Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Батмөнх |
Хэргийн индекс | 144/2024/00006/И |
Дугаар | 144/ШШ2024/00032 |
Огноо | 2024-03-05 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 144/ШШ2024/00032
2024 03 05 144/ШШ2024/00032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Мандах нар хотхон 123-117 тоот хаягт оршин суух, Н овгийн Э.М /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5-р баг, Гашуунсухайт авто зам ХХК-ийн байранд үйл ажиллагаа эрхэлдэг “А” ХХК /РД:***********/-д холбогдох,
3,906,000 /гурван сая есөн зуун зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан /цахимаар/, хариуцагч “Альфа стандарт” ХХК-ийн төлөөлөгч Л.Баттөмөр /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэчимэг овогтой Мөнх-Амгалан миний бие Өмнөговь аймгийн цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллах хугацаандаа хоолны үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг ‘’Альфа стандарт’’ ХХК-аас хоолны гэрээтэй ба өдрийн 3 удаа 5 хоол хийж өгдөг бөгөөд миний бие нь 2023.06.20-ны өдрөөс 2023.10.18-ны өдрийг хүртэл бүх хугацаандаа хоолны амт чанар мөн цардуул ихтэй хоол хийдэг тул тухайн хугацаанд хоол идээгүй болно. Нэг өдрийн хоолны үнийн дүн нь 46500 төгрөг бөгөөд нийт 84 өдрийн мөнгө болох 3,906,000 төгрөгийг уг компаниас нэхэмжилж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Энхмаа гэх эмэгтэй ийм ийм хоол хийж байна гэсэн. Тэгээд гэр орондоо байхгүй хүмүүст яагаад махаа угааж хэрэглэж байгаа юм бэ, яагаад цардуул ихтэй хоол хийж өгөөд байгаа юм ийм хоол идэж байгаа учраас өнөөдөр бие өвдсөн хүмүүс байна. Тэнд тулаатай, янз янзын эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс их байдаг. Тэгсэн стандартаар батлагдсан дүрмийн дагуу хоол ундаа хийж байна гэсэн. Тэгэхээр нь би хоол идэх боломжгүй юм байна. Би өнөөдөр кето хоол барьдаг хүн би танай энэ хоолноос идээд миний нойр булчирхай өвдөөд биеийн байдал маш муу байна та нар миний хоолны мөнгийг өдөр өдөт стандартын дагуу гаргаж өгөх үү гэж асуухад гаргах боломжгүй гэсэн. Тэгэхээр би менежер Энхмаад гэрээнийхээ хугацааг дуусгаад шүүхэд нэхэмжлэлээ гаргана гэж хэлэхэд тэг гэсэн. Тэгээд миний 10 сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Гэрээт цагдаагийн хэлтэст шилжин ажиллах хүсэлт дуусгавар болсон. Тэгээд 6 сарын 20-ны өдрөөс 10 сарын 18-ны өдөр хүртэл хоолны мөнгөө нэхэмжилсэн. 10 сарын 18-ны өдөр нэхэмжлэхдээ тасалбар болгосноор нэхэмжилсэн. Өмнөговь аймгийн цагдаагийн газар дээд удирдлагууддаа би мэдэгдсэн. Би иргэнийхээ журмаар Альфа стандартаас идээгүй хоолныхоо мөнгийг гаргуулж авна. Мөн би 6 дугаар сарын 18-ны өдрөөс 10 сарын 18 хүртэл хоол идээгүй хугацаандаа би өөрийн мөнгөнөөс хоол хийж идсэн болохоор энэ асуудлуудыг тавьж байна гэдэг хүсэлтээ тавьсан. 12 сард шүүхэд нэхэмжлэл өгсөн. 12 дугаар сарын сүүлээр нотлох баримтуудын зургийг нь дарж авсан юм. Бусдаар материалаа бүрдүүлж өгчхөөд миний нэрийг яагаад хассан, яагаад миний үсгийг хуурамчаар зурсан байх уу, тэгээд олон алба хаагчийн гарын үсгийг хуурамчаар зурсан байсан. Тэтгэвэрт гарсан албан хаагчийн гарын үсгийг зураад тавьсан байсан. Энэ бол маш их алдаатай зүйлүүд гарсанд нь гомдолтой байна. Өөр хэлэх зүйлгүй.
26 өдрийн хоолны давтамжийг би удирдах даргадаа миний нэрийг хасаарай гэдгийг хэлсэн байсан. Альфа стандарт ХХК-ийн менежерт иргэний хэргийн шүүхээр явна гэдгээ хэлсэн байсан. Хаанаас ийм өмнө хэрэглэж байсан 4, 5 сарын хуваарийг ашиглаад ийм байх журамтай гэж байна. Би Альфа стандартын гүйцэтгэх захиралтай уулзаж, харьцаж үзээгүй. Би менежертэй нь уулзаж байсан. Би менежерээс танайх ямар компани юм бэ би шүүхэд гомдол гаргана гэхэд Альфа стандарт гэдгийг хэлсэн. “Альфа стандарт” компани гэрээгээ аваад миний нэр байхгүй, санхүүгийн зохицуулах хороо руу явсан баримтуудыг тулгуурламаар байна. Нотлох баримтуудыг хуурамчаар үйлдээд тэдэн хүний хоолыг тэгж хийсэн гэх шалтгаан байхгүй. Урд өдөр захиалга авдаггүй. Яагаад вэ гэвэл өнөөдөр ажиллаж байгаа хүмүүсийнхээ нэрсийг өгөөрэй гэдэг. Ажиллаж байгаа хүмүүсийн нэрс нь Өмнөговь хамгийн Ханбогд сумын 5 дугаар баг ажиллаж байгаа хүн 10-15 хүн байдаг. Миний мэдэхээр 2 жил хоол идээгүй хүн байгаа. Өөрийнхөө хувьд би хариуцсан менежерт нь хэлсэн. Хэрэв гүйцэтгэх захирал нь байсан бол би гүйцэтгэх захиралд нь мөн адил ийм үндэслэлээр би хоол идэхгүй гээд хэлэх байсан. Би удирдлагууддаа хэлсэн. Миний хувьд нэхэмжлэлээсээ татгалзахгүй, нэмэлт мэдээ, мэдээллийг бүрдүүлж өгмөөр байна. Гэрээний талаар нэмэлт мэдээллүүдийг хармаар байна. Өөр зүйлгүй.” гэв.
Хариуцагч “Альфа стандарт” ХХК-ийн төлөөлөгч Л.Баттөмөр нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Манай “Альфа стандарт” ХХК-д холбогдуулан иргэн Э.Мөнх-Амгалангаас 3,906,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, танилцсан. Гэрээ болон гэрээний заалтуудтай холбоотой зөвлөгөө авсан. Манай компани нь 2021 оны 2 дугаар сараас эхлээд “Гашуунсухайт автозам” гэдэг компанитай үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан өнөөдрийг хүртэл үргэлжлүүлээд амжилттай ажиллаж байна. Үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу ямар үүрэг хүлээдэг вэ гэвэл захиалагч тал болох “Гашуунсухайт автозам” компанийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр дэх Цагаан хад суурьшлын бүсэд тус тус байрлах ажилчдын кемпэнд байрлан ажиллаж байгаа тус компанийн ажилтнуудад өглөөний цай, өдрийн хоол, бүх хоолыг хуваариар тогтоосон цагт чанартай хийж гүйцэтгэн үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг. Бид нар энэ үйлчилгээгээ хангалттай, чанарын өндөр түвшинд хийж байгаа гэж дүгнэнэ. Учир нь яагаад гэвэл гэрээ маань амжилттай дүгнэгдээд өнөөдрийг хүртэл гэрээг үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь үүний нэг нотолгоо гэж үзэж байгаа. Захиалагч тал болох “Гашуунсухайт автозам” компани нь ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ гэхээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээврийн хатуу хучилттай замыг эзэмшдэг компани, тус авто замын эвдрэл гэмтлийг засах, арчилгаа хийх, засвар үйлчилгээг нь хариуцан явуулах, тухайн авто замаар тээвэр хийж байгаа том хүнд даацын машинуудаас авто зам ашигласны төлбөрийг хурааж авах мөн тухайн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдийн зам тээврийн осол аваар гаргуулахгүй байх талаар хяналт тавих зэргийг хариуцан ажилладаг. Энэ осол аваар гаргахгүй байх чиг үүргээ тухайн компани хэрэгжүүлэхдээ Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүс болон Цогтцэций сумд үйлчилгээ ажилчдын кемптэй байдаг. “Гашуунсухайт автозам” компанийн толгой компани нь Эрдэнэс Монгол гэдэг компани байдаг. “Гашуунсухайт автозам” компанийн орлогыг Эрдэнэс Монгол компани аваад тухайн “Гашуунсухайт автозам”-ын холбогдох зардлыг нь санхүүжүүлэх зарчмаар энэ 2 компани ажилладаг. Эрдэнэс Монгол компани тухайн авто зам дээр осол аваар гаргахгүй байх чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Өмнөговь аймаг дахь цагдаагийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулаад Гэрээт цагдаагийн алба хаагчдыг ажиллуулдаг. Энэ гэрээ нь Эрдэнэс Монгол компани Өмнөговь аймгийн цагдаагийн газрын хооронд хийгдсэн өөрөөр хэлбэл манай компаниа гэрээний тал биш учраас энэ гэрээтэй танилцах ямар ч боломжгүй байна Тийм учраас тухайн гэрээний нарийн нөхцөлийг мэдэхгүй. Гэхдээ бид нарын олж мэдсэн ойлголтоор юу вэ гэвэл алба хаагчдын амрах болон байрлах байр, хоол, шатахуун зэрэг холбогдох зардлуудыг захиалагч тал буюу Эрдэнэс Монгол компани Өмнөговь аймгийн цагдаагийн газарт сар болгон нэхэмжилсэн нэхэмжлэлийн дагуу түр журам гэж тохирсон гэрээний үүрэгтэй гэж бид нар ойлгож байгаа. Үүний дагуу “Эрдэнэс Монгол” компанийн охин компани “Гашуунсухайт автозам” компани буюу захиалагч компани манай компанийн кемп дээр гэрээт цагдаа нар байрлаж ажиллахаар боллоо. Тийм учраас манай гэрээний нөхцөл бол манай ажилтнуудтай адилхан хоолны цэсээр эдгээр хүмүүст хоолны үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй байна гээд 2021 оны 6 дугаар сараас санагдаж байна. Гэрээ эхэлснээс хойш 4 сарын дараагаас эхлээд манай компани гэрээт цагдаагийн алба хаагч нарт “Гашуунсухайт автозам” компанийн ажилтнуудтай адилхан цэвэр ус, хоолыг ном журмынх нь дагуу өгөөд тооцоо нийлээд яваад ирсэн. Өнөөдрийг хүртэл энэ үйл ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл дээрээ манай хоолны тарифыг 46,500 гэж буруу тавьсан байна. Энэ мэдээллийг хаанаас авч тавьсныг мэдэхгүй байна. Энэ хүний хоол идээгүй хугацаанд 8 дугаар сарын 1-ний өдрөөс нэг удаа өөрчлөгдөж 45,500 болсон үүнээс өмнө 41,500 байсан. Энэ хоол ундны тариф дотор 2 литр хүртэл цэвэр ус гарсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол өдрийн 1, 2 дугаар хоол цэвэр устай, оройны хоол 1, 2 дугаар хоолтой, цэвэр устай, өглөөний цай бас цэвэр устай байдаг. Манай тал “Гашуунсухайт автозам” компанитай байгуулсан гэрээний 1.5.1 дүгээр заалт дээр үйлчилгээний төлбөрийг тухайн ээлжид ажиллаж байгаа ажилчдын тоог үндэслэн захиалагч талаас нэхэмжилнэ гэж гэрээнд заасан байна. Өөрөөр хэлбэл манай үйлчилгээний онцлог нь юу юм бэ гэвэл бид нар замын гуанз биш, ямар нэгэн байдлаар хэн нэгэн хэзээ орж ирээд хоол идэх бол гээд хоолоо бэлддэг компани биш гэсэн үг. Урьдчилаад манайд тэдэн хүн хоол иднэ гэхэд тоог өгөхөд тэр хүмүүсийнх нь тоонд тохируулж, тэр хүний хоолыг өглөөний цайнд 6:30-аас 08:00 цагийн хооронд орох ёстой бол бид нар энэ хугацаанд нь бэлэн байлгах үүрэгтэй. Энэ бол бид нарын үүрэг. Тэгэхээр юу гэж хэлж байна гэхээр бид энэ хугацаанд 20 хүний захиалга өгсөн байхад 10 хүнийх нь хоолыг хийгээгүй үед бид нар гэрээний үүргийг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. 20 хүний захиалга өгчхөөд 10 хүн ирж идвэл нэгэнт бид нар үүргээ гүйцэтгэсэн, хоолоо хийсэн учраас захиалгынх нь дагуу хийсэн учраас бид нар 20 хүнээрээ тооцоогоо нэхэмжлээд явдаг. Энэ нь манай гэрээний үндсэн төлбөрийн зарчим юм. Яагаад ингэдэг вэ миний хэлснээр хэрвээ бид нар 10 хүний захиалга аваад 20 хүний хоол хийвэл бид нар 10 хүнд өөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй учраас бид нар хохирол хүлээдэг. Тийм учраас захиалгыг үндэслэдэг, захиалгаас дутуу хоол хийдэггүй гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн байдлаар гэнэтийн шаардлагаар хүмүүс нэмэгдээд ирвэл нэмж хийгээд тэр хүмүүс нь гарын үсгээ зураад баталгаажуулаад явдаг байгаа. Хоолыг бид нар дотроос нь цагийн хуваарийн дагуу идэхийг захиалагч тал ажилчдаасаа шаарддаг. Бид нар ч мөн тийм шаардлага тавьдаг. Яагаад гэвэл 6:30-аас эхэлж байгаа өглөөний цайг бэлдэхийн тулд манай тогооч нар 4:30-д босдог, 4:30-д босоод өглөөний цайгаа бэлэн болгоод 10 цаг 30 минутаас 11 цаг 30 минутад өдрийн хоол хүртэл амардаг. Өдрийн хоолыг 1 цаг 30 минутад эхэллээ гэж бодоход 11:30-аас эхлээд хоолны бэлтгэлд гардаг. Тэгэхээр хоолоо өгч дуусаад 2 өнгөрөөгөөд оройн хоол хүртэл амардаг, тэгэхээр энэ тогтоосон хугацаанд идэхгүй бол бид нар тэр хоолыг удаан хугацаагаар янзлаад байх боломжгүй байдаг. Урьдчилаад өгсөн нэрсийн дагуу бэлдсэн байгаа хоолыг тогтоосон байгаа зааланд ирж идэх боломжгүй нөхцөл байдалд бид нар зөөврийн хоолны саванд хийж өгөөд явуулдаг. Өөрөөр хэлбэл хоолоо ирж идэх боломжгүй хүмүүст нь саванд нь хийгээд явуулдаг. Урьдчилаад өгсөн захиалгын дагуу хоолыг хийгээд, ирж идэх боломжгүй байна гээд хоолны саванд хийгээд аваад явах бүх боломжоор нь хангаад байхад өөрийнхөө итгэл үнэмшлээр хоол идэхгүй байх нь бид нарын хариуцлага биш байгаа. Хэрвээ нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан гэдэг хүн үнэхээр хоол идэхгүй гэж байсан бол энэ тухайгаа тухайн үедээ нэрсийн жагсаалт гаргаж өгч байгаа цагдаагийнхаа удирдах албан тушаалтанд энэ хүсэлтийг тавих ёстой байсан. Би энэ компаниас хоол идэхгүй учраас миний нэрийг энэ захиалга дотор битгий оруулаач гээд хэлэх байсан. Захиалга дотор нь нэр нь байгаа учраас бид нар хоолыг хийхээс өөр арга байхгүй. Хийсэн байгаа хоолыг идэх, идэхгүй нь тэр хүний асуудал. Яагаад гэвэл бид нар захиалгаар ороод ирсний дагуу хоолыг хийх нь бид нарын үүрэг. Бид нар үүргээ гүйцэтгэсэн, хоолоо хийсэн байсан. Тухайн хүний хоол идэх нөхцөл байдал нь бүрдсэн байсан. Үүнийг ашиглаагүй нь энэ хүний өөрийнх нь хариуцлагын асуудал байх гэж бодож байна. Мөн зөвхөн компани, компанийн хооронд харилцдаг харилцаа учраас хувь хүмүүст эсвэл хэн нэгэн хүссэн хүнд нь хоол хийж өгдөггүй, ямар нэгэн байдлаар тийм үйлчилгээ үзүүлдэггүй, тийм хэлбэрээр төлбөр авдаггүй. Өөрөөр хэлбэл Эрдэнэчимэг овогтой Мөнх-Амгалан гэдэг нэхэмжлэгчээс манай компанийн ажилтан, эсвэл би өөрөө хувийн дансаараа бэлэн болон бэлэн бусаар 3,906,000 төгрөг байтугай нэг ч төгрөг аваагүй, авах талаар ярьж байгаагүй, шаардаж байгаагүй, тийм байтал яагаад манайхаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байгаа. Бид нар гүйцэтгэсэн үүргийнхээ дагуу хоолоо хийсэн, идэх, идэхгүй нь энэ хүний асуудал. Хэрвээ идэхгүй байсан энэ тухайгаа хэлээд нэрээ хасуулбал болох байсан. Ийм учраас энэ хүний шаардаад нэхэмжлээд байгаа шаардлагыг манай компани хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт манай компанийн гэрээлэгч компанийн шаардах эрх бүхий субъект нь “Гашуунсухайт автозам” компани, бид нар Мөнх-Амгалан гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан гэрээний үүргийн хариуцлага байхгүй. Тийм учраас энэ хүн манай компанийг хариуцагчаар тогтоох, нэхэмжлэгчээр тогтоолгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж бид үзээд байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хүнийг тодорхойлсон. Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан этгээдийн гэж байгаа. Тэгвэл 26.3-д хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эвсэл, зохих ёсоор биелүүлээгүй этгээдийн хэлнэ гэж байгаа. Бид нар үүргээ биелүүлсэн, ороод ирсэн нэрсийн дагуу хоолоо хийсэн, хоолоо ирж идээгүй энэ хүний өөрийнх нь асуудал учраас бид нар үүргээ биелүүлсэн байхад яагаад бид нарыг үүргээ биелүүлээгүй гэж төлбөр шаардаад байгааг нь ойлгохгүй байна. Түрүүн миний нэрийн ард гарын үсэг зурсан гэж байсан, гарын үсэг зурсан асуудал ерөөсөө биш, тухайн хүний нэр ирсэн учраас хоолыг нь хийсэн, хоолыг хийсэн учраас төлбөрийн хуудасны дагуу төлбөрөө нэхэмжилж байгаа. Энэ бол манай гэрээний зарчим, үүнийг Э.Мөнх-Амгалан буруу ойлгоод байх шиг байна. Иргэн Эрдэнэчимэгийн Мөнх-Амгалангаас манай компаниас гаргуулахаар нэхэмжилж байгаа 3,906,000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна 3,906,000 төгрөг гаргасан нь тооны хувьд учир дутагдалтай байгаа. Яагаад учир дутагдалтай байна вэ гэвэл 6 сарын 28-ны өдрөөс 10 сарын 18-ны өдөр хүртэлх энэ 84 хоногийн хэд нь 41,500 төгрөгөөр гэсэн тарифаар явж байх үед тооцогдох юм, хэд нь 8 сарын 1-ний өдрөөс хойших буюу 45,500 гэдэг тарифаар тооцогдох юм бэ, манай компанийн гэрээн дээр 46,500 төгрөг гэдэг тариф байхгүй. Хэзээ ч ийм тарифаар харилцагч байгууллагаасаа нэхэмжилж байгаагүй. Түрүүн гэрээний үнэ 50 гаруй мянга гэж манай компанийн талаар худлаа мэдээлэл ярьж байна. Гэрээний үнэ хамгийн дээд тал нь 45,500 төгрөг байсан. 54,500 төгрөг гэж худлаа мэдээлэл шүүхийн танхимд ярьж байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэл дээрээ нэхэмжилж байгаа мөнгөн дүн учир дутагдалтай, үндэслэлгүй байна. Иймд манай компанийн хариуцагчаар татаж, ямар зорилгоор 3,096,000 төгрөгийг гаргуулах гэж байгааг ойлгохгүй байна. Тийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна.
Ажилчдынхаа нэрийг өгөөрэй гэдэг гэж байна. Ажилчдынхаа нэрийг манайх ийм хүмүүс хоол иднэ гээд өгч бид нар юу асуух вэ, энэ хүмүүсээс идэхгүй хүн байгаа юу гэж асуух үндэслэл байхгүй. Нотлох баримтаар тооцоолохгүй гэсэн хүснэгтийг харвал өдөр өдрөөрөө байгаа. тухайн өдөр нэмэгдээд ирсэн хүмүүсийг гараараа бичиж байгаа хэлбэр байгаа. Компьютероор бичигдсэн хүмүүсийн нэр нь захиалга байгаа. Захиалгын дагуу хоолоо хийсэн байхад бид нарыг үүргээ гүйцэтгэсэнгүй гээд байгааг ойлгохгүй байна. Хоёрдугаарт хоолны чанартай холбоотой зүйл ярьж байна. Энэ хүн одоо ямар мэргэжилтэй хүн юм бэ, хоолны цардуул тооцож гаргадаг, хоолны чанар стандарт тогтоодог мэргэжлийн хүн юм уу ямар үндэслэлээр цардуул ихтэй юм, ямар үндэслэлээр цардуул багатай эсвэл цардуул нь хэд байх ёстойгоос хэд байгаа тэр хэмжээг нь аж тогтоогоод байгаа юм бэ, энэ асуудал тодорхойгүй, нотлох боломжгүй зүйл яриад байна. Тэгвэл тэнд 50 хэдэн хүн байхад Э.Мөнх-Амгалан ганцаараа хоолны цардуулыг хэмжээд яваад байгаа юм уу энэ нь ойлгомжгүй, субьектив шинжтэй нотлох боломжгүй, зүйлийг нэхэмжлэлийн үндэслэл болгож тавиад байгаа нь утгагүй санагдаж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.
Манайх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа гэдгээ тодотгож хэлээд өмнө дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгчийн шаардлагыг Э.Мөнх-Амгалан хангахгүй буюу нэхэмжлэх эрх бүхий этгээд биш байна гэж үзэж байгаа. Үүнийг дахин тодотгоё. Мөн хуулийн 26.2-т хариуцагчийн талаар заасан байдаг. Манай компани хариуцагчаар тогтоогдох субъект биш гэдгээ өөрсдийн байр суурийг тодорхой ойлгомжтой илэрхийлсэн байх гэж үзэж байна. Тийм учраас энэ хүнээс бид мөнгө аваагүй байж яагаад энэ хүнд мөнгө өгөх ёстойгоо ойлгохгүй байна. Бид нар бүх нөхцөлөөр захиалгын дагуу хоолоо хийсэн байсан. Ирж идэх боломжгүй бол авч яваад идэх боломжийг хангасан байсан. Тэгээд ирээд идээгүй нь өөрийнх нь асуудал учраас гэрээний үүрэгтэй холбоотой асуудалд хамаарахгүй. Тийм учраас нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлттэй байна.” гэв.
Нэхэмжлэгчээс гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчдын хоолны нэрс /26 хуудас/ баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан нь хариуцагч “Альфа стандарт” ХХК-д холбогдуулан 3,906,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Альфа стандарт” ХХК-аас эс зөвшөөрч маргажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан нь хариуцагч “Альфа стандарт” ХХК-д холбогдуулан 3,906,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлийг “...Э.Мөнх-Амгалан миний бие Өмнөговь аймгийн цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагчаар ажиллах хугацаандаа хоолны үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг ‘’Альфа стандарт’’ ХХК-аас хоолны гэрээтэй ба өдрийн 3 удаа 5 хоол хийж өгдөг бөгөөд миний бие нь 2023.06.20-ны өдрөөс 2023.10.18-ны өдрийг хүртэл бүх хугацаандаа хоолны амт чанар мөн цардуул ихтэй хоол хийдэг тул тухайн хугацаанд хоол идээгүй болно.” гэж 3,906,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон гаргажээ.
Хариуцагч “Альфа стандарт” ХХК-ийн төлөөлөгч Л.Баттөмөр нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Эрдэнэчимэгийн Мөнх-Амгалангаас манай компаниас гаргуулахаар нэхэмжилж байгаа 3,906,000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна 3,906,000 төгрөг гаргасан нь тооны хувьд учир дутагдалтай байгаа. Яагаад учир дутагдалтай байна вэ гэвэл 6 сарын 28-ны өдрөөс 10 сарын 18-ны өдөр хүртэлх энэ 84 хоногийн хэд нь 41,500 төгрөгөөр гэсэн тарифаар явж байх үед тооцогдох юм, хэд нь 8 сарын 1-ний өдрөөс хойших буюу 45,500 гэдэг тарифаар тооцогдох юм бэ, манай компанийн гэрээн дээр 46,500 төгрөг гэдэг тариф байхгүй. Хэзээ ч ийм тарифаар харилцагч байгууллагаасаа нэхэмжилж байгаагүй. Түрүүн гэрээний үнэ 50 гаруй мянга гэж манай компанийн талаар худлаа мэдээлэл ярьж байна. Гэрээний үнэ хамгийн дээд тал нь 45,500 төгрөг байсан. 54,500 төгрөг гэж худлаа мэдээлэл шүүхийн танхимд ярьж байна гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэл дээрээ нэхэмжилж байгаа мөнгөн дүн учир дутагдалтай, үндэслэлгүй байна. Иймд манай компанийн хариуцагчаар татаж, ямар зорилгоор 3,096,000 төгрөгийг гаргуулах гэж байгааг ойлгохгүй байна. Тийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Э.Мөнх-Амгалан ганцаараа хоолны цардуулыг хэмжээд яваад байгаа юм уу энэ нь ойлгомжгүй, субьектив шинжтэй нотлох боломжгүй, зүйлийг нэхэмжлэлийн үндэслэл болгож тавиад байгаа нь утгагүй санагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгчийн шаардлагыг Э.Мөнх-Амгалан хангахгүй буюу нэхэмжлэх эрх бүхий этгээд биш байна гэж үзэж байгаа. Үүнийг дахин тодотгоё. Мөн хуулийн 26.2-т хариуцагчийн талаар заасан байдаг. Манай компани хариуцагчаар тогтоогдох субъект биш гэдгээ өөрсдийн байр суурийг тодорхой ойлгомжтой илэрхийлсэн байх гэж үзэж байна. Тийм учраас энэ хүнээс бид мөнгө аваагүй байж яагаад энэ хүнд мөнгө өгөх ёстойгоо ойлгохгүй байна. Бид нар бүх нөхцөлөөр захиалгын дагуу хоолоо хийсэн байсан. Ирж идэх боломжгүй бол авч яваад идэх боломжийг хангасан байсан. Тэгээд ирээд идээгүй нь өөрийнх нь асуудал учраас гэрээний үүрэгтэй холбоотой асуудалд хамаарахгүй. Тийм учраас нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөөч” гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...хоолны амт чанар мөн цардуул ихтэй хоол хийдэг тул тухайн хугацаанд хоол идээгүй болно.” гэж тайлбарласан боловч хоолны амт чанар болон цардуул ихтэй талаарх холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа холбогдох нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан нь хариуцагч “Альфа стандарт” ХХК-д холбогдуулан 3,906,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргахдаа хууль болон гэрээний ямар үүрэг буюу шаардах эрхэнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тодорхойгүй байна.
Иймд, нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон холбогдох баримтыг шүүхэд ирүүлж нотлоогүй, мөн түүний нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул нэхэмжлэгч Э.Мөнх-Амгалангийн хариуцагч “Альфа стандарт” ХХК-д холбогдох 3,906,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Мөнх-Амгалангийн нэхэмжлэлтэй “Альфа стандарт” ХХК-д холбогдох 3,906,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,450 төгрөгийг Өмнөговь, Ханбогд улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ