалин гаргаж, оюутны цалинг өөр хүний дансаар буцаан авсан, эхнэрээ хөгжмийн багшаар 40%-ийн цалин өгч ажилллуулсан, ажлын цагаар архи уусан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цаг тасалсан .......... аймгийн .......... сумын Соёлын төвийн эрхлэгч Ч.Г-г ажил олгогчийн санаачилгаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний эхлэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

3. Нэхэмжлэгч Ч.Г нь “...Тэр цалин гаргасныг би 100 жилтэй холбоотойгоор аймгийн мэргэжлийн найруулагч, морин хуурч хүн авч ажиллуулах байсан. Оны өмнө зав нь гараад цалинг нь эхлээд тэр оюутан дээр гаргаад 01 сарын 01-нээс 14 хоног вакумжуулсан сургалт хийж 6 бүтээл гаргасан байдаг... шүүр ажиллагаанд болохоор номын санчаа шүүр ажиллагаанд оруул гэсэн шаардлагын дагуу хоёуланг нь халаад эргүүлээд би орон нутаг судлах танхимын ажилтнаа ажлын байран дээр олон жил ажилласан байсан учраас мөн бүх газрууд эргүүлээд авчихсан байсныг судлаад ажиллуулсан ...Соёлын төвийн хөгжмийн багш ажлаа хаяад явсан. Ажлын байр зарлаад хүн олдоогүй, соёл урлагийн газар руугаа би тоот явуулаад ой болох гэж байгаа сургуулийн хөгжимийн багшийг 40 хувиар цалинжуулаад ажиллая гэсэн хүсэлт гаргасан. Тоот нь сургууль руу яваад сургуулийн захирал нь зөвшөөрөөд хөгжмийн багшийг ажиллуулж байсан. Энийг бас эхнэр гэдэг талаас нь харж нэг шалтгаан болгож байгаа ...энэ үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

 

4. Хариуцагч Д.Э “...Албан тушаалд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгсөн гэдэгт … хүр дүү нь …Улаанбаатарт байгаа хүний цагийн бүртгэлийг хуурамчаар бүртгэсэн …Ж.Х гэдэг хотод сурч байгаа хүн дээр цалин гаргаад тэрийгээ буцааж авсан байдаг. Г.Ц гэж өөрийн хүр дүүгийн данс руу шилжүүлж авсан тэр баримт нь хэрэгт хавсаргасан байгаа. Эхнэрийгээ 7 сард гэрээ хийсэн байдаг. …хөгжмийн багш нь байхад давхар эхнэрээ ажиллуулсан. …Х.У үйлчлэгч 10 дугаар сард очиж Улаанбаатар хотод ажилласан. Тэр хүний нэр дээр дахиад цалин гаргасан. Х.У-ийн данс руу цалин нь ороод буцаагаад оронд нь ажилласан н.А руу шилжүүлсэн байдаг …хөгжмийн багшийг авсан, архи согтууруулах ундаа уусан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэдэг нь нотлогдож байгаа. Алтай сумын Засаг даргын 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/20 дугаартай захирамж байна. Үүн дээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн, 2 ба түүнээс хоног ажил тасалсан гээд арга хэмжээ авсан. Үүн дээр гомдол гаргаагүй байдаг...” гэж;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З “...Ч.Г албан тушаал болон албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй, албан үүрэгт нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байх зарчимтай. Хамаарал бүхий этгээдүүдээ ерөнхийдөө ажилд томилдог, ажиллаагүй хүмүүсийг ажилласан гэж нэр дээр нь цалин мөнгө боддог. …Улаанбаатар хотод оюутан Ж.Х гэж хүүхдээс Алтай сумын Засаг дарга Д.Э-д 1 сарын 31-ний өдөр өргөдөл ирсэн …миний дансаар мөнгө орж ирээд байна, ямар учиртай ингээд мөнгө орж ирээд байгааг тодруулъя гэдэг байдлаар өргөдөл ирүүлсэн. Үүний дагуу нөхцөл байдлыг тодруулаад яг бас энэ хүнтэй адилхан үйлчлэгчийг ажилд аваад үндэслэлгүйгээр цалин мөнгө гаргуулсан асуудал байсан …эхнэртэйгээ хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эхнэрээ тушаал гаргаж ажилд авсан нөхцөл байдлууд тогтоогдсон …Ч.Г өөрөө нийтийн албан тушаалтан бөгөөд хамаарал бүхий этгээдийнхээ эрх ашигт нөлөөлсөн шийдвэр, үйл ажиллагаа явуулах нь хуулиараа хориотой. Өөрөөр хэлбэл Ч.Г нь энэ хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон учраас Алтай сумын Засаг даргын Б/02 дугаар тушаалыг гаргасан…” гэх тайлбарыг тус тус гаргасан.

 

 5. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж зааснаар Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал байна. 

 

6. Хариуцагч нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын гаргасан шийдвэр шүүр ажиллагааг хэрэгжүүлээгүй, албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, албан эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, Улаанбаатар хотод сурч байсан оюутныг тушаал гаргаж ажилд авсан цаг бүртгэж цалин гаргаж, оюутны цалинг өөр хүний дансаар буцаан авсан, эхнэрээ хөгжмийн багшаар 40%-ийн цалин өгч ажилллуулсан, ажлын цагаар архи уусан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цаг тасалсан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд дээрх нөхцөл байдал нь тогтоогдсон байх шаардлагатай.

 

7. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын гаргасан шийдвэр шүүр ажиллагааг хэрэгжүүлээгүй, ажлын цагаар архи уусан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цаг тасалсан гэх үндэслэлийн хувьд:

7.1. Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар “Ажлын цагаар болон ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 2 ба түүнээс дээш өдөр  ажлаа тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй засгийн газрын хэрэг эрхлэх газрын шийдвэр шүүр ажиллагааг хэрэгжүүлээгүй соёлын төвийн дарга Чулууны Ганбадрахын үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар хасч хариуцлага тооцсугай” гэжээ. /Хавтаст хэргийн 42 дахь хуудас/

7.2. Дээрх захирамжаар сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 2 сарын дараа буюу маргаан бүхий Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын гаргасан шийдвэр шүүр ажиллагааг хэрэгжүүлээгүй, ... ажлын цагаар архи уусан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлээгүй, ажлын цаг тасалсан гэх үндэслэлүүдийг баримтлан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

7.3. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ч.Г нь ажлын цагаар болон ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалсан ажлын 2 ба түүнээс дээш өдөр  ажлаа тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй засгийн газрын хэрэг эрхлэх газрын шийдвэр шүүр ажиллагааг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлүүд нотлох баримтаар тогтоогдохгүй, хариуцагч энэ байдлыг нотолж чадахгүй байгаа бөгөөд давхардуулан хариуцлага хүлээлгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

7.4. Тодруулбал: Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Г-д сахилгын шийтгэл оногдуулсан байхад дахин энэ үндэслэлээр хариуцлага тооцож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-т “Сахилгын нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахгүй”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-т “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж тус тус зааснаар сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулахыг хориглосныг зөрчсөн байна.

 

8. Албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, албан эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, Улаанбаатар хотод сурч байсан оюутныг тушаал гаргаж ажилд авсан цаг бүртгэж цалин гаргаж, оюутны цалинг өөр хүний дансаар буцаан авсан гэх үндэслэлийн хувьд:

8.1. Говь-Алтай аймгийн Алтай Соёлын төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Ж овогтой Х-г 2023 оны 11 дүгээр сарын 01-ний эхлэн Соёлын төвийн номын санчийн ажилд томилж, мөн Соёлын төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар номын санч Ж.Х-ын өөрийн хүсэлтийг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн номын санчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

8.2. Тус Соёлын төвийн 2023 оны 12 сарын цагийн бүртгэлд Ж.Х-г бүтэн цагаар ажилласнаар бүртгэсэн боловч гэрч Ж.Х нь “...Тушаал гарсныг нь мэдэхгүй, номын санчаар ажиллаагүй. Соёлын төвийн эрхлэгч Ч.Г-ын эхнэр Г.А гэдэг хүн хотод байхад номын санчаар сурч байгаа гэсэн тодорхойлолт аваад өг гэж байсан ... Соёлын төвд огт ажиллаагүй... Соёлын төвийн эрхлэгч Ч.Г-ын эхнэр нь манай аав ээж хоёртой ярилцаад, 3 сар өдрөөр сургаж байгаад эчнээгээр сурах явцдаа ажиллачих гэж хэлсэн ...эхлээд 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр 980,000 төгрөг, дараа нь 12 дугаар сарын сүүлээр 1,272,000 орчим төгрөг дансанд орж ирсэн ...эхний 980,000 төгрөгийг н.Б гэдэг хүн рүү, сүүлийн орж ирсэн мөнгийг Соёлын төвийн эрхлэгч Ч.Г-ын эхнэр Г.А-н төрсөн дүү Г.Ц рүү шилжүүлсэн...” гэж мэдүүлдэг;

Гэрч Г.Ц “...Ж.Х оройгоор сураад 2023 оны 12 сард 1 семестр сурч төгсөөд 2024 оны 01 сараас ажиллаж эхэлнэ гэж хурал дээр танилцуулж байсан боловч манайд албан ёсоор 1 удаа ч ирж ажиллаагүй ...би Ж.Х-ын цагийг 1 сард бүртгэсэн ...цагийн бүртгэлгүй бол цалин байхгүй гэж бодоод би цагийг нь бүртгэсэн ...1,270,000 төгрөгийн цалин Ж.Х-т олгосон. 1,200,000 төгрөгийг миний данс руу оруулсан. Тэгээд н.Б-д 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 200,000 төгрөгийг Жангар тууль хайлах ёслолд ...бинзен хийсэн ...нягтлан Ж.Х-т мөнгийг шилжүүлээд би орой нь ярьж байгаад нь мөнгийг буцааж шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг;

Гэрч Д.Б “...2024 оны 01 сарын эхний 14 хоногт морин хуурын сургалт явуулсан. Сумын ойн концертонд оролцох номеруудыг бэлдэж, хөгжмийн сургалт явуулсан. Албан ёсоор тушаал гаргаж ажиллуулаагүй. Гэрээгээр 14 хоногийн  сургалт зохион байгуулсан ...Ж.Х гэж хүн танихгүй ...14 хоногийн хөгжмийн сургалтаа би 2 сая төгрөгөөр үнэлсэн. Тэгээд төлбөрийг урьдчилаад 2023 оны 11, 12 сард 2 хувааж хийсэн. Нэг нь Г.Ц гэдэг нэрнээс орж орсон. Нөгөөдөх нь Ж.Х гэж хүнээс орж ирсэн байх. Ямар нэртэй байсныг санахгүй байна” гэж,

Гэрч С.И “...2023 оны 11 сард Ж.Х-ын тушаал орж ирсэн. Энэ хүн чинь байгаа юм уу гэхэд оюутан юмаа, цахимаар ажиллана. Номын сангийн систем цахим, дээрээс нь мэдээ тайлан гээд манай номын сангийн ажил хэцүүдээд байна, онлайнаар ажиллана гэсэн учраас 11, 12 сарын цалин олгосон ...1 сард Засаг дарга санхүү албаны даргатай хамт намайг дуудаад Ж.Х-ын ээжээс нь гомдол ирсэн гэдэг асуудал ярих үед энэ асуудлыг мэдсэн. Тэгээд Соёлын төвийн дарга, Г.А эгчээс энэ юу болов гээд асуухад Д.Б-г ажиллуулах гээд Ж.Х-ын цалинг шилжүүлсэн гэсэн...” гэж тус тус мэдүүлдэг.

8.3. Дээрх гэрч нарын мэдүүлэг шүүхэд авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Ч.Г нь Ж.Х-ыг Алтай сумын Соёлын төвийн номын санчийн ажилд томилж, огт ажлаагүй хүнийг ажилласнаар цаг бүртгэж 11, 12 сард цалин олгож, олгосон цалингаа Ж.Х-аас буцаан авч өөр зүйлд зарцуулсан зөрчил нь тогтоогдож байх бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, хуулийн 16.5.5-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна.

8.4. Мөн нэхэмжлэгч нь “…цалин гаргасныг би 100 жилтэй холбоотойгоор аймгийн мэргэжлийн найруулагч, морин хуурч хүн авч ажиллуулах байсан. Оны өмнө зав нь гараад цалинг нь эхлээд тэр оюутан дээр гаргаад 01 сарын 01-нээс 14 хоног вакумжуулсан сургалт хийж 6 бүтээл гаргасан байдаг. Байгууллагынхаа 100 жилийн төлөө ийм зохион байгуулалт хийж буруудсан...” гэж тайлбарлаж байгаа нь төсвийг зориулалт бусаар зарцуулсан, хуурамчаар тушаал гаргаж цалин гаргасан нөхцөл байдлыг  зөвтгөх үндэслэл болохгүй.

 

9. Эхнэрээ хөгжмийн багшаар 40%-ийн цалин өгч ажилллуулсан гэх үндэслэлийн хувьд:

9.1. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болох нэг талаас Соёлын төвийн захирал Ч.Г, нөгөө талаас хөгжмийн багш Г.А нар 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл “Хантайшир-100 арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах Алтайн магтаал, Агийн улаан хаан тууль хайлах ардын авъяаснууд, мөн Нүүдэлчин дэлхийн фестивальд “Язгуур урлаг”-ийн төрлөөр ардын авъяаснуудыг бэлтгэн оролцуулах ажилд” хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

9.2. Алтай сумын Соёлын төвийн нягтлан бодогч С.И шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт “... 07 дугаар сарын цалин бодож олгосон. Тэр үед хөгжмийн багш дээр амралттай байсан учраас давхар цалин олгохгүй гэж хэлсэн. Гэтэл би мэдэж байна аудитаас шаардлага ирвэл би төлчихнө, шүүхдэнэ гэсэн учраас би цалинг нь 10 сард бодож өгсөн. Я.М 9 сараас халагдаад цэцэрлэгт орсон ...үндсэн ажилтан байхад ижил мэргэжлийн хүнд цалин олгоно гэдэг цалин давхардсан ...тэр гэрээг би 2 сар зөвшөөрөхгүй гэж явсан боловч дарга энэ чамд ямар ч хамаагүй ...гэсэн учраас би мөнгийг нь шилжүүлсэн” гэсэн, 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Алтай сумын соёлын төвийн хөгжмийн багш Я.М-ыг өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөсөн байна.

9.3. Мөн Ч.Г нь 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар эхнэр Г.А-ыг соёлын төвийн хөгжмийн багшийн ажил хавсран гүйцэтгүүлэхээр томилж, хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалин олгохоор тушаал гаргасан, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар “Албан хаагчдын 2023 оны 4 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтийг үндэслэн хавсралтад заасан албан хаагчдад үр дүнгийн урамшууллыг тооцож олгосугай” гээд хавсралтаар Г.А-д 10 сард 15%, 11 сард 15%, 12 сард 15%, нийт 45%-ийн урамшуулал олгосон, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Г.А-д 105700 төгрөгний түлшний хөнгөлт үзүүлсэн  зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

10. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  ““хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.5-т ““хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” ойлгоно бөгөөд хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, хуулийн 29.2.4-т “энэ хуулийн  … 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж заасан.

11. Гэтэл нэхэмжлэгч Ч.Г нь албан үүргээ гүйцэтгэхдээ хөгжмийн багш буюу үндсэн ажилтан амралтай байхад өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэртээ хамтран ажиллах гэрээ байгуулан цалин олгосон, хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж эхнэрээ ажилд томилсон, урамшуулал олгосон, хөнгөлт үзүүлсэн байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

12. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж зааснаас үзвэл төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох Соёлын төвийн дарга нь тус хуулийн үйлчлэлд хамаарч байгаа болно.

13. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ч.Г-г албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах, албан эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, Улаанбаатар хотод сурч байсан оюутныг тушаал гаргаж ажилд авсан цаг бүртгэж цалин гаргаж, оюутны цалинг өөр хүний дансаар буцаан авсан, эхнэрээ хөгжмийн багшаар 40%-ийн цалин өгч ажилллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах”, 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэсэн заалтыг зөрчсөн гэж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

14. Иймд нэхэмжлэгч Ч.Г-ын Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ........... аймгийн ......... сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

15. Ч.Г-ыг ажлаас халсан Б/02 дугаар захирамжид Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.3.2, 6.1.3.3, 6.1.3.7 дахь хэсгүүдийг үндэслэсэн байгаа хэдий ч хавтаст хэргийн материалд Алтай сумын Засаг дарга, Соёлын төвийн даргатай 2023 онд хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээ нь энэ хамтран ажиллах гэрээ гэж тайлбарлаж байгаа, үндэслэл болгосон гэрээний заалт зөрүүтэй байгаа нь дээрх захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

 

 16. Гэрч Г.Ц шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...намайг анх Ж гэж хүн томилсон Ч.Г дарга ажилд аваагүй 14 жил тасралтгүй ажилласан. Ноднин 3 сард шүүр ажиллагаанд хамруулаад ажлаас халсан ...тэгээд Соёлын газраас утасдаад наад хүний ажил чинь соёлын мэргэжилтэй хүн ажиллах ажил бишээ. Орон нутгаас ирэх ёстой мэдээ тайлан тасалдаад байна тэр хүнээ буцагаад ав гэснээр би түр ажилтнаар томилогдсон ...би мэргэжлийн хүн нь ирвэл ажлаасаа гарахад татгалзахгүй гэдгээ хэлсэн”, гэрч Я.А “Х.У 11 сард хотруу явах шаардлагатай болсон гээд орных нь хүнийг олж өгөөрэй гээд намайг гэрээт ажилтнаар оруулъя гэж ярьсан. Би тэтгэвэрт гарчихсан байсан учраас Х.У-ийн  оронд ажиллаж цалин нь Х.У-ийн данс руу ороод надад буцааж шилжүүлэхээр тохиролцсон. Тэгээд 1 сар Х.У-ийн нийгмийн даатгалыг төлөөд 12 сараас би өөрөө цалингаа аваад явсан” гэсэн  мэдүүлэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас та гардаж авсан уу? хэзээ, хаана гардаж авсан бэ гэхэд ...нэхэмжлэгч намайг эмнэлэгт хэвтэж байхад эмнэлэг дээр авчирч өгсөн. Би аваагүй” гэсэн тайлбар гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Г-ын нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдох, Алтай сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ........ сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ