Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Батмөнх |
Хэргийн индекс | 144/2024/00038/И |
Дугаар | 144/ШШ2024/00167 |
Огноо | 2024-10-25 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 144/ШШ2024/00167
2024 10 25 | 144/ШШ2024/00167 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3-р баг, Цагаан-Овоо, Зүүн суу, 916 тоотод оршин суух, Т овгийн Д.Н /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг, Жавхлантад оршин суух, Х овгийн Ж.Б /РД:ШБ83122871/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Батбилэгтэй 2008 оны 05 сарын 27-нд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин Ж.Е төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд эв түнжинтэй хүүхдээ сайхан өсгөн хүмүүжүүлж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд үзэл бодол зан байдлын хувьд хоорондоо таарч тохирохоо больж үргэлж маргалдаж хэрэлдэх болсон. 2017 оноос Батбилэгээс салж тус тусын амьдралтай болсон. Цаашид эвлэрэх хамт амьдрах ямар ч боломжгүй болсон. Иймд 2008 оны 015 дугаартай гэрлэлтийн гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Ж.Б 2006 онд танилцаад хамт амьдраад, 2008 онд бид хоёрын дундаас Б.Естер гээд охин төрсөн байгаа. Батбилигтэй 2017 он хүртэл бараг 10 гаруй жил амьдарсан байгаа. Явах үедээ архи уугаад гэртээ ирэхээ болиод эрэгтэй, эмэгтэй архи уудаг хүмүүстэй нийлээд, гэртээ ирэхээ болиод зан ааш нь хувираад явсан. Өөрөө явна гээд явсан. Би хойноос нь гуйж үзсэн. Охиноо бодоод хоёулаа эв түнжинтэй амьдаръя. Би яаж ч байсан чиний үгнээс гарахгүй. Би 100 хувь буулт хийж гуйсан. Хамт амьдаръя хүүхдээ бодоод хоёулаа хэрүүлгүй сайхан амьдаръя гээд гуйсан юм. Тэгсэн үгүй гээд өөрөө яваад өгсөн, ирээгүй. Тийм зүйл болсон юм. Эхний хэдэн жил хэвийн байсан юм. Сүүл рүүгээ архи уугаад, бүтэхгүй хүнтэй нийлээд архи уугаад явсан. Архинаас болж таарч тохирохгүй байсан. Миний хувьд 2017 оноос салаад, бараг 7 жил болчихсон юм байна. Архи уугаад миний сэтгэл хөрөөд, хамт амьдрах боломжгүй болсон. Тэр хүн надаас яваад хоёр ч хүнтэй суугаад салсан сураг байсан. Охин нь очиж харсан байсан.” гэв.
Хариуцагч Ж.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Диваа овогтой Нандинзаяагийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Бид хоёр 2017 оноос хойш тусдаа амьдрахаар болсон. Д.Нандинзаяа нь одоо тусдаа өөр хүнтэй амьдарч байгаа. Мөн миний бие өөр хүнтэй хамтын амьдралтай болсон. Түүний гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дундын хөрөнгийг Д.Н болон охин Ж.Е үлдээсэн. Ямар нэгэн маргаан байхгүй. Б.Е ээж Д.Н асрамжид байлгахад татгалзах зүйлгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.” гэв.
Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ “Д овогтой Н нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул шүүх хуралд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Учир нь миний бие хөдөө амьдардаг, сүлжээ муу, цахимаар шүүх хуралдаанд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Мөн биечлэн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Н хариуцагч Ж.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчид нь 2006 онд танилцан 2007 оноос хамт амьдарсан ба 2007 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 015 дугаарт 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хавтаст хэргийн 10 дахь тал/
Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар зохигчид нь 2007 онд гэр бүл болж, тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин Х овгийн Б.Е нь төрж, эрүүл өсөн бойжиж байгаа болох нь зохигчийн гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хүүхдийн төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. /хавтаст хэргийн 7, 8 дахь тал/,
Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй, тус тусын амьдралтай болсон нь шүүхэд болон шүүх хуралдаанд зохигчийн гаргасан нэхэмжлэл, тайлбар болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ц.Гантуяагийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 144/ЭТ2024/00006 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан эвлэрүүлэх урьдчилсан арга хэмжээ авах шаардлагагүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэв. /хавтаст хэргийн 4 дэх тал/
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус зааснаар эцэг Ж.Б нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх, эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй. Охин Б.Е нь эцэг Ж.Б овоглосон байна.
Эх Д.Н, эцэг Ж.Б нар нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, охин Б.Е санал болон охины төрсөн цагаас хойш эх Д.Н асрамж асаргаанд хамт амьдарч байгаа зэргийг харгалзан охин Б.Е эх Д.Н асрамжид шийдвэрлэлээ.
Хариуцагч Ж.Б нь шүүхэд “...миний бие хөдөө амьдардаг, сүлжээ муу, цахимаар шүүх хуралдаанд оролцоход хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Мөн биечлэн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасныг шүүх нэхэмжлэгчийн саналыг харгалзан хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Зохигчид нь эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т овгийн Д.Н /РД:***********/, Х овгийн Ж.Б /РД:**************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Е эх Д.Н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх, эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Н олгосугай.
5. Зохигчид нь эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Г даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ