Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 118/ШШ2024/0050

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Цэнд-Очир даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.

Хариуцагч: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын хоорондын төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн "Ж.т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” гэжээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч Ж. нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар томилогдож, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан.

2.1 Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Ж.ыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн.

2.2 Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б/07 биш Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

3. Маргаж буй үндэслэл: Нэхэмжлэгчээс “...аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/51 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэл нь тодорхой бус, ойлгомжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” гэж маргасан.

3.1 Хариуцагчаас ”... Төрийн албаны тухай хууль болон бусад дүрэм, журмыг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй ...” гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч нь тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаартай тушаалын талаар Төрийн албаны зөвлөлд хандан 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/198 дугаар албан бичгээр хариу авч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон. ...Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хууль бусаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалаас халах сахилгын шийтгэл надад ногдуулсан. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хууль бус гэж үзэх дараах үндэслэл байна. Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 36/32 дугаар тушаалаар хамтран баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэх ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-аар нарийвчлан зохицуулдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийг аль тохирохыг ногдуулна" гэж заасан. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаар тушаалд "Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/51 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ..." хэмээн дурдсан байх бөгөөд төрийн захиргааны албан хаагч надад сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэл тохиолдол нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахын тулд түүний гаргасан зөрчлийг нотлох баримтаар нотолж тогтоосон байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн төрийн албан хаагчийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох баримтаар тогтоосон байх болон уг үйлдэл, эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн ямар хэм хэмжээг зөрчсөн болохыг нотолсон байх шаардлагатай. Гэтэл уг захиргааны актад би ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болон Төрийн албаны тухай хуулийн ямар хэм хэмжээг зөрчсөн болохыг огт тусгаагүй байна. Төрийн албан хаагчийн гаргасан зөрчлийг нотлох баримтаар тогтоосон нөхцөлд уг зөрчилд ногдуулах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон байх учиртай. Энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "... тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ...дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:" хэмээн хуульчилсан. Мөн, "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.4.2, 1.4.5-д төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх, хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг баримтална хэмээн заасан. Миний гаргасан гэх сахилгын зөрчлийг нотлох баримтаар тогтоогүй атал надад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь эдгээр зарчмыг зөрчсөн болно. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.т сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар байгуулжээ. Уг шийдвэрээр сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлтээ 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дотор танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон.  Ажлын хэсэг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтэд ... "" ХХК-ийн дансанд 4 өрөө орон сууц, 2 гражийн үнэ 192,720,000 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.ын гарын үсгээр шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байна. 1 гражийн мөнгөн төлбөр илүү шилжсэн гэж үзэхээр байна..." хэмээн дүгнэсэн. Энэ дүгнэлтийг миний бие тухайн үед ойлгохгүй байгаагаа илэрхийлж байсан. Би аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын хувьд мөнгөн төлбөрийн гүйлгээ хийх баримтад гарын үсэг зурсан ба илүү шилжүүлсэн асуудал байхгүй. Надад сахилгын шийтгэл ногдуулах болсон бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр ажлаас халсан нь миний ажил хөдөлмөр эрхлэх, төрийн алба хаших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй." гэж хуульчилсан. Гэрээний дагуу орон сууцны үнэ шилжүүлсэн төлбөрийн баримтын огноо 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бөгөөд уг өдрөөс сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 2.384 хоног буюу 6 жил 6 сар 9 хоног өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл: Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан сахилгын шийтгэл ногдуулж болох хугацаа өнгөрснөөс хойш надад сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болно. Миний бие аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа сарын үндсэн цалин 1,757,000 төгрөг, ажил үүрэг хавсран, хослон гүйцэтгэсний нэмэгдэл 20 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 10 хувь, төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл 30 хувь, орон нутагт ажилласны нэмэгдэл 40 хувь, өдрийн хоолны мөнгө 5000, унааны мөнгө 1500 төгрөг, сард 3,650,000 орчим төгрөгийн цалин хөлс авдаг байсан. Хоол унааны мөнгө тухайн сарын ажлын өдрөөс шалтгаалан өөр өөр байдаг. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2023.10.06-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2024.02.26-ны өдрөөр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 17,5 сая төгрөг болно. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д "Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно." хэмээн хуульчилсан. Миний бие 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс асуудлаа шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх тухай хариуг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/198 дугаар албан бичгээр өгсөн. Маргааны зүйлийн тухайд албан тушаал чиг үүргээрээ миний эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэгтэй хамааралтай зүйл бага байгаа. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоол, шийдвэртэй холбоотой асуудал байдаг. 2017 оны 01 дүгээр сард баталсан төсвөө 2017 оны 06 сард тодотгож оруулсан байдаг. Тухайн хуралдаанд байр авах талаар хэлэлцэгдэж байгаа нь санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.ын хувьд хариуцах ажил биш гэдгийг тодруулж хэлье. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга н.******* даргын гаргасан ажлын хэсгийг миний бие ахалж ажилласан. Орон сууцыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд бүртгэх үүргийг цаг алдалгүй бүртгэж ажилласан. Эд хөрөнгө одоогоор элэгдэл хорогдол нь тооцогдож, орон нутгийн өмчийн газраас орон сууцны одоогийн зах зээлийн ханшийг гаргаж ирүүлсэн байна гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын мэтгэлцээнийг ажиглаад байхад 2 гол зүйл яригдаж байна. Маргаан бүхий захиргааны актад шууд хамааралтай биш, шууд бусаар 2 зүйл яригдаж байна. Нэгдүгээрт, ын байрны асуудал. гэх монгол улсын иргэн хүн байр авъя гэх шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гаргасан. Тэр шийдвэр Төсвийн тухай хууль, холбогдох дүрэм, журамтай нийцсэн эсэх нь тусдаа асуудал. Тэр шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг дарга захирамж гаргаад байр, гарааш худалдан авъя гээд үнэлгээний хороо байгуулаад шийдвэрээ гаргасан байна. Дараагийн асуудал нь энэ шийдвэрийн дагуу байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо ажилласан асуудал байна. “” ХХК тендерт оролцох гэж хүсэж байсан бол аль байрны хэдэн тоотыг тендерт оролцуулах талаараа хаяг байршил, зураг зэрэг холбогдох материалыг ирүүлэх шаардлагатай байсан байна. Холбогдох материал тендерийн сонгон шалгаруулалтад ирүүлээгүй, холбогдох материалыг ирүүлээгүй байхад тендерийн үнэлгээний хорооны гишүүд ажилласан байна. Анхны тендерийн нэр нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт 4 өрөө байр, 1 машины граш хамт нийлүүлэх гэдэг нь энэ тендерийн нэрийг заасан байна. Тоо хэмжээг тодорхой заагаагүй гэж үзэж байна. Шүүхийн зүгээс шинжлэн судалсан баримт дээр тендерийн нэрийн талаар шинжлэн судалсан. Тендерийг зохион байгуулах хороо тухайн тендерт “” ХХК-ийг шалгаруулаад 192,720,000 төгрөгөөр гэрээ байгуулахаар зөвлөмж өгсөн. Зөвлөмж өгөхийн өмнө үнэлгээний хороо дүгнэлтээ гаргасан. Энэ дүгнэлт, зөвлөмжид *******-р байрны хэдэн тоот, хэдэн граш зэргийг тодорхой тусгаагүй. Гэрээ байгуулах чиг үүрэг бүхий албан хаагч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд орон сууцны тоотыг ******* гэж тусгасан. Гэрээний агуулгыг харахад 192,720,000 төгрөгөөр байр, орон сууцыг авсан талаар тусгасан. Гэрээнд грашны тоог заагаагүй. Грашны тоог гэрээнд заагаагүй мөртлөө тендерийнхээ нэртэй холиод 1 граш авах байсан талаар хариуцагч талаас тайлбарлаж байна. Тооцоод үзэхээр 192,720,000 төгрөгт 4 өрөө орон сууц нэгийг, граш хоёрыг авсан нь тодорхой гарч ирнэ. Нэг граш авах байсан бол гэрээг байгуулсан хүмүүс үнийн дүнгээ эхлээд хянах байсан. Граш авах байсан бол 192,0 сая төгрөг дээрээ нэмэх нь 10,0 сая төгрөг гээд НӨАТ зэргийг тооцоолж нэмэх байсан. Энэ нь бас бидний маргаад буй асуудал биш. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б/67 дугаар тушаал дээр маргаж байгаа. Б/67 тушаал нь миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг шууд хөндөж байгаа тушаал юм. Б/67 дугаар тушаал захиргааны актын хувьд агуулга нь тодорхой ойлгомжтой байх ёстой. Уг тушаалд Ж. ямар зөрчил гаргасныг нь бичиж, тухайн үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчсөнийг тодорхой гаргаж ирж, түүнд хариуцлагын асуудал яригдах байсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн учраас бид бүхэн У. даргын ахалсан ажлын хэсгийн дүгнэлт рүү орж маргаад байгаа. Нэг грашны төлбөр илүү шилжүүлсэн үү?, үгүй юу? гэх асуудал үүсэж байна. Миний үзэж буйгаар 1 граш гэдэг нь тендерийн нэр болохоос тендерт оролцсон компани грашны тоог заагаагүй, үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж болон гэрээнд грашны тоог дурдаагүй байна. 192,720,000 төгрөгийн үнийн дүнд 4 өрөө орон сууц нэг, хоёр граш таарсан байна. Хоёрдугаарт, 2017 онд ажлын хэсэг ажилласан байна. Ажлын хэсэг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлж аваагүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж байна. Ажлын хэсэг аймгийн Засаг даргын  Тамгын газрын хөрөнгөд эд хөрөнгийг бүртгэж, шилжүүлж авахыг даалгаж байна. Тамгын газарт энэ бүртгэл байна. 192,720,000 төгрөгийн төсөвтэй 0002433 гэх кодтой хөрөнгө 40 жилийн хугацаанд ашиглахаар элэгдэл, хорогдол нь тооцогдоод явж байна. Үүнийг дэлгэрүүлж ойлгоод улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэж тайлбарлаж байна. Эрхийн зөрчлийн асуудлын тухайд тендерийн үнэлгээний хороо эрхийн зөрчилтэй байр худалдан авах ёстой эсэх асуудал үүснэ. Тендер зарлаж байхдаа эрхийн зөрчилтэй эсэх тал дээр хэн хэн нь хариуцлагатай хандсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. Манай үйлчлүүлэгчийг дээрх 2 зөрчлийг гаргасан гэж үзээд байгаа. Нэг грашны мөнгөн төлбөр илүү шилжүүлээгүй гэрээнд тоо заагаагүй, нэг граш гэдэг нь тендерийн нэр байна гэж үзэж байна. Ажлын хэсэг Тамгын газрын хөрөнгөд эд хөрөнгийг бүртгэсэн нь орон нутгийн өмчийн газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. У. дарга тайлбартаа үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тал дээр маргаж байгаа. Үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх нь нэхэмжлэгчийн үүрэг биш байна. Гаргасан зөрчил байхгүй байна. Зөрчил гаргасан нь бодитой тогтоогдсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах байсан. Б/67 дугаар тушаалаар Ж.т сахилгын шийтгэл ногдуулсан. Ж. дарга удирдлагуудын шийдвэрийг биелүүлээд баталсан төсвийн дагуух мөнгийг гарын үсэг зурж шилжүүлсэн байна. Үүнийг зөрчил гэж үзээд байгаа нь учир дутагдалтай байна. Зөрчлийн шинж байдал нь юу вэ?. Ж. дарга энэ мөнгөнөөс нэг ч төгрөгийг өөртөө аваагүй. Улсад учирсан хохирол нь юу юм бэ?. байраа хэл амтай байна өгье гэдэг. Эзэмшигч н. нь ч гэсэн би хэнд нь гэрчилгээгээ өгөх вэ?. Гэрчилгээ өгөхөд ямар нэгэн асуудал байхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Дээрх 2 үйлдэл зөрчил мөн эсэх нь эргэлзээтэй байна. Зөрчлийн улмаас ямар хохирол учирсан гэдэг нь тодорхой бус байна. ад байр авна гэх дарга нарын шийдвэрийн хүрээнд, үүргээ хэрэгжүүлж ажилласан байна. Захиргааны шийдвэр тэнцвэртэй байх ёстой. Гаргасан зөрчил, хүлээж байгаа сахилгын шийтгэл тэнцвэртэй байх ёстой. Зөрчил, сахилгын шийтгэл хоорондоо тэнцвэргүй байна. Ж. өмнө нь сахилгын зөрчил гаргаж байсан. Сахилгын шийтгэл гаргаж байсан талаар баримт байдаггүй. Тендерийн үнэлгээний хороонд А3 сертификаттай учир орж ажилласан. Ашиг сонирхлын зөрчлийн асуудал байхгүй байхад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль  зүйн үндэслэлгүй байна. Ажлаас халах  сахилгын шийтгэл ногдуулахад захиргааны зүгээс баримтлах ёстой журамд ямар зөрчил гаргавал ажлаас халах талаар тодорхой заасан. Сахилгын зөрчил удаа дараа гаргаад шийтгэл хүлээж байсан эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийн төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзсэн. Төсөв батлахаар өмнө гүйлгээ хийсэн талаар маргасан. Төсөв баталсан шийдвэрүүд нь н., Д. зэрэг өөр өөр дарга нарын гарын үсэгтэй байна. Энэ хүн яагаад төрийн албанд ажиллаж болохгүй ямар ноцтой алдаа гаргасан гэж үзэж байгаа юм бэ?. Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг баримтлах ёстой. Хугацаа бол хамгийн гол зүйл. Зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар гэх хугацаа хангагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт зааснаар илрүүлснээс гадна зөрчил гаргаснаас хойш хугацаа тоологдож байгаа. Хариуцагч талын дурдаад байгаа аймгийн прокурорын шийдвэр дээр гэмт хэрэг гэж үзэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээд эхний удаа хэрэг бүртгэлтийн хэргийг хаах шийдвэр гаргасан. Одоо бол хугацаа сэргэсэн. Сэргэсэн нь тусдаа асуудал. Шүүгч зөрчил хэзээ гарсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэж хариулсан. Энэ өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 7 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байхад зөрчлийг 2023 оны 09 дүгээр сард илрүүлсэн гээд хариуцлага тооцож, хамгийн хатуу шударга бус шийтгэл ногдуулсан. Гэмт хэрэг мөн эсэх талаар шалгагдаж байгаад маргахгүй. Гэмт хэрэг мөн гэж одоогийн байдлаар тогтоогдоогүй байгаа тул Ж.ыг буруутгах үндэслэл болж чадахгүй байна. Захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Хууль зүйн үндэслэл нь хэлбэрийн төдий бичсэнээр хангагдахгүй. Зөрчил гаргаснаа тогтоож чадаагүй, хууль зүйн үндэслэлгүй, бусад хэм хэмжээний акттай нийцээгүй байна. Төсвийн тухай хуулийн хэрэглэгдэхгүй заалтыг хэрэглэсэн байна. Сахилгын шийтгэл ногдуулахад захиргаа баримтлах ёстой процесс ажиллагааг зөрчсөн. У. даргаас өмнө нь асуусан. Ажлын хэсэг байгуулсан тушаал дэр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг олоод ир гэж ойлгогдохоор бичсэн байна. У. даргаас хувийн шалтгаанаар асуугаагүй гэдгийг хэлье. Ж. нь төрийн албанд хууль бусаар орсон хүн биш юм. ... Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.4-д зааснаар халсан байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг шууд зөрчиж байна.  Миний үйлчлүүлэгч төрийн жинхэнэ албан хаагч байсан талаарх нотлох баримтыг шаардлага хангасан хэлбэрээр гаргуулж шүүхэд өгсөн. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлаасаа халагдсан талаарх нотлох баримтаа өгсөн. Б/67 дугаар тушаал хууль ёсны биш, Төрийн албаны тухай хуулийг илт зөрчсөн, сахилгын шийтгэл ногдуулах журмаа зөрчсөн. Захиргааны ерөнхий хуульд заагаад байгаа захиргааны үйл ажиллагаа өөрөө хуульд үндэслэсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бодит нөхцөлд тохирсон байна гэх Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5-т заасныг тус тус зөрчсөн. Шийдвэр гаргах хугацаа дууссан байхад үүнийг зөрчсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган өгч Б/67 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож нэхэмжлэгч Ж.ыг өмнө нь эрхэлж байсан ажил буюу Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны эрүүл мэндийн, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгнө үү?. Шүүх нотлох баримтыг хангалттай цуглуулсан байна. Захиргааны байгууллагын хяналтын хувийн хэргийг шаардсан байсан. Түүнтэй холбоотой баримтыг захиргааны байгууллага ирүүлээгүй байсан гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. 1. Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 8.2-т төрийн албанаас халах сахилгын шийдвэр ногдуулсан шийдвэрийн талаар гомдлоо буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн "Ж.т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/07 тушаалыг үл зөвшөөрч Ж. нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасны дагуу тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандан гаргаагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул шүүх Ж.ын нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу "14.1-14 4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзана гэж үзэж байна. 2. Аймгийн Засаг даргын Тамгын газарт 4 өрөө байр 1 машины гражийн хамт нийлүүлэх ажлын тендерийн дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай нөлөөлөх ор хуулийн дагуу "Хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр "" ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт гарч тус компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг Орон нутгийн өмчийн газар аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. Дээрх үнэлгээний хорооны гишүүнээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж. ажилласан байна. Тус зөвлөмжийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга "" ХХК-тай Завхан аймгийн Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны 1 орцны 5 давхрын ******* тоот орон сууцыг хүлээн авах "Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээний дагуу "" ХХК нь тухайн байр гражийн үнийг "*******" ХХК-ийн дансанд шилжүүлж өгөхийг хүссэн он сар өдөр дугааргүй албан тоотын дагуу тус компанийн дансанд Орон нутгийн хөгжлийн сангаас 192,720,000 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.ын гарын үсгээр шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байна. Ингэхдээ худалдах, худалдан авах гэрээнд 4 өрөө байр, 1 гражийн хамт гэж тусгасан хэдий ч, "*******" ХХК нэхэмжлэлдээ 4 өрөө байрны үнэ 155,200,000 төгрөг, 2 гражийн үнэ 20,000,000 сая төгрөг, НӨАТ 17,520,000 төгрөгийг нэхэмжилсний дагуу 4 өрөө байр, 2 гражийн үнэ 192,720,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж. нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/27 дугаар тушаалаар "" ХХК-тай байгуулсан 19 дугаартай гэрээний 4 өрөө бүхий орон сууцыг машины гражийн хамт биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, үл хөдлөх хөрөнгө болон түүнтэй холбоотой баримт бичгийг үнэлж Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд шилжүүлж авах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Уг ажлын хэсэг дээрх үүргийг одоог болтол биелүүлээгүй байгаа нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 514 дүгээр албан бичиг, аймгийн Прокурорын газар прокурорын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 дугаар тогтоолоор тус тус нотлогдсон. Тухайн байр гражийг аймгийн Засаг даргын Тамгын газар өнөөдрийг хүртэл биет байдлаар эзэмшиж, ашиглаагүй байна. Дээрх зөрчил нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-т "харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй, байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 3. Монгол улсын Сангийн сайдын тушаалаар баталсан "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам"-ыг зөрчиж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/27 дугаартай тушаалаар хөрөнгө шилжүүлж авах ажлын хэсэг байгуулагдаж, худалдан авсан байна. Уг шийдвэр гарсны дараа буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №21 дугаартай "Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлах тухай" хуралдааны тогтоолын хавсралтаар баталсан "Завхан аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалт"-д дээрх орон сууцыг худалдан авах нөхцөл тусгагдаж хөрөнгийн эх үүсвэр нь батлагдсан байна. Хөрөнгийн эх үүсвэр нь батлагдахаас өмнө дээрх орон сууцыг "" ХХК-тай Завхан аймгийн Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны 1 орцны 5 давхрын ******* тоот орон сууцыг хүлээн авах "Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээний дагуу "" ХХК нь тухайн байр гражийн үнийг "*******" ХХК- ийн дансанд шилжүүлж өгөхийг хүссэн он сар өдөр дугааргүй албан тоотын дагуу тус компанийн дансанд Орон нутгийн хөгжлийн сангаас 192,720,000 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.ын гарын үсгээр шилжүүлсэн нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно", 60.3.3 дахь хэсэг "Үндэсний их баяр наадмаас бусад баяр наадам, ойн арга хэмжээ, шашны зан үйлийн болон ёслолын зардал" гэх заалтыг зөрчиж Завхан аймгаас тодорсон *******ад Завхан аймгийн Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байрны 1 орцны 5 давхрын ******* тоот орон сууцыг 2 тээврийн хэрэгслийн зогсоолын хамт эзэмшүүлсэн асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан "албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бусдад давуу байдал бий болгох" гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. Мөн дээрх Завхан аймгийн 2016 оны давсан орлого буюу орон нутгийн төсвөөс худалдан авсан орон сууцын аймгийн Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулах" гэмт хэргийн шинжийг агуулж байна. Иймд Ж.т Төрийн албаны тухай хууль болон бусад журам, дүрмийг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга төсөв төлөвлөх, батлуулах, төсвийн өөрчлөлт, үндсэн чиглэлийн нэмэлт өөрчлөлт, төрийн өмчөөр ажил үйлчилгээ авах хууль тогтоомжуудын хэрэгжилт, төсвийн байгууллагын урсгал зардал, төсөвтэй холбоотой мөнгөн дүнтэй холбоотой асуудал дээр нарийн дүрэм, журам баталсан шийдвэрийн дагуу нэг ч тоо зөрүүлэхгүйгээр шийдвэр гаргаж байх ёстой. 192,7 сая төгрөг, 192 сая төгрөгийн нийт 384,7 сая төгрөгийн 2 тогтоолын шийдвэрээр нэг нэршилтэй хутагтад 4 өрөө байр, 1 грашийг авсан байсан. Би бодохдоо байрны доод авто зогсоолыг тэр чигт нь худалдан авсан юм бол уу, эсхүл 5-р байрны 05, ******* тоот 2 байрыг худалдан авсан байна гэж бодсон боловч худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хорооны 192,0 сая төгрөгийн төсвөөр байр авсан үйлдэл нь тодорхой болсон. Төсвөөс 192,0 сая төгрөгийг баталж өгсөн байхад байрыг 192,7 сая төгрөгөөр авсан байсан. 700,0 мянган төгрөгийг илүү шилжүүлсэн байсан. Ажлын хэсэгт Тамгын газрын дарга 192,0 сая төгрөгөөр ав гээд төсөв баталж эрхээ шилжүүлсэн байхад 700,0 мянган төгрөг илүү шилжүүлж, нэг граш нэмж авч дураараа аашилсан байна гэж үзэж байна. Аливаа ажлыг хүлээж авахдаа акт үйлдэх ёстой. Байрыг хүлээж авсан талаар ямар нэгэн акт үйлдээгүй байсан. Байрны түлхүүрийг гардан аваагүй байсан. Нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдахааргүй болсон. Тамгын газрын дарга ажлын хэсгийн дарга, гишүүдэд өөрийн олгогдсон эрхийг шилжүүлээд үндсэн хөрөнгөд биет байдлын зөрчилгүйгээр Улсын бүртгэлийн хуулийн дагуу хийж хэрэгжүүлэхийг Ж.т даалгасан байхад 2 байр сул байхад Ж. сонгоод түлхүүрийг нь аваад хутагтад өгсөн гэж тайлбарлаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, үндсэн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Шинэ Засаг дарга томилогдон ирээд Засаг даргын Тамгын газар байгаа өмчлөлийн зүйлийг борлуулж, орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлж цаашид ажиллая. Байруудыг дуудлага худалдаагаар зарж, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ашиглуулъя гэх шийдвэр гарсны үндсэн дээр судлан шинжилж өгсөн үүргийн дагуу баримтын бүрдүүлбэр хийхэд зөрчил илэрсэн. ******* тоот байр гэрээний үндсэн дээр манай хөрөнгөд байх ёстой боловч улсын бүртгэлд иргэний нэр дээр бүртгэлтэй байсан учраас эрхийн зөрчилгүй байр худалдан авсан гэж үзээгүй. Зөрчил байна гэж үзсэн. Асар их мөнгөний зөрүүтэй гүйлгээ хийсэн байсан. Захиалга өгөхөөс эхлээд худалдан авах ажиллагаа дуусах хүртэл Ж. оролцсон. Нийтийн албан тушаалтан хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллаж чадаагүй байсан. Хохирлыг тооцож чадаагүй. Байр хувийн эзэмшилд байгаа учраас ажлаас халах шийдвэрийг гаргасан. Бидэнд тухайн үед ажиллагаа явуулах эрх хэмжээ байхгүй учраас дансны хуулга дээр орсон 10,0 сая төгрөгийг илүү шилжүүлсэн асуудал байсан. 1 граш гэж үнэлгээний хороо баталж өгсөн байхад нэмж нэг грашны 10,0 сая төгрөг шилжүүлсэн байна гэдгийг тогтоосон. Үүнээс цааших ажиллагааг хуулийн байгууллагад хандаж байж тогтоосон. Бусад гүйлгээг эрх бүхий этгээд шалгах боломжтой байсан. Тамгын даргад эдгээр баримттай танилцах эрх хэмжээ байсан. Энэ эрх хэмжээнийхээ дагуу Тамгын газрын дарга танилцсан. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу сахилгын шийтгэлийг Тамгын газрын дарга өөрөө ногдуулсан гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: ...Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны Б/67 дугаартай тушаалын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын шинжийг хангасан байна гэж үзэж байна. Тушаалын хувьд илт хууль бус байх шинж байхгүй байна. Нэхэмжлэгч талын ярьж буй гол зүйл нь сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэлийн ямар хэлбэрээр, хэрхэн ногдуулах, Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлийн хамтарсан тушаалаар баталсан төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу сахилгын шийтгэлийн аваагүй байна гэж тайлбарлаж байна. Үүнтэй санал нийлэхгүй байна. Энэ журмыг хэрэгжүүлж, ажлын хэсэг буюу үгүйсгэх нөхцөл байдалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж тодорхой ажил шалгалт явуулж, дүгнэлт гаргасан байдаг. Энэ нь дээрх журам, Захиргааны ерөнхий хуульд зааснаар нотлох баримтыг бүрдүүлэх, бодит нөхцөл байдлыг тогтоох зэрэгтэй холбогдуулан Ж.аас тайлбар авсан байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтийг хуульд нийцээгүй байна. 2 хоног ажилласан гэдгийг үндэслэн буруутгах боломжгүй юм. Ажлын хэсэг хэд хоногийн хугацаанд ажиллах нь тухайн нөхцөл байдлаас шууд хамаарна. Богино хугацаанд ажилласан нь хууль бус гэж үзэх боломжгүй юм.  Хоёрт, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийн талаар маргаж байгаа. Орон сууцыг худалдан авах ажилд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан санхүү, төрийн хэлтсийн дарга хэрхэн оролцсон бэ? гэхээр анх урилга хүргүүлэхэд захиалагч нь орон нутгийн худалдан авах газар захиалга өгөхөөсөө өмнө уриалгаа хүргүүлсэн байдаг. Сая гаргаж өгсөн урилга хүргүүлэх баримт дээр захиалгаасаа өмнө урилгаа хүргүүлсэн байдаг. Санхүү, төрийн хэлтсийн дарга өөрийн утасны дугаарыг бичиж, урилгыг хүргүүлсэн байдаг. Энэ ажиллагаанд өөрөө оролцоод явсан байдаг. Дээрх үйлдэл нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд хориглох зүйлд тооцогдох бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна. Орон нутаг хөгжүүлэх сан гэж бий. Энэ сангийн талаар тодорхой сайн мэдэж байгаа. Орон нутаг хөгжүүлэх сангаар орон нутгийг хөгжүүлэхэд шаардлагатай орон нутгийн баг сумдын хүрээнд хийгдэх ёстой ажлыг зохион байгуулах ёстой. Төсөвтэй холбоотой асуудал дээр санхүү, төрийн сангийн хэлтэс гол үүрэг гүйцэтгээд байна гэхээр энэ асуудал нь төсөв шилжүүлж буй асуудал. 2016 оны давсан орлогоор авна гэж 2017 оны 01 дүгээр сард батлуулсан байдаг. 2017 оны 03 дугаар сард орон нутаг хөгжүүлэх сангийн данснаас гүйлгээ хийсэн. Ийнхүү хийснийхээ дараа буюу 06 сард төсвөө батлуулж байна. Эхлээд мөнгөө шилжүүлчхээд дараа нь мөнгөний дүндээ тохируулан шийдвэр гаргаж байна. Энэ нь хуульд нийцэхгүй байна. Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын чиг үүрэг нь тодорхой шийдвэрийн хүрээнд мөнгийг шилжүүлэх ёстой. 03 дугаар сард орон нутаг хөгжүүлэх сангаас гээд гүйлгээ хийчхээд 06 дугаар сард орон нутаг хөгжүүлэх сандаа төсвөө оруулж өгч байгаа үйлдэл нь хуульд нийцэхгүй байна. Тодорхой төсөв зарцуулах шийдвэр гараагүй байхад төсвийг шилжүүлсэн асуудал байна. 1 грашийг 2 болгон авсан нь сайшаалтай байна гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Энэ нь болохгүй хэн нэгэн этгээдэд давуу байдал үүсгэж байгаа нь хуульд зааснаар давуу байдал үүсгэж буй хэлбэр юм. Гэрээнийхээ дагуу баримтаа шилжүүлж авах ёстой. Хувь хүн  шиг ашигтай гэх байдлаа хэргийн энэ нь хориглолт хязгаарлалтын хүрээнд байж боломгүй зүйл юм. Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлаж байна. Программдаа авсан талаар баримт үйлдсэн байхад болно гэж тайлбарлаж байгаа нь боломжгүй зүйл юм. Гэрээний дагуу шилжүүлж авна гэдэг нь гэрээний дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж, биет байдлаар Тамгын газарт хүлээлгэж өгөхийг ойлгоно. Хэлбэрийн төдий программаар шилжүүлчхээд, программ хэрхэн, хэзээ шилжсэн нь тодорхойгүй байхад үүргээ биелүүлсэн гэж хандаж болохгүй. Энэ байдлаас улбаалан сахилгын шийтгэл ногдуулсан. Шинж байдлын хувьд ноцтой. 2 эх үүсвэр батлуулж, урилга илгээх ажиллагаанаас эхлэн оролцсон, шилжүүлэн авах ажиллагаанд Ж. дарга оролцсон байдаг. 5, ******* тоог зөрүүлсэн, орон сууц өөр иргэний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан талаарх асуудал байдаг. Эдгээр үйлдлүүд нь Ж. даргатай холбоогүй ч гэсэн н.******* гэх хүн маань хэрэгт авагдсан баримтын хүрээнд тухайн тендерт оролцоод байгаа компанийг төлөөлөн бусдад орон сууц худалдаж байсан хүн байдаг. Өөрөө худалдаж байсан хүн маань тухайн ажиллаж байсан компанийн оролцож буй тендерийн сонгон шалгаруулалт оролцоод компанийг сонгон шалгаруулсан байдаг. Төрийн албанд ийм байдлаар ажиллах боломжгүй юм. Худалдан авах ажиллагаа хуульд нийцээгүй байна. Худалдан авах ажиллагааны төлбөр мөнгө шилжүүлэх асуудал Төсвийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцээгүй байна. Шилжүүлэн авах ажиллагааг хийгээгүй байна. Эдгээр үндэслэлээр төрийн албан хаагчийг ажлаас халах үндэслэл болсон гэж үзэж байна. Зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гарснаас хойш 12 сарын хугацаанд маргааныг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Зөрчил гарснаас хойш хугацаа өнгөрсөн гэж үзэх боломжгүй. Энэ байдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. сая тайлбарлалаа. Аймгийн Засаг дарга өөрийн орон сууц, Тамгын газрын хөрөнгөтэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцох үеэр мэдсэн байна. Тухайн санхүүгийн баримт хэн дээр байдаг, хаана байдаг вэ? гэхээр санхүү, төрийн сангийн хэлтэс орон нутаг хөгжүүлэх сангаас авсан нь мэдэгдэж байна. Давсан орлогоос гарсан эх үүсвэр хаачсан талаарх баримт одоо хүртэл байхгүй байна. Хяналт, шалгалт болон шүүхийн шатанд энэ нөхцөл байдал тодорхойгүй байна. 2 эх үүсвэрийн нэгээр нь орон сууц авсан байна. Нэг эх үүсвэр нь сангийн мөнгөнөөс гарсан эсэх талаарх баримт архивд байхгүй байна.  Мэдээллийг авсан байдал дээр хугацаа алдсан гэж үзэх боломжгүй юм. Энэ хугацаанд Ж. дарга албан үүргээ гүйцэтгэж байсан. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг гардан авч шүүхэд хандах хууль зүйн зохицуулалттай байхад Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс манайд харьяалагдахгүй, шүүхийн харьяаны маргаан байна гэх хариуг ирүүлсэн байдаг. Энэ байдлаас үзэхэд  хууль мэдэхгүй юм уу, эсвэл Төрийн албаны зөвлөлд өгөх ёстой гэж ойлгосон юм уу?. Ямар байдлаар хандсаныг нь мэдэхгүй байна. Энэ үйлдлийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд хугацаанд нь нэхэмжлэлээ гаргаагүй гэж үзэх боломжгүй. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа хандсан бол шүүхэд хүсэлт өгч, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх ёстой. Сэргээлгэх хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал бүрдсэн байна гэж үзэж байна. Энэ байдлыг шүүх бүрэлдэхүүн маань анхаарч үзээсэй гэж хүсэж байна. ...2017 оны 01 дүгээр сард иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар давсан орлогыг хуваарилсан байна. Хуваарилсан тал дээр хариуцагчийн төлөөлөгч У. дарга, санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга байсан Ж. нар маргахгүй байна. Нэхэмжлэгч тал санхүүгийн албанд ажиллаж байсан давуу байдлаараа ашиглан бөөрөнхийлж болохгүй. Цагаан дээр хараар бичсэнийг ойлгож байна. Хурлын цалин хурлын данс руу орж байгаа. Улиастай сумын зардал Улиастай сум руугаа орж байгаа. 2017 оны 01 сард Тамгын газар байр худалдан авъя гээд Тамгын газарт төсөв хуваарилаад нэмж өгсөн байна. Тэр шийдвэрийг үндэслээд орон нутгийн хөгжлийн сангаас байр авсан байна. н. дарга орон нутгийн хөгжлийн сангаас яагаад байр авсан талаар тодруулсан байсан. Орон нутгийн хөгжлийн сангаас байрны мөнгө шилжүүлэгдсэн нь тодорхой байна. 2017 оны 03 дугаар сард байр авсан. Байр авах захилга өгөхдөө Тамгын газрын албан бичиг дээр 195,0 сая гэж 3,0 сая төгрөгийг Ж. дарга нэмж захиалга өгсөн байдаг. Анхны үнийн захиалга 192,0 сая төгрөг байсан. Ж. дарга захиалга өгөхдөө 195,0 сая төгрөг гэж өгсөн. Тоо болон үсгээр мөнгөн дүнг бичсэн байсан. Тендерийн үнэлгээний хороонд ороод ажиллаж байх явцдаа 192,720,000  төгрөгийг шилжүүлсэн. Анх батлагдсан төслөөс 720,0 төгрөгийг илүү шилжүүлсэн байна. Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд энэ мөнгө ороогүй. Энэ мөнгө Тамгын газрын данс руу орсон байхад орон нутгийн хөгжлийн сангийн данснаас гүйлгээ хийсэн. Засаг даргын эрх хэмжээний хүрээнд нэг данснаас гаргасан. Байрны төсвийн мөнгө дансанд ороогүй байхад гаргасан асуудал байдаг. Энэ байдлыг төсвийн тодотгол хийхдээ орон нутаг хөгжүүлэх сангаас хутагтад гэх нэршилтэйгээр төсөвт тодотгол хийж залруулсан. Үнийн дүнг 192,7 сая төгрөг гэж төсөвлөсөн. Энэ нь зөрчил байх боломжтой нэг асуудал. Учир нь өөрт оногдсон эрх хэмжээг хэтрүүлсэн байна. Дараагийн асуудал нь байрыг хүлээн авах асуудал яригдаж байна. ******* тоот байрыг худалдаж авахаар гэрээ хийсэн байхад ажлын хэсэг 05 тоот байрыг худалдан авч байгаа вэ?. 05 тоот эрхийн зөрчилтэй байсан. Дотор нь хүн амьдраагүй ч гэсэн улсын бүртгэлд зөрчилтэй байрыг худалдан авсан байна. Эрхийн зөрчилгүй байр худалдан авах үүргээ биелүүлээгүй, шалгаж үзээгүй байна. ыг тухайн байранд оруулснаараа байр авсан гэж ерөнхий байдлаар эд хөрөнгийн бүртгэлдээ бүртгэсэн. Тамгын газар 05 тоотыг хүлээн авсан тул 2018 онд 5-р байрны ******* тоот байрыг өөр хүнд компани шилжүүлсэн байдаг. Эрхийн зөрчилгүй байр ав гэхэд 2016 онд иргэн худалдан авсан байрыг шалгаж үзэлгүйгээр хүлээн авсны улмаас ******* тоот байрыг өөр иргэнд зарсан асуудал байна. Засаг даргын Тамгын газар 2 эх үүсвэртэйгээр Тамгын газарт 1 байр, орон нутаг хөгжүүлэх сангаас 192,7 сая төгрөгөөр байр ав гэж баталж өгсөн байхад Тамгын газарт дээрх 2 үүсвэрээр авсан байр байхгүй байгаа энэ байдал нь ноцтой зөрчил биш юм уу?. Төр нийтийн эрх ашигт энэ үйлдэл нь хохиролгүй юм уу?. Иймхэн зөрчлөөс болж хүнийг ажлаас нь чөлөөллөө гэж байна. Тамгын газар байр авсан гэж байгаа боловч бодит байдал дээр авсан гэж байгаа байр нь иргэний өмчлөлд байна. Энэ нь зөрчил байна. Эрхийн зөрчилтэй байр худалдан авсан байна. Ж.ыг ажлаас халах үндэслэл үүссэн байна. Зөрчил үйлдэгдсэнийг 7 жилийн хугацаанд мэдэж байсан мэтээр тайлбарлаж байна. Тамгын газрын бүтцэд, орон нутгийн сонгуультай холбоотойгоор өөрчлөлт орж байгаа. Зөрчил үйлдэгдсэнийг мэдсэн гэж үзэх нөхцөл байдал байхгүй. Зөрчлийг илрүүлснээс хойш ажиллагаа хийгдээд хууль хяналтын байгууллагад хандсан. Энэ нь зөрчлийг илрүүлсэн гэдгийг нотолж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт зааснаар илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гарснаас хойш 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан байна. Илрүүлснээс хойш 6 сарын хугацаанд байна. Зөрчлийг илрүүлсний дараа арга хэмжээ авч байгаа нь хуульд нийцэж байна. Зөрчил гарснаас 12 сарын хугацаа тогтоож өгсөн нь зөрчлийг мэдсээр байж 12 сарын хугацаа өнгөрснийг ойлгож байна. Илрүүлснээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул хуульд нийцэж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны акт гарахтай холбоотой хувийн хэргийг шүүхэд ирүүлээгүй гэж байна. Захиргааны акт гаргахтай холбоотой сонсох ажиллагаа, нотлох баримт цуглуулах ажиллагааг ажлын хэсэг байгуулж хийсэн учраас захиргааны шийдвэр гаргах ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзэж байна. Засаг даргын Тамгын газрын даргын Б/67 дугаартай тушаал захиргааны актын шинжийг бүрэн агуулж, хуульд нийцэж байгаа гэж үзэж байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж. нь анх Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн "Ж.т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б/67 дугаар тушаал гэж тодруулсан байна.

2. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч Ж. нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасны дагуу маргаан бүхий Б/67 дугаар тушаалыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандан нэхэмжлэл гаргалгүй төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг зөрчсөн гэж маргаж байна.

3.1 Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно”, 48.10-т “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална”, Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын 8.2-т “Төрийн албаны тухай хуулийн …, 48.1.4-т заасан шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргана” гэж заажээ.

3.2 Нэхэмжлэгч Ж. 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс “...асуудлаа шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх” хариуг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/198 дугаар албан бичгээр авснаар 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй ба энэ тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

4. Хэргийн үйл баримт, зөрчлийн тухайд: Нэхэмжлэгч Ж.т Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын 1.5.3 дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны А/51 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт, үйл баримтыг дурдаж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

4.1 Төрийн албаны тухай хуулийн 48.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” 48.1.4-т “төрийн албанаас халах”, Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын 1.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан дараах сахилгын шийтгэл ногдуулна”, 1.5.3-т “төрийн албанаас халах” гэжээ.

4.2 Нэхэмжлэгч Ж.т сахилгын шийтгэл ногдуулах ажлын хэсгийн дүгнэлтээр “…аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/27 дугаар тушаалаар “*******” ХХК-тай байгуулсан 19 дүгээр гэрээний зүйл болох ******* тоот 4 өрөө орон сууцыг гражийн хамт биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг үнэлж Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд шилжүүлж авах ажлын хэсгийн ахлагчийн үүргээ биелүүлээгүй, орон нутгийн хөгжлийн сангаас гэрээний төлбөр 192.720.000 төгрөгийг “” ХХК-д шилжүүлсэн, 1 автомашины гражийн үнэ илүү шилжүүлсэн гэж дүгнэжээ.

4.3 Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор аймгийн 2017 оны төсвийн тодотголыг баталсан ба уг тогтоолын 1.2-т аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 192.000.000 төгрөгөөр нэмж тодотгосон байна. Улмаар Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамжаар Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт 4 өрөө байр, 1 автомашины гражийн хамт нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, хавсралтаар үнэлгээний хорооны гишүүдийг баталж, уг бүрэлдэхүүнд нэхэмжлэгч Ж. орсон байна.

4.4 Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.ын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5/280 дугаар албан бичгээр “Засаг даргын Тамгын газарт шаардлагатай 4 өрөө орон сууц, 1 ширхэг гражийн хамт 195.000.000 төгрөгийг төсөвт өртөгт нийцүүлэн худалдан авах ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж өгнө үү” гэж Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албанд хүргүүлсэн байна. Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны алба 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр  Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт 4 өрөө байр, 1 машины гражийн хамт нийлүүлэх ажлын тендерийн урилгыг нийтэлсэн ба 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10.00 цагт тендерийг нээхээр дурджээ.

4.5 Тус тендерийн нийтийн орон сууцанд 4 өрөө байр нийлүүлэх ажлын техникийн тодорхойлолтыг Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс боловсруулсан ба иж бүрдэл хэсэгт өрөөний тоог 4, дагалдах шаардлага хэсэгт 1 машины дулаан гражтай гэж тодорхойлсон байна. Уг тендерт “” ХХК дангаараа тендер ирүүлсэн ба тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 14.1/ж/-д зааснаар тендерт оролцогч нь дараах нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлнэ. Үүнд: Байрны фото зураг, байршил, хаяг гэж тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-д заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй болох нь тогтоогдож байна.

4.6 Үнэлгээний хороо 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж 03 дугаар дүгнэлтийг гаргасан ба уг дүгнэлтэд Үнэлгээний хорооны нийт гишүүдийн саналаар Засаг даргын Тамгын газарт 4 өрөө байр, 1 машины гражийн хамт нийлүүлэгч компаниар “” ХХК-г сонгож 192.720.000 төгрөгөөр гэрээ байгуулах нь зүйтэй гэсэн байна. Улмаар Орон нутгийн өмчийн газар Худалдан авах ажиллагааны албаны 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 88 дугаар албан бичгээр Засаг даргын Тамгын газарт 4 өрөө сууц, 1 машины граж нийлүүлэх тендерт хамгийн сайн үнэлэгдсэн “” ХХК-тай 192.720.000 төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлснээр Засаг даргын Тамгын газрын дарга “” ХХК-ийн хооронд Худалдах худалдан авах 19 дүгээр гэрээ байгуулагдсан байна.

4.7 Худалдах худалдан авах 19 дүгээр гэрээний 1 дүгээр зүйлд … Жинст багийн нутагт байрлах ******* дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхрын ******* тоот орон сууцыг энэ гэрээнд заасны дагуу худалдан авагчид хүлээлгэн өгөх, 2 дугаар зүйлд 97 м2 орон сууцны 1 м2 үнэ 1.600.000 /НӨАТ ороогүй/, граж үнэ 10.000.000  /НӨАТ ороогүй/, нийт үнэ 192.720.000 /НӨАТ орсон/ гэж заасан ба энэхүү тооцооллоос үзэхэд гэрээний дүн /НӨАТ/-тай орон сууц 170.720.0, авто зогсоол 11.000.0, нийт 181.720.0 төгрөг болж байх ба 2 авто зогсоолын хамт авсан гэж үзвэл 192.720.0 төгрөг болж байх ба 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр захиалагчаас “*******” ХХК-ийн дансанд гэрээний төлбөр 192.720.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

4.8 Гэвч нэхэмжлэгч нь худалдах худалдан авах 19 дүгээр гэрээ, “*******” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэлд тусгагдсан гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, үнийн дүнгээр Жинст багийн нутагт байрлах ******* дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхрын ******* тоот орон сууц, 2 автомашины зогсоолыг хүлээж авалгүй дур мэдэн 5 тоот орон сууцыг хүлээн авсан. Уг 5 тоот орон сууц нь гэрээний төлбөр шилжих үед эрхийн зөрчилтэй байсан. Өөрөөр хэлбэл 5 тоот орон сууцны гэрээний төлбөр шилжсэн 03 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө буюу 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр иргэн Ч., Г.******* нарын нэр дээр бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байна.

 4.9 Харин гэрээний зүйл болох Жинст багийн нутагт байрлах ******* дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхрын ******* тоот орон сууц нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр иргэн Э.*******ын өмчлөлд анх шилжиж 2021 онд иргэн Д.*******ийн өмчлөлд худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн. Мөн гэрээний зүйл, үнийн дүн болон “*******” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэлд дурдсан 2 авто зогсоолыг нэхэмжлэгч нь Засаг даргын Тамгын газрын барилга байгууламжийн бүртгэлд бүртгэж аваагүй нь эрхийн зөрчилгүй байр, авто зогсоолыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд бүртгэн шилжүүлэн авах 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/27 дугаар тушаалаар хүлээлгэсэн үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

4.10 Маргаан бүхий ******* тоот байрыг худалдан авах санхүүгийн эх үүсвэр нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан аймгийн 2017 оны төсвийн тодотгол ба уг тогтоолын 1.2-т аймгийн ЗДТГ-ын 2017 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 192.000.000 төгрөгөөр нэмж тодотгон баталсан хэсэг болон Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолоор аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн тогтоолын хавсралтын 12 дугаарт ын байр /ЗДТГ/санхүүжих дүн 192.7 сая, орон  нутгийн хөгжлийн сангаас санхүүжихээр цаг хугацааны хувьд зөрүүтэй байдлаар тусгагдсан байна.

4.11 Уг 22 дугаар тогтоолын тэмдэглэлд аймгийн Засаг дарга Д. “хутагтад байр авахад зарцуулсан 192.0 сая төгрөг нь орон нутгийн хөгжлийн сангаас гараагүй, өмнөх жилийн татварын давсан орлого болох 600.0 сая төгрөгийн 192.0 сая төгрөгөөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн. Энэ байрыг хутагтад бүр өгөөгүй аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр бүртгэлтэй” гэж тайлбарлаж байсан байх ба нэхэмжлэгч нь тухайн ******* тоот байрны санхүүжилтийн эх үүсвэр Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан аймгийн 2017 оны төсвийн тодотголын 1.2 дахь хэсэг гэж тайлбарлаж байна.

4.12 Дээрхээс дүгнэхэд Маргаан бүхий ******* тоот байрны санхүүгийн эх үүсвэрийг Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1.2-т заасан төсвийн тодотгол  192.000.000 төгрөг гэж үзэх ба Ж.аас 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 5/280 дугаар албан бичгээр Засаг даргын Тамгын газарт шаардлагатай 4 өрөө орон сууц 1 ширхэг гражийн хамт 195.000.000 төгрөгийн төсөвт өртөгт нийцүүлэн худалдан авах ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулахыг Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албанд хүргүүлснээр худалдан авах ажиллагааг зохион байгуулан 192.720.000 төгрөгөөр 4 өрөө орон сууц авто зогсоол худалдан авсан, санхүүжилтийн эх үүсвэрийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргасан нь зөрчилтэй байна.

4.13 Иймд аймгийн Засаг даргын Тамгын газарт шаардлагатай 4 өрөө сууц 1 автомашины зогсоолыг 192.000.000 төгрөгөөр худалдан авахаар төсөвт тодотгол оруулж энэ хүрээнд зарлагдсан худалдан авах ажиллагааны хүрээнд 192.720.000 төгрөгөөр тендер шалгаруулж, орон нутгийн хөгжлийн сангаас худалдан авалтыг Ж.ын гарын үсгээр шилжүүлсэн, зөрүү 720.000 төгрөг болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй ажлын хэсгийн дүгнэлтэд тусгагдсан Төрийн албаны тухай хуулийн 37.1.6 “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.8 “…, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх; 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн үндэслэлд хамаарна гэсэнтэй нийцэж байна.

5. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга Ж.т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын дагуу сахилгын зөрчил гаргасныг нотлох баримттайгаар тогтоосон байх, сахилгын шийтгэл нь гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон байх, сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, бодит нөхцөл байдалд нийцсэн байх, ажлын хэсэг сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлт гаргасан нь буруу гэж тайлбарлаж байна.

5.1 Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын 1.4-т “төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа …, 1.4.2-т “сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх”, 1.6-д “… сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.1-д “сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар …холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно” 2.4-т “Энэ журмын 2.1-д заасны …дагуу шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ”, 2.4.3-т “шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах”, 2.4.4-т “гаргасан зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох” 2.4.5-д “цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийх”, 2.5-д “Шалгагч …сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлт гаргаж, …томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна” гэжээ.

5.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга маргаан бүхий ******* тоот орон сууц тус тамгын газрын бодит эзэмшилд байхгүйг илрүүлсэн нь Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмын 2.1-д заасан шалгалт явуулах үндэслэл болсон ба тус Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/27 дугаар тушаалын хүрээнд ажлын хэсгийн ахлагчид журмын 2.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтан шалгаж тогтооно гэж заасны дагуу 2023 оны А/51 дүгээр Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар ажлын хэсэг томилж дүгнэлт гаргуулсан” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

5.3 Ажлын хэсэг зөрчил шалган шийдвэрлэхэд шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах чиг үүргийн дагуу нэхэмжлэгч Ж.т 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг болон бусад материалыг 09 дүгээр сарын 26-ны өдөр гардуулан өгсөн. Ж. 10 дугаар сарын 02-ны өдөр Ажлын хэсэгт тайлбар гаргасан. Ажлын хэсэг дүгнэлтээ 10 дугаар сарын 03-ны өдөр танилцуулж 05-ны өдөр Ж.т сонсох ажиллагааны мэдэгдэх хуудас гардуулснаар журамд заасан ажиллагааг хэрэгжүүлсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаж буй дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй, процессын алдаа гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.

5.4 Нэхэмжлэгч Ж. нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1.2 дахь заалтын хүрээнд 192.000.000 төгрөгөөр 4 өрөө орон сууц авто зогсоол худалдан авахаар байхад 192.720.00 төгрөгөөр худалдан авч төлбөрийн зөрчил гаргасан, Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/27 тушаалын хүрээнд эрхийн зөрчилгүй орон сууц, авто зогсоол хүлээн авч Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгөд бүртгэхээр байхад дур мэдэн эрхийн зөрчилтэй орон сууцыг 19 дүгээр гэрээг зөрчин хүлээн авсан, авто зогсоолыг хүлээн авч бүртгээгүй нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зөрчлийн шинж байдалтай уялдуулан ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулаагүй гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл болж байна.

6. Сахилгын зөрчилд холбогдох хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн тул шийтгэл ногдуулж болохгүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч нь сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар /таслал тэмдэгтэйгээр/ дараагийн нөхцөлийг тодорхойлсон тул зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа гэх нөхцөл энэ тохиолдолд хамаарахгүй гэж маргаж байна.

6.1 Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Ж.ын үйлдсэн сахилгын зөрчилд “зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацааг өнгөрсөн бол” гэсэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор байна. Хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох “зөрчлийг илрүүлсэн”, “зөрчил гаргасан” гэх хоёр нөхцөл нь өөр хууль зүйн агуулга, үр дагавартай бөгөөд зөрчлийг илрүүлсэн нь зөрчилд хариуцлага оногдуулах эрх бүхий этгээд мэдсэн эсхүл өөр бусад байдлаар зөрчил гаргасан нь илэрхий болсон цаг хугацаагаар, зөрчил гаргасан нь тухайн үйл явдал болсон хугацаагаар тус тус тодорхойлогдоно.

6.2 Хуульд заасан “зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн” гэх нөхцөлийн хууль зүйн агуулгыг зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанаас эхлэн хуанлийн 12 сараас илүү үргэлжилсэн хугацааг ойлгох бөгөөд энэ хугацааны дотор сахилгын зөрчилд холбогдуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээгүй бол уг хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэж ойлгоно. Иймд “зөрчлийг илрүүлсэн”-ээр уг “12 сараас илүү хугацаа” шинээр тоологдохгүй, “зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар” гэх нөхцөл нь “зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа” гэх хөөн хэлэлцэх ерөнхий хугацааны дотор багтах агуулгатай гэж үзнэ.

6.3 Тодруулбал Ж.ын сахилгын зөрчил гаргасан 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “зөрчил гаргасан” цаг хугацаа эхэлж нэхэмжлэгчийн зөрчилд сахилгын хариуцлага ногдуулах “зөрчлийг гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа” нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр  дуусгавар болсон, энэ хугацааны дотор сахилгын зөрчлийг илрүүлж, энэ хугацаа дуусахаас өмнө сахилгын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба сахилгын зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

6.4 Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн "Ж.т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

7. Цалин хөлс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухайд: Дээр дурдсанаар Ж.т “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 41 дүгээр зүйлийн “41.4” “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэх зохицуулалт үйлчлэхээр байна.

 7.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчийг ажилдаа эгүүлэн томилогдох хүртэл хугацаагаар тооцон олгох, зохих санд нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Ж.т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.ыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн "41.4",  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг түүнийг ажилдаа эгүүлэн томилогдох хүртэл хугацаагаар тооцон олгох, зохих санд нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай.

3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД-ОЧИР