| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0008/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., 23.2.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
Нарийн бичгийн дарга Т.М,
Улсын яллагч Э.Т,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Б,
Шүүгдэгч Д.Н, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д.Н,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Б нарт холбогдох эрүүгийн 1720001400070 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Солонгос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 5, аав, дүү, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл М овогт Д.Н,
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг оршин суух, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар цэцэрлэгт тогооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт С.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Оюуны өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас С.Б-р өөрийн зурагтай, С.Б-н биеийн байцаалт бүхий E1989293 дугаартай хуурамч энгийн гадаад паспортыг гаргуулан авч, уг гадаад паспортыг ашиглан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Оюуны өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас өөрийн нэрээр гадаад паспорт гаргуулан материал бүрдүүлж өгөхдөө Д.Н-н цээж зургийг өгч өөрийн биеийн байцаалт бүхий Д.Н-н зурагтай E1989293 дугаартай хуурамч гадаад паспорт гаргуулан авсан, Д.Н нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хятад улсад ирэн очин байдаг. Тэнд байр хөлсөлж амьдарч байсан. Цуг байсан улсууд асуудалтай байсан учраас би хар даруулсан. Хил гарах гэж байгаад 5 жилээр даруулснаа мэдсэн. Болохгүй гэдгийг мэдэж байсан. Хүмүүс болдог гээд байхаар нь С.Б бид хоёрыг хүмүүс адилхан гээд байдаг болохоор С.Б-с гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна дахин ийм асуудал гаргахгүй. Аав маань 77 настай, түнхний хагалгаанд саяхан орсон. Миний асаргаанд байдаг. Дүү маань Солонгос явсан, нөхөргүй, хоёр хүүхэд болон аав маань асрамжинд байдаг...” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Д.Н гуйгаад байхаар нь эхлээд болохгүй гэж хэлсэн гэтэл гуйгаад байсан юм. Тэгээд зөвшөөрөөд Д.Н-н зургийг өөрийн нэрээ гадаад паспорт захиалсан, нэр асуусан, гарын хурууны хээ дарж авсан. Бид хоёр эцэг өөр эх нэгтэй эгч дүүс юм. Би ийм хүнд хэрэг болно гэж бодоогүй, миний буруу, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн мэдүүлэг,
Хилийн дэглэмийн зөрчлийг шалгасан тухай нотломж /хх-ийн 7-23/,
Шүүгдэгч Д.Н нь улсын хилээр гарсан тухай бүртгэл /хх-ийн 26-27/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-23/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 57-58/,
Д.Н-н 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хилийн зөрчлийн камерийн бичлэгийн зургууд /хх-ийн59-62/,
Гэрч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2017 оны 10 сарын 05-ны өдрийн 11-12 цагийн хооронд Замын-Үүдийн Автозамын шалган нэвтрүүлэх боомт дээр бусдын баримт бичиг ашиглан хууль бусаар хил нэвтрэхийг завдсан гэх мэдээлэл ирсний дагуу боомт руу очиход 36 настай Д.Н гэх эмэгтэй нагац дүү гэх С.Б-н Е 1989293 дугаартай гадаад паспорт дээр өөрийн зургийг оруулж овог нэр нь С.Б гэсэн өгөгдхүүнтэй болгосон байсан. Энэ эмэгтэй БНХАУ-д найз залуу болон гэртээ очих зорилготой явсан гэсэн. Тэгээд 5 жил хар даруулсан гэж хэлсэн. Гэхдээ яг 5 гэдгийг нь мэдэхгүй байна гэж ярьж байсан. БНХАУ-д хар даруулсан болохоор нагац дүү С.Б-р гадаад паспорт гаргуулж аван 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Замын-Үүд боомтоор хил зөрчих гэж байсныг бичиг баримтын шалгагч ахмад Ж.Э илрүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85/,
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Автозамын шалган нэвтрүүлэх боомтын Монгол Улсаас гарах чиглэлийн зорчигчийн баримт бичиг шалгах цэгт үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр баримт бичгийн шалгагч ахмад Ж.Э Монгол Улсын иргэний гадаад паспортыг нарийвчилж шалгаж өгнө үү гэж авчирсныг шалгахад тухайн иргэний паспорт дээрх зураг нь өөрийнх нь байсан боловч Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд байрлах иргэний үнэмлэхний зурагтай тулгаж шалгахад ондоо байсан. Түүнээс лавшруулж асуухад хүүхэд, нөхрийнхөө мэдээллийг зөв хэлж байсан. 10 гаран минут шалгасны эцэст С.Б гэх нэртэй гадаад паспортыг авч явсан эмэгтэй болох Д.Н нь хятадад хар даруулсан тул хамаатныхаа дүүгийн паспорт дээр зургаа хийлгээд паспорт авхуулсан юм” гэж үнэнээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87/,
Гэрч Ж.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 сарын 05-ны өдөр Авто замын шалган нэвтрүүлэх боомтын зорчигчийн баримт шалгах манааны чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн өглөөний 09 цагийн үед С.Б гэдэг эмэгтэй гадаад паспортаа шалгуулахаар надад баримт бичгээ өгсөн. Баримт бичгийг шалгаж Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн санд орж С.Б-н регистрийн дугаарыг хийж үндсэн мэдээллийг гарган С.Б гэх нэртэй Е1989293 дугаартай гадаад паспорт дээрх зурагтай тулгалт хийхэд төстэй царайтай нүдний хэлбэр хэмжээ өөр харагдсан. Тэгээд гүнзгийрүүлсэн шалгалтанд оруулан нөхрийнхөө нэр болон регистрийн дугаарыг хэлнэ үү гэхэд шууд хэлж байсан. Тэгээд дахин нарийвчлуулахаар ахлах шалгагч ахмад Г.М-д шилжүүлсэн. Тэгээд би хуваарийн дагуу ажлаа хийхээр цэг рүүгээ явсан. Хэсэг хугацааны дараа ахлах шалгагч ахмад Г.М намайг дуудаж зөрчилтэй байна гээд надад шилжүүлсэн. Тэгээд би тус эмэгтэйг даргадаа хүлээлгэн өгсөн. Тэгээд би хуваарьт ажлаа хийхээр явсан. Надад жинхэнэ нэрээ хэлээгүй. С.Б гэдэг нэрийг л хэлсэн. Хүний бичиг баримтаар хил нэвтрэх болсон шалтгаан нь БНХАУ-д хар даруулсан, тэгээд хамаатны дүүгийнхээ бичиг баримтыг ашигласан нь үнэн гэж хэлсэн. С.Б гэдэг нэртэй хүн нь хамаатных нь дүү гэсэн. Тэгээд гадаад паспортаа С.Б-р гаргуулж авсан. Хамт улсын бүртгэл рүү явсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89/,
Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Б.Г гэдэг. Би 1981 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөхөд төрсөн. Би 1988-1996 онд Нийслэлийн 62 дугаар сургуулийг 8 дугаар ангийг төгсөж, 1996-1999 онд Монген сургуулийг модон эдлэлийн мужаан мэргэжилээр төгссөн. 2000-2004 онд “А ХХК” гэх замын компанид замчинаар ажиллаж байсан. 2004-2007 онд ажилгүй гэртээ байсан. 2007-2013 онд Баянгол зочид буудалд хүнсний хангамжийн ачигчаар ажиллаж байсан. 2013-2015 онд “А ХХК” гэх компанид замчинаар ажиллаж байсан. 2015 оноос одоог хүртэл “А ХХК”-нд ажиллаж байна. Би өөрийн эхнэр С.Б-тай 2007 онд гэр бүлээ батлуулсан байх сайн санахгүй байна. Том охин маань төрөөд удаагүй байсан. С.Б бид хоёр гэр бүл болоод 4 хүүхэдтэй болсон. 1 охин 3 хүүтэй. Би болсон явдлын талаар саяхан сонсож мэдсэн. Миний эхнэрийн эгч Д.Н гуйгаад байхаар нь өөрийнхөө нэр дээр гадаад паспорт гаргуулж өгсөн юм байна. Тэр паспортоор нь эгч Д.Н нь Улсын хилээр гарах гэж байхдаа баригдсан гэсэн. Би энэнээс өөр зүйл мэдэхгүй байна. Миний эхнэр С.Б нь айлын 4 дэх хүүхэд дээрээ 2 эгч, 1 ахтай, доороо нэг дүүтэй байсан боловч нас барсан. Миний эхнэр тогооч мэргэжилтэй, ажилч хичээнгүй, хүний үгээр гэнэн, хүнд итгэмтгий. Тэгээд хүнд итгэмтгий болохоор өөр зурагтай гадаад паспорт авч болдог гэдэгт итгээд эгчдээ гадаад паспорт гаргуулан өгсөн юм шиг байна лээ. Би эгч Д.Н-н талаар нь сайн мэдэхгүй, бага байхад нь хүнд өргүүлсэн гэсэн өөр зүйл мэдэхгүй байна. Би хамт байдаггүй болохоор хаана юу хийдгийг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94/,
Гэрч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Г” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад надтай хамт хэвтэн эмчлүүлж байсан С.Б гэх эмэгтэй хүнээс мөнгө авах гэсэн юм та дансаа ашиглуулж болох уу? Таны дансад 110,000 (нэг зуун арван мянган төгрөг) шилжүүлчихье гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийн хаан банкны дансыг хэлж өгсөн тэгээд удалгүй мөнгө нь миний дансанд орж ирсэн. Би С.Б-с чиний мөнгийг яах вэ гэж асуухад доошоо хамт бууж эмнэлэгийн төлбөр болох 110,000 (нэг зуун арван мянган төгрөг)-ийг өөрийн данснаас гаргаж хийсэн. Гэхдээ би яг хэдэн төгрөг орж ирснийг санахгүй байна би орж ирсэн мөнгийг нь бүгдийг нь эмнэлэгийн төлбөрт хийсэн. Би яг хэдний өдөр С.Б-д дансаа ашиглуулснаа санахгүй байна. Миний дансний хуулгыг харах юм бол тодорхой он, сар, өдөр, цагтайгаа байгаа ойролцоогоор 2017 оны 09 дүгээр сарын 26-27 хооронд байхаа сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 97/,
Гэрч Б.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үйлчилгээний дугаарын дагуу 167 дугаарыг дуудахад С.Б гэх эмэгтэй миний суудаг 11 дугаар цонхон дээр ирсэн. С.Б гадаад паспорт авах шаардлагатай бүх баримтыг бүрдүүлсэн байсан. Би зохих журмын дагуу эхлээд хурууны хээг хурууны хээ шалгадаг машинд хурууны хээг уншуулахад С.Б-н бүртгэл гарч ирж байсан. Тэгээд би бүртгэл дээрх зураг, паспорт хүссэн мэдүүлгийн хуудсан дахь зураг өөрийн биетэй тулгаж харахад зургууд нь адилхан байсан. С.Б нь анх удаагаа гадаад паспорт авч байсан. Тийм болохоор иргэний бүртгэл дээрх зурагтай нь тулгалт хийж гадаад паспорт олгохоор шийдвэрлэсэн. Би С.Б-с урьд өмнө гадаад паспорт авч байсан уу гэж асуусан. С.Б авч байгаагүй гэж хэлсэн болохоор хурууны хээг нь уншуулж шалгасан юм. С.Б өөрөө ирж гадаад паспорт авахад шаардлагатай материалыг бүрдүүлж өгсөн. Яагаад гэвэл хурууны хээг нь уншуулахад өөрөө мөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100/,
Гэрч П-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг П гэдэг. Би 1962 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Солонгос Улсын Б мужид төрсөн. Солонгос улсад ерөнхий боловсрол эзэмшсэн. Би анх 2003 онд Монгол Улсад бизнес эрхлэх зорилгоор ирж байсан. Би 2003 оноос хойш Монгол, Орос, Хятад Улсад худалдааны зөвлөх хийж ирж очиж байсан. Би 2004 онд анх Д.Н-тэй Монголд байхдаа танилцаж байсан. Тэгээд танилцаад 2005 оны 06 дугаар сарын 14-нд охин А маань төрж байсан. 2008 оны 06 дугаар сарын 06-нд хүү А маань төрсөн. Би Д.Н-тэй танилцаж, албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй боловч 2 хүүхэдтэй миний хүүхдүүд надаар овоглодог. Хүүхдүүд маань эмээ өвөөтэйгээ хамт байдаг. Бид хамтран амьдардаг. Би Монголд ажлаар ирээд хамт амьдарч байсан. Би Д.Н-тэй хамт амьдрахыг хүсдэг. Би Монголд 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн. Д.Н хэзээ Монголоос Хятад руу явж ирснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Хятадад 4 жил байж байгаад ирсэн. Би 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Д.Н намайг машин бариад дүүг эмнэлэгээс авч нэг газар очих хэрэгтэй байна гэж гуйхаар нь би Д.Н-тэй хамт дүүг нь эмнэлэгээс очиж аваад 100 айл гэдэг газрын эмнэлэгийн ойролцоо байсан барилгын 2 давхарт гарсан. Тэр газар ороод би паспорт авдаг газар юм байна гэж бодсон. Дүү нь нурууны өвчтэй байсан болохоор түшиж явсан дүү нь 2 давхарт хэдэн бичиг цаас өгчөөд гарч явцгаасан. Тэгээд дүүг нь эмнэлэгт хүргэж өгчөөд би гэрлүүгээ явсан. Би яг юу өгч авсан болохыг мэдэхгүй. Д.Н-г хамт явах хэрэгтэй байна гэхээр нь дүүтэй нь хамт явсан. Би дүүг нь сайн танихгүй өмнө эмнэлэгт нь очиж харж байсан. Би Д.Н-г ямар зорилгоор Хятад улс руу явж байсныг мэдэхгүй байна. Бид хамт амьдардаг боловч би Д.Н-г хаагуур юу хийж явдгийг нь мэдэхгүй, би асуудаггүй юм. Би хятад явсныг нь ч мэдээгүй. Бид жоохон хөндий харилцаатай байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн “1. Регистрийн дугаартай С.Б дугаарт регистрийн дугаартай Д.Н-н үндэсний энгийн гадаад паспортууд нь жинхэнэ байна.
2. Регистрийн дугаартай С.Б-н Е1989293 дугаартай регистрийн дугаартай Д.Н-н Е1836077 дугаар үндэсний энгийн гадаад паспортуудад ямар нэгэн засвар, өөрчлөлт хийгдээгүй байна.
3. Регистрийн дугаартай С.Б-н дугаар үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.Н-ийн гэх гэрэл зурагтай тохирч байна. Харин Е1989293 дугаартай үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загвараа ирүүлсэн С.Б-ийн гэх гэрэл зурагтай тохирохгүй байна” гэсэн 5443 тоот дүгнэлт /хх-ийн 112-115/,
Шүүгдэгч С.Б нь урд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 150/,
Шүүгдэгч Д.Н нь урд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Шүүгдэгч Д.Н нь БНХАУлс руу гарахаар С.Б-с гуйсны дагуу тэд Улсын бүртгэлийн ерөнхий газар луу цуг очиж С.Б өөрийн бичиг баримтыг бүрдүүлэн Д.Н-н цээж зурагтай өгч, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Д.Н-н зурагтай С.Б-н биеийн байцаалттай гадаад паспортыг гаргуулан авч, Д.Н нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тухайн паспортаар Монгол Улсын хилээр БНХАУлс руу гарах гэж байгаад хилийн үзлэг шалгалтаар гадаад паспорт нь зөрчилтэй болох нь илэрсэн үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.Н-г 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Оюуны өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас С.Б-р өөрийн зурагтай, С.Б-н биеийн байцаалт бүхий E1989293 дугаартай хуурамч энгийн гадаад паспортыг гаргуулан авч, уг гадаад паспортыг ашиглан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Шүүгдэгч С.Б-г 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Оюуны өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас өөрийн нэрээр гадаад паспорт гаргуулан материал бүрдүүлж өгөхдөө Д.Н-н цээж зургийг өгч өөрийн биеийн байцаалт бүхий Д.Н-н зурагтай E1989293 дугаартай хуурамч гадаад паспорт гаргуулан авсан, Д.Н нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцож гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба тэдний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан шинжийг агуулсан байна.
Шүүгдэгч Д.Н, С.Б нар нь бүлэглэж Монгол Улсын хил орох, гарах хил нэвтрэх хуурамч баримт бичгээр Монгол Улсын хил нэвтэрсэн, мөн шүүгдэгч Д.Н нь гадаад паспортыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, шүүгдэгч С.Б нь гадаад паспортыг хуурамчаар үйлдсэн болох нь: Шүүгдэгч Д.Н, С.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Э.Т-н “...2017 оны 10 сарын 05-ны өдрийн 11-12 цагийн хооронд Замын-Үүдийн Автозамын шалган нэвтрүүлэх боомт дээр бусдын баримт бичиг ашиглан хууль бусаар хил нэвтрэхийг завдсан гэх мэдээлэл ирсний дагуу боомт руу очиход 36 настай Д.Н гэх эмэгтэй нагац дүү гэх С.Б-н Е1989293 дугаартай гадаад паспорт дээр өөрийн зургийг оруулж овог нэр нь С.Б гэсэн өгөгдхүүнтэй болгосон байсан...” гэсэн, гэрч Г.М-н “...Монгол Улсын иргэний гадаад паспортыг нарийвчилж шалгаж өгнө үү гэж авчирсныг шалгахад тухайн иргэний паспорт дээрх зураг нь өөрийнх нь байсан боловч Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд байрлах иргэний үнэмлэхний зурагтай тулгаж шалгахад ондоо байсан...С.Б гэх нэртэй гадаад паспортыг авч явсан эмэгтэй болох Д.Н нь хятадад хар даруулсан тул хамаатныхаа дүүгийн паспорт дээр зургаа хийлгээд паспорт авхуулсан юм гэж үнэнээ хэлсэн...” гэсэн, гэрч Ж.Э-н “...С.Б гэдэг эмэгтэй гадаад паспортаа шалгуулахаар надад баримт бичгээ өгсөн. Баримт бичгийг шалгаж Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн санд орж С.Б-н регистрийн дугаарыг хийж үндсэн мэдээллийг гарган С.Б гэх нэртэй Е1989293 дугаартай гадаад паспорт дээрх зурагтай тулгалт хийхэд төстэй царайтай нүдний хэлбэр хэмжээ өөр харагдсан. Тэгээд гүнзгийрүүлсэн шалгалтанд оруулан нөхрийнхөө нэр болон регистрийн дугаарыг хэлнэ үү гэхэд шууд хэлж байсан. Тэгээд дахин нарийвчлуулахаар ахлах шалгагч ахмад Г.М-д шилжүүлсэн... Хэсэг хугацааны дараа ахлах шалгагч ахмад Г.М намайг дуудаж зөрчилтэй байна гээд надад шилжүүлсэн...С.Б гэдэг нэртэй хүн нь хамаатных нь дүү гэсэн. Тэгээд гадаад паспортаа С.Б-р гаргуулж авсан...” гэсэн мэдүүлгүүд, шинжээчийн 5443 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Н, С.Б нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Н, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх байдалд тооцож, шүүгдэгч С.Б-н хувьд 2018 оны 01 сарын 12-ны өдөр үзүүлэхэд 11-12 недель буюу 3 сартай жирэмсэн байх ба энэ нь хэрэгт нотлох баримтаар өгсөн жирэмсэн эмэгтэйн хяналтын картаар нотлогдсон, шүүгдэгч Д.Н-н хувьд түүний асрамжинд 9-12 насны хоёр хүүхэд нь болон хөгшин эцэг нь байдаг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч С.Б, Д.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Е1989293, Е1836077 дугаартай 2 ширхэг гадаад паспортыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, DVD бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Д.Н, Б овогт С.Б нарыг бүлэглэж Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн, шүүгдэгч Д.Н-г гадаад паспортыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, шүүгдэгч С.Б-г гадаад паспортыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар таван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,
Шүүгдэгч С.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525,000 /таван зуун хорин таван мянга/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 525,000 /таван зуун хорин таван мянга/ төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т оногдуулсан 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь 6,000,000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Шүүгдэгч Д.Н, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Е1989293, Е1836077 дугаартай 2 ширхэг гадаад паспортыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлж, DVD бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
9. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ