Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э-” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01292 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.А-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 4 050 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Содончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан борлуулдаг. О.А-тай 2015 оны 02 сард бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. О.А- нь 6 200 000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 300 000 төгрөгийг 3 хоногт, үлдсэн төлбөрийг 20 сарын туршид 295 000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр төлж, дуусгах нөхцөлтэй тохиролцон гэрээ байгуулсан. Үүнээс хойш О.А- нь 2017 оны 10 сар хүртэл 3 495 000 төгрөгийг 2015 оны 02 сарын 15-ны өдрөөс 2017 оны 9 сарын 22-ны өдрийг хүртэл төлсөн. Харин 2017 оны 10 сараас төлөөгүй үлдэгдэл 2 700 000 төгрөг байна. Гэрээний 6.2-т заасны дагуу үнийн дүнгийн 0,1% -иар алданги тооцохоор заасан ба 2 жил 4 сар буюу 840 хоног өнгөрсөн тул алданги нь 2 268 000 төгрөг болж байна. Иргэний  хуульд заасны дагуу алданги гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 1 350 000 төгрөгөөр тооцож, нийт 4 050 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алдангийг хасуулж, үндсэн төлбөрийг хугацаа авч төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан О.А-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 375 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 675 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 79 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 68 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.А-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 102/ШШ2020/01292 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардпагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч О.А- миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие "Э-” ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 18- ны өдөр бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан 6 200 000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогч авахаар болсон. Үүний дагуу 3 495 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөл боломж гараагүй юм. Улмаар "Э-" ХХК-тай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн явцад эвлэрэх санал гарган үлдэгдэл 2 700 000 төгрөгийг хуваарь гарган төлж, алданги төлөх боломжгүйгээ илэрхийлсэн боловч нэхэмжлэгч тал саналыг хүлээн аваагүй болно. Иймд хариуцагч О.А- миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр алданги тооцсон 675 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01292 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

            Нэхэмжлэгч “Э-” ХХК нь хариуцагч О.А-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 4 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 2 сард худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Э-” ХХК нь хивсний угаалга, гүн цэвэрлэгээний хошуу, өнгөлгөөний ул гэх мэт ахуйн цэвэрлэгээний нийт 6 200 000 төгрөгийн тоног төхөөрөмж, иж бүрдлийг захиалагчид нийлүүлэх, хариуцагч О.А- нь барааг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 10-14-р тал/

 

                        Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

           

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ. Хариуцагч О.А- нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 2 700 000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Э-” ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй юм.

 

            Мөн талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 6.2-т “захиалагч энэхүү гэрээний 5.2.1-т заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгэгчид төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги тооцно” гэж заасан байна.      

           

            Нэхэмжлэгч “Э-” ХХК нь алдангид нийт 1 350 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт нийцүүлэн, алдангийг 50  хувиар багасгаж, 675 000 төгрөгөөр тооцсоныг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, алданги нь үүргээ гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөхөөр тохиролцсон төлбөр бөгөөд гэрээний хугацаа хэтэрсэн нь гэрээнд заасан алданги шаардах нөхцөл болно. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, алдангийн талаар тохиролцсон байх тул алдангийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.  

 

                        Иймд хариуцагч О.А-аас гэрээний үүрэгт 2 700 000 төгрөг, алдангид 675 000 төгрөг, нийт 3 375 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Э-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ.

           

                        Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/01292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 20 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                    

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

     

           ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

                                 

                                                                               Г.ДАВААДОРЖ