| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0455/3 |
| Дугаар | 128/ШШ/2024/0593 |
| Огноо | 2024-07-23 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ/2024/0593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “***** **** ******” ХХК /РД:*********** /
Хариуцагч: Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо нарын хооронд үүссэн орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “***** **** ******” ХХК нь тус шүүхэд хандан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ****** тоот "Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ***** дүгээр тогтоолоор нэхэмжлэгч “***** **** ******” ХХК-д олгосон Улаанбаатар хотын ********** дүүрэгт нийтийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.[1]
2.2. Дээрх шийдвэрийн дагуу ““***** **** ******”” ХХК нь ************ дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 байр 103/1, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 байр, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 байр, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11А байр зэрэг хэрэглэгчдэд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйлчилгээг үзүүлж ирсэн байна.[2]
2.3. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-aac 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг[3] хариуцагч байгууллагад ирүүлсэн байх бөгөөд утга нь “...Тус хэрэглэгч нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 107,347,807.55 төгрөгийн авлага үүсгээд байна. Усны үйлчилгээний төлбөрийг барагдуулах талаар тус газартай холбогдоход Төрийн банк нь эрчим хүчний зохицуулах хорооны шүүхийн шийдвэрээр манай байгууллагын нэхэмжлэлийг хүлээн авахгүй, айл өрхүүд төлөлт хийгдэхгүй байгаа тул төлбөр төлөх боломжгүй гэх тайлбар өгч өр авлага улам өсгөж байна. Иймээс “***** **** ******” ХХК-ийн нөхцөл байдлыг судалж, яаралтай арга хэмжээ авч хамтран ажиллахыг хүсье..." гэжээ.
2.4. Улмаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны даргаас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******** дугаартай маргаан бүхий албан тоотыг[4] гаргасан байх бөгөөд утга нь "... Танай компанийн үйл ажиллагаа доголдож, цэвэр, бохир усны үйлчилгээний өр төлбөрийг хангагч байгууллагад төлөөгүй тухай Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-aac 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг тус зохицуулах хороонд ирүүлсэн. Уг албан бичгийг судлахад танай компани тус байгууллагад 2023 оны 12 дугаар сараас хойш цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр төлөөгүйн улмаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 107,347,807.55 төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан байна. Түүнчлэн танай компанийн хэрэглэгч болох СӨХ-ноос албан бичгүүдээр тус тус танай ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагаатай холбоотой гомдол ирүүлсэн болно. Сонсох ажиллагааны үеэр гомдол гаргаж буй хэрэглэгчдийн тайлбарыг сонсоход танай компанийг цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг халаалт, ус халаасны төлбөртэй хамт нэхэмжилснээс шалтгаалан хэрэглэгчид төлбөрөө хэрхэн төлөх нь тодорхойгүй болсон. Хэрэв цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг халаалтын болон ус халаасны төлбөрөөс тусад нь нэхэмжилсэн тохиолдолд хэрэглэгчид усны үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой гэсэн тайлбарыг өгч байлаа. Гэвч танай компани хэрэглэгчидтэй зөвшилцөж, цаашид хамтран ажиллах, хангагч байгууллагад үүсгэсэн өр төлбөрөө барагдуулах талаар санал санаачилга гаргаагүй, маргаан цаашид үргэлжилж, хангагч байгууллагад үүсгэсэн өр улам нэмэгдэх хандлагатай байна. Хангагч болон хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэх гэсэн заалтыг танай компани бүрэн хангаагүй байна. Иймд байрнуудын хэрэглэгчдийг танай компанийн үйлчлэх хүрээнээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хасаж "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд нэмж бүртгэлийг хийх, инженерийн шугам сүлжээ, цэвэр усны өргөлтийн насос, тоноглолыг яаралтай шилжүүлэх ...” талаар мэдэгджээ.
2.5. Үүний дагуу хариуцагч байгууллагаас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******** тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлж авах тухай” албан бичгийг[5] “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ руу, мөн өдрийн 01/197 тоот “Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлж авах тухай” албан бичгийг[6] “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ руу тус тус явуулсан.
2.6. Маргаан бүхий Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/188 дугаартай албан бичигт дурдсан эрх зүйн үндэслэл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг бариталжээ.
2.7. Нэхэмжлэгчийн зүгээс “...байрнуудын хэрэглэгчдийг танай компанийн үйлчлэх хүрээнээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хасаж "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд нэмж бүртгэлийг хийх, инженерийн шугам сүлжээ, цэвэр усны өргөлтийн насос, тоноглолыг яаралтай шилжүүлсэн ..." нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.", 24.2-д "Энэ хуулийн 24.1- д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна.", 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах", 25.1.2-д "оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллага энэ хуульд заасан үүргээ огт биелүүлээгүй, хууль зөрчсөн. Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актадаа байрны захиалагч компаниуд болон харьяалах СӨХ-оос ирүүлсэн албан бичиг, хүсэлтүүдийг үндэслэж гэсэн хэр нь тухайн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг бидэнд танилцуулаагүй, манай компани ямар зөрчил гаргасан, ямар хууль, дүрэм зөрчсөн болох нь тодорхойгүй, манай компанийн хэрэглэгчдийг шилжүүлэх ямар зөрчлийг манай компани гаргасан болохыг тогтоогоогүй байж манай хэрэглэгчдийг шилжүүлж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нь маргаан бүхий шийдвэрээ хэдийгээр Тогтоол хэлбэрээр гаргаагүй боловч уг маргаан бүхий шийдвэрээр манай хэрэглэгчдийг шилжүүлж, манайхыг хэрэглэгчгүй болгож, цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болгож байгаа ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.8. Хариуцагчийн зүгээс “...“***** **** ******” ХХК-д хэрэглэгчээс ирсэн гомдолд судалгаа хийхэд 2021 онд 2 хэрэглэгчийн гомдол, 2022 онд 7 хэрэглэгчийн гомдол, 2023 онд 22 хэрэглэгчээс гомдол ирсэн, 2024 оны эхний 5 сарын байдлаар 15 хэрэглэгчээс гомдол ирж гомдлын эзлэх хувь маш их нэмэгдсэн. Зохицуулах хороо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд буюу 10 дугаар зүйлийн 10.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын маргааныг шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд хэрэглэгчээс ирсэн гомдлуудыг газар дээр нь очиж шалгаж “***** **** ******” ХХК-д холбогдох үүрэг даалгавруудыг тогтмол өгч ирсэн. Гэтэл “***** **** ******” ХХК нь үүрэг даалгаврын биелэлтүүдийг ирүүлдэггүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан. Мөн ********** дүүргийн 13 дугаар хорооны ************ апартмент СӨХ-оос оршин суугчдыг төлөөлж энэ СӨХ-уудаас нь манайд гомдлууд ирсэн. Энэ гомдлуудыг дурдахад ************* апартмент СӨХ, ********* СӨХ, ********** СӨХ, ************** СӨХ-оос удаа дараа гомдлууд ирж “…ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагааг эрхэлж чадахгүй байна, оршин суугчдын амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй, удаа дараа дуудлага хүлээж авдаггүй, дуудлага авах утас нь тодорхойгүй гар утсаар авдаг, дуудлагаа дамжуулдаг, дуудсан цагт ирдэггүй, ирсэн слесариуд зарим нь архи дарс уучихсан, үнэртүүлж ирдэг харилцааны соёл байхгүй...” гээд машин их олон гомдол манайд удаа дараа өгсөн. Мөн “***** **** ******” ХХК нь цэвэр усаар хангадаг. Улаанбаатар хотын томоохон хангагч байгууллага болох Ус сувгийн удирдах газраас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгээр “***** **** ******” ХХК нь ************ дүүргийн 39, 11А, 103, 103/1, 48, 50 дугаар байрнуудын ашиглалтыг хариуцдаг боловч усны үйлчилгээний төлбөрөө төлөлгүй 2023 оны эхний улирлын байдлаар 107,3 сая төгрөгийн өр төлбөрийг үүсгэчхээд төлбөрөө төлөхгүй байна “…Энэ төлбөрийг даамжрахаас нь өмнө холбогдох арга хэмжээг Зохицуулах хороо авч өгөөч…” гэдэг хүсэлтийг ирүүлдэг...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-өөс 12.2.8-д тус тус заасан үйл ажиллагааг явуулдаг бөгөөд бид энэ хугацаанд холбогдох хууль, журам, тусгай зөвшөөрөлд заасны дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг зохих ёсоор хангаж, хэрэгжүүлж ирсэн. Хариуцагч байгууллага нь маргаан бүхий захиргааны актдаа "...Танай компанийн үйл ажиллагаа доголдож, цэвэр, бохир усны үйлчилгээний өр төлбөрийг хангагч байгууллагад төлөөгүй тухай "Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-aac 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг тус зохицуулах хороонд ирүүлсэн. Уг албан бичгийг судлахад танай компани тус байгууллагад 2023 оны 12 дугаар сараас хойш цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр төлөөгүйн улмаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 107,347,807.55 төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан байна. Түүнчлэн танай компанийн хэрэглэгч болох СӨХ-ноос албан бичгүүдээр тус тус танай ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагаатай холбоотой гомдол ирүүлсэн болно. Сонсох ажиллагааны үеэр гомдол гаргаж буй хэрэглэгчдийн тайлбарыг сонсоход танай компанийг цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг халаалт, ус халаасны төлбөртэй хамт нэхэмжилснээс шалтгаалан хэрэглэгчид төлбөрөө хэрхэн төлөх нь тодорхойгүй болсон. Хэрэв цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг халаалтын болон ус халаасны төлбөрөөс тусад нь нэхэмжилсэн тохиолдолд хэрэглэгчид усны үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой гэсэн тайлбарыг өгч байлаа. Гэвч танай компани хэрэглэгчидтэй зөвшилцөж, цаашид хамтран ажиллах, хангагч байгууллагад үүсгэсэн өр төлбөрөө барагдуулах талаар санал санаачилга гаргаагүй, маргаан цаашид үргэлжилж, хангагч байгууллагад үүсгэсэн өр улам нэмэгдэх хандлагатай байна. Хангагч болон хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэх гэсэн заалтыг танай компани бүрэн хангаагүй байна. Иймд байрнуудын хэрэглэгчдийг танай компанийн үйлчлэх хүрээнээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хасаж "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар" ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд нэмж бүртгэлийг хийх, инженерийн шугам сүлжээ, цэвэр усны өргөлтийн насос, тоноглолыг яаралтай шилжүүлж..." гэжээ. Энэ нь үндэслэлгүй юм. ЗЕХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.", 24.2-д "Энэ хуулийн 24.1- д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна.", 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах", 25.1.2-д "оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллага энэ хуульд заасан үүргээ огт биелүүлээгүй, хууль зөрчсөн. Мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актадаа байрны захиалагч компаниуд болон харьяалах СӨХ-оос ирүүлсэн албан бичиг, хүсэлтүүдийг үндэслэж гэсэн хэр нь тухайн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийг бидэнд танилцуулаагүй, манай компани ямар зөрчил гаргасан, ямар хууль, дүрэм зөрчсөн болох нь тодорхойгүй, манай компанийн хэрэглэгчдийг шилжүүлэх ямар зөрчлийг манай компани гаргасан болохыг тогтоогоогүй байж манай хэрэглэгчдийг шилжүүлж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгаа болно. Цэвэр, бохир ус, болон ус дулаан, халаалтын төлбөр, нэхэмжлэх нь тус тусдаа биш нэг нэхэмжлэхээр гардаг бөгөөд Эрчим хүчний Зохицуулах хорооноос олгодог дулааны түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас шалтгаалж хэрэглэгчид усны төлбөрөө төлөхөө больсон, үүнээс шалтгаалж цэвэр, бохир усны төлбөрийн өр төлбөр үүссэн бөгөөд үүнийг цэвэр, бохир усны төлбөр, халаалт дулааны төлбөр гэж салгах боломжгүй юм. Эрчим хүчний Зохицуулах хорооноос манайд олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбоотой маргаан захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос манайд олгосон Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь ямар нэгэн байдлаар цуцлагдаагүй, хүчингүй болоогүй, өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байгаа тул бид хэрэглэгчдээс үйлчилгээний төлбөр буюу цэвэр, бохир усны төлбөрөө авах ёстой юм, гэтэл хэрэглэгчид манай компанийн дулааны тусгай зөвшөөрөл цуцлагдсан шалтгаанаар цэвэр, бохир усны төлбөр төлөөгүйгээс үүссэн өр төлбөрт манай компанийг буруутгах үндэслэлгүй юм. Бидний зүгээс ямар нэгэн зөрчил гаргаагүй, тусгай зөвшөөрөл хүчинтэй үйлчилж, уг тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, үйлчилгээг харьяалах байр, орон сууц, хэрэглэгчдэдээ хүргэж ажиллаж байхад хариуцагч нь хэрэглэгчдийн цэвэр, бохир ус, дулаан, халаалтын мөнгийг тусад нь нэхэмжлээгүй, хангагч байгууллагад өр төлбөртэй гэж манай эрх ашиг, сонирхлыг зөрчиж, манай үйлчлэх хүрээнд бүртгэлтэй байр, хэрэглэгчдийг өөр байгууллагад шилжүүлж, манайхыг үйлчилгээ үзүүлэх байр, орон сууц, хэрэглэгчгүй болгож, манай компанийг тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгож цаашид манай тусгай зөвшөөрөл цуцлагдах ноцтой эрсдэлд оруулж байна.
Бид уг асуудлаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2024/3841 тоот Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай шүүгчийн захирамжаар “...Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос “***** **** ******” ХХК болон хэрэглэгчдийн хооронд үүссэн маргааныг хэлэлцэн шийдвэрлэсэн тогтоол гарсан эсэх нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэлд хавсаргаагүй байх тул тогтоол гарсан эсэхийг тодруулах үндэслэлээр 14 хоногийн хугацаа тогтоов..." гэж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн.
Уг захирамжийн дагуу дараах байдлаар шүүгчийн захирамжид дурдсан зөрчлийг арилгаж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байна. Үүнд:
Хариуцагч нь маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******** тоот "Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай" шийдвэрээр манай үйлчлэх хүрээний байр, хэрэглэгчдийг манайхаас хасаж, "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд нэмж бүртгэл хийж, манайхыг усны тоног төхөөрөмжийг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүл гэж манай эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хууль зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргасан юм. Хариуцагч байгууллага нь хэрэглэгчдийг шилжүүлэх шийдвэр гаргахдаа Тогтоол хэлбэрээр гаргадаггүй бөгөөд өмнө нь манай компанийн зарим хэрэглэгчдийг шилжүүлэхдээ шийдвэрээ Тогтоол хэлбэрээр гаргаж байгаагүй болно. Хариуцагч нь маргаан бүхий шийдвэрээ хэдийгээр Тогтоол хэлбэрээр гаргаагүй боловч уг маргаан бүхий шийдвэрээр манай хэрэглэгчдийг шилжүүлж, манайхыг хэрэглэгчгүй болгож, цаашид үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй болгож байгаа болно. Мөн хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоот албан бичгээр "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ- ын даргад “...“***** **** ******” ХХК-ийн хариуцаж байсан байрны хэрэглэгчдийг танай байгууллагын үйлчлэх хүрээнд бүртгэж, энэ тухай “***** **** ******” ХХК-д мэдэгдсэн..." гэж дурдсан байдаг болно. Үүнээс үзэхэд хариуцагч байгууллага нь маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/188 тоот "Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай" шийдвэрээр манай үйлчлэх хүрээний байр, хэрэглэгчдийг манайхаас хасаж, "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд нэмж бүртгэл хийж, манайхыг усны тоног төхөөрөмжийг "Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т шилжүүл гэсэн хууль зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр буюу захиргааны акт гаргасан болох нь тодорхой байна гэж үзэж байна. Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 01/188 тоот "Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороог нь цаашид “Зохицуулах хороо” гээд ярьчихъя. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д Засгийн газар Зохицуулах хорооны дүрмийг батална гэж заасны дагуу Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Зохицуулах хорооны дүрмийг баталж, 05 дугаар сарын 31-ний өдрийн 183 дугаар тогтоолоор байгууллагын бүтэц орон тоог анх баталснаар Зохицуулах хороо үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ямар чиг үүрэгтэйгээр ажилладаг гэхээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах, татварын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар байгуулагдсан байгууллага юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрхтэй байдаг. Энэ эрхийг хангах нөхцөлийн нэг нь баталгаат ариун цэврийн байгууламжаар хангагдсан байх асуудал байдаг. Энэ асуудлыг төр Засгийн газраас иргэнийхээ энэ эрхийг хангахын тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хийж, төрийн өмнөөс энэ ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг төрийн, байгууллагын хяналт дор тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудаар гүйцэтгүүлж явдаг. Энэ аж ахуйн нэгж байгууллагууд Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу монопол үйл ажиллагаа хамаардаг. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн орох ямар ч боломжгүй салбар байдаг. Монгол Улс олон улсын жишгээр ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын зүй ёсны монопол энэ үйл ажиллагааг хянах, зохицуулах зөвлөлөөр Зохицуулах хороог байгуулаад 11 жил үйл ажиллагаа явуулж байна. Зохицуулах хороо нь энэ маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******** тоот албан бичгээр “***** **** ******” ХХК-ийн орон сууцын ус хангамж, ариутгах татуургын ашигт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд хамаардаг байсан Нийслэлийн *********** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 байр 103/1, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 байр, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 байр, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11А байрны хэрэглэгчийг энэ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын үйлчлэх хүрээнд шилжүүлэн бүртгэх зохицуулалтыг хийсэн. Энэхүү зохицуулалт хийх шалтгаан нөхцөлийг товчхон дурдъя. “***** **** ******” ХХК нь дээр дурдсан байруудын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг нь гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд байдаг. “***** **** ******” ХХК нь анх зохицуулах хорооны 2016 оны 44 дүгээр тогтоолоор үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг аваад 2019 он болон 2022 онуудад тус тус сунгуулаад үйл ажиллагаагаа явуулж явсан. Дээрх орон сууцны байрууд нь тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээний тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад заасан үйлчлэх хүрээнд нь орж явдаг байрууд тийм учраас энэ компани бол тухайн орон сууцны энэ байр хотхонуудад үйл ажиллагаагаа явуулдаг. “***** **** ******” ХХК-д дээрх хэрэглэгчдээс олон гомдлууд ирсэн. Энэ нь юутай холбоотой гэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний дулаанаар зохицуулалтаа хангах тусгай зөвшөөрлийг нь 2023 онд хүчингүй болгочихсон юм. Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосонтой холбогдуулаад олон гомдлууд ирсэн. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой асуудал нь давхар хөндөгдөж манайд гомдлууд нь ирж байна. “***** **** ******” ХХК-д хэрэглэгчээс ирсэн гомдолд судалгаа хийхэд 2021 онд 2 хэрэглэгчийн гомдол, 2022 онд 7 хэрэглэгчийн гомдол, 2023 онд 22 хэрэглэгчээс гомдол ирсэн, 2024 оны эхний 5 сарын байдлаар 15 хэрэглэгчээс гомдол ирж гомдлын эзлэх хувь маш их нэмэгдсэн. Зохицуулах хороо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд буюу 10 дугаар зүйлийн 10.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын маргааныг шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд хэрэглэгчээс ирсэн гомдлуудыг газар дээр нь очиж шалгаж “***** **** ******” ХХК-д холбогдох үүрэг даалгавруудыг тогтмол өгч ирсэн. Гэтэл “***** **** ******” ХХК нь үүрэг даалгаврын биелэлтүүдийг ирүүлдэггүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан. Мөн ********** дүүргийн 13 дугаар хорооны Баянзүрх апартмент СӨХ-оос оршин суугчдыг төлөөлж энэ СӨХ-уудаас нь манайд гомдлууд ирсэн. Энэ гомдлуудыг дурдахад ************* апартмент СӨХ, *********** СӨХ, ********** СӨХ, *********** СӨХ-оос удаа дараа гомдлууд ирж “…ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагааг эрхэлж чадахгүй байна, оршин суугчдын амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй, удаа дараа дуудлага хүлээж авдаггүй, дуудлага авах утас нь тодорхойгүй гар утсаар авдаг, дуудлагаа дамжуулдаг, дуудсан цагт ирдэггүй, ирсэн слесариуд зарим нь архи дарс уучихсан, үнэртүүлж ирдэг харилцааны соёл байхгүй...” гээд машин их олон гомдол манайд удаа дараа өгсөн. Мөн “***** **** ******” ХХК нь цэвэр усаар хангадаг. Улаанбаатар хотын томоохон хангагч байгууллага болох Ус сувгийн удирдах газраас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ********* тоот албан бичгээр “***** **** ******” ХХК нь ************ дүүргийн 39, 11А, 103, 103/1, 48, 50 дугаар байрнуудын ашиглалтыг хариуцдаг боловч усны үйлчилгээний төлбөрөө төлөлгүй 2023 оны эхний улирлын байдлаар 107,3 сая төгрөгийн өр төлбөрийг үүсгэчхээд төлбөрөө төлөхгүй байна “…Энэ төлбөрийг даамжрахаас нь өмнө холбогдох арга хэмжээг Зохицуулах хороо авч өгөөч…” гэдэг хүсэлтийг ирүүлдэг. Энэхүү мэдэгдэл нь маш ноцтой мэдэгдэл. Хангагч байгууллагад хэрэглэсэн усныхаа төлбөрийг төлөхгүй байсан тохиолдолд хангагч байгууллага хэрэглэгчийн усыг хязгаарладаг буюу усыг нь тасалдаг. Хэрэглэгч “***** **** ******” ХХК буюу үйлчилгээ үзүүлэгч компанидаа төлбөрөө төлчихсөн байдаг. Гэтэл “***** **** ******” ХХК хангагч байгууллагадаа төлөхгүй болохоор усыг нь хязгаарлахаар дээр дурдсан байрнуудын оршин суугчид буюу хэрэглэгч нар усгүй болно гэдэг чинь хүний ус уух эрх гэдэг Үндсэн хуулиар олгогдсон хамгийн том эрх байдаг учраас амьд явах эрхтэй холбоотой нэлээн ноцтой асуудал үүссэнийг илэрхийлдэг. Зохицуулах хороо нь “***** **** ******” ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудыг байлцуулаад сонсох ажиллагааг зохион байгуулах мэдэгдлийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр албан бичгээр урьдчилан мэдэгдээд товлосон хугацаанд сонсгох ажиллагааг 04 дүгээр сарын 09-ний өдөр Зохицуулах хороон дээр хийсэн. Энэхүү сонсох ажиллагаанд оршин суугчдын эрх, ашгийг төлөөлж *********** СӨХ-ны захирал Ц.М**********, *********** апартмент СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.С**********, ******** СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.О**********, ********** СӨХ-ны байцаагч О.Ш**********, ********* СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Б*******, хангагч байгууллага болох Ус сувгийн удирдах газрыг төлөөлөөд Хэрэглэгчдэд үйлчлэх албаны төвийн хотын менежер С.О**********, зүүн хотын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер Ө.Ш********* мөн нэхэмжлэгч “***** **** ******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б********** нар оролцсон. Энэ сонсох ажиллагааны хүрээнд бүх талуудын байр суурийг сонсоод гомдлын агуулгыг танилцуулаад цаашид яаж ажиллах талаар ярилцаад сонсох ажиллагааг зохион байгуулсан. Зохицуулах хороо энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол цаашид Ус сувгийн удирдах газрын улам нэмэгдэх, хэрэглэгчийн эрх, ашиг хөндөгдөх нь гэдэг байдлаар 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ********** дугаар албан бичгээр хэрэглэгчийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлсэн байдаг. Зохицуулах хорооноос нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр энэ тусгай зөвшөөрлийг зүгээр хэн дуртай нь эрхлээд явуулах боломжгүй онцлог зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний өндөр өртөг бүхий дэд бүтцийн шугам сүлжээгээр дамжуулан олон зуун хэрэглэгч, хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах энэ амаргүй хариуцлагатай үйл ажиллагаа байдаг бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа байдаг. Тийм учраас зохицуулах хороо нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан “чиг үүрэг” мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан “бүрэн эрхийн” хүрээнд “***** **** ******” ХХК-ийн хариуцаж байсан ******** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байр, 103/1 дүгээр байр, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байр, 50 дугаар байр, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11А байрны оршин суугчдын төлөөлөл болох дээр дурдсан СӨХ-ийн хүсэлт, мөн ***** ****** ****** ******* ХХК-ийн хүсэлт буюу өөрөөр хэлбэл нэг байрных нь захиалагчийн хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээг цогцоор нь нэг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хариуцуулах буюу Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагааг Орон сууцны удирдах газарт шилжүүлсэнтэй холбогдуулж бидний зүгээс түргэн шуурхай үйлчилгээг нэн түрүүнд үзүүлэх зорилгоор Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өмчлөх хүрээнд бүртгэсэн. Энэ нь нийтийн эрх ашиг буюу 674 айл өрх, 3 аж ахуйн нэгж байгууллагын хууль ёсны эрх, ашгийг хамгаалж, дээр дурдсан байруудыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүлсэн байдаг. Одоогоор энэ үйл ажиллагааг шилжүүлсэнтэй холбогдуулаад оршин суугчид, СӨХ-оос Зохицуулах хороонд ямар нэгэн гомдол санал ирээгүй байна. Ашиглалт үйлчилгээг нь хариуцаж авсан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт ямар нэгэн гомдол, санал ирүүлээгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Тийм учраас “***** **** ******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******* тоот "Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:
1.1. Маргаж буй Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******** тоот "Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч “***** **** ******” ХХК-ийн хариуцдаг ********** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 байр 103/1, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48, 50 дугаар байр, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 байр, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11А байрны хэрэглэгчдийг тус компанийн үйлчлэх хүрээнээс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хасаж, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын үйлчлэх хүрээнд шилжүүлэн бүртгэжээ.
1.2. Захиргааны хэргийн шүүх маргаж буй захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх зарчимтай.
1.3. Дээрх албан бичигт баримталсан эрх зүйн үндэслэлүүдийг харвал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг байна.
1.4. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар болон маргаж буй албан бичигт дурдсан үндэслэлээс үзэхэд, хариуцагч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалтад “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх” гэж заасны дагуу энэ эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн гэж тайлбарлах боловч маргаан бүхий шийдвэрээр шийдвэрлэсэн асуудлыг хууль зүйн агуулгаар нь авч үзвэл тухайн үндэслэлээс гадна Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12 дахь заалтад заасан мөн хуулийн 3.1.14-т заасан хангагчийн үйлчлэх хүрээг өөрчлөн тогтоож шийдвэрлэсэн агуулга хамаарахаар байна.
1.5. Өөрөөр хэлбэл, хууль зүйн агуулгаараа хариуцагч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.12 дахь заалтад заасан асуудлуудыг шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
1.6. Гэхдээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, тус нэмэлтийн дагуу мөн хуулийн 10 дугаар зүйлд “энэ хуулийн 3.1.14-т заасан хангагчийн үйлчлэх хүрээг тогтоох журам батлах;” гэх 10.1.12 дахь заалтыг нэмсэн байна.
1.7. Хуулийн энэхүү нэмэлт хүчин төгөлдөр болсон боловч одоог хүртэл дурдсан журам нь батлагдаагүй, батлах ажиллагаа хийгдэж байгаа талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бөгөөд харин энэхүү журам батлагдах хүртэл Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/08 дугаартай тушаалаар баталсан “Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын хариуцаж буй орон сууц, барилга байгууламж, үйлчилгээний хамрах хүрээг бүртгэх дотоод журам”[7]-аар уг эрх зүйн харилцааг зохицуулдаг байна.
1.8. Тиймээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... манай байгууллагад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлөөс үйлчлэх хүрээг хасаж шийдвэрлэх эрх хэмжээг хуулиар тухайлан зохицуулаагүй байдаг ...” гэх агуулга бүхий тайлбар нь дээрх үндэслэлээр няцаагдах болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.9. Энэхүү маргааны хүрээнд үүссэн эрх зүйн асуудал нь хариуцагчаас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.12 дахь заалтад заасан асуудлуудыг шийдвэрлэхдээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны тогтоол гаргахгүйгээр, харин тус хорооны даргын албан бичгээр шийдвэрлэж болох эсэх, энэ нь хуульд нийцэх эсэх асуудал байна.
1.10. Дээрх асуудалд шүүхээс тухайлан эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзсэн. Тодруулахад:
1.11. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэгт “Зохицуулах хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг хорооны хурлаар хэлэлцэх бөгөөд Зохицуулах хорооны хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна.” гэж заажээ.
1.12. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Зохицуулах хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, мөн зүйлийн 10.1.5 дахь заалтад “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх” гэж зохицуулсан.
1.13. Хуулийн дээрх хэм хэмжээнүүдээс үзэхэд, хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлээр өөрт олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлж шийдвэр гаргахдаа зайлшгүй хорооны хурлыг хийж асуудлуудыг хэлэлцэх, улмаар хорооны хурлаас олонхын саналаар дэмжигдсэн асуудлаар тогтоол гаргах үүрэгтэй байна.
1.14. Энэ үүргээ бүрэн дүүрэн, зохих ёсоор хэрэгжүүлж гаргасан тогтоол буюу шийдвэрийг хуульд нийцсэн хэлбэрээр гарсан шийдвэр гэж үзнэ.
1.15. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, маргаж буй Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******** тоот "Орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх тухай” шийдвэр нь тогтоол хэлбэрээр бус, харин албан бичгээр гарсан болох нь тогтоогдлоо.
1.16. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлахдаа “нэхэмжлэгч “***** **** ******” ХХК-ийн асуудлыг шийдвэрлэхдээ хороо хуралдаагүй, хороо өөрийн эрхээ Ажлын албандаа шилжүүлсэн байдаг” гэх агуулгатай тайлбар өгсөн бөгөөд энэхүү тайлбарууд хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд үндэслэлгүй.
1.17. Түүнчлэн, ийнхүү хуулиар тогтоосон шаардлагыг хангуулж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны хурлаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй үндэслэлүүд болох Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг хангахад чиглэхийг тэмдэглэж байна.
1.18. Харин хариуцагчаас хуульд заасан шаардлагыг хангуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны хурлаар асуудлыг хэлэлцэж, нэхэмжлэгчийн асуудлыг дахин шийдвэрлэх эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
1.19. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын талаар:
2.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус хэрэгт “************ апартмент СӨХ, *********** СӨХ, ********** СӨХ, ********* СӨХ-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” хүсэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Үүнд:
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэж заасан.
2.3. Тодруулбал, гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг бол гуравдагч этгээдээр оролцох хүсэлттэй этгээдийн гаргасан хүсэлтээр, эсхүл шүүгч татан оролцуулахаар хууль тогтоогч тогтоожээ.
2.4. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуулиар эрх олгоогүй тул энэхүү хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байх тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болно.
2.5. Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б********* нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д********, Д.Ч************ нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж тус тус заажээ.
2.7. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.12 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “***** **** ******” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ******** дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 15, 71 дэх тал
[2] Хх 16-17 дахь тал
[3] Хх 46 дахь тал
[4] Хх 13-14 дэх тал
[5] Хх 90 дэх тал
[6] Хх 91 дэх тал
[7] Хх 72-73 дахь тал