| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2017/0181/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,
Шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт С.Г-т холбогдох 1735002100115 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багт оршин суудаг, яс үндэс баяд, регистрийн дугаар ОО92071914, Булгадар овогт С.Г.
Холбогдсон хэргийн талаар: С.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч С.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:
Шүүгдэгч С.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Б-ын “...Би 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 9-р баг буюу гэрээсээ банкны ажлаар Тэс сумын төвд орж ирсэн юм. Тэр өдөр ажил маань амжаагүй тул маргааш нь амжуулахаар босчихоод С.Г ахынд цай уух гэж очсон боловч С.Г хүний төрсөн өдөрт очихоор боллоо хоёулаа орой уулзъя гээд тухайн үедээ салаад явсан юм. Би тэднийхээс гараад Д.Б гэдэг найзындаа ороод хөзөр тоглоод сууж байтал тэнд байсан хүмүүс бүгд Б-гийн эхнэрийнх нь төрсөн өдөр болж байгаа цуг оръя гэхлээр нь тэд нарыг дагаад цуг орсон. Тэнд ороод сууж байтал С.Г нь хаалга онгойлгож байгаад орж ирэлгүй хаалганы цаанаас Б гараад гэхээр нь гэрийн гадаа ганцаараа гараад дуугүй зогсож байтал ямар нэгэн үг хэлэлгүй шууд намайг толгойгоороо мөргөж газар унагаад миний толгойны ар дагз хавьцаа хөлөөрөө өшиглөхөд нь тухайн үед манараад юу болсныг нь мэдээгүй, удалгүй сэргээд хартал С.Г яваад өгсөн байсан. Би тэгээд Б-гийнд ороод С.Г намайг зодчихлоо гэж хэлчихээд сумын эмнэлэг орж боолт хийлгээд хадам ээжийндээ очсон” /хх-ийн 4-8 тал/ гэх мэдүүлэг, гэрч Б.Д-ийн “...сууж байтал Г орж ирээд Б-ыг дагуулаад хамт гарсан. Удалгүй зодолдсон байдалтай орж ирээд С.Г намайг зодчихлоо гэчихсэн нүүрэн тус газар цус болчихсон байсан юунаас болж яаж зодсоныг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна” /хх-ийн 9 тал/ гэх мэдүүлэг, гэрч Ц.Д-гийн “...манай гэрт бол зодоон болоогүй. Бид нарыг инээж хөгжилдөөд сууж байтал С.Г Ч.Б дыг дуудаад гарсан гэрийн гадаа юу болсныг мэдэхгүй. Удалгүй Ч.Б гэрт орж ирэхдээ нүүрнийх нь нэг тал нь улаан цус болчихсон орж ирэхэд нь та нар юу болоод байна, бүгдээрээ гарцгаа гээд гэрээсээ хөөж гаргасан юм” /хх-ийн 10-11 тал/ гэх мэдүүлэг, гэрч Б.Ц-ийн “....01 цаг 30 минутын орчимд Ч.Б, С.Г намайг цохичихлоо гэсэн зүүн талын нүд нь битүү хавдчихсан, нүүр нь цус болчихсон орж ирсэн. Эмнэлэг авч явж ээлжийн сувилагчаар боолт хийлгэж өвчин намдаах эм уулгаад авч гараад, зодсон хүн болох С.Г-ийн гэрт үзүүлэх гээд очтол унтаад сэрэхгүй болохоор нь эхнэрт нь үзүүлчихээд гэртээ харьсан юм” /хх-ийн 12-13 тал/ гэх мэдүүлэг, гэрч Ч.О-ын “...би тэр өдөр ээлжийн ажилтай хонож ажиллаж байсан шөнө 01 цагийн орчимд манай эмнэлэгийн хүлээн авахад Ч.Б нь хадам ээжийн хамт хүнд зодуулчихлаа гэсэн нүүр гар нь цус болчихсон орж ирсэн. Түүний хөмсөгний тус газарт бага зэргийн язралттай мөн толгой нь өвдөж байна гэх зовиуртай орж ирсэн. Би шархыг нь цэвэрлэж боолт хийгээд өвчин намдаах эм уулгаад явуулсан” /хх-ийн 15 тал/ гэх мэдүүлэг, гэрч Г.Н-ын “ ...Манай нөхөр айлын 4 хүүхдийн хоёр дахь хүүхэд ээж, аав нь хөдөө малчин архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй ажилласаг, хөдөлмөрч, бусдад тусархуу, худал хэлдэггүй, шударга зантай, төлөв даруу, бусдын үгийг их сонсдог, хүн зодож байсан удаа байхгүй. Ч.Батболд нь үгээр өдөж, хэл амаар доромжилсон учраас л очиж зодоон хийсэн байх” /хх-ийн 16-17 тал/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч С.Г-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчим өөрийн найз болох Нанжидын төрсөн өдөрт эхнэрийн хамт очиж тоглож наргиад байж байтал Ч.Б над руу гар утсаар залгаад, чи хаана байна хөзөр тогломоор байна гэж хэлэхээр нь одоохондоо амжихгүй, би гэртээ очихоороо эргээд энэ залгаж байгаа 99454432 гэсэн дугаар луу ярья. Манайд хүрээд ирээрэй гээд салгасан. Найзындаа эхнэрийн хамт сууж байгаад 23 цаг 30 минутын үед гэртээ хариад Ч.Б-ын залгасан дугаар луу залгаад манайд хүрээд ир гэж хэлэхэд гэр утасны цаанаас энд тийм хүн байхгүй, яах гээд байгаа юм, чи чаддаг юм бол сумын төв дотроос олоод ир харъя С-ийн “Хо” гэх мэтчилэн янз бүрийн үгээр өдөж яриад байхаар нь би ойлгохдоо над руу Ч.Б-ыг худлаа гар утасны цаанаас хэрүүл өдөөд байна гэж бодоод, олж уулзах зорилгоор гэрээсээ гараад Б-д очиход тэдний эхнэрийн төрсөн өдөр гээд хүмүүс ирчихсэн байсан. Би гэрт нь ороод Ч.Б-ыг гараад ир гээд дагуулж гараад чи яагаад надаар тоглоод байгаа юм бэ гэхэд би яахаараа тэгдэг юм гээд үг сөргөлдөж маргалдаад би эхэлж толгойгоороо цээж тус газар нь мөргөөд, тонгойх үед нь баруун хөлөөрөө хөмсөг тус газар нь өшиглөхөд тонгойсон хэвээрээ Ч.Б намайг яагаад зодож байгаа юм гэж хэлэхээр нь чи намайг гар утасны цаанаас яах гэж доромжлоод байгаа юм гэж хэлчихээд Б-гийн гэр лүү ороход Б гийн эхнэр Д та нар яах гэж зодолдоод байгаа юм явцгаа гээд гэрээс хөөж гаргасан тул тэндээс би айлд оччихоод удалгүй харьсан юм. Би хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа ойлгож уучлалт гуйсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Г хохирогч Ч.Б-ыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед тархины доргилт, зүүн нүдний эргэн тойрон хар хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр дүгнэлт /хх-ийн 20 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэм буруутайд тооцох шүүх хуралдаанаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Тэс сумын Цагаан толгой багийн багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Г.Н, М.Э нарын мэдүүлгүүд болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 17-18, 32, 34 тал/-аар шүүгдэгч С.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багт эхнэрийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн хөрөнгө үгүй, амьжиргааны түвшин доогуур өрх болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...хохирогчид учирсан хохиролд 400.000 төгрөг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн” гэх мэдүүлгээр хохирогч Ч.Б-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Иймд шүүх шүүгдэгч С.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийг байнга оршин суугаа хаягийн дагуу гүйцэтгэж, тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул оногдуулсан ялыг хэрэгжүүлж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.Ганхуягт ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Булгадар овогт С.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Булгадар овогт С.Г-ийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Г-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА