Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Ч,

Шүүгдэгч Т.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/194 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-ын  гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2239000000360 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

..............................  1993 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ............суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын............, “Рашааны тал” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй ........

 

Т.Б-нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 21-22 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн “Цагаан өндөр” гэх газраас 10 тооны адууг Н-ын эзэмшлийн “Арвайн хурд” маркийн улаан өнгөтэй мотоциклоор тууж Ц гэх хүний өвөлжөөний хашаанд хашаад М.Б-ын ланзан тамгатай, хүрэн зээрд зүсмийн шүдлэн байдас буюу 1 тооны адууг нууц далд аргаар хулгайлан авч яваад Н, Т-ийн хамтаар ажиллаж бусдад өрөндөө өгч хохирогч М.Б-д 1.000.000 төгрөгийн хохиролыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-с Т.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.0

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Т.Б-с  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 400.000 төгрөгийг гаргуулан  улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...Т.Б-миний бие машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн төлж барагдуулж,  хохирогчийг хохиролгүй болгосон. Миний бие урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Миний эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байгаа, охины маань хөл гэмтсэн. Ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Т.Б-ын  давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй. Түүний асрамжид 3-8 насны 3 хүүхэд байдаг. Одоогоор түүний ар гэрийн байдал хүнд байгаа тул давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэв.  

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Гэвч ял хөнгөрүүлэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ талаар тусгайлан гаргах саналгүй байна...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын  давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Т.Б-нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 21-22 цагийн орчимд Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн “Цагаан өндөр” гэх газраас М.Б-ын  ланзан тамгатай, хүрэн зээрд зүсмийн шүдлэн байдас буюу 1 тооны адууг нууц далд аргаар мотоцикль ашиглан хулгайлж, хохирогч М.Б-д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 хуудас/,

- Хохирогч  М.Б-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус багийн “Цагаан-Өндөр” гэх газраас манай хамаатны дүү Т гэх айлын хул азаргатай адуунаас 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр миний эзэмшлийн ланзан тамгатай хүрэн зээрд зүсмийн шүдлэн байдас хулгайд алдагдсан. ... Би шүдсэн байдасаа 1 сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 хуудас/,

- Гэрч Э.Н-н өгсөн: “...Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг Б-ын  гэрт 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эхнэр Б-ын  хамт мотоциклтой очиж хоноод...маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Э эгч Т-ийн хамт бага оврийн жийп маркийн машинтай ирээд Б-д хандан “Адуугаа авъя” гээд ирсэн... Б-д бид хоёр мотоциклтой түрүүлж очиж адууг хараад цааш явж айлын саравчинд мотоциклоо орхиод машинд суугаад Б-нд ирээд... орой 21-22 цагийн орчимд Б-ын гэр лүү бүгдээрээ машиндаа суугаад хөдөлсөн. Б бид хоёр мотоцикл унаад явж... Т гэх хүний хул азаргатай 10 гаран 20 арай хүрэхгүй тоотой адууг хойш 400-500 метр туугаад Ц-н өвөлжөөний хашаанд хашиж тэндээс ланзан тамгатай хүрэн зээрд зүсмийн шүдлэн байдас барьж аваад Т, Б бид гурав Э эгч, Б, А нар гэдсийг нь гаргаж шуудайнд хийж авч явсан...Уг “Арвайн хурд” нэртэй хятад мотоциклийг 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн төвөөс 1.900.000 төгрөгөөр худалдан авч байсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16, 20 хуудас/,

- Гэрч Г.-н: “...Тэгээд замаараа айлын хашаанд очиж мотоциклоо авч явж байгаад адуугаа олоод өөр айлын хашаан дээр очиж 10 гаран тооны адуу хашаанд хашиж ланзан тамгатай, хүрэн зээрд  зүсмийн шүдлэн байдас барьж авч, хашааны урд аваачиж ажилласан. Тухайн үед Т, Н, Б нар ажиллаж Б, Э бид нар гэдсийг нь авч шуудайнд хийж авсан. Тэгээд манай гэрт очиж хоноцгоосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 хуудас/,

- Гэрч Э-ийн хувьд: “...Тэгээд нөгөө саравчинд ирээд мотоциклоо аваад Н, Б нар адуугаа хурааж хашаанд хашсан яг ямар азаргатай ямар адуу байсныг мэдэхгүй ойролцоогоор 10 гаран тооны адуу байсан тэндээс Б бараан зүсмийн адуу барьж яваад хашаанаас урагш гаргаад Н, Т, Б нар ажилласан. Э, А бид гурав гэдсийг нь шуудайнд хийж авч явсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 25-26 хуудас/,

- Гэрч Б-н : “...Т.Б-гэх залуу надаас мөнгө хэрэгтэй үедээ бага багаар мөнгө авч байгаад 700 мянга орчим төгрөг авсан. Тэгээд намайг мөнгөө гэхэд би танд намар мөнгө болгох адуу өгье гэж хэлсэн...харанхуй болж байхад Б  “Хүрэн зээр”-д зүсмийн шүдлэн байдас барьж аваад тухайн газраа ажиллаад Б  сумын төв рүү ачаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШД-328 дугаартай “...тооцооллын үр дүнд 1 тооны адуу зах зээлийн үнэлгээг 1.000.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-43 хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШД-47 дугаартай “...Арвайн хурд маркийн улаан өнгийн /хуучирч муудсан/ мотоцикл 400.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51-53 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон шууд санаатай үйлдлээр үйлдэгдэнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийг...хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж,  шүүгдэгчийг машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирол төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэм хэмжээ, түүний хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэх заалтыг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна. 

 

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ Э.Н-ын эзэмшлийн “Арвайн хурд”  нэртэй мотоциклийг ашигласан болох нь гэрч Э.Н  /хх 15-16/,  Г.А  /хх 22-23/, Э.Б  /хх 25-26/, шүүгдэгч Т.Б-/хх 11-12/ нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэмт хэрэг  үйлдэхдээ машин  механизм ашиглаж үйлдсэн” гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зөв зүйлчилсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 400.000 төгрөгийг Т.Б-с  гаргуулан  улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Т.Б-н гаргасан  “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/194 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ын  гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

                           ШҮҮГЧИД                                                 Б.ДЭНСМАА

                                                                                             Г.БОЛОРМАА