| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00690/И |
| Дугаар | 103/ШШ2024/00642 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 103/ШШ2024/00642
| 2024 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 103/ШШ2024/00642 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг, өөрийн байранд байрлах, *******ын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* дүүргийн 3 дугаар хороонд байрлах Оюуны ******* сургуульд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 196,026 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.*******, Ё.*******,
Хариуцагч: Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ын ******* ******* ТӨХК нь хариуцагч Оюуны ******* сургуульд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 196,026 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч *******ын ******* ******* ТӨХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай байгууллага нь Оюуны ******* сургуультай Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх гэрээ байгуулан ажиллаж байна. Оюуны ******* цогцолбор нь "******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээний дагуу 2023-2024 оны дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн учир хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой алданги болох 196,026 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгийг төлөхгүй манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараа хохироож байна. Иймд Оюуны ******* сургуулиас алданги болох 196,026 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан тодруулсан шаардлагадаа: Манай байгууллага нь "Оюуны *******" сургуультай "******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээ байгуулан ажилладаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэг, "Оюуны *******" сургуультай байгуулсан ******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай" гэрээний 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагч тал болох "Оюуны *******" сургууль нь 2022 оны 1-2 дугаар саруудын дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн учир хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой алданги болох 196,026.30 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа болно. Иймд "Оюуны *******" сургуулиас алданги болох 196,026.30 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:Манай байгууллага Оюуны ******* цогцолбор сургуультай жил бүр ******* эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулан ажилладаг.
Оюуны ******* цогцолбор сургууль нь 2022 оны 01, 02 дугаар сарын дулаан эрчим хүчний төлбөрийг хугацаандаа биелүүлээгүйн улмаас алданги болох 196,026 төгрөгийг нэхэмжилсэн. Алдангийн тухай эрх зүйн зохицуулалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Алдангийн нэг төрөл болох анзын гэрээний зохицуулалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ заасан байдаг. Мөн ******* эрчим хүчээр хангах гэрээний 6 дугаар зүйлийн 6.9 дахь хэсэгт дулааны төлбөрийн төлөөгүй бол үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийн талаарх зохицуулалтыг тусгаад харилцан зөвшөөрөөд гарын үсэг зурсан байгаа. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэсэн заалт байгаа. Ингээд хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас Оюуны ******* цогцолбор сургуулиас алданги нэхэмжлэх эрх үүссэн, үүний дагуу манай байгууллага нэхэмжлэл гаргаж шүүхэд хандсан байгаа. Хариуцагч тайлбартаа Төсвийн тухай хууль болон Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэлэлцэхтэй холбоотой дулааны төлбөрийг төлөх хугацаа хоцроосон гэж бичсэн байсан. Хууль хэлэлцүүлэхээс өмнө бэлтгэл ажил хийх, төсөл боловсруулах, ажлын хэсэг ажиллах гээд олон процесс ажиллагаа хийгдэж байж хэлэлцдэг. Тэгэхээр төлөх хүсэл, зорилгогүй байна, төлөх боломж бол байсан гэж бодож байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Оюуны ******* цогцолбор сургууль 2022 оны 01, 02 дугаар сарын дулааны эрчим хүчний төлбөрөө төлөөгүй учраас 3 дугаар сарын нэхэмжлэл дээр 196,026 төгрөгийн алданги гаргасан. Манай байгууллага сар бүрийн дулааны төлбөрийн нэхэмжлэхийг сар бүр цаасаар гаргаад хариуцагч талд өгсөн байгаа гэв.
3.Хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сургуулиас *******ын ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариун-Эрдэнэ нь 2022 оны 01,02 дугаар сарын дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаанд төлөөгүй учир хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх ёстой алданги 196,026 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу 2022 онд дүүргийн татварын орлогын төвлөрүүлэлтээс төсөвт байгууллагуудын урсгал зардлыг бүрэн санхүүжүүлдэг болсон. Хуулийн өөрчлөлтөөс шалтгаалан татварын орлогын төвлөрүүлэлт 2022 оны эхний саруудад тасарснаас төсөвт байгууллагуудын санхүүжүүлэлт бүрэн олгогдох боломжгүй болсон. Уг алданги нь 2022 оны төсөв батлагдаагүй бөгөөд хуулийн өөрчлөлтөөс үүссэн нөхцөл байдлыг тухайн үед харилцан ойлголцож зөвшилцсөн тул 2023 оны батлагдсан төсөвт алданги төлөх төсөв батлагдаагүй учир алданги төлөх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хариуцагч Оюуны ******* цогцолбор сургуулийн захирал Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2022 онд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор санхүүжилт хугацаандаа орж ирээгүй. Мөн ******* дүүргийн Засаг даргын 2023 оны 1/142, 1/704 дугаартай бичгээр төсвийн байгууллагуудад алданги тооцохгүй байх тухай албан бичгийг *******ын дулааны *******ад хүргүүлсэн байгаа, үүнийг хэрэгт өгсөн. Тооцон нийлсэн акт дээр манайхыг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал төлбөрийн үлдэгдэлгүй 0 төгрөг гэсэн баримт байгаа. үүнийг бас шүүхэд өгсөн байгаа. Тиймээс манай байгууллага өр төлбөргүй гэж үзэж байна, иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 онд үүссэн алдангийн тооцоолол, 2022 оны 02.24-нөөс 2023 оны 12 сар хүртэлх хугацааны нэхэмжлэхүүд, тооцооны үлдэгдлийн баталгаанууд, 2022 оны 3, 4 дүгээр сарын борлуулалтын мэдээ, авлагын товчоо тайлангууд зэргийг, хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023.12.04-ний өдрийн 05/55 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, ******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.03.29-ний өдрийн 05/19 дугаартай урсгал зардлын тухай зэрэг албан бичгийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч *******ын ******* ******* ТӨХК нь шаардлагын үндэслэлээ: хариуцагч нь 2022 оны 01, 02 сарын дулааны төлбөрийн төлбөрийг хугацаа хэтэрч төлсөн учраас Оюуны ******* сургуультай байгуулсан ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай гэрээний 6 дугаар зүйлийн 6.9-д зааснаар 2022 оны 01 02 дугаар сарын алданги 196,026 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч байгууллага 2022 оны эхэнд Төсвийн тухай хуульд өөрчлөлт орж хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой тухайн оны төсвийн санхүүжилт хоцорч орсон учраас 2022 оны 01, 02 дугаар сарын төлбөрийг 03 дугаар сард төлсөн, төрийн сангаас олгосон төсөв хүрэлцдэггүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус тодорхойлон маргаж байна.
2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
а/.Талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 21/67 дугаартай ******* эрчим хүчээр хангах, ******* эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулагдаж гэрээгээр хангагч тал хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангахаар, хэрэглэгч тал гэрээний 6 дугаар зүйлийн 6.6, 6.9-д зааснаар хэрэглэсэн дулааны төлбөрийг хангагчаас өгсөн нэхэмжлэхийн дагуу тухайн сарын 15-ны дотор 50 хувийн урьдчилгаа төлж, үлдэгдлийг тухайн сардаа багтаан бүрэн төлөхөөр, хэрэглэгч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн дүнг 0,5 хувиар тооцон алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
/хх-ийн 4-6-р дугаар тал/
б/.Хангагч байгууллага нь 2022 оны алдангийн тооцоолол гэсэн хүснэгтийг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, 2022 оны 1 сард 25 хоногийн алдангид 196,026 төгрөг төгрөгийг төлүүлэх шаардлагыг гаргажээ.
/хх-ийн 8 дугаар тал/
в/.Талууд өр төлбөрийн үлдэгдлээ хэрэгт авагдсан баримтаар 1 удаа харилцан баталгаажуулсан байна. Хоёр байгууллагын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 196,026 төгрөгийн өглөг, авлагатай гарсныг харилцан баталж, тооцооны үлдэгдлийн баталгаа хэрэгт авагдсан байна. /хх-ийн 7 дугаар тал/
г/.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч тал хариуцагч талд цахилгаан эрчим хүч түгээсэн, хариуцагч тал цахилгаан эрчим хүчийг авч хэрэглэсэн гэдэгт талууд маргаагүй болно.
д/.Эрчим хүчний тухай хууль-ийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар эрчим хүч худалдан авагч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй гэж зааснаар хангагч тал төлбөрөө шаардах эрхтэй, хэрэглэгч тал төлбөрөө төлөх үүрэгтэй байна.
е/.Талуудын хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа нь хийгдэж тооцооны үлдэгдлийн баталгаагаар хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр авлагын тооцоо тайлангаар 196,026 төгрөгийн өртэй гарсан байна. Хариуцагч байгууллага тухайн төлбөрийн үлдэгдлийг зөвшөөрөхгүй гэсэн байна.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан.
******* дүүргийн Оюун ******* сургууль нь хуульд заасан төрийн байгууллага бөгөөд
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,531 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
4.Нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны ******* сургуульд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 196,026 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА