Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Б

Хохирогч Ж.О

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  харъяат, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1-р баг оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Б овогт Д.Д-д холбогдох эрүүгийн 1820000080005 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 12 сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 106 дугаар байрны ... тоотод архи ууж согтуурсан үедээ Ж.О-тай маргалдаж улмаар түүүнийг архины шилээр  зүүн гарын шууны арын хэсгийг  зүссэн, мөн толгойн тус  газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн танил Б-н хамт гэрт очтол Б, Э нар архи уугаад сууж байсан. Би тэр хоёртой хамт сууж байгаад 2 шил архи хувааж уусан. Тэгээд тэндээс гараад төв талбай дээр өөрийн танил Г-той  таарсан. Г “архи уухуу” гээд хоёр шил улаан бөглөөт нэртэй  архийг торонд хийгээд барьчихсан явж байхаар нь би тэгье гэж хэлээд бид хоёр О-н гэрлүү явсан. Бид хоёрыг  очиход О гэртээ ганцаараа халамцуу сууж байсан тэгээд О, Г бид гурав 1 шил архиа хувааж уусан. Г 1 шил архийг нь хамт уучихаад гараад явсан. Үлдсэн нэг шил архийг нь О бид хоёр хувааж уусан. Тэгээд юунаас болсныг мэдэхгүй байна. О бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгж байгаад хоорондоо барилцаж аваад  зууралдсан. Энэ үед би уусан архиныхаа шилийг хананд цохиж хагалаад  О-н гарыг эсгэсэн. Энэ үйл явдлаа би санаж байна. Би О-г эмнэлэг рүү  дагуулж явах гэсэн боловч явахгүй байсан. Тухайн үед гараас нь цус гараад  байсан тул би айгаад өөрөө цагдаагийн байгууллага дээр ирээд  “би найзтайгаа архи ууж байгаад шилээр гарыг нь эсгэчихлээ. Эмнэлэг рүү дагуулж явах гэтэл  явахгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед цаг нэлээд шөнө болсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн21-22/

Шүүгдэгч Д.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 12 сарын 30-ны орой О-нд архи уусан. Тэгээд хоорондоо маргалдсан. Юунаас болсноо санахгүй байна. Шилээр  гарыг нь  исгэсэн. Эмнэлэг явах уу гэхэд явахгүй гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад очиж  найзынхаа гарыг  шилээр исгэсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаа нартай хамт О-г авч явж эмнэлэгт аваачиж  оёдол тавиулсан. Эмчилгээнд  30,000 төгрөг төлсөн. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Д-н ярьсан бүгд үнэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ж.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 12 сарын 30-ны өдөр би гэртээ ганцаараа БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан бөглөөт нэртэй архи тал шилийг уусан. Тэгээд байж байтал миний найз Д гаднаас орж ирсэн. Тухайн үед 14 цаг  болж байсан байх. Бид хоёр Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Булган дэлгүүрээс  0,5 литрийн 2 шил Ерөөл  нэртэй архийг худалдан авч, манай гэрт очиж уусан. Тэгээд Д бид хоёр хоорондоо муудалцсан. Яг юунаас болж маргалдаж муудалцсаныг  мэдэхгүй байна. Учир нь би маш их согтсон байсан. Ингэж байхдаа Д архины хагархай шилээр миний гарыг зүссэн. Би өөр зүйл санахгүй байна. Тэгээд Д цагдаагийн байгууллага болон эмнэлэгт дуудлага өгсөн байсан.  “  гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл /хх-ийн 7/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13/

Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн “ 1. Ж.О-н биед зүүн гарын шууны арын хэсгийн зүсэгдсэн шарх, толгой хүзүүний шалбарсан шарх гэмтэлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэлүүд нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн  чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/011 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 22/

2017 оны 12 сарын 31-ний өдрийн 1496 дугаартай яаралтай тусламжийн хуудас  /хх-ийн 23-24/

Шүүгдэгч Д.Д нь урд ял шийтгэлтэй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай Прокурорын санал /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 12 сарын 31-ний үүрээр 03 цагийн үед  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 106 дугаар байрны ... тоотод архи ууж согтуурсан үедээ Ж.О-тай маргалдаж улмаар түүнийг архины шилээр  зүүн гарын шууны арын хэсгийг  зүссэн, мөн толгойн тус  газар нь цохиж биед нь зүүн гарын шууны арын хэсгийн зүсэгдсэн шарх, толгой хүзүүний шалбарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг  болон хохирогч Ж.О-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 04/011 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр хэрэгт тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг нь шүүгдэгчийн үйлдэлд  тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Ж.О нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Д-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Д-т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч   Д.Д нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол  ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД