Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/00999

 

Л.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/03043 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1168 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Л.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монголын үндэсний музейд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 605 600 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 1 дүгээр сард тус байгууллагын хүний нөөцийн ажилтнаар орж, 2008 онд мэдээллийн санчаар томилогдон, 8 жил ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдалгүй, хариуцсан ажлаа гүйцэтгэж байсан. Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 23-нд ажлаас халсан ба уг тушаалыг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд нэхэмжлэл гарган Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5346 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Ажил олгогч байгууллага 2015 оны 5 дугаар сарын 26-нд дахин Л.Энхтуяаг ажлаас халж тушаал гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсанаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6640 дүгээр шийдвэрээр мөн мэдээллийн санчийн ажил албан тушаалд эгүүлэн томилсон.Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2015 оны 12 дугаар сарын 14-нд ажилдаа орж, ажлаа албан ёсоор хүлээж авсан. Ажлаас удаа дараа халагдсанаас сэтгэл санаа болон биеийн эрүүл мэндийн байдал муудсан. Ажлаас халагдсанаас хойш 3 хоногийн дараа ээж нас барсан. Ажилд томилсон тушаал 11 дүгээр сарын 04-нд гарсан гэх боловч надад өгөөгүй учир мэдээгүй.Энэ үеэр хөдөө амьдардаг аавын бие муудаж, Ховд аймаг явсан. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа үүсгэж ажлыг хүлээлгэж өгсөн.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 10 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэл хугацааны ажлын 50 хоногт олгогдох ёстой цалинг өдөрт 32 112 төгрөгөөр тооцож нийт 1 605 600 төгрөгийг олговорт гаргуулан олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хуулийн дагуу нөхөн бичилт хийж баталгаажуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага шүүхийн шийдвэрийг 2015 оны 10 дугаар сарын 23-нд хүлээн авсан. Түүнээс хойш хуульд заасны дагуу гомдол гаргах хугацаа 11 дүгээр сарын 06-нд дуусах байсан боловч бид 11 дүгээр сарын 04-нд нь Л.Энхтуяаг ажилд нь томилсон 362 тоот тушаалыг гаргасан.Байгууллагаас 10 дугаар сарын 30-нд нь Л.Энхтуяаг ажилдаа орохыг мэдэгдэхээр Баянзүрх дүүргийн, 8 дугаар хороо, 3 дугаар байрны 22 тоот хаягаар нь мэдэгдэл явуулсан боловч уг хаягт байхгүй, утсаа авахгүй байна гэсэн шуудангийн магадлагаатай 11 дүгээр сарын 05-нд буцаж ирсэн.Дахин 11 дүгээр сарын 06-нд мэдэгдэл, тушаалын хамт хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй, утсаа авахгүй байна гэсэн магадлагаатай 11 дүгээр сарын 11-нд буцаж ирсэн.Түүний дараа Л.Энхтуяагийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 34 дүгээр байрны 12 тоот хаягаар нь 11 дүгээр сарын 17-нд мэдэгдэл, тушаалын хамт явуулахад уг хаягт эзэнгүй, бичиг үлдээгээд ирж аваагүй, утсаа авахгүй байна гэсэн хариутай шуудангаас 11 дүгээр сарын 23-ны өдөр буцаж ирсэн юм.Энэ хооронд хүний нөөцийн ажилтан Ш.Түвшинбаяр нь өөрийн утаснаас Л.Энхтуяагийн 99288184 дугаар руу 11 дүгээр сарын 18, 20-ны өдрүүдэд, 12 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилсон тушаалыг ирж аваач гэсэн захидлыг явуулсан боловч хариу ирэхгүй байсан.Ажил олгогч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн. Харин Л.Энхтуяа нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан үүргээ өөрөө биелүүлээгүй. Нэхэмжлэгч өөрийн хаягтаа байхгүй байсанд ажил олгогчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. 11 дүгээр сарын 25-нд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Д.Мөнхтуяа гэдэг хүн ирсэн, ирэхдээ Л.Энхтуяа 6 сарын чөлөө авах гэсэн хүсэлтийг барьж ирэхэд нь бид ажилдаа ороогүй байж чөлөө авах асуудал байж болохгүй гэдэг талаар нь хэлэхэд тэгвэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар ажлаа хүлээж авна гээд явсан.Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2015 оны 12 дугаар саын 14-нд ажлыг нь хүлээлгэж өгч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Байгууллагаас Л.Энхтуяаг эрүүгийн хэрэгт шалгуулсан зүйл байхгүй. Өөрийнхөө заасан хаягт байхгүй байсан нь шуудангийн магадлагаагаар нотлогдсон. Ажлаа хийлгүй гэртээ сууж байгаад цалин нэхэх нь үндэслэлгүй. Нэхэмжлэл нотлогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/03043 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монголын үндэсний музейгээс 1 541 376 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Энхтуяад олгож, нэхэмжлэлээс үлдэх 64 224 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Л.Энхтуяагийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 650 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 39 612 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1168 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/03043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Монголын үндэсний музейгээс 1 541 376 төгрөг гаргуулан...” гэснийг “800 000 төгрөг гаргуулан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 40 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, Л.Энхтуяаг өмнө эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоосон тушаал болон ажилд орох талаар мэдэгдлийг нэхэмжлэгчид боломжтой байдлаар мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч өөрийн болон шийдвэрт заасан хаягтаа байгаагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болох учиргүй юм. Иймд ажилд томилох үүргээ зохих ёсоор биелүүлж тушаал гарган, нэхэмжлэгчид мэдэгдсэн өдрөөс хойш хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч нь шаардах эрхгүй юм” гэж үндэслэсэн байдаг.Шүүх далдыг хардаг далай лам шиг шийдвэр гаргасанд үнэхээр гомдолтой байна. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, Л.Энхтуяаг өмнө эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоосон тушаалыг 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр гаргасныг дугтуйн дотор ямар утгатай албан бичиг байсныг, мөн боломжит аргаар нэхэмжлэгч Л.Энхтуяа мэдсэн зэрэг үйл явдлыг яаж мэдэж байна. Түүнчлэн ажилд томилсон тушаал нь шүүхийн шийдвэрийг хагас дутуу биелүүлсэн, өөрөөр хэлбэл, ажлыг зохих ёсоор хүлээлцээгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй, НДД болон ЭМД-ын дэвтэрт нөхөн бичилтийг хийгээгүй дүр үзүүлсэн тушаал байсан. Уг тушаал нь 3 удаагийн шуудангийн дугтуйн дотор байсан ч юмуу бүү мэд лав л нэхэмжлэгч түүнийг задалж үзээгүй, үзэх ч боломж байгаагүй, ажлаас үндэслэлгүй халагдаагүй байсан бол ажлаа хийгээд цалингаа аваад л явж байх байсан.Өмнөх шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн томилонгуутаа халсан. Ажлыг зохих ёсоор хүлээлцээгүйн улмаас ажил олгогч элдвээр дарамталж ажилд хүлээлцүүлээгүй байж хөөсөн. Иймд дахин тушаал гарч ажилдаа ирээд хэвийн ажил хүлээлцэх байсан гэдэгт албадан хүчний байгууллага байхгүй бол бүтэхгүй асуудал байсан тул шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил хүлээлцүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Ажлаас удаа дараа үндэслэлгүй халагдсанаас болж сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч ажилгүй зовж зүдэрч явахдаа эцгээ асрахаар явсан гэдгээ нэхэмжлэгч үнэнээр хэлсэн билээ. Ажил хүлээлцсэн боловч 2 жил шахам шүүхдэж хэрэлдэж яваад үнэхээр ажилд ороод даргын дарамтаас айсан тул өөрийн хүсэлтээр ажилгүйчүүдийн эгнээнд яваа билээ.Иймд ажил олгогчийн буруу халснаас болж ажилгүй байсан хугацааны цалинг бүтнээр нь олгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Л.Энхтуяаг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчийн зүгээс биелүүлэх хүртэлх хугацаанд ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг хариуцагч Монголын Үндэсний музейгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн ажил олгогчийн тушаал гаргасан өдрөөр хязгаарлаж, нөхөх олговрын хэмжээг багасгахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Хариуцагч Монголын Үндэсний музей нь Л.Энхтуяаг ажилд эгүүлэн тогтоох тухай тушаал гаргасан, уг тушаал болон ажилд орох тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид мэдэгдэх боломжит арга хэрэглэсэн гэх байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ба эдгээр нотолгоог нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүх таамагт үндэслэж дүгнэлт хийсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1168 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН