Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/71

 

 

 

 

 

 

   2023            1              18                                          2023/ДШМ/71

 

 

Э.Чт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,

хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Б.Ганбат,

яллагдагч Э.Ч, түүний өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ж.Ганболд,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/2058 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Б.Ганбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Чт холбогдох эрүүгийн 2210 01853 1216 дугаар хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Эийн Ч, ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, ............................. ажилтай, ам бүл 2, эхийн хамт ................ дүүргийн ... дугаар хороо, ..................... байрны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.........................../,

            Яллагдагч Э.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 33 дугаар байрны 136 тоотод эхнэр Э.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед халдан зодож биед нь дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстад шарх, цээж, баруун тохой, баруун шилбэ, зүүн өвдөг цус хуралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр “...түүнийг гарынхаа араар савж цохиод гараад зугтаасан, түлхэж унагаасан...” гэж мэдүүлсэн, харин яллагдагчаас “...биед нь гар хүрээгүй, ...согтуу чигээрээ орилж чарлаад унаж тусаад гүйж харайгаад байсан...” гэж маргах бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Э.Аын биед учирсан гэмтлийг олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн зэргээс дүгнэхэд гараар түүний биеийн аль хэсэгт савж цохисон эсэх, мөн хохирогчийн мэдүүлэгт Э.Ч тухайн өдөр, цаг хугацаанд түүний биед олон удаа халдсан тухай үйл баримт тусгагдаагүй тул хохирогчийн дээд үүдэн 1-р шүдний сулрал, уруулын салстад шарх, цээж, баруун тохой, баруун шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд хэрхэн ямар байдлаар учирсан, үүсэх боломжтой эсэх, хохирогч өөрөө согтуу байдалтай унасан бол аль гэмтэл нь учрах боломжтой эсэх, шүдний гэмтэл ямар үйлдлийн улмаас учрах эсэх, эдгээр гэмтлийн аль нь хөнгөн зэрэгт хамаарах, эсхүл хамаарахгүй эсэхийг нэг мөр шалгаж тогтоосны эцэст яллагдагчийн ямар үйлдлээс хуульд заасан гэмт хэргийн шинжид хамаарах хөнгөн гэмтэл, хохирол хохирогчид учирсан эсэхийг шалгах ажиллагааг бүрэн явуулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж яллагдагчийн үйлдлийг эргэлзээгүй тогтоох ажиллагааг явуулах нь зүйтэй.

Нөгөө талаас яллагдагч Э.Чийн биед гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтэл учирч, Э.Ад Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудас авагджээ. Иймээс хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг хоорондоо эрс зөрүүтэй, тэд өөр өөрийнхөө хууль ёсны эрх, сонирхлыг хамгаалах хуулиар олгогдсон эрхтэй бөгөөд хохирогчийн мэдүүлэг үнэн зөв эсэхэд түүний мэдүүлгийн эх сурвалжийг тогтоосон баримтыг хэрэгт бүрэн цуглуулаагүй байна. Мөн тухайн өдөр хохирогч, яллагдагч нараас гадна Дашням, Бямбасүрэн, Сараа, Бямбасүрэнгийн том охин гээд 4 хүн яг дэргэд байсан гэж мэдүүлсэн байх тул хохирогч, яллагдагч нарын хооронд хэрхэн, ямар асуудал болсон эсэх, хэрүүл маргаан хэн үүсгэсэн, бусдын бие эрүүл мэндэд хэн халдсан, хохирогчийн биед яллагдагч халдсан эсэх болон болсон үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар сэргээн тогтоох ажиллагааг хийх шаардлагатай бөгөөд энэ нь шүүгдэгчийн үйлдэлд гэмт үйлдэл, эс үйлдэхгүй байгаа эсэх, эсхүл хуульд заасан өөр нөхцөл байгаа эсэхийг эргэлзээгүй тогтоох нь хууль зүйн дүгнэлт хийхэд шууд хамааралтай, чухал ач холбогдолтой байна.

Мөн прокуророос яллагдагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд яллагдагч Э.Ч нь урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэх талаар шалгах, нотлох, бэхжүүлэх ажиллагааг хийгээгүй байх тул уг ажиллагааг явуулах шаардлагатай гэж үзэв.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Чт холбогдох эрүүгийн хэргийг тус прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Б.Ганбат нар давж заалдах гомдолдоо: “...Шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсэгт “...иргэн Дашням, Бямбасүрэн, Сараа, Бямбасүрэнгийн том охин гээд 4 хүн дэргэд нь байсан гэж мэдүүлсэн байх тул мэдүүлэг авч шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, бусад нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой...” гэжээ. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хохирогч Э.Аын хувьд тухайн шүүгдэгч өөрт нь халдах цаг хугацаанд гэрт нь дээрх хүмүүс байгаагүй зөвхөн Ч, А хоёр л байсан талаар 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байдаг тул дээрх гэрчүүд нь хохирогчийн биед хэрхэн халдсан талаар мэдүүлэх боломжгүй юм. /хх 24/,

2. Хэрэг учрал юунаас үүдэлтэй гарсан шалтгаан нөхцлийг тодруулахын тулд хэргийг шүүхээс заавал прокурорт буцаах шаардлага байхгүй гэрч нарыг шүүх хуралд биечлэн оролцуулан хууль сануулан гэрчээр мэдүүлэг авч шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдлыг тодруулах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж гомдол гаргаж байна.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг 2 үндэслэлээр үгүйсгэж байгаа. Гэрчүүдийг шүүх хуралдаанд асуух боломжтой. Прокурорт буцааж мөрдөн байцаалтын шатанд асуух шаардлагагүй. Э.Ч Э.Ад гэмтэл учруулах үед энэ хоёроос өөр хүн байгаагүй гэж мэдүүлэг өгсөн. Шүүгчийн захирамжид заасан бусад гэрч нараас асуугаад Э.Ч цохих үед болсон үйл явдлыг тодруулах боломж байхгүй. Гэмт хэрэг юунаас болж гарсан шалтгаан нөхцөлийг гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулаад асуучих боломжтой гээд буцаана гэсэн нь үндэслэлгүй байна.” гэв.

Хохирогч Э.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зодоон болох үед хүмүүс байхгүй байсан учраас гэрч нарыг дуудах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

Яллагдагч Э.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорт шилжүүлэх саналтай байна.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.А урьд нь шүдний сулралтай холбогдуулан байнга цагдаад өгнө гэж айлгаж байсан байдаг. Энэ талаар тухайн үед мэдүүлэг өгч байсан боловч гэрч Тунгалагтуяа, шүдний эмч нараас мэдүүлэг аваагүй. Тухайн үед хамт байсан өөрөө унаж гэмтэж байсан талаар гэрч нараас мэдүүлэг аваагүй, энэ талаар нягтлан шалгаж тогтоогоогүй. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул хохирогч талаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалтай холбогдуулан нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа үндэслэл эргэлзээгүй, бүрэн нотлох талаар бичээгүй учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Чт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон гэж үзсэн. Учир нь, хохирогч Э.Аын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Чимэд-Очирын дүгнэлт, шинжээч Эрдэнэболор, Эрдэнэцэцэг, Оюунбаясгалан нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Э.Аын биед учирсан дээд үүдэн зүүн нэгдүгээр шүдний сулрал, уруулын салстын шарх гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 24.1 дүгээр зүйлд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тэгэхээр нэг удаагийн савалтаас хөнгөн гэмтэл учруулсан. Мөн шинжээч эмч Чимэд-Очирын 97 дугаартай дүгнэлтэд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд уг гэмтэл нь үүссэн байх боломжтой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу 4 гэрчийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудсан боловч ирдэггүй. Дуудан ирүүлэх хуудас явуулаагүй боловч мөрдөгчөөс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа дуудсан боловч ирээгүй. Шүүхээс тухайн гэрч нарыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох шаардлагатай гэж үзсэн ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг зөвшөөрч миний бие эсэргүүцэл бичээгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Б.Ганбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Э.Чт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэв.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Э.Чийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 33 дугаар байрны 136 тоотод эхнэр Э.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед халдан зодож биед нь дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, уруулын салстад шарх, цээж, баруун тохой, баруун шилбэ, зүүн өвдөг цус хуралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудыг оролцуулан дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай нотолж, тогтоосон эсэхийг тодруулах үүднээс оролцогч нараас асуулт асууж, захирамжид дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шалгавал зохих ажиллагааг тус бүр тодорхой заасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Б.Ганбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/2058 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/2058 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Б.Ганбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ШИНЭБАЯР                            

 

                        ШҮҮГЧ                                                                   Б.АРИУНХИШИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ