| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2024/01186/И |
| Дугаар | 151/ШШ2024/00935 |
| Огноо | 2024-11-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 151/ШШ2024/00935
| 2024 11 22 | 151/ШШ2024/00935 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун би,
Нэхэмжлэгч: Н.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Г-д холбогдох,
Гэм хорын хохиролд 7,454,300 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.Г миний бие 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 7 цаг 4 минутад Баянгол дүүргийн Саппорогийн уулзвар нэвтрэх явцад ... улсын дугаартай автомашин гэрлэн дохио зөрчиж ... улсын дугаартай Сонато 7 маркийн автомашиныг мөргөж авто замын осол гаргасан. Ослоос шалтгаалан миний автомашин болон эд хөрөнгөд 7,454,300 төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд хариуцагч С.Г-аас үнэлгээний мөнгө 5,722,500 төгрөг, авто оношилгоо 420,000 төгрөг, ажилд явах өдрийн зардал 480,000 төгрөг, зогсоолын төлбөр 240,000 төгрөг, чирэгч хэрэглэсэн төлбөр 160,000 төгрөг, нийт 7,454,300 төгрөгийг өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие нэхэмжлэгч Н.Г-ын нэхэмжлэлийн шаардлага 7,454,300 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Н.Г нь зөвшөөрвөл эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Н.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г-д холбогдох гэм хорын хохиролд 7,454,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцов. Үүнд:
1.Хариуцагч С.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэгч Н.Г-д төлөхөөр,
2.Нэхэмжлэгч Н.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 954,300 төгрөгөөс татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулав. Энэхүү эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулах бөгөөд хэрэв талууд гэрээгээр болон шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэж байгаа болно. Талууд дахин энэ асуудлаар маргаан үүсгэхгүй, шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй гэдгийг ойлгож, гэрээг баталгаажуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч С.Г-д холбогдуулан гэм хорын хохиролд 7,454,300 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ “... Хариуцагч Н.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор нэхэмжлэгч Н.Г-д төлөхөөр, нэхэмжлэгч Н.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 954,300 төгрөгөөс татгалзаж, эвлэрлийн гэрээ байгуулав” гэж харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Талуудын эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Н.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Г-д холбогдох гэм хорын хохиролд 7,454,300 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.Г нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 954,300 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,500,000 төгрөгийг хариуцагч С.Г нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 67,107 төгрөгийг, хариуцагч С.Г-аас 67,107 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Г-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлэх, биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг хариуцагчид сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН