| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/037/3 |
| Дугаар | 128/ШШ/20240585 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ/20240585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:********/
Нэхэмжлэгч: ****************** ХХК /РД: *******/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хооронд үүссэн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч ********* ХХК, **************** ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч компаниуд нь хоорондоо харилцан хамаарал бүхий компаниуд бөгөөд “********” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч нь “**************” ХХК байна.[2]
2.2. Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 952 дугаартай захирамжийн[3] дагуу газар ашиглах дуудлага худалдааны ялагч болоод 1430056/0091 /хуучин/ нэгж талбарын дугаар бүхий ************* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********** зуслангийн газарт зуслан, спорт аялал жуулчлалын зориулалттай 210306 м.кв талбайтай газрыг ашиглах эрхтэй болсон.
2.3. Үүний дараа буюу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/153 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгажээ.[4]
2.4. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/561 дугаартай захирамжаар[5] тус компаниудын газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг дахин 5 жилээр сунгасан байна.
2.5. Нийслэлийн Байгаль орчны газраас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 07/2655 тоот “Арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн байх бөгөөд утга нь “... Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01119-А-/561/2022 тоот шийдвэрээр **************** ХХК, ******* ХХК-д 14******* нэгж талбарын дугаартай 210138 м.кв талбай бүхий газрыг ойн санд олгосон нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 ..., 8.6 дахь ..., Усан санд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т ..., Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот, байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар хориглосон байхад ой, усан санд гэр бүлийн хэрэгцээнээс бусад зуслангийн газар олгосон нь хууль зөрчсөн үйлдэл байх тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д ... заасныг зөрчсөн шийдвэр байх тул шийдвэрийг хүчингүй болгож ... хариу мэдэгдэнэ үү” гэжээ.[6]
2.6. Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/13-01/030-01 тоот “Ойн сан, усны сан бүхий газрын онцгой болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд газар олгосон тухай” дүгнэлт[7] гарсан байх бөгөөд утга нь “... Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01119-А-/561/2022 тоот шийдвэрээр **************** ХХК, ******** ХХК-д 14******* нэгж талбарын дугаартай 210138 м.кв талбай бүхий газрыг ойн санд олгосон нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 ..., 8.6 дахь ..., Усан санд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т ..., Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот, байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангаагүй байна” гэжээ.
2.7. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаартай захирамжаар[8] нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
2.8. Ингэхдээ тус захирамжийн эрх зүйн голлох үндэслэлүүд нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг байна.
2.9. Нэхэмжлэгчийн зүгээс захирамжийг эс зөвшөөрч, “... Ашиглах эрхийн гэрчилгээгээ авсны дараа одоо ***************** хөл бөмбөгийн клуб нь өөрийнхөө чиг үүрэгтэй холбоотойгоор тухайн газраа спорт аялал жуулчлалын зориулалттай цогцолбор байгуулах гээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд явж байсан боловч санхүүжилт нь зогсчихсоны улмаас бүтээн байгуулалтыг хийж чадаагүй. Устай ойрхон болохоор тодорхой хэд хэдэн ажил хийх гээд үе шаттайгаар явж байгаад 2019 онд үе шаттайгаар ажлаа эхлүүлж байсан. Энэ хугацаанд нийт 937,340,000 төгрөгийн газрын татвар төлөөд газраа ашиглаад явж байсан чинь хариуцагчийн 2024 оны маргаан бүхий захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэдэг энэ зохицуулалтыг үндэслээд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Улсын дээд шүүхийн тайлбарт “...харшаар ашигласан гэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон, уг нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаардана...” гэж тайлбарласан. Гэтэл маргаан бүхий захиргааны акт дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.2 дээр юуг үндэслэсэн гэхээр 2024 оны 0113/01/3001 дугаартай Байгаль орчны хяналтын улсын байцаагч дүгнэлт байдаг. Энэ дүгнэлт дээр нэхэмжлэгч нарын буруугаас болсон эсэх, яг харшаар ашигласан эсэхийг тогтоогоогүй. Харин Ойн тухай хууль болон Усны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөд “газар олгосон байна” гэдэг дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж газраа ингэж ашигласан байна гэсэн дүгнэлт гараагүй. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.2-т заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч байгууллагуудын зүгээс нийт 1,200,000,000 гаруй төгрөг татвар болон тодорхой хэмжээний зардлуудыг гаргачихсан байхад байтал энэ нөхцөл байдлыг анхаарахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг зөрчөөд ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна ..." гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.10. Хариуцагчаас “... Анх газар Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн” гэдэг үндэслэлээр Газрын тухай хуульд заасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 заалтаар тухайн аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бол хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэхдээ эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын байгууллагуудын удаа дараагийн дүгнэлтийг үндэслэж тухайн шийдвэрийг гаргасан. Маргаан бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслээгүй. Гол нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэж Усны тухай хууль мөн Ойн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул тухайн маргаан бүхий захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн ... “ гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ***** ХХК, *********** ХХК нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулаад Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.
Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд нэхэмжлэгч нар нь 2022 оноос хойш ашиглах эрхийн гэрчилгээний дагуу маргаан бүхий газрыг ашиглаж байсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/561 дугаар захирамжаар гэрчилгээний эрхээ 5 жилээр сунгуулаад эрх бүхий байгууллагатай газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу газрын төлбөр, татвараа хугацаанд нь төлж байсан. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Үүнийг бид хуульд заасан үндэслэл журмын дагуу эс зөвшөөрөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч компаниуд нь 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулаад үүний дагуу газар ашиглах дуудлага худалдааны ялагч болоод нэгж талбарын дугаар бүхий 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** зуслангийн газарт зуслан, спорт аялал жуулчлалын зориулалттай 210306 м.кв талбайтай газрыг ашиглах эрхтэй болсон. Ашиглах эрхийн гэрчилгээгээ авсны дараа одоо ************ хөл бөмбөгийн клуб нь өөрийнхөө чиг үүрэгтэй холбоотойгоор тухайн газраа спорт аялал жуулчлалын зориулалттай цогцолбор байгуулах гээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд явж байсан боловч санхүүжилт нь зогсчихсоны улмаас бүтээн байгуулалтыг хийж чадаагүй. Устай ойрхон болохоор тодорхой хэд хэдэн ажил хийх гээд үе шаттайгаар явж байгаад 2019 онд үе шаттайгаар ажлаа эхлүүлж байсан. Энэ хугацаанд нийт 937,340,000 төгрөгийн газрын татвар төлөөд газраа ашиглаад явж байсан чинь хариуцагчийн 2024 оны маргаан бүхий захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэдэг энэ зохицуулалтыг үндэслээд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Улсын дээд шүүхийн тайлбарт “...харшаар ашигласан гэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон, уг нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаардана...” гэж тайлбарласан. Гэтэл маргаан бүхий захиргааны акт дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.2 дээр юуг үндэслэсэн гэхээр 2024 оны 0113/01/3001 дугаартай Байгаль орчны хяналтын улсын байцаагч дүгнэлт байдаг. Энэ дүгнэлт дээр нэхэмжлэгч нарын буруугаас болсон эсэх, яг харшаар ашигласан эсэхийг тогтоогоогүй. Харин Ойн тухай хууль болон Усны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөд “газар олгосон байна” гэдэг дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж газраа ингэж ашигласан байна гэсэн дүгнэлт гараагүй. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.2-т заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч байгууллагуудын зүгээс нийт 1,200,000,000 гаруй төгрөг татвар болон тодорхой хэмжээний зардлуудыг гаргачихсан байхад байтал энэ нөхцөл байдлыг анхаарахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг зөрчөөд ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Нэмж хэлэх 2 агуулгаар тайлбар байна. Хариуцагчийн тайлбартай холбоотойгоор хариуцагчийн зүгээс тайлбарлахдаа “…маргаан бүхий газрыг ойн болон усны сан бүхий газарт олгосон...” гэr хэлээд байдаг. Үүнтэй холбоотойгоор эхний тайлбарыг хэлье. Анх 2012 онд ашиглах эрхийн гэрчилгээ авсны дараагаар хуульд заасан үндэслэлийн дагуу 2 удаа 2017 он болон 2022 онуудад сунгалт хийлгэсэн байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сард А/561 дугаартай захирамжаар анх газар олгосон гэж тайлбарлаад байна. Сунгалтын талаар Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасны дагуу газар ашиглах тухай хүсэлт гаргах гээд энэтэй холбоотой процессуудыг нарийвчлан заачихсан байна. Нэхэмжлэгч байгууллагууд тодорхой хуулийн шаардлагыг хангасны үндсэн дээр газар ашиглах эрхийг аваад байна. Хамгийн сүүлд 2022 онд газар ашиглах эрхийн гэрчилгээгээ сунгуулсан. Хариуцагч байгууллага Нийслэлийн Засаг дарга нь газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахдаа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нөхцөл байгаа эсэхийг шалгаж байгаад тэр нөхцөл шаардлагыг хангачихсан хангачихсан учраас сунгасан байна. Гэтэл хариуцагчийн тайлбараар анхнаасаа газар олгосон нь буруутай байна гэдэг дээр нэхэмжлэгчийг буруутгаад байгаа нь үндэслэлгүй байна.
2 дахь агуулга нь сая хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 гэдэг зохицуулалт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг 40 дүгээр зүйлд заачихсан байна. Тэгэхээр хамгийн гол зохицуулалт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг бариад газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгочихсон. Тэгэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт дээр Улсын дээд шүүхийн тайлбараар болохоор урьдач нөхцөл байх ёстой. Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн тийм үйл ажиллагаа явуулсан, ашигласан гэсэн урьдач нөхцөлийг дурдсан байна. Хэрэгт химийн хортой бодис үйлдвэрлэдэг ч юм уу, химийн хорт хаягдал гаргадаг ч юм уу тийм баримт байдаггүй. Гэтэл маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн нь захиргааны акт дээр мэдэх материаллаг эрх зүйн шаардлага болох үр нөлөөтэй шаардлагыг хангахгүй харагдаад байна. Хэрвээ Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар үндэслээд маргаан бүхий захиргааны актад өөрчлөлт оруулаад шийдээд байна гэх юм бол нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчиж байгаа юм чинь тухайн үүсэх үр дагаврыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл тийм асуудал огт яригддаггүй. Нэхэмжлэгч байгууллага газар ашиглах эрхээ авчихсан, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд яваад байдаг. Гэтэл хариуцагч байгууллага нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болоод нэхэмжлэгч байгууллагыг хөсөр хаяад байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл бүрдээгүй байхад газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байгаа учраас маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/273 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа анх 2022 оны А/561 дугаар захирамжаар ********* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслан, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас бусад зориулалттай газар эзэмшүүлсэн. Анх газар Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн” гэдэг үндэслэлээр Газрын тухай хуульд заасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 заалтаар тухайн аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бол хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэхдээ эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын байгууллагуудын удаа дараагийн дүгнэлтийг үндэслэж тухайн шийдвэрийг гаргасан. Маргаан бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслээгүй. Гол нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэж Усны тухай хууль мөн Ойн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул тухайн маргаан бүхий захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас холбогдох хууль тогтоомж болон эрх бүхий мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэж тухайн шийдвэрийг гаргасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дээр яг газар эзэмших эрхийг гэж тодорхой заагаагүй. Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдал, харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэдгийг шүүх харгалзан үзнэ үү. Тухайн аж ахуй нэгж нь 2012 оноос хойш тухайн газар дээр хашаалснаас өөр үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээч гэсэн хүсэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагчаас маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаартай захирамжийг гаргахдаа хоёр өөр агуулга бүхий харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтуудыг хэрэглэсэн, түүнтэй нь нэхэмжлэгч маргасан тул шүүх тухайн үндэслэлүүдийг ялгаж эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Нэг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн тухайд:
1.1. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаартай захирамжаар[9] нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.
1.2.. Ингэхдээ тус захирамжийн эрх зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталжээ.
1.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:” гээд, мөн зүйлийн 40.1.2 дахь заалтад “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;” гэжээ.
1.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, холбогдох эрх бүхий Нийслэлийн Засаг дарга нь аливаа хүн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг дээрх үндэслэлээр хүчингүй болгохдоо газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан үйлдлийг эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоосон эсэхийг нягтлан үзэх үүрэгтэй байна.
1.5. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх үндэслэлийг тайлбарлахдаа “... энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/13-01/030-01 тоот “Ойн сан, усны сан бүхий газрын онцгой болон эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд газар олгосон тухай” дүгнэлт гарсан, энэ дүгнэлтийг хариуцагч үндэслэсэн ...” гэжээ.
1.6. Хавтаст хэрэгт авагдсан тухайн дүгнэлтээс үзэхэд агуулга нь “... Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01119-А-/561/2022 тоот шийдвэрээр **************** ХХК, ******* ХХК-д 14******* нэгж талбарын дугаартай 210138 м.кв талбай бүхий газрыг ойн санд олгосон нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 ..., 8.6 дахь ..., Усан санд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т ..., Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот, байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын хэрэгжилтийг хангаагүй байна” гэжээ.
1.7. Тодруулбал, уг улсын байцаагчийн дүгнэлт нь “нэхэмжлэгч компаниуд газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь тогтоогдлоо” гэх агуулгаар бус, харин “эрх бүхий этгээдээс газар ашиглах эрхийг олгохдоо Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 ..., 8.6 дахь ..., Усан санд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т ..., Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот, байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг хангаагүй буюу зөрчсөн байна” гэх агуулгаар гарсан болох нь тогтоогдож байна.
1.8. Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь үүнийг анхааралгүй, нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад заасан зөрчлийг гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй.
1.9. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан маргаан бүхий А/273 дугаартай захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн нь буруу байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авсан болно.
Хоёр. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг үндэслэсэн тухайд:
2.1. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ.” гэж, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж тус тус заажээ.
2.2. Мөн Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна.”, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.” гэж зохицуулсан байна.
2.3. Захиргааны эрх зүйн онолд, захиргааны эрх зүйн эх сурвалжуудын “бүхэллэг системт байдлын тухай” ойлголт нэг мөр тогтсон байдаг бөгөөд энэхүү зарчим Газрын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудад бэхэжсэн.
2.4. Тодруулбал, Газрын тухай хууль нь хууль тогтоомжийн системт байдлынхаа хувьд Ойн тухай болон Усны тухай хуулиудаас салшгүй хамааралтай байна.
2.5. Харин хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийг хэрэглэхдээ, тухайн газар эзэмшигч, ашиглагч этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газар нь ойн сан бүхий болон усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн аль нэгэнд хамаарч байгаа эсэхийг тогтоосон байх учиртай.
2.6. Мөн энэ эрх зүйн харилцаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот, байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
2.7. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас судлан үзэхэд, нэхэмжлэгч компаниудын ашиглах эрхтэй газар нь ойн сан бүхий талбайтай давхцалтай, мөн түүнчлэн Сэлбэ голын урсац бүрэлдэх эх дээр байрлалтай буюу Сэлбэ голын энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь Ойн газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 01/302 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн зураг[10], Усны газрын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/610 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн зургаар[11] нотлогдож байна.
2.8. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгч компаниудад анх газар ашиглах эрх олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгүүдийг тус тус зөрчиж олгосон болох нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар газрын тухай хууль тогтоомжийн зөрчлийг арилгах зорилгоор нэхэмжлэгч компаниудын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байна.
2.9. Тодруулбал, энэ үндэслэл, зорилгоор хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “газар ашиглах эрхийн харилцааг дуусгавар” болгосныг буруутгах үндэслэлгүй.
2.10. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Гурав. Нөхөх олговор шаардах эрх хэрэгжих боломжтой тухайд:
3.1. Шүүхээс маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаартай захирамжийг хүчингүй болгоогүй хэдий боловч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад бэхэжсэн “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг хангах үүднээс нэхэмжлэгч нарын нөхөх олговор шаардах эрхийг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ.
3.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд, 4.2.8 дахь заалтад хууль ёсны итгэлийг хамгаалах.
Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй.” гэж заасан.
3.3. Хуулийн дээрх зарчмыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь, нийтийн эрх зүйн аливаа харилцаанд, тухайлбал энэ тохиолдолд газар ашиглах эрхийн харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байх явдал юм.
3.4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар зэргээс үзэхэд, хариуцагчийн зүгээс газрын тухай хууль тогтоомж зөрчиж олгосон газар ашиглах эрхийн улмаас нэхэмжлэгч компаниудад эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн болох нь тогтоогдож байна.
3.5. Тухайлбал, нэхэмжлэгч компаниудаас тухайн газартаа зориулалтын дагуу барилга байшин бариулах ажил гүйцэтгэх гэрээ болон холбогдох бусад гэрээнүүдэд[12] хамаарах тодорхой зардлууд гарчээ.
3.6. Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна.”, мөн зүйлийн 104.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно.” гэж заасан.
3.7. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нар нь хариуцагчаас нөхөх олговор шаардах эрхтэй байх бөгөөд тухайн эрхийг энэ шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3.8. Харин энэхүү маргааны хүрээнд нөхөх олговрыг нэхэмжлэгч шаардаагүй, тэр агуулгаар маргаагүй тул нэхэмжлэгчид ямар хэмжээний зардал гарсан буюу нөхөх олговрын зүйлийн хэмжээний талаар шүүх дүгнэлт хийгээгүй, хийх үндэслэлгүй болохыг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ***** ХХК, ************* ХХК-аас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/273 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 2 дахь тал
[2] Хх 17 дахь тал
[3] Хх 100 дахь тал
[4] Хх 99-100 дахь тал
[5] Хх 86-87 дахь тал
[6] Хх 84-85 дахь тал
[7] Хх 133-135 дахь тал
[8] Хх 80 дахь тал
[9] Хх 80 дахь тал
[10] Хх 143-144 дэх тал
[11] Хх 146-147 дахь тал
[12] Хх 61-63, 65-68, 69-72 дахь талуудыг үз