Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 151/ШШ2024/00865

 

 

 

 

 

2024 11 07

151/ШШ2024/00865

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,

Нэхэмжлэгч:  Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 4,162,436.95 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.М нь Т ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ... тоот Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулж, гэрээний дагуу ... дугаар Цахим зээлийн гэрээний дагуу 500,000.00 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр, 93001-30462 дугаар цахим зээлийн гэрээний дагуу 3,350,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр тус тус зээлсэн болно. Б.М нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 693,238.22 төгрөг, хүүний төлбөрт 911,184.51 төгрer, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 43,356.27 төгрөг нийт 1,647,779.00 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Иймд ... дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, .. дугаар болон ... дугаартай цахим зээлийн гэрээнүүдийг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 3,071,950.15 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,043,062.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,423.92 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 27,000 төгрөг, нийт 4,162,436.95 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Б.М-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.М нь Т ХХК-иас 4,170,000 төгрөгийг зээл авсан нь үнэн болно. Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 4,162,436.95 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 04 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь Б.М-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 4,162,436.95 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.М нь ... Тус компанийн нэхэмжлэлийн шаардлага 4,162,436.95 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 04 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Маргах зүйгүй гэх хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн түүнчлэн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн гэрээний үүрэгт нийт 4,162,436.95 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөг, 2024 оны 04 дугаар сарын 20-ны өдөр 693,739.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,548.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 40,774.5 төгрөгийг, хариуцагч Б.М-гаас 40,774.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН