Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2024/00637

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2024/00637

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах Боловсрол сургуульд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт алданги 9,787,541.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.*******, Ё.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч Боловсрол сургуульд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 9,787,541.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь "Боловсрол" цогцолбор сургуультай "******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээ байгуулан ажиллаж байна. "Боловсрол" сургууль нь "******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээний дагуу 2023-2024 оны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн учир хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой алданги болох 9,787,541.70 /есөн сая долоон зуун наян долоон мянга таван зуун дөчин нэгэн төгрөг, далан мөнгө төгрөгийг төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд "Боловсрол" сургуулиас алданги болох 9,787,541.70 /есөн сая долоон зуун наян долоон мянга таван зуун дөчин нэгэн төгрөг, далан мөнгө/ төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан тодруулсан шаардлагадаа: Манай байгууллага нь "Боловсрол" сургуультай "******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээ байгуулан ажилладаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэг, 232.6 дахь хэсэг, "Боловсрол" цогцолбор сургуультай байгуулсан ******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээний 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч тал болох "Боловсрол" сургууль нь 2022 оны 1-3 дугаар саруудын дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн учир хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой алданги болох 9,787,541.70 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа болно. Иймд "Боловсрол" цогцолбор сургуулиас алданги болох 9,787,541.70 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2эхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай байгууллага Боловсрол цогцолбор сургуультай жил бүр ******* эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулан ажиллаад 40-өөд жил болж байна. Боловсрол цогцолбор сургууль нь 2022 оны 01, 02, 03 дугаар сарын дулаан эрчим хүчний төлбөрийг хугацаандаа биелүүлээгүйн улмаас алданги болох 9,787,541.70 төгрөгийн алданги өр үүссэн. Алдангийн тухай эрх зүйн зохицуулалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Алдангийн нэг төрөл болох анзын гэрээний зохицуулалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ заасан байдаг. Мөн ******* эрчим хүчээр хангах гэрээний 6 дугаар зүйлийн 6.9 дахь хэсэгт дулааны төлбөрийн төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийн талаарх зохицуулалтыг тусгаад харилцан зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа. Ингээд хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас Боловсрол цогцолбор сургуулиас алданги нэхэмжилсэн байгаа. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалт байгаа юм. Үүний дагуу манай байгууллага нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан байгаа. Өнөөдөр хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Багануур дүүргийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 05/09 дугаартай албан бичигт хуулийн өөрчлөлтөөс шатлгаалаад 2022 оны татварын орлогын төвлөрүүлэлт тасарсан учраас төсөвт байгууллагуудын алдангийг төлөх боломжгүй учраас дараах байгууллагуудыг алдангиас чөлөөлж өгнө үү гээд жагсаалтаар гаргаад өгсөн манайд ирүүлсэн байдаг. Энэ жагсаалтад байгаа байгууллагуудаас 235, 193, 142 дүгээр цэцэрлэгүүд, Соёлын ордон зэрэг байгууллагууд алдангиа төлөөд ямар нэгэн өр авлагагүй болоод явж байна. 131, 138, 139 дүгээр цэцэрлэгүүд, Боловсрол цогцолбор сургууль, Гүн галуутай цогцолбор сургуулиуд алдангийг төлөхгүй одоог хүртэл маргаад явж байна гэв.

 

2эхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн Ц.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Боловсрол цогцолбор сургууль 2022 оны 01, 02, 03 дугаар сарын дулааны эрчим хүчний төлбөр төлөөгүй учраас үүнээс үүссэн алдангийг сар бүр цаасаар нэхэмжлэх хэвлээд өгсөн. Зөвхөн дулааны эрчим хүчний төлбөрөөс алданги тооцсон байгаа, 1 сар дээр 4,288,258.15 төгрөг, 2 дугаар сар дээр 2,644,567.59 төгрөг, 3 дугаар сар дээр 1,964,939.47 төгрөгийн алданги, үүний НӨАТ 889,776.52 төгрөг байгаа, ингээд нийт 9,787, 541.70 төгрөг болсон гэв.

 

3.Хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сургууль нь тогтмол зардлын санхүүжилтийг дүүрэг орон нутгийн төсвөөс авч санхүүждэг төсвийн байгууллага юм. Төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвтөө багтаан өр авлагагүй ажиллах ёстой ба ******* ******* ******* ТӨХК-иас нэхэмжилсэн 9,787,542 төгрөг нь төсвийн сарын хуваариас шалтгаалан үүссэн 2022 оны 1, 2 дугаар сарын халаалтын төлөгдөөгүй төлбөрийн алданги 6,932,825.74 төгрөг, 3 дугаар сарын төлөгдөөгүй төлбөрийн алданги 1,964,939.47 төгрөг, нийт алданги 8,897,765.21 төгрөг ба үүн дээр НӨАТ 10% болох 889,776.49 төгрөгийг нэмээд гарсан дүн юм.

Энэ талаар удаа дараа Багануур дүүргийн Засаг даргад болон Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст албан бичиг өгч байсан болно. Манай байгууллага дээрх алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүнд: 1. Тухайн 9,787,542 төгрөг нь манай байгууллагын бодит зардал биш ба зөвхөн 2022 оны 1,2,3 дугаар саруудад тодорхой төлбөрийг төлөөд үлдсэн төлбөрөөс тооцсон алданги.

2.******* ******* ******* ТӨХК нь нэхэмжлэл дээрээ 2023-2024 он гэж бичсэн нь үндэслэлгүй байна.

3.******* ******* ******* ТӨХК нь манай байгууллагатай авлага үүсгэсэн бол нэхэмжлэх болон тооцоо нийлсэн актуудад бичигдэж 2 талаасаа баталгаажуулах ёстой ба 0 дүнтэйгээр баталгаажуулж байсан болно гэжээ.

 

4.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Боловсрол цогцолбор сургуульд 16 дахь жилдээ нягтлан бодогчоор ажиллаж байна, ******* *******тай 2 жил бүр гэрээ хийгээд биелүүлээд явдаг. Тухайн үед яагаад алданги тооцсоныг мэдэхгүй байна, энэ асуудал байнга давтагддаг, яагаад гэхээр жил бүрийн 1 дүгээр сард төсөв, санхүүжилт батлагдахгүй удааширдаг учраас байнга хоцорч гүйлгээ хийгддэг.

Гэхдээ олон сараар хоцордоггүй, 22-28 хоногийн хугацаа хэтэрдэг. Бид төлбөрөө бүр төлөөгүй биш, байгаа мөнгөөрөө төлбөр хийсэн, тэгээд төлөөгүй үлдсэн үлдэгдэл дээр алданги тооцсон байсан. Манайх төрийн байгууллага, 100 хувь төрийн сангаас санхүүждэг учраас энэ манай байгууллагын бодит зардал биш юм. Мөн нягтлангийн хувьд үүнийг төлөх эрх зүйн үндэс байхгүй байна гэж үзсэн. Би энэ тухай төрийн сангийн хэлтэст удаа дараа танилцуулж байсан боловч төрийн сангаас бид нар орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага байж ******* *******ад алданги төлнө гэж юу байх вэ, алданги төлөхгүй гэж хариу хэлдэг. Мөн тооцооны үлдэгдлийн баталгаа байгаа, энэ бол санхүүгийн гол баримт, энэ баримтад үлдэгдэл 0 төгрөг гэсэн дүнтэй явж байгаа. Би нотлох баримтаар 2024 оны 9 сарын нэхэмжлэх гаргаж өгсөн байгаа, энэ баримт өр авлага байгаа бол бичигдэх ёстой, энэ баримтаар аудит шалгалт хийдэг. Тэгэхээр манайхтай үлдэгдэл 0 гэж нийлсэн байнгаа. ******* төлбөрийг хугацаа хоцорч төлсөн гэдэг дээр маргахгүй, гэхдээ төсвийн санхүүжилт орж ирэхгүй удсанаас хугацаа хэтэрсэн бид нар төрийн аудитад жил бүр шалгуулдаг, төсвийн мөнгийг Төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн дагуу өр, авлага гаргахгүй, захиран зарцуулах үүрэг хүлээдэг. 2022 онд энэ асуудлаар тохиролцоно гэж төрийн сангийн хэлтэс хэлдэг байсан. Энэ асуудлаар байнга Засаг дарга, төрийн сан руу хэлэхэд алданги төлөх үндэслэлгүй төлөхгүй гэсэн шийдвэр л бидэнд хэлдэг байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 онд үүссэн алдангийн тооцоолол, 2022.02.22-нөөс 2023 оны 12 сар хүртэлх хугацааны нэхэмжлэхүүд, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 3,4 дүгээр сарын борлуулалтын мэдээ, авлагын товчоо тайлан зэргийг, хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.03.29-ний өдрийн 05/19 дугаартай урсгал зардлын тухай, Засаг даргын Тамгын газрын 2023.12.04-ний өдрийн 05/59 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь шаардлагын үндэслэлээ: хариуцагч нь 2022 оны 01, 02, 03 сарын дулааны төлбөрийн төлбөрийг хугацаа хэтэрч төлсөн учраас Боловсрол цогцолбор сургуультай байгуулсан ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээний 6 дугаар зүйлийн 6.9-д зааснаар 1 сарын алданги 4,288,258.15 төгрөг, 2 дугаар сарын алданги 2,644,567 төгрөг, 3 дугаар сарын алданги 1,964,939.74 төгрөг НӨТ 889,776 төгрөг нийлээд 9,787,541 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч байгууллага 2022 оны эхэнд Төсвийн тухай хуульд өөрчлөлт орж хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой тухайн оны төсвийн санхүүжилт хоцорч орсон учраас тодорхой төлбөрийг төлөөд үлдэгдэл төлбөрөөс тооцсон алданги 2022 оны 01, 02, 03 дугаар сарын төлбөрийг 03 дугаар сард төлсөн, бид санаатай төлбөрийг хоцроогоогүй, төрийн сангаас олгосон төсөвт алданги төлөх мөнгө суугаагүй, төрийн санд танилцуулахад алданги төлөхгүй гэж хариу хэлдэг байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

а/.Талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 21/69 дугаартай ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулагдаж гэрээгээр хангагч тал хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангахаар, хэрэглэгч тал гэрээний 6 дугаар зүйлийн 6.6, 6.9-д зааснаар хэрэглэсэн дулааны төлбөрийг хангагчаас өгсөн нэхэмжлэхийн дагуу тухайн сарын 15-ны дотор 50 хувийн урьдчилгаа төлж, үлдэгдлийг тухайн сардаа багтаан бүрэн төлөхөөр, хэрэглэгч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнг 0,5 хувиар тооцон алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

/хх-ийн 4-6-р дугаар тал/

б/.Хангагч байгууллага нь 2022 оны алдангийн тооцоолол гэсэн хүснэгтийг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, 2022 оны 1 сард 28 хоног хугацаа хэтэрсэн алдангид 4,288,258.15 төгрөг, 2022 оны 2 сард 24 хоног хугацаа хэтэрсэн алдангид 2,644,567.59 төгрөг, 2022 оны 3 сард 22 хоног хугацаа хэтэрсэн алдангид 1,964,939 төгрөг, нөат 889,776 төгрөг нийт 9,787,541.70 төгрөгийг төлүүлэх шаардлагыг гаргажээ.

/хх-ийн 8 дугаар тал/

в/.Талууд өр төлбөрийн үлдэгдлээ хэрэгт авагдсан баримтаар 2 удаа харилцан баталгаажуулсан ба тус хоёр байгууллагын хооронд 2024.01.01-ний өдрөөс 2024.03.31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 9,787,541 төгрөгийн өглөг, авлагатай гэсэн бичилт хийгдэж хариуцагч байгууллагын зүгээс төсвийн хувиараас шалтгаалж үүссэн өр учраас хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбар бичжээ.

/хх-ийн 7 дугаар тал/

г/. Дараа нь талууд дахин тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж тус хоёр байгууллагын хооронд 2024.01.01-ний өдрөөс 2024.06.30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тулгахад 2024.07.17-ны өдрийн байдлаар 0 төгрөгний үлдэгдэлтэй гэсэн байна .

/хх-18 дугаар хуудас /

3.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч тал хариуцагч талд дулааны эрчим хүч түгээсэн, хариуцагч тал дулааны эрчим хүч авч хэрэглэсэн, 2022 оны 01, 02, 03 дугаар сарын төлбөрийг тухайн сар сардаа төлөлгүй 2022 оны 03 дугаар сард төлсөн гэдэгт талууд маргаагүй болно.

4.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34"төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан.

5.Хариуцагч Багануур дүүргийн Боловсрол сургууль нь дээрх хуулийн заалтаар төрөөс санхүүждэг төсвийн байгууллага бөгөөд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль болон Төсвийн тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу 2022 оноос дүүргийн татварын орлогын төвлөрүүлэлтээс төсөвт байгууллагын урсгал зардлыг бүрэн санхүүждэг болсон шалтгаанаар 2022 оны татварын орлогын төвлөрүүлэлт 01, 02, 03 дугаар саруудад тасарснаар хариуцагч байгууллага халаалтын зардлыг хугацаандаа төлж чадаагүй болох нь хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Засаг даргын тамгын газрын 2022.03.29-ний өдрийн 05/19, 2023.12.04-ний өдрийн 05/55 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.

6.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас ирүүлсэн нэхэмжлэхүүд, авлагын товчоо тайлангаар хариуцагч байгууллага нь хэрэглэсэн дулааны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу тухайн сар сардаа төлж байсан бөгөөд гагцхүү 2022 оны 01, 02, 03 дугаар сарын төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги 9,787,541.70 төгрөгийн үлдэгдэлтэй хэмээн дээрх баримтуудад тусгагдаж ирсэн байна. /хх-ийн 27-41,/

7.Гэрээний үүргийн зөрчил гэдэг нь гэрээний дагуу үүссэн үүргийг талууд өөрөөс шалтгаалах болон шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйн үр дагавар юм.

Энэ утгаараа нэг тал нь хийх ёстой үйлдлээ хийгээгүй болон хийх боломжгүй байх, зохих ёсоор гүйцэтгээгүй байх зэрэг тохиолдолд нөгөө талаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор шаардах эрхээ эдлэх эрхтэй хэдий ч тухайн зөрчил гарах болсон шалтгаан нөхцөл буюу үүргийн гүйцэтгэлд саад болох нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэх нь зүйтэй юм .

8.Зохигчид 40 гаруй жилийн хугацаанд ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулан ажиллаж ирсэн, гэрээнд төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги төлнө гэж талууд тохиролцсон хэдий ч хариуцагч Боловсрол сургууль нь халаалтын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй явдалд үүрэг гүйцэтгэгч талаас шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн байна.

9.Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн зөрчил нь үйлдэл эс үйлдэхүй, гэм буруу, хор уршиг, шалтгаант холбоог агуулах бөгөөд хариуцагч талын хувьд төлбөрөө хугацаандаа төлөөгүй эс үйлдэхүй, үүний улмаас гэрээнд заасан алданги төлөх үр дагавар, шалтгаант холбоо байгаа хэдий ч халаалтын зардлаа төлөхгүй байх гэсэн субьектив санаа зорилго байхгүй, халаалтын зардал төсөвт орж ирсэн байхад санаатай зориуд төлөөгүй гэм буруутай үйлдэл байхгүй байна.

Иймд гэрээний үүргийн зөрчлийн 1 шинж үгүйсгэгдсэнээр хариуцагчид хариуцлага тооцох үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Хариуцагч байгууллагын нэр 2024.04.30-ны өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээгээр Боловсрол сургууль болон өөрчлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

12.Нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Боловсрол сургуульд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2022 оны дулааны эрчим хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүйг улмаас үүссэн 1 сарын алданги 4,288,258.15 төгрөг, 2 дугаар сарын алданги 2,644,567.59 төгрөг, 3 дугаар сарын алданги 1,964,939.47 төгрөг, үүний НӨАТ 889,776.52 төгрөг нийт 9,787,541.70 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА