Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ДШМ/63

 

             

 

 

 

 

   2023             01           17                                        2023/ДШМ/63

 

А.В-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

яллагдагч А.В-гийн өмгөөлөгч Ч.Нямцоож,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/3521 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Вд холбогдох эрүүгийн 2206002823123 дугаар хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт А-ын В, 2... оны .. дугаар сарын ..-ны өдөр ..................... төрсөн, .. настай, э..эгтэй, ................ боловсролтой, мэргэжил.., ..........., ам  бүл ..., ......... нарын хамт .......... дүүргийн .. дугаар хороо, ........ тоотод оршин суух, /РД: ......................../.

Яллагдагч А.В нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инканто молл”-ын эсрэг талд насанд хүрээгүй хохирогч Г.Ш-ийн нүүрэн тус газарт шалтгаангүйгээр мөргөж биед нь халдаж “дээд эрүүний зүүн хажуугийн 1, 2 дугаар шүдний сулрал, доод уруулын няцарсан шарх” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.В-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.В-д холбогдох хэргийг ердийн журмаар ирүүлсэн байх ба шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмыг баримтлахаас гадна 18 дугаар бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгохоор заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулахаас гадна шаардлагатай гэж үзвэл сурган хүмүүжүүлэгч, эсхүл хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг байлцуулж болно.” гэж, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “өсвөр насны” сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж хуульчилсан.

“Өсвөр насны сэжигтэн, яллагдагч” гэдэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнийг хэлэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлээр яллагдагч А.В нь хэрэг гарсан хугацаанд 17 нас 7 сар 21 хоногтой байсан нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хэрэг гарсан хугацаанд яллагдагч А.В нь өсвөр насных байхаас гадна, хохирогч Б.Ш нь насанд хүрээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөгчөөс яллагдагч болон хохирогч нарт хууль ёсны төлөөлөгч тогтоож, тэдгээрийг байлцуулан мэдүүлэг авах, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт, эсхүл дүгнэлт гаргах боломжгүйг мэдэгдсэн түүний тайлбар, шинжээчээс авсан мэдүүлгийн тэмдэглэлийг холбогдох оролцогчид танилцуулна.” гэж заасан байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гарсан байхад яллагдагч А.В-д 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан нь түүний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан эрхийг нь зөрчжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар өсвөр насны яллагдагч А.В-гийн амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой хувийн мэдээллийг мөрдөгч тогтоогоогүй байна.

Дээрх үндэслэлээр яллагдагч А.В-д холбогдох эрүүгийн 2206002823123 дугаар хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг прокурорт очтол А.В-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор М.Ариунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.В-д холбогдох эрүүгийн 2206002823123 дугаар хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/3521 дугаар захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч А.В-д холбогдох эрүүгийн 2206002823123 дугаар хэргийг хүлээн авч яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан.

Яллагдагч А.В-г 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Яллагдагч А.В-д холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхлэхэд 18 насанд хүрсэн буюу 18 нас 4 сар 10 хоногтой байжээ.

Хэдийгээр гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан болох нь тогтоогдож байх боловч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах явцад 18 насанд хүрсэн болох нь нас тоолсон тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх” тусгай журам нь тухайн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхлэхэд 18 насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хамааралтай учир яллагдагч А.В-д холбогдох хэрэгт тус журамд заасан ажиллагааг явуулах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжид хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэх нь зүйтэй байна.

Иймд А.В-д холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/3521 дугаар шүүгчийн захирамжид хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Яллагдагч А.В-гийн өмгөөлөгч Я.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа хэд, хэдэн үндэслэлийг дурдсан. 18 насанд хүрсэн, хүрээгүй гэдэг дээр прокурор ач холбогдол өгч эсэргүүцлээ бичсэн байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Шүүгдэгч А.В нь хэрэгт холбогдох үедээ 18 насанд хүрээгүй байсан. Иймд түүнд холбогдох хэргийг хянан шалгахдаа ердийн журмаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан тусгай журмыг баримтлах ёстой байсан. Мөн хувийн байдлыг тогтоох, өмгөөлөгч оролцуулах байсан гэх мэт байдлаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 27.7 дугаар зүйл, 27.8 дугаар зүйлд заасан зохицуулалтуудыг зөрчиж шинжээчийн дүгнэлт гарсанаас хойш 10 сарын дараа А.В-д танилцуулсан. Өөрөөр хэлбэл, түүний мэдээлэл авах, шинжилгээ хийх үед оролцогч нарын эдлэх эрхийг хязгаарласан, уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаагүй байдал тогтоогддог. Хавтас хэрэгт авагдсан зарим бичмэл нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх 3 үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх уг 3 үндэслэлийг хүлээн авсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос яллагдагч А.В-г 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Инканто молл”-ын эсрэг талд насанд хүрээгүй хохирогч Г.Ш-ийн нүүрэн тус газарт шалтгаангүйгээр мөргөж биед нь халдаж “дээд эрүүний зүүн хажуугийн 1, 2 дугаар шүдний сулрал, доод уруулын няцарсан шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх А.В-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хууль зүйн дүгнэлт хийлгэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзлээ.

Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмыг баримтлахаас гадна 18 дугаар бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгохоор заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно.” гэж, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалан дэмжигчийг” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулахаас гадна шаардлагатай гэж үзвэл сурган хүмүүжүүлэгч, эсхүл хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтныг байлцуулж болно.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн цагаас эхлэн мөрдөгч насанд хүрээгүй оролцогчийн эрхийг нь хангаж, зохих ажиллагаа хийх ёстой байсан боловч яллагдагч, хохирогч аль аль нь насанд хүрсэн байх тул шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх шаардлагагүй, ач холбогдлоо алдсан гэж үзэхээр байна.

Учир нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.В нь 17 нас 7 сар 21 хоногтой байсан боловч эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах үед 18 насанд хүрсэн болох нь нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдож байна. 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан хугацаа зөрүүтэй, яллагдагчийн хувийн байдлыг тогтоогоогүй талаар дурьдсан нь хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулснаар нөхөн гүйцэтгүүлэх хэмжээний буюу шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр зөрчил болж чадахгүй байна. 

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтойгоос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг шүүх хуралдааны явцад ч мөн нотолж тогтоох зохицуулалттай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхэд буцаах хуулийн зохицуулалтгүй тул шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт заасан зүйлийг шалгах шаардлагагүй гэж дүгнэж, шүүгчийн захирамжийг хэлбэрийн хувьд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/3521 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Ариунцэцэгийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ