Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 125/ШШ2024/0032

 

 

 

 

 

 

2024      07          03                                           125/ШШ2024/0032

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг, Ховд аймаг дахь Захиргаан хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мянганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Тендерийн үнэлгээний хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дарви сумын “Багш нарын компьютер шинэчлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2/219, 2/226 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж, ******* ХХК-ийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунцэцэг, иргэдийн төлөөлөгч Ш.Батмөнх болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ховд аймгийн Дарви сумын “Багш нарын компьютер шинэчлэх”  ажлын тендерт оролцохоор “*******” ХХК, “*******” ХХК  нарын  нэр бүхий 18 компани цахим тендер ирүүлснээс Тендерийн үнэлгээний хороо нь  “*******” ХХК-нийн ирүүлсэн тендерээс Ховд аймгийн Дарви сумд  хийгдэж байгаа “*******”-ний ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй гэх  үндэслэлээр татгалзаж, “*******” ХХК-нийн  ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлгээтэй тендерээр шалгаруулжээ.

1.2 Улмаар “*******” ХХК нь тендерийн хариуг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/8834 дугаар албан бичгээр  “... Журмын 4.6-д зааснаар захиалагч түр түдгэлзүүлэх шийдвэрийг утсаар, албан бичгээр эсхүл цахим системээр мэдсэн даруйд тус журмын 5.1-д заасан баримт бичгийг 3 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан гомдол хянан шийдвэрлэх 14 хоногийн хугацааны дотор холбогдох баримт бичиг, мэдээллийг ирүүлээгүй байна. Иймд тус яамны танай гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дуусгавар болсон тул шүүхэд гомдол гаргах нь зүйтэй байна” гэх хариуг ирүүлсэн байна.

1.3 “*******” ХХК нь дээрх хариуг эс зөвшөөрч Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Багш нарын компьютер шинэчлэх  ажлын тендер шалгаруулсан үнэлгээний хорооны  шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн үнэлгээний хорооны  2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ныг Багш нарын компьютер шинэчлэх  ажлын гүйцэтгэгчээр шалгаруулах, гэрээ байгуулах  эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.4 Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд “*******” ХХК-нийн захирал *******гийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэж 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 207 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаар тус хэргийг хянан хэлэлцэв.

1.5 Тус хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан ирүүлсний дараа буюу 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/226 дугаар “*******” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.  

 

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал Т.Бат-Ууган шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "*******" ХХК нь Ховд аймгийн Дарви сумаас зарласан ХОАДАСЗДТГ \202309079\ "Багш нарын компьютерыг шинэчлэх" ажлын тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль/цаашид "тендерийн хууль" гэх/ тогтоомж болон тендерийн баримт бичигт заагдсан холбогдох шаардлагад нийцсэн тендер илгээсэн төдийгүй шалгаруулсан байгууллагаас бага үнийн саналтайгаар тус тендер шалгаруулалтанд оролцсон.

Захиалагчаас Тендер шалгаруулалтын 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 02\219 тоот албан бичгээр манай ХХК-аас татгалзсан шийдвэрийг гаргаж цахимд 2023 оны 11 сарын 17-ны өдөр байршуулсан дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй туп Монгол Улсын Сангийн Яаманд 2023 оны 11 сарын 20-ны өдрийн №46 тоот албан бичгээр гомдол гаргасан.

Сангийн Яам манай гаргасан гомдлын дагуу захиалагч байгууллагад албан бичгээр болон утсаар хуулийн хугацаанд мэдэгдсэн боловч тус захиалагчаас хугацаандаа Сангийн Яаманд материалаа хүргүүлээгүй тул сангийн яам 2023 оны 12 сарын 04-ны өдрийн 03/8834 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт: .......Журмын 4.6-д зааснаар захиалагч түр түдгэлзүүлэх шийдвэрийг утсаар, эсхүл албан бичгээр, эсхүл цахим системээр мэдсэн даруйд тус журмын 5.1-д заасан баримт бичгийг 3 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан гомдол хянан шийдвэрлэх 14 хоногийн хугацааны дотор холбогдох баримт бичиг мэдээллийг ирүүлээгүй байна. Иймд тус яамны танай гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дуусгавар болсон тул шүүхэд гомдол гаргах нь зүйтэй байна... гэжээ.

Иймд тус тендер шалгаруулалттай холбоотой асуудлыг хянан үзэж Ховд аймгийн Дарви сумын тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 21219 шийдвэрийг хүчингүй болгуулж, манай ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэж өгнө үү

Тус ХХК нь Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын тамгын газраас зарласан "Багш нарын компьютер шинэчлэх" ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 сарын 12-ны өдөр нэхэмжлэх гаргаж нэхэмжлэлийн дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаж 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 125\ШШ2024\0007 тоот шийдвэрээр тус хэргийг ******* ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг гуравдагч этгээдээр оролцсон ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гарснаар 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 221\ма2024\0207 тоот магадлалаар тус хэрэг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжсэн билээ.

Иймд 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 221\ма2024\0207 тоот магадлалыг үндэслэн хуулийн дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага тодруулах хүсэлт гаргаж байна.

Захиалагчийн Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 2/226 дугаар ХХК-ыг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах. Дээрх нэхэмжлэхийн шаардлага тодруулах хүсэлтийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн хэрэг бүртгэлд авч шийдвэрлэж өгнө үү.

 

2.2. Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрээр манай талд шийдвэр нь гарсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс магадлал гарч уг магадлалыг тайлбарлахдаа ******* ХХК-д зориулж өгсөн үнэлгээний хорооны албан бичгийг манай зүгээс хүчингүй болгуулах талаар анхан шатны шүүхэд гаргаагүй байсан учир дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаж ирсэн байгаа. Манай зүгээс уг тендерт оролцохдоо бага үнийн саналтай байсан учраас тухайн тендерт манай ******* ХХК шалгарах байсан. Гэтэл ******* ХХК шалгарсан учраас шүүхэд хандсан ю. Эцсийн байдлаар эдгээр 18 компаниас 4-5 компани нь сайн үнэлэгдэж болно. Харин хариуцагчийн зүгээс уг тендерт зарласан шалгуур үзүүлэлтийн талаар үнэлж дуусаад сайн үнэлэгдсэн 5 тендерийнхээ хамгийн бага үнийн саналтай шалгаруулах хуулийн заалттай. Гуравдагч этгээдийн зүгээс тендерийн зааварчилгааг ярьж байна. Аль ч тендерт тухайн зааварчилгаар нь архивлагдаад явдаг. Тухайн тендер зарлаж байгаа захиалагч нь техникийн нөхцөлөөрөө техникийн тусгай хүснэгтээрээ техникийн хүснэгтийн өгөгдлөөрөө бид нарт шаардлагуудаа тавьдаг. Тэр шаардлагын дагуу бид нар тендертээ оролцдог байгаа. Тэгэхээр тухайн хүснэгтэд заагдсан өгөгдлийн хүснэгт гэж байгаа. Тэр тендерийн материал дотор хавсаргаатай байгаа гэдгийг хэлмээр байна.

Гуравдагч этгээдийн зүгээс материалын бүрдэл дутуу гэх зүйлийг хэлж байна. Анхан шатын шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа уг тайлбарыг хэлсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар гуравдагч этгээд болон хариуцагч нарын тайлбар хоорондоо адилхан, хамтран ажиллаж байна гэх үндэслэлээр хардаж байна. Хариуцагчийн зүгээс гуравдагч этгээдэд давуу байдал олгосон гэж үзэж байна. Тухайн үед манайхыг материалын бүрдэл дутуу гэдгийг үнэлгээний хорооноос тайлбарласан байдаг. Мөн тухайн тендерийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлийг үзэхээр сүүлд үнэлгээ хийсэн юм шиг харагдсан. Мөн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл тухайн тендерт оролцож байгаа 18 компанийн нэр дурдагдаагүй. Зөвхөн эхний 2 ,3 компанийн нэрийг оруулсан тэмдэглэл байсан. Тухайн үед бага үнийн саналтай ХХК нь Ховд аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд явцын дунд нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг.

 

2.3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ховд аймгийн Дарви сумын ЗДТГ-аас зарласан багш нарын компьютер шинэчлэх тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Учир нь:

Нэгдүгээрт: Нэхэмжлэгч тал "*******" ХХК нь шаардсан материалын бүрдэл дутуу мөн Дарви суманд "*******" барих тендерт ялж, ажил гүйцэтгэж байгаа, тухайн гүйцэтгэлийн ажлын үр дүн хангалтгүй байгаа тул тус хуулийн этгээдэд дахин тендер олгож, ажил гүйцэтгүүлэх боломжгүй талаар бид анхнаасаа тайлбар өгсөөр ирсэн. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасан энэ хуулийн 14-16 дүгээр зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр татгалзсан болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлд Техникийн чадавх болон туршлагыг үнэлэхдээ 16.1.3-т сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаарх өмнөх худалдан авагчдын тодорхойлолт гэж заасан байдаг.

"******* ХХК нь манайхаас ******* барих тендер авч, тус гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа аль хэдийн дууссан байхад хариуцагч ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа, мөн энэ "Багш нарын компьютер шинэчлэх" ажилд маш их хүндрэл чирэгдэл учруулж байна.

Хоёрдугаарт: ******* ХХК нь багш нарын компьютер шинэчлэх ажлын тендер шалгаруулалтад явуулсан техникийн тодорхойлолт манайхаас гаргасан техникийн шаардлагад нийцээгүй бөгөөд ******* ХХК-ны санал болгосон үзүүлэлт бүхий компьютерыг илүү хямд, үнэ өртөгтэй нийлүүлэх боломжтой юм. Ийм учраас хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр үнэлэгдэх боломжгүй байсан Харин ******* ХХК нь захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцсэн санал ирүүлж тус материалыг үндэслэн сумын үнэлгээний хороо сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан.

******* ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан техникийн тодорхойлолт шаардлага хангаагүй, бараа, үйлчилгээний үзүүлэлтийг бууруулсан нь тухайн ХХК-с татгалзах гол үндэслэл болсон.

 

2.4 Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******” ХХК нь манайхаас ******* барих тендер авч, тус гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа аль хэдийн дууссан байхад ажлын гүйцэтгэлийг хангалтгүй байгаа, мөн энэ багш нарын компьютер шинэчлэх ажилд маш их хүндрэл чирэгдэл учруулж байна. ******* ХХК нь захиалагчийн техникийн тодорхойлолтонд нийцсэн санал ирүүлсэн тул материалыг үндэслэн сумын үнэлгээний хороо сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан. Миний бие “Багш нарын компьютер шинэчлэх” тендерт үнэлгээ хийхэд оролцоогүй, тухайн үед Улаанбаатар хотод эмчилгээнд явж байсан. Тендер үнэлэх эцсийн хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусч байсан тул миний бие 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Намайг ирэхэд бусад 4 гишүүн үнэлгээ хийж шалгаруулсан байсан. Удалгүй 2 компаниас гомдол гаргаж Сангийн яамнаас ярихад үнэлгээ хийсэн материал байхгүй тул цаг хугацаанд нь хариу явуулж чадаагүй.

 

2.5 Гуравдагч этгээд “*******” ХХК-нийн захирал ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт ******* ХХК нь өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоотой дараах тайлбар гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд “бага үнийн саналтайгаар тендер шалгаруулалт оролцсон” гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 33.2.2-т “техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ санал болгосон тендерт оролцогчид энэ хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгох” гэсэн заалт бий. Гэхдээ энэ зохицуулалтад “техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа" гэсэн нөхцөл бас байгааг нэхэмжлэгч тал анхаарч үзэх нь зүйтэй юм.

2.Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэгч талыг шалгаруулаагүй шалтгаан, үндэслэлээ “******* ХХК нь шаардсан материалын бүрдэл дутуу мөн Дарви суманд “Ёслол хүндэтгэлийн ордон барих тендерт ялж, ажил гүйцэтгэж байгаа, тухайн гүйцэтгэлийн ажлын үр дүн 30 хувьтай явж байгаа, манай шаардлагад 50 хувиас дээш гүйцэтгэл, санхүүжилттэй байх шаардлагатай тул олгох боломжгүй байсан” гэжээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан "бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”үзүүлэхүйц нөхцөл байдал гэж манай байгууллагын зүгээс үзэж байна.

3.Нэхэмжлэгч шаардлагадаа “...манай ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэж өгнө үү" гэжээ. Тус шаардлага нь тодорхой бус, мөн шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудлаар шийдвэр гаргуулахыг шаардаж хүссэн байна.

4.Нэхэмжлэгч “Ховд аймгийн Дарви сумын тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2\219 шийдвэрийг хүчингүй болгож.." өгөхийг шаарджээ. Тус захиргааны актыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, ойлгомжгүй байна.

******* ХХК буюу манай байгууллага нь хуульд заасан заавар, журмын дагуу тендер шалгаруулалтад оролцож, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тул сонгогдсон болно.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна.

 

2.6 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунцэцэг нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газрын багш нарын компьютер нийлүүлэх тендерт нийт 18 компани оролцсон байдаг. Уг 18 компаниас  манай ******* ХХК нь уг тендерийн ажлыг хийж гүйцэтгэхээр шийдвэр гарсан. Үүнээс үүдэж ******* ХХК нь маргаан үүсгэж манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа. ******* ХХК-нийн ярьж байгаа тайлбарыг авч үзвэл манайх хамгийн байга үнийн санал өгсөн. Манайх бага үнийн саналтай учраас манай компанийг уг тендерт шалгаруулах ёстой байсан гэдэг тайлбарыг хэлдэг. Гэтэл уг 18 компанийн жагсаалтаас харахад Төгс шимт оргил ХХК 172,200 төгрөг, ******* ХХК нь 176,550 төгрөг, манай ******* ХХК 180,100 төгрөг гэх үнийн саналуудыг тус тус хүргүүлсэн байдаг.

Тухайн үед материалын бүрэн гүйцэт байгаа эсэх асуудал дээр үнэлэлт, дүгнэлт өгч манай ******* ХХК-ийг шалгаруулсан байдаг. Манай компани ******* ХХК-иас  3550 төгрөгийн зөрүүтэй үнийн санал өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бага үнийн саналтай байхад манайхыг сонгоогүй гэж маргадаг гэтэл манай тендер нь эдгээр 17 компаниас сайн үнэлэгдсэн тендер. Өмнөх шүүх хуралдаан дээр хариуцагч талын буруутай үйл ажиллагаа байсан учир шүүхийн шийдвэр тэгж гарсан гэж үзэж байгаа. хариуцагч тал хэргийн материалтай танилцаагүй байсан. Мөн уг асуудлыг талаар дэлгэрэнгүй тайлбарыг өгөөгүйгээс болж шүүх захиргааны актыг хүчингүй болгох, гэрээ байгуулах гэсэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл уг асуудал нь шийдэгдэхгүй хоног хугацаа алдаж байгаа юм.

Энэ тендерт бага үнийн санал гэдэг ойлголт байхгүй. Харин сайн үнэлэгдсэн тендер гэж яригдаж байгаа. манай зүгээс хариуцагч талын тайлбарыг дэмжиж байна. Захиалагч тал ямар бараа бүтээгдэхүүн худалдаж авах гэж байгаа түүний дагуу санал ирүүлсэн компани шалгарна шүү дээ. Тэгэхээр уг асуудал дээр үзүүлэлтийг нь бууруулчихсан байгаа. Мөн нэхэмжлэгчийн зүгээс ёслол хүндэтгэлийн ордны тухай ярьдаг. Гэтэл уг ёслол хүндэтгэлийн ордныг гэрээнд заасан хугацаанаас хоцорч гүйцэтгэсэн гэдэг нь хэргийн материалаас харагдаж байгаа.

Захиалагч талын гаргаж өгсөн техникийн тодорхойлолт болон манай гаргаж өгсөн техникийн тодорхойлолт хоёр хоорондоо нийцэж байгаа. мөн ******* ХХК-д тендер олгоогүй захиалагчийн мэдэгдэл дээр материалын бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр татгалзсан байна. Миний ойлгож байгаагаар материалын бүрдэл дутуу гэдэг нь тендер шалгаруулах зааварчилгаан дээр байгаа техникийн тодорхойлолт нь тухайн материалын бүрдэл хэсэг юм. Тийм учраас дутуу гэсэн үндэслэлээр танай тендерээс татгалзах боломжтой гэж манай талаас үзэж байна. Манай зүгээс үзүүлэлтийн дагуу техникийн тодорхойлолтоо гаргаад энэ тендерт оролцсон учраас манайх тус шаардлагыг хангасан, хамгийн сайн үнэлэгдсэн тендер байсан. Хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэдэг нь бага үнийн саналтай тендерүүдийг хэлэхгүй. Энэ бага үнийн саналтай тендерүүдээс материалын бүрдэл хангалттай ирсэн учраас Сүрлэг өндөр Алтай ХХК тендерээр шалгарсан гэдэг тайлбаруудыг хариуцагч талаас өгсөн хурлын тэмдэглэл бас тусгагдсан байгаа

Иймд шүүхээс уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Яагаад ******* ХХК-тай гэрээ байгуулж эрх олгосон бэ гэдэг дээр шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэхийг гуравдагч этгээдийн зүгээс хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК нь Дарви сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ХОАДАСЗДТГ/202309079 дугаартай “Багш нарын компьютер шинэчлэх” тендер сонгон  шалгаруулах Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 дугаар шийдвэрийг  хүчингүй болгуулах, “*******” ХХК-нийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/226 дугаар шийдвэрийг  хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Нэхэмжлэгч компани Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хандаж, төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03/8834 дугаар албан бичгээр “... Захиалагч Дарви сумын Засаг даргын Тамгын газраас хуульд заасан хугацаанд холбогдох баримт бичгийг ирүүлээгүй тул гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацаа дуусгавар болсон.” гэх хариуг авснаар шүүхэд хандсан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судалж, талуудын тайлбарт хууль зүйн дүгнэлт хийснээр дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

4. Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/160 дугаар захирамжаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Багш нарын компьютер шинэчлэх” ажлыг сонгон шалгаруулах  үнэлгээний хороог байгуулж, тендер сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулжээ.

5. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан гэх Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлээс үзвэл тендерт нийт 18 компани материал ирүүлснээс хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар “*******” ХХК-ийг шалгаруулсан байна.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “...Үнэлгээний хорооноос  бидэнд ирүүлсэн албан бичигт манай компанийг ямар үндэслэлээр шалгаруулаагүй талаараа бичээгүй, тодорхой бус. Тендерийн баримт бичигт  хийж байгаа ажлын гүйцэтгэлийг шаардаагүй байсан. Манай компани “*******” ХХК-наас бага үнийн саналтай байсан.” гэж маргана.

7. Үнэлгээний хорооны шийдвэрийг *******” ХХК-д хүргүүлсэн Дарви сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны 2/219 албан бичигт “...тендерт шаардагдах материалын бүрдэл дутуу ирүүлсэн тул танай тендерээс татгалзаж байна.” гэжээ.

8. Харин хариуцагч нь шүүхэд 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа “...******* ХХК нь шаардсан материалын бүрдэл дутуу. Мөн Дарви суманд ******* барих тендерийн ажлын гүйцэтгэл нь 30 хувьтай байгаа. Манай тендерийн шаардлагад 50 хувиас дээш ажлын гүйцэтгэлтэй байх шаардлагатай тул шалгаруулах боломжгүй байсан...” гэж, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бичгээр гаргасан тайлбартаа дээрх 2 үндэслэлээс гадна “техникийн тодорхойлолт шаардлага хангаагүй, үзүүлэлтийг бууруулсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерийг татгалзсан гэж тайлбарласан.

9. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлд Үнэлгээний хорооны даргаар ажилласан ******* хэлсэн нь “...Бидний сонгож буй оролцогчийн хувьд материал бүрэн ирснээрээ бусад бага үнийн санал ирүүлсэн оролцогч нараас давуу тал боллоо. Мөн бага үнийн саналтай ******* ХХК нь манай дээр ажил хийж байгаа. Тэр ажлын гүйцэтгэл 50 хувиас дээш гараагүй байгаа тул мөн сонгох боломжгүй өөр өөр шалтгаанууд байгаа.” гэж тэмдэглэгджээ.

10. Маргаан бүхий тендер сонгон шалгаруулалт явуулах үед 2005 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан байх тул уг хуулийн үйлчлэлийн хүрээнд маргааныг хянан үзэх нь зүйтэй байна.

11. Тендерийн баримт бичигт хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэлийг шаардсан эсэх тухайд:

11.1. Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны /цаашид ТШЗ гэх/ 18. Гэрээний үүрэг гүйцэтгэх чадавхыг магадлахад шаардлагатай баримт бичиг гэсэн хэсгийн 18.6-д “Тендерт оролцогч нь хуулийн 16 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн биелэлтийг хангах техникийн чадавх болон туршлагын талаар захиалагчаас ТАХ-д заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байна.”[1] гэснийг Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн В.Тендер бэлтгэх хэсгийн ТШЗ-ны 18.6 гэсэн заалтын холбогдох зүйлийг тусгасан хүснэгтэд “...Ижил төстэй ажлыг доод тал нь 1 удаа гүйцэтгэгдсэн байвал зохих жилийн тоо: 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнгийн бараа нийлүүлсэн байх” гэж, ТШЗ-ны   18.7-д “ТӨХ-д шаардсан бол тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг V бүлгийн Маягт 6-ын дагуу ирүүлнэ. ТШЗ-ны 18.2, 18.6-д заасан чадавхыг магадлахад энэ мэдээллийг ашиглана.”[2] гэснийг ТӨХ-ийн ТШЗ-ны 18.7 гэсэн заалтын холбогдох зүйлд “Тендерт оролцогч, түүний түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл: “Шаардана”, Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний мэдээллийг Маягт 6 маягтаар гаргаж ирүүлнэ.”[3] гэжээ.         

11.2. Маягт 6-д Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний мэдээллийн хүснэгтээс үзвэл гэрээний нэр, захиалагчийн нэр, төсөвт өртөг, гэрээ эхэлсэн хугацаа, хүлээгдэж буй гүйцэтгэлийн хувь, дуусах хугацааг тодорхойлж гаргахаар байна. 

11.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д зааснаар Тендерт оролцогчийн техникийн чадавхыг тогтоохдоо сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолтыг үндэслэхээр, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага;”-ыг хангасан эсэхийг хянаж үзэхээр заасан.

11.4. Дээрх хуулийн зохицуулалт, тендерийн баримт бичгийн тусгаснаас үзвэл “ ижил төстэй бараа нийлүүлсэн болон хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл” нь тендерт оролцогчийн туршлагыг тогтооход харгалзаж үзэх шалгуурт хамаарах, харин хариуцагчийн татгалзалд дурдсан ажлын гүйцэтгэл 50 хувиас дээш байх” гэх шаардлага тусгагдаагүй байна. 

 12. Иймд нэхэмжлэгч “*******” ХХК–ийн  хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр авсан гэрээний мэдээллийг[4] маягт-6-аар ирүүлсэн байх тул ТӨХ-ийн 18.7-д заасныг зөрчөөгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана., 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана. “, 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.” гэж тус тус заасныг баримтлан  “... ******* барих тендерийн ажлын гүйцэтгэл нь 30 хувьтай байгаа.” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсаныг хууль бус гэж үзлээ.

13. Нэхэмжлэгч тендерийн баримт бичигт заасан материал дутуу ирүүлсэн гэх үндэслэлийн тухайд Үнэлгээний хорооны тэмдэглэлд болон хариуцагчийн хариу тайлбарт нэхэмжлэгчийг ямар баримт бичгийг ирүүлээгүй, бүрдэл дутуу байсан тодорхойлж маргаагүй, холбогдох нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй тул шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

14. Үнийн саналын тухайд тендерийн төсөвт өртөг 213.000.000 /хоёр зуун арван гурван сая/ төгрөг, тендерт оролцогчдоос хамгийн бага үнийн саналын дарааллаар эрэмбэлбэл “Төгс шимт оргил” ХХК нь 172.200.000 төгрөг, “*******” ХХК нь 176.550.000 төгрөг, “Ёстбэйс сервис” ХХК нь 179.000.000 төгрөг,“*******” ХХК нь 180.100.999 төгрөгийн гэх мэтчилэн үнийн санал ирүүлжээ. 

14.1. Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гарсан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.” заасан.

14.2. Үнэлгээний хорооны тэмдэглэлээс үзвэл тендер ирүүлсэн 18 оролцогчоос  хэдэн оролцогчдоос хэд нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн, тэдгээрээс үнийн саналыг хэрхэн харьцуулан үзэж үнэлэх ажиллагаа хийгдсэн талаар тэмдэглэгдээгүй, үнэлгээний хорооны дарга болон гишүүд “олонхийн саналаар “*******” ХХК-нийг шалгаруулсан” гэхээс өөр тайлбар гаргаагүй болно.

14.3 Мөн хурлын тэмдэглэлд хуралд оролцоогүй үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын гарын үсгийг дараа зуруулсан, Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаар Үнэлгээний хороо нь тендерийн үнэлгээний дүгнэлт гаргаж гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүрүүлэх ёстой байх ч дүгнэлт гаргуулж хүргүүлсэн баримт байхгүй зэрэг процессын илт зөрчил байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

14.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” Гэж, 28 дугаар зүйлийн 28.7-д шаардлагад нийцсэн тендерийг харьцуулж үнэлэх талаар зохицуулсан ба 28.7.4-т зааснаар хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ. гэжээ.

14.4. Гэтэл  Гуравдагч этгээд “*******” ХХК нь хамгийн бага үнийн санал ирүүлээгүй байхад хэрхэн хамгийн бага харьцуулах  үнэтэй тендер ирүүлсэн гэж сонгож шалгаруулсан нь тодорхойгүй.  

15. Иймд “*******” ХХК-нийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендереер шалгаруулсан нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.”, 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” гэж тус тус заасантай нийцээгүй, сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж дүгнэлээ.

16. Дээрх хууль зүйн үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл ХОАДАСЗДТГ/202309079 дугаартай “Багш нарын компьютер шинэчлэх” тендерийн Үнэлгээний хороо нь худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай,  хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй ,Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн нь тогтоогдож байх тул ,гуравдагч этгээд “*******” ХХК-нийг шалгаруулсан болон нэхэмжлэгч “*******” ХХК-нийн тендерээс татгалзсан  Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219 дугаар, 2/226 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэв.

17. Тендерийг үнэлэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй болох нь тогтоогдсон ч нэхэмжлэгчийн “*******” ХХК-нийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”  нэхэмжлэлийн шаардлага нь хангах үндэслэлгүй харин тендерийн үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

18. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35100 төгрөгийг төрийн  сангийн орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Дарви сумын Засаг даргын Тамгын газар/-аас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “ХОАДАСЗДТГ/202309079 дугаартай “Багш нарын компьютер шинэчлэх” тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2/219, 2/226 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “*******” ХХК-нийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35100 төгрөгийг төрийн  сангийн орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /Дарви сумын Засаг даргын Тамгын газар/-аас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 98 дахь тал

[2] 1-р хавтаст хэргийн 99 дэх тал

[3] 1-р хавтаст хэргийн 117 дахь тал

[4] 1-р хавтаст хэргийн 20-21 дэх тал