| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2002004540483 |
| Дугаар | 2023/ДШМ/65 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ДШМ/65
2023 01 17 2023/ДШМ/65
Ч.А-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Анхцэцэг,
шүүгдэгч Ч.А-ын өмгөөлөгч Р.Оюунцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/726 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Анхцэцэгийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Ч.А-т холбогдох эрүүгийн 2002004540483 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овгийн Ч-ын А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .................................... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, ................. мэргэжилтэй, ............... ажил..., ам бүл .., хүүхдийн хамт .................... дүүргийн ... дүгээр хороо, ............................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................../.
Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Хөрш заан” хотхоны 106б дугаар байрны 71 тоотод мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бүртгэл үүсгэн, тоглоомд оролцож байгаа хүн бүртгэлийн нэрийг мөнгө шилжүүлэхдээ утга дээр нь бичих аргыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.А-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т 3.000 нэгтэж тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.А-т торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдэж, шүүгдэгч Ч.А-т оногдуулсан 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн улмаас олсон орлого гэх 135.226.558 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгуулах орлогыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг хураагдсан 1 гэж дугаарласан хар ангийн процессор 1 ширхэг, 2 гэж дугаарласан хар ангийн Semf брэндийн процессор 1 ширхэг, 3 гэж дугаарласан хар өнгийн процессор 1 ширхэг, 4 гэж дугаарласан хар өнгийн процессор 1 ширхэг, 5 гэж дугаарласан цагаан өнгийн NZXT брэндийн процессор, 1 гэж дугаарласан АСЕР маркийн компьютерын дэлгэц 1 ширхэг, 1 гэж дугаарласан АLРНА маркийн компьютерын дэлгэц 1 ширхэг, 2 гэж дугаарласан НКС маркийн компьютерын дэлгэц 1 ширхэг, 2 гэж дугаарласан DELL компьютерын дэлгэц 1 ширхэг, 3 гэж дугаарласан LОК маркийн компьютерын дэлгэц 1 ширхэг, 4 гэж дугаарласан DELL маркийн компьютерын дэлгэц 1 ширхэг, 1 гэж дугаарласан АРТЕС маркийн компьютерын гар 1 ширхэг, 2 гэж дугаарласан DELL маркийн компьютерын гар 1 ширхэг, 3 гэж дугаарласан Juexie маркийн компьютерын гар 1 ширхэг, 4 гэж дугаарласан DELL маркийн компьютерын гар 1 ширхэг, 1 гэж дугаарласан Promate маркийн компьютерын хулгана 1 ширхэг, 2 гэж дугаарласан хар өнгийн компьютерын хулгана 1 ширхэг, 3 гэж дугаарласан Warwolf маркийн компьютерын хулгана 1 ширхэг, 4 гэж дугаарласан АСIК маркийн компьютерын хулгана 1 ширхэг, 9 ширхэг залгуур утаснууд, 400 ширхэг хасаа, Покер стар гэсэн бичигтэй хөзөр 3 ширхэг, улаан хүрэн өнгийн хөзөр 5 ширхэг зэргийг улсын орлого болгож, “Lenovo” маркийн L340 моделын хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Samsung” гэсэн бичигтэй саарал өнгөтэй Core I7 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 107 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 30 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АНУ-ын мөнгөн тэмдэгт болох 100 доллар 1 ширхэг, 10 доллар 2 ширхэг, 5 доллар 1 ширхэг, 1 доллар 1 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 1 ширхэг, БНХАУ-н мөнгөн тэмдэгт болох 50 юань 1 ширхэг, 100 юань 4 ширхэг зэргийг шүүгдэгч Ч.А-т буцаан олгож, “Sony” гэсэн бичигтэй төмөр флаш 1 ширхэг, үндсэн тоглогчид гэх нэр бүхий иргэдийн нэрс бичсэн цаас 4 хуудас, дансны хуулганы бичлэг бүхий сиди 2 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаар прокурорын зөвшөөрлөөр “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Туул голын гудамж 63а байрны 17 тоотод байрлах 2 өрөө 70 м.кв орон сууц”-ын хязгаарлахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасан зөвшөөрлийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөр, бусдад төлөх төлбөргүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2022/ШЗ/2009 дугаар шүүхийн шийдвэрт залруулга хийх тухай шүүгчийн захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/726 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ нь: хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж залруулжээ.
Прокурор Х.Анхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/726 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг гаргаж байна.
Шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт хийхдээ “Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106б дугаар байрны 71 тоотод мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бүртгэл үүсгэн, тоглоомд оролцож байгаа хүн бүртгэлийн нэрийг мөнгө шилжүүлэхдээ утга дээр нь бичих аргыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар болон гэрч О.М, Б.Н нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-28, 95-121/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.А нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бүртгэл үүсгэн, тоглоомд оролцож байгаа хүн бүртгэлийн нэрийг мөнгө шилжүүлэхдээ утга дээр нь бичих аргыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна” гэж дүгнэсэн атлаа “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Ч.А-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-т 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөр гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын шаардлагыг хангаагүй, шүүхээс уншиж сонсгосон тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйлсийг хэрэглэж олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологийг ашиглан иргэд, олон нийтийг үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоомд татан оролцуулж, тоглоомыг мөрийтэй хэлбэрээр зохион байгуулж, өөртөө хялбар аргаар ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг юм. ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан таах боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоом тоглож, өөртөө ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ч.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас олон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж дүгнэсэн атлаа эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого олох боломж тодорхой бус, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг алдагдуулсан байна.
Мөн шүүгдэгч Ч.А дээрх гэмт хэргийг үйлдэхийн тулд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106б дугаар байрны 71 тоот байрыг түрээслэн, тоног төхөөрөмжөөр хангаж, хүн хөлсөөр ажиллуулж байсан зэрэг нөхцөл байдлыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлгүй байна.
Шүүхийн гэм буруугийн шатанд улсын яллагчаас ... шүүгдэгчийн гэрт нэгжлэг хийх ажиллагааны үеэр хураан авсан эд зүйл болох “Lenovo” маркийн L340 моделын хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Samsung” гэсэн бичигтэй саарал өнгөтэй Core I7 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 107 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 30 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АНУ-ын мөнгөн тэмдэгт болох 100 доллар 1 ширхэг, 10 доллар 2 ширхэг, 5 доллар 1 ширхэг, 1 доллар 1 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 1 ширхэг, БНХАУ-н мөнгөн тэмдэгт болох 50 юань 1 ширхэг, 100 юань 4 ширхэг, Покер стар гэсэн бичигтэй хөзөр 3 ширхэг, Улаан хүрэн өнгийн хөзөр 5 ширхэг, “Sony” гэсэн бичигтэй төмөр флаш 1 ширхэг, үндсэн тоглогчид гэх нэр бүхий иргэдийн нэрс бичсэн цаас 4 хуудас зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзэн улсын төсөвт шилжүүлэхээр санал гаргасан.
Шүүх хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлийг улсын төсөвд шилжүүлэхээр, нэгжлэг хийх ажиллагааны үеэр хураан авсан эд зүйлийг буюу “Lenovo” маркийн L340 моделын хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Samsung” гэсэн бичигтэй саарал өнгөтэй Core I7 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 107 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 30 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АНУ-ын мөнгөн тэмдэгт болох 100 доллар 1 ширхэг, 10 доллар 2 ширхэг, 5 доллар 1 ширхэг, 1 доллар 1 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 1 ширхэг, БНХАУ-н мөнгөн тэмдэгт болох 50 юань 1 ширхэг, 100 юань 4 ширхэг, Покер стар гэсэн бичигтэй хөзөр 3 ширхэг, Улаан хүрэн өнгийн хөзөр 5 ширхэг, “Sony” гэсэн бичигтэй төмөр флаш 1 ширхэг, үндсэн тоглогчид гэх нэр бүхий иргэдийн нэрс бичсэн цаас 4 хуудас зэрэг эд зүйлийг шүүгдэгч Ч.А-т буцаан олгуулахаар уншиж сонсгосон атлаа прокурорт гардуулсан шийдвэрт нэгжлэг хийх ажиллагааны хураан авсан 400 ширхэг хасаа, Покер стар гэсэн бичигтэй хөзөр 3 ширхэг, улаан хүрэн өнгийн хөзөр 5 ширхэг зэргийг улсын орлого болгож, үндсэн тоглогч гэсэн нэр бүхий бичгийг хэрэгт хавсаргах, "“Lenovo” маркийн L340 моделын хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, “Samsung” гэсэн бичигтэй саарал өнгөтэй Core I7 маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 107 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 30 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АНУ-ын мөнгөн тэмдэгт болох 100 доллар 1 ширхэг, 10 доллар 2 ширхэг, 5 доллар 1 ширхэг, 1 доллар 1 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 1 ширхэг, БНХАУ-н мөнгөн тэмдэгт болох 50 юань 1 ширхэг, 100 юань 4 ширхэг зэргийг шүүгдэгч Ч.А-т буцаан олгохоор тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг зөрчсөн байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/726 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ч.А-ын өмгөөлөгч Р.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь хянан хэлэлцээд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан бөгөөд хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцоод ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж үг, үсгийн алдаатай бичсэн. Гэхдээ анхан шатны шүүх өөрөө дүгнэлт хийгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар үг, үсэг болон тоо тооцооны алдаа гарсан байна гээд залруулж захирамж гаргасан. Иймд хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Ч.А нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол байхгүй, өөрөө гэм буруугаа ойлгож байгаа тул шүүхээс сонгох санкцын хүрээнд ял шийтгэлийг оногдуулсан. Ялыг доош нь татаж хөнгөрүүлсэн зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санкцын хүрээнд шүүх дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй. Мөрийтэй тоглоомын газраас хураан авсан эд зүйлийг бүгдийг улсын орлого болгосон, үүнд гомдол гаргаагүй. Харин гэрээс олдсон эд хөрөнгийг өөрт нь буцаан олгосон. Шүүгдэгч Ч.А нь гэртээ ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй. Гэрт байсан 100 ам.доллар 1 ширхэг, 10 ам.доллар 2 ширхэг, 5 ам.доллар 1 ширхэг, 1 ам.доллар 1 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 1 ширхэг, 50 юань 1 ширхэг, 100 юань 4 ширхэг гэх мэт мөнгөн тэмдэгт нь бурханыхаа урд тавьдаг байсан мөнгө байдаг. Уг мөнгийг болон гэрт байсан компьютерт үзлэг хийгээд буцаан олгох нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн прокуророос 135.000.000 төгрөгийг ашиг олсон гэж дүгнэсэн. Шүүх үүнийг тогтоогдохгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь, шүүгдэгч Ч.А нь “2 долоо хоногийн хугацаанд туршилтын журмаар үйл ажиллагаа явуулаад, ажиллах учраа олохгүй байсан” гэж мэдүүлсэн. Энэ хугацаанд 135.000.000 сая гаруй төгрөгийн орлого олсон гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтээр ч тогтоогдоогүй, гэтэл прокурор яллах дүгнэлтийнхээ хавсралтад 135.000.000 сая гаруй төгрөгийг Ч.А-оос хураах, мөн орон байрыг нь битүүмжилсэн шийдвэр гаргасан байсан. Прокуророос тайлбарлахдаа нийт ашгийн 3 хувь гэж тооцсон гэдэг. Өөрсдөө дураараа хийсвэрээр тооцоод гаргасан байдаг. Шинжээч мэдүүлэхдээ “ашгийг тодорхойлох ямар ч боломж байхгүй” гэсэн. Энэ бүхнээс үзэхэд хэдэн төгрөгийн ашиг олсон нь нотлох баримтаар тогтоогдоогүй учраас анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллаагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Ч.А нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Хөрш заан” хотхоны 106б дугаар байрны 71 тоотод мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор бүртгэл үүсгэн, тоглоомд оролцож байгаа хүн бүртгэлийн нэрийг мөнгө шилжүүлэхдээ утга дээр нь бичих аргыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 36-40/,
2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нэгжлэг хийж эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хх 44-49/,
гэрч О.М-ийн “...Би Өвөрхангай аймгийн харьяат ... холын хамаатны эгч Адъяа гэдэг хүн над руу 2020 оны 8 дугаар сарын 29-ний үед утсаар ярьж “чи юу хийж байгаа вэ? чамд ажил санал болгоё гэхээр нь ямар ажил гэсэн чинь цахим мөрийтэй тоглоом ажиллуулахад админыг нь буюу зохион байгуулагчийг нь хийнэ гэж хэлж байсан. Тухайн үед би түүнд “энэ чинь хууль бус биз дээ” гэсэн чинь Адъяа эгч надад хандан санаа зоволтгүй гэж хэлсэн. Ингээд би тухайн өдрөө Адъяа эгчтэй хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Хөрш заан” хотхоны 106б байрны 71 тоотод ирэхэд тэнд зочны өрөөнд 4 ширхэг процессор, 6 ширхэг монитор /дэлгэц/ болон интернеттэй хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл ажиллагаа явагдаж байсан. Надтай хамт Лхагвадолгор гэдэг эмэгтэй очсон. Би эхлээд Билгүүнээ эрэгтэйтэй хамт ээлжинд 2 удаа хоноод дараагийн ээлжнээс нь Лхагвадолгор гэдэг эмэгтэйтэй хамт өнөөдрийг хүртэл ээлжинд хонож байсан юм. Бидний нөгөө ээлжинд нь Заяа, Дөлгөөн гэх хоёр хонодог байсан юм. Тэгээд өнөөдөр ээлждээ гараад байж байхад цагдаа нар ирсэн юм. ...”/1 хх 97-98/,
гэрч О.М-ийн дахин өгсөн “... Эхлээд тоглогч “МН ПОКЕР.сайт гэсэн веб сайт руу орж тоглоомд нэвтэрнэ. Дараа нь өөрийн тоглогчийн нэрээр бүртгэл үүсгэж түүндээ дансны дугаар утас И-мэйл хаягаа бүртгүүлж үүссэн бүртгэлээрээ өөрийн тоглогчийн дансаа цэнэглэж тоглодог. Өөрөөр хэлбэл, тухайн сайт дээр тавигдсан бидний данс руу мөнгөө шилжүүлж өөрийн дансаа цэнэглэнэ гэсэн үг. Цэнэглэгдсэн дансаараа дурын ширээгээ сонгоно. Үнэ нь 100 төгрөгөөр эхлээд 20.000 хүртэлх ширээнүүдээр сонголтоо хийж цахимаар покер тоглоно. Тэгээд хөзөр эргэсэн тухай тоглолт бүр дээрх бооцооны мөнгөнөөс 3 хувь нь манай дансанд орж үлдсэн хувь хожсон хүний дансанд ордог. Өдөрт 120-оос 130 хүн тоглодог бөгөөд манай орлого өдөрт 7.000.000 төгрөгөөс 9.000.000 төгрөгийн хооронд байдаг юм. Гэхдээ тэрийг зохион байгуулж байгаа Жак, Ариунаа гэх хүмүүс тооцоогоо хийдэг болохоор нарийн тооцоог сайн мэдэхгүй байна. ...” /1 хх 100/,
гэрч Д.А-гын “...Манай хуурай дүү Мөнхжаргал нь миний өөрийн 99117512 гэсэн дугаарыг 2018 оны өвөл “Сайн капитал” ББСБ-д тавьсан юм. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын эхээр тухайн байгууллагаас зээлээ төл гээд над руу залгахаар нь би Мөнхжаргал руу ярихад, эгч хоёулаа уулзаж байгаад ярилцъя гээд бид 2 Шангирлагийн кофе шопод уулзсан юм. Тэгээд Мөнхжаргал надтай ярихдаа Адъяатай таарсан чинь цаадах чинь цахим тоглоом хийх гэж байгаа юм байна. Тэгээд надтай хамтраад цахим мөрийтэй тоглоом хийх үү гэж надаас асуугаад туслаад өгөөч гэж ярьж байсан юм. Би тухайн үед эгч нь наадахыг чинь мэдэхгүй, чи ямар ч байсан миний утасны зээлийг яаралтай барагдуул гэсэн юм. ...” /1 хх 78-79/,
гэрч Ж.М-ын “...Надад хуулиар хориглосон мөрийтэй тоглоом цахим орчинд зохион байгуулсан асуудал байхгүй. Би цахим орчинд зохион байгуулагддаг МNрокеr.net нэртэй цахим мөрийтэй тоглоомыг мэднэ. Тус мөрийтэй тоглоомыг Адъяа зохион байгуулдаг юм. “Би Монголд зохиогддог бүх сайтууд руу орж тоглодог юм. Би Адъяатай хамтран МNрокеr.net-ийг ажиллуулсан асуудал байхгүй. Би Аын Хан-Уул дүүргийн Хөрш заан хотхонд сайт ажиллуулдаг байхад нь хэзээ гэдгийг нь санахгүй байна очиж байсан. Адъяад бусад сайтуудын давуу болон дутагдалтай талыг нь хэлж өгч тусалж байсан. Түүнээс зохион байгуулж ашиг олж байсан асуудал байхгүй. “Би Хаан банкны 5029278048 дугаарын данстай. Өөр Хаан банкны нэг данстай байсан олон жилийн өмнө ашиглаж байсан болохоор мартсан байна. Би 91917700 гэсэн утастай “Намайг хүмүүс Жак гэж дуудаг юм. Би Чимэдваамын Аыг амьд тоглоом хийдэг байхад нь 3-4 жилийн өмнө очиж тоглодог байхдаа мэддэг болсон байгаа. ...” /1 хх 81-82/,
гэрч Б.Н-ын “...Би 2004 оноос хувиараа программын чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлдэг. 2020 оны 7 дугаар сард найз Мөнх-Эрдэнэ манай нэг хуурай ахад веб (Web) ажил байгаа чи нэг уулзаад үзээч гэхээр нь за тэгье гээд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ариунаа гэх эгчийн хүүхэдтэй нь уулзсан юм. Тэгээд Ариунаа гэх эгчийн хүүхэд нь “надад нэг покер тоглоомын сайт хэрэгтэй байна, чи хийж чадах уу? эсвэл мэддэг хүн байгаа юу” гэхээр нь “надад ерөнхийдөө бол байхгүй, интернетээс худалдаад авах боломжтой” гэдгийг хэлээд бид хэд салсан юм. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр уулзъя гээд тэр залуу залгаад би Зайсангийн удирдлагын академийн хажууд очиход, Ариунаа эгч Жак ах, Адъяа эгч байсан юм. Ариунаа эгч покерын сайтыг хэдэн төгрөгөөр худалдан авах боломжтой бэ? хаанаас авах бэ? гэж асуусан юм. Би тэгээд Ариунаа эгчид еventbetgame.com сайтаас 1.000 еврогоор худалдан авах боломжтой талаар хэлэхэд, чи ямар ч байсан бид хэдээс мөнгө аваад ажиллуулаад өгөө бид хэд чамд сард 3.000.000 төгрөгийн цалин өгье гээд тэр уулзалт дууссан юм. Би тэгээд гэртээ байж байхад Ариунаа эгч 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр залгаад мөнгөө олчихлоо асуух юм байна гялс хүрээд ир гэхэд Баянзүрх дүүргийн Натурын КFС-ийн хажууд 1 өрөө байранд ороод уулзахад, “бид хэд мөнгө бэлдчихлээ чи одоо энд ажлаа хийгээд гадаадын тэр байгууллагатай яриад покерын программаа захиал” гэсэн юм. Би тухайн покер тоглоомын сайт борлуулдаг еventbetgame.com сайт руу хандаж программыг захиалсан юм. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хойш МNрокеr.net гэсэн нэртэй цахим хууль бус мөрийтэй тоглоомыг Ариунаа эгч, Жак ах, Адъяа эгч нарын хамт анх ажиллуулж эхэлсэн юм. ...” /1 хх 92-93/,
гэрч Д.О-гийн “...Би Чимэдвааны А гэх хүнийг Адъяа гэдгээр нь мэднэ. Манай хөрш Жак хочтой Мөнхжаргалаар дамжуулж Адъяатай танилцаж байсан. Тухайн үед 2020 оны 8 дугаар сарын үед Жакаас зээлүүлсэн 50.000.000 төгрөгөө авах гээд утсаар холбогдоход надад хандан “Би онлайнаар Адъяа гэдэг хүүхэнтэй нэг юм хийж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь юу хийж байгааг нь харах гээд 8 дугаар сарын дундуур байсан санагдаж байна. Хан-Уул дүүргийн Хөрш заан хотхоны зогсоол дээр очоод Жактай уулзаад дотогшоо нэг байр руу нь орсон чинь дотор нь 2-3 ширхэг компьютер байрлуулаад онлайн покер ажиллуулж байсан. Тэгэхэд би анх Адъяатай танилцаж байсан бөгөөд Адъяагаас гадна дүү нь гээд эрэгтэй байсан юм. Тухайн үед би тэндээс онлайн покер нь ямар юм байдаг юм гээд тэндээс асуучихаад гарсан юм. ... Би Ч.А, Д.Ариунтунгалаг, Мөнхжаргал нартай хамтран хуулиар хориглосон цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан асуудал огт байхгүй. ...” /1 хх 83-84/,
гэрч Ш.Л-ын “...Манай ээжийн эгч Нямсүрэн гэдэг хүний охин А гэдэг эгч байдаг юм. 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр А эгч намайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөрш заан хотхоны 106б байрны 71 тоотод явагдаж байгаа цахим мөрийтэй тоглоомын газарт очиж ажиллахыг санал болгосон. Үүнээс өмнө Хаан банкны 5540600029 тоот дансыг интернет банкны нэвтрэх нэртэй хамт авч лимит хэтэрчихлээ гээд авч байсан. Тэгсэн чинь тухайн өдрийн цагдаа нар ирж биднийг баривчилсан. Би тухайн үед шөнө цагдаа дээр ирчихээд гадаа гарчихаад байхаар яваад өгчихсөн...” /1 хх 86/,
гэрч Ч.О-ын “...А бол миний төрсөн эгч ... 5542132376 тоот дансыг би өмнө нь эзэмшдэг байсан. 2021 оны 02 дугаар сард картын хугацаа дуусаад хаагдсан байхаар нь ашиглаагүй, тэгээд данс карт хоёроо хаалгасан. Манай эгч Ч.А 2020 оны 9 дүгээр сард эгчдээ дансаа ашиглуулчих гээд авсан. Орлого, зарлагыг бол би мэддэггүй байсан. ... Надаас ашигладаггүй данс болон карт байвал өгчих л гэсэн. Би 2019 оноос хойш нэг их ашиглаагүй тийм болохоор би өгсөн. Өөрөө данстай л байх би сайн мэдэхгүй байна. Яг ямар зорилгоор ашиглахаа бол хэлээгүй, би ч асуугаагүй. ...” /1 хх 97-98, 100/,
гэрч Б.Н-ын “...Би админаар ажиллаж байгаагүй, харин Орос улсын онлайн сайтаас худалдан авах боломжтой сервер байдаг талаар нь хэлээд мэйл хаягийг нь олж өгч байсан бөгөөд программыг нь худалдаж авсан байгаа. Мэдэхгүй зүйл гарвал чамаас асууж байна шүү гээд 2-3 удаа холбогдож уулзахад, программ хангамж болохгүй байгаад байна. Оросын сайтын оператор гэх хүнтэй нь холбогдож чадахгүй гээд хүрээд ирээч гэхээр нь Хан-Уул дүүргийн туул голын хойд талд байдаг нэг байранд очоод миний мэдэх программ биш гээд байж байгаад явсан. ...” /1 хх 95/,
гэрч Э.И-ийн “...Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Хөрш заан хотхоны 106б байрны 71 тоот байрыг 2015 оноос хойш эзэмшиж байгаа миний байр. Би тус байраа 2016 оноос хойш одоог хүртэл олон хүнд түрээсэлж байгаа миний байр. ... 2020 оны 8 дугаар сард түрээсэлж байсан хүн нь юнивешн интернетийн төхөөрөмжийн хурдыг ихэсгэж багцын сайжруулна гэж байсан. ...” /1 хх 103-104/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4052 дугаар дүгнэлт /1 хх 110-114/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 033 дугаар дүгнэлт /1 хх 133-137/,
“Ай Жэй Эй Эйч-Аудит” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 хх 160-171/,
2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 07210084 дугаар, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07210034 дугаар мөрдөгчийн лавлагаа /1 хх 187-197/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 15-28, 95-121/ шүүгдэгч Ч.А-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.А-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ч.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Прокурор Х.Анхцэцэгээс “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосон тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, мөн нэгжлэгээр хураан авсан эд зүйлүүдийг улсын орлого болгохгүй, шүүгдэгчид буцаан олгохоор заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Ч.А-ын гэм буруутай үйлдлийг зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт өөр хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болсон байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн “гэмт хэргийн улмаас олсон орлого тогтоогдохгүй тул гаргуулж улсын төсөвт олгох үндэслэлгүй” гэсэн дүгнэлт нь буруу болжээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас олсон орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэглэх талаар тодорхой заасан бөгөөд шүүгдэгч Ч.А нь дээрх гэмт хэргийг үйлдсэний улмаас дансаар нийт 4.512.001.915,52 төгрөгийн орлого орсон болохыг шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 033 дугаар дүгнэлт /1 хх 133-137/-ээр тогтоосон, гэрч О.Мөнх-Эрдэнийн “...тоглолт бүр дээрх бооцооны мөнгөнөөс 3 хувь нь дансанд орж, үлдсэн хувь хожсон хүний дансанд ордог...” /1 хх 100/ гэж тоглоомын дүрмийн талаар мэдүүлсэн байх тул 135.226.558 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэж үзсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байжээ.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Ч.А-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Ч.А-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 5 дахь заалтыг “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийн улмаас олсон орлого гэх 135.226.558 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгуулах орлогыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ын гэмт хэргийн улмаас олсон орлого 135.226.558 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчлөх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.А-ыг шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хорьсон байх тул торгох ялаас нь хасаж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/726 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтын “...Шүүгдэгч Ч.А-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Ч.А-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
- 5 дахь заалтын “Мөрийтэй тогтоол зохион байгуулсан гэмт хэргийн улмаас олсон орлого гэх 135.226.558 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгуулах орлогыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ын гэмт хэргийн улмаас олсон орлого 135.226.558 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-ын цагдан хоригдсон хоёр хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 30.000 төгрөгийг хасаж, нийт эдлэх торгох ялыг 2.970.000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Х.Анхцэцэгийн бичсэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 44 дүгээр прокурорын эсэргүүцлийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ