| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 22080009911563 |
| Дугаар | 2023/ДШМ/64 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ДШМ/64
2023 01 17 2023/ДШМ/64
А.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ундрах,
цагаатгагдсан этгээд А.М-ийн өмгөөлөгч Л.Амартогос,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1484 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ундрахын бичсэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлийг үндэслэн А.М-д холбогдох эрүүгийн 22080009911563 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.......... овгийн А-ний М, 2... оны .. дугаар сарын ........-ны өдөр ................... төрсөн, .. настай, э..эгтэй, .................. боловсролтой, мэргэжил.., .................... ажил.., ам бүл .., ........... нарын хамт .................. дүүргийн .. дүгээр хороо, ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../.
А.М нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны орой 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 17 дугаар гудамжинд хохирогч О.М-гийн эзэмшлийн “Тоёота приус 30” маркийн .......... УАВ улсын бүртгэлийн дугаартай автомашины салхины шилийг хагалж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар өвсөр насны шүүгдэгч А.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 22080009911563 дугаар эрүүгийн хавтаст хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, өсвөр насны шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өсвөр насны шүүгдэгч А.М цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэйг тусгаж, өсвөр насны шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор Н.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1484 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг гаргаж байна.
а. Тухайн гэмт хэрэг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 17 дугаар гудамжинд үйлдэгдсэн болох нь хохирогч О.М “Би 2022 оны 3 дугаар сарын 07-ны орой 00 цагийн орчимд найз охин Нямсүрэнгийн гэр рүү орох гээд өөрийн .......... УАВулсын бүртгэлийн дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байсан. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 17 дугаар гудамжаар явсан” гэж мэдүүлсэн /хх 16-21/,
Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үед 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хохирогч О.М “Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 17 дугаар гудамж руу найз охины гэр рүү орох гээд гудамж руу орсон” гэж мэдүүлсэн /хх 27/,
Гэрч Ц.Б-ийн “Тухайн үед дуудлага өгсөн хүн Баянголын 17 дугаар гудамжинд ирэхэд машиных нь урд талын салхины шил хагарсан байдалтай байсан. Би тухайн үедээ цагдаа жолооч ахлах ахлагч Д.Б-гийн хамт хэргийн газрын ойр орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж холбогдогч этгээдийг эрэн сурвалжилж ажиллахад холбогдогч этгээд болон 82-19 УНО улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл олдоогүй” гэсэн мэдүүлэг, /хх 31-32/,
Цагдаагийн байгууллагын дуудлага лавлагааны хуудсанд шийдвэрлэлтийн мэдээлэлд а/х Ц.Б, а/а Д.Б-гийн хамт дуудлагын дагуу очиж шалгахад дуудлага өгсөн О.М-той уулзаж тодруулахад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 17 дугаар гудамжинд“ гэж тэмдэглэгдсэн /хх 9/,
Тухайн цаг хугацаанд хохирогч О.М болон шүүгдэгч А.М нар нь тухайн хэргийн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 17 дугаар гудамжинд байсан, уг газар нь 2 машин зөрөхөөр хэмжээтэй гудамж байсныг хохирогч О.М, гэрч Ц.Б, шүүгдэгч А.М нар хэн аль нь мэдүүлдэг, уг гудамжны гол хэсэгт А.М тээврийн хэрэгслээ байрлуулсан байсан талаар хохирогч шүүх хуралдаанд мэдүүлсэн, уг гудамжинд хоорондоо машинтай зөрөлцөх асуудлаас болж маргалдсан, улмаар хохирогч О.М тухайн гудамжнаас ухарч гарах үйлдлийг хийх явцад жолооч талаас А.М гарч ирэн чулуу шидэж хагалсан гэдгийг мэдүүлсэн, хэрэгт хохирогч О.М-гийн машины шил хагарсан гэрэл зураг авагдсан бөгөөд 20 минутын дараа дуудлагаар очсон цагдаа ахмад Ц.Б машины шил хагарсан байсныг давхар гэрчилсэн болно. Хэргийн газрын үзлэг нөхөн хийх нь энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үзэж байна.
б. в. Хэргийн газарт А.М байсан, хохирогч О.М-гийн машины шилийг хагалсан, тээврийн хэрэгсэл жолоодож чаддаг, хэрэг үйлдэгдэх үг тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь дараах нотлох баримтаар тогтоогдоно.
Үүнд: Иргэн О.М-гоос цагдаагийн байгууллагад гаргасан гомдол: “...Согтуу хүмүүс машин хаагаад миний машиныг цохиод байна” гэсэн /хх 8/,
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дуудлагын лавлагааны хуудсанд “...86842462 дугаарын утаснаас 2022 оны 3 дугаар сарын 07-ны 02:18:42 секундэд “хэдэн согтуу хүмүүс машинаараа зам хаагаад миний машиныг цохиод байна” дуудлага өгсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн 02:47:21 секундэд /29 орчим минутын дараа очсон/ очиж хохирогч Мтой уулзахад “Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 17 дугаар гудамжинд өөрийн эзэмшлийн .......... УАВулсын дугаартай Приус-30 машинтай явж байхад машины урд салхины шилийг танихгүй “Верна аксент” машины жолооч согтуугаар чулуу шидэж хагалчихаад зугтаад явсан” гэж бүртгэгдсэн. /хх 9/,
2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр хохирогч О.М “82-19 УНО улсын дугаартай “Аксент Верна” маркийн тээврийн хэрэгсэл гудамжны голд зам хаагаад зогсож байсан. Тэгээд тэр машиныг хөдөлгөөн хий гээд гэрлээрээ дохитол зам тавьж өгөөгүй болохоор зүүн талаар нь зөрөх гэтэл зам хаагаад урдаас хаазлаад мөргөх гээд байхаар нь би буцаж эргээд гудамжны узүүрт иртэл нөгөө машин араас дагаж ирээд миний машины урдуур шахаж орсон. Тэгээд тэр Верна дотроос нэг залуу жолооч талын суудлаас нь орилж гарч ирээд миний машиныг цохихоор нь би хойшоо ухартал тэр залуу газраас чулуу авч миний салхины шилийг хагалчихаар нь би тэндээс зугтаачихсан. Тэгээд би тэр газраас холдчихоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэр хүнийг харвал танина” гэж мэдүүлсний дагуу түүний зөвшөөрснөөр холбогдогч этгээд А.Мөнх-Эрдэнийг заасан /хх 11-15/,
Хохирогч О.М-гийн “Тухайн гудамжинд 82-19 УНО улсын бүртгэлийн дугаартай “Аксент верна” маркийн тээврийн хэрэгсэл гудамжны голд зам хаагаад зогсож байсан" талаар мэдүүлсэн /хх 16-21/,
Хохирогч О.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Машинаас 2 хүн бууж ирсэн. Миний машины шилийг гараараа цохиж, чулуу шидсэн хүн энэ М гэх хүн мөн, ...би андуураагүй,” гэж мэдүүлсэн, /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Э.У-гийн “Миний хүү А.М хааяа нөхөр бид хоёрыг хөдөө орон нутагт барилгын ажил хийх гээд явчихаар аргагүйн эрхэнд ус түлээгээ зөөх дүү нарыгаа хичээл сургуульд нь хүргэж өгөх гээд машин барьдаг үе байдаг л юм. 82-19 УНО улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр банк бус дээр байдаг юм” гэсэн мэдүүлэг /хх 30-31/,
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд “...Би тухайн үед уг дуудлаганд очсоноо санаж байна. Дуудлагаар очиход дуудлага өгсөн иргэн байхгүй болохоор нь би гар утас руу нь залгаад хаана байгаа талаар асуухад автобусны буудал дээр байна гэхээр нь машиныхаа цонхыг хагалуулсан гудамжинд хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед дуудлага өгсөн хүн Баянголын 17 дугаар гудамжинд ирэхэд машиных нь урд талын салхины шил хагарсан Оайдалтай байсан. Дуудлага өгсөн залуу миний машины шилийг хагалсан согтуу залуу зугатаагаад явчихлаа гэж байсан. Тэгээд би тухайн үедээ цагдаа жолооч ахлах дэслэгч Бямбасүрэнгийн хамт хэргийн газрын ойр орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж холбогдогч этгээдийг эрэн сурвалжилж ажиллахад холбогдогч этгээд болон 82-19 УНО улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл олдоогүй. ” гэсэн мэдүүлэг /хх 34/,
Шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогч нь намхан бор залуу, архи уусан байсан, ирээд машины шил рүү чулуу шидсэн гэж хэлсэн." гэсэн мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрчээр А.М-ий “Миний машины урд талаас цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ирээд сигналдаад байсан, тэгээд сүүлдээ тэр залуу миний машины хажуу талаар гараад явсан” гэж мэдүүлсэн /хх 27/,
Өсвөр насны шүүгдэгч А.М яллагдагчаар “...Тухайн өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед 82-19 УНО улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслээр явж байсан юм.” гэж мэдүүлдэг /хх 70-71/,
Шүүгдэгчээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...шүүхээс шийдвэр гарвал хохирогчийн хохирлыг төлнө, хэрэг болох үед манай аав байгаагүй, өөр хамт явсан хүмүүс хохирогчийн машин руу чулуу шидээгүй” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Түүнчлэн хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны замд Амармөрөнгийн М /УП04321292/ Хьюндай Верна маркийн 82-19 УНО тээврийн хэрэгслийг 1.19 хувь согтуугаар жолоодож Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуагийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1862 дугаар шийтгэврээр сургалтад хамрагдсан,
Мөн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил гаргаж эрүүлжүүлэгдсэн,
Мөн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын замд Хьюндай Верна маркийн 82-19 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.44 хувь согтуугаар жолоодож Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-ын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 872 дугаар шийтгэврээр баривчлагдсан талаарх цагдаагийн байгууллагын асап сангийн мэдээлэл хэрэгт авагдсан /хх 79/ зэрэг бичгийн баримтуудаар шүүгдэгч А.М урьд уг 82-19 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж яваад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж, зөрчлийг арга хэмжээ авагдаж байсан, машин унаж чаддаг, машин нь эвдэрсэн нь гэх асуудал нь мөн тогтоогдохгүй, хохирогч миний үеийн залуу байсан гэж шууд заасан, ийнхүү хохирогч О.М шүүгдэгч А.М-ийг заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, эх сурвалжаа тодорхойлж верна маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн байсныг хэлсэн, маргааш нь уг тээврийн хэрэгслийг улсын дугаарыг мэдсэн, түүнчлэн хохирогч намхан бор залуу байсан гэж таньсан, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч Ц.Б шүүх хуралдаанд дээр дуудпагаар очоод 20 дараа очиход хохирогчийн машины цонх хагарсан байсныг гэрчилсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүх шүүгдэгч А.М-ийг хохирогчийн машины шилийг хагалсан үйлдлийг хангалттай нотлож чадаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, илт үндэслэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад зааснаар дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1484 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд А.М-ийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1484 дүгээр цагаатгах тогтоолыг дэмжиж оролцож байна. Хохирогч, шүүгдэгч нар хоорондоо маш их маргалддаг. Хохирогчийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудаар нотлох ажиллагаа хийсэн боловч бүрэн гүйцэт нотлогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байдаг. Тухайлбал, хэрэг болсон гэх гудамжинд хохирогч, шүүгдэгч нар байсан боловч гэрлийг нь хагалсан гэдгийг нотолж чадахгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэдэг. Хэрэг орой 00 цагийн үед гарсан гэдэг. Гэтэл 2 цагийн дараа хохирогч цагдаад дуудлага өгөөд тухайн газар очиход хүн байхгүй байсан байдаг. Энэ хооронд машины шилийг шүүгдэгч хагалсан уу, өөр хүн хагалсан уу гэдгийг тогтоож чадаагүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Прокуророос А.М-ийг 2022 оны 3 дугаар сарын 07-ны орой 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын 17 дугаар гудамжинд хохирогч О.М-гийн эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн .......... УАВ улсын дугаар автомашины салхины шилийг хагалж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ. Үүнд,
хохирогч О.М-гийн “Согтуу хүмүүс машин хаагаад, миний машиныг цохиод байна” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,
хохирогч О.М-гийн “...82-19 УНО улсын дугаартай Аксент Верна маркийн тээврийн хэрэгсэл гудамжны голд зам хаагаад зогсож байсан. Тэгээд тэр машиныг хөдөлгөөн хийгээд гэрлээрээ дохитол зам тавьж өгөөгүй болохоор зүүн талаар нь зөрөх гэтэл зам хаагаад намайг ерөөсөө явуулахгүй байсан. Би энүүгээр явж байхаар өөр гудамжаар явъя гэж бодоод буцаад ухарч байтал нөгөө Верна миний урдаас хаазлаад мөргөх гээд байхаар нь би буцаж эргээд гудамжны үзүүрт иртэл нөгөө машин араас дагаж ирээд миний машины урдуур шахаж орсон. Тэгээд тэр Верна машин дотроос нэг залуу жолооч талын суудлаас нь орилж гарч ирээд миний машиныг чанга цохихоор нь би хойшоо ухартал тэр залуу газраас чулуу авч миний салхины шилийг хагалчихаар нь би тэндээс зугтаачихсан. ...” /хх 20-21/,
гэрч Ц.Б-ийн “...Дуудлагаар очиход дуудлага өгсөн иргэн байхгүй болохоор нь би гар утас руу нь залгаад хаана байгаа талаар асуухад автобусны буудал дээр байна гэхээр нь машиныхаа цонхыг хагалуулсан гудамжинд хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед дуудлага өгсөн хүн Баянголын 17 дугаар гудамжинд ирэхэд машиных нь урд талын салхины шил хагарсан байдалтай байсан. Дуудлага өгсөн залуу миний машины шилийг хагалсан согтуу залуу зугатаагаад явчихлаа гэж байсан. Тэгээд би тухайн үедээ цагдаа жолооч ахлах ахлагч Д.Бямбасүрэнгийн хамт хэргийн газрын ойр орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж холбогдогч этгээдийг эрэн сурвалжилж ажиллахад холбогдогч этгээд болон 82-19 УНО улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл олдоогүй. ...” /хх 31-32/ гэсэн мэдүүлгүүд,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-15/ зэрэг баримтууд авагджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, зөрүүтэй баримтуудыг няцаан үгүйсгэх дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хууль 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн нийтээр дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт, эсхүл анхан шатны шүүхэд буцаах хуулийн зохицуулалтгүй болсон тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/1484 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ