Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 362

 

Р.Е, Б.Т, К.А, Ж.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар магадлалтай, Р.Е-, Б.Т-, К.А-, Ж.М- нарт холбогдох 1813000000182 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч К.А- болон шүүгдэгч Ж.М-, К.А- нарын өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Р-н Е,

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Б-н Т,

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, И ургийн овогт К-ны А,

4. Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт, ял шийтгүүлж байгаагүй, И овогт Ж-ны М.

Р.Е-, Б.Т-, К.А-, Ж.М- нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн үед К.А-ийн *** БӨТ дугаартай “Ниссан Санни” загварын тээврийн хэрэгслийг ашиглан *** багт байдаг иргэн П.Е-ын шохой шатаадаг цэгээс 600 кг буюу 360,000 төгрөгийн үнэ бүхий шохой хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч К.А-, Ж.М-, Р.Е-, Б.Т- нарыг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч К.А-, Ж.М- нарыг тус бүр 2 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Р.Е-ийг 1 жил 1 сарын хорих, шүүгдэгч Б.Т-ийг 1 жил, 1 хоног хорих ял тус тус шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч К.А-ийн “Ниссан Санни” загварын *** БӨТ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн байна.           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.А-, Ж.М- нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч К.А- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол,  магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Үндэслэл:

Хэрэг хянан шидвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар.

Шүүгдэгч Р.Е-, Б.Т-, К.А-, Ж.М- бид бүгд “монгол хэл, бичиг үсэг огт мэдэхгүй” хүмүүс юм. Гэтэл мөрдөн шалгах явцад биднийг гэрчээр болон яллагдагчаар асууж байцаалт авахад “орчуулагч оролцуулаагүй, монгол хэл бичиг үсэг огт мэдэхгүй байгаа бидний мэдүүлгийг ямар ч өмгөөлөгчгүй авч, орчуулагч оролцуулаагүй мөртлөө” төлбөрийн чадваргүй иргэдэд туслалцаа үзүүлдэг гэх төрийн өмгөөлөгч Т.Костёрыг оролцуулсан болгож, хуурамч гарын үсэг зуруулж, байцаалтын тэмдэглэлийг баталгаажуулсан байдаг. Орчуулагч оролцуулаагүй мөртлөө оролцуулсан болгож хуурамч гарын үсэг зуруулсан юм. Энэ нь “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг” явуулсан хурлын тэмдэглэл, шүүгчийн захирамжаар тогтоогдсон байдаг.

Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3  дугаар зүйлийн 1.3-т заасан “монгол хэл бичиг үсэг мэдэхгүй яллагдагчид холбогдох байцаан шийтгэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулахыг хориглосон заалт, болон орчуулагч оролцуулалгүй байцаан шийтгэх ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “монгол хэл мэдэхгүй оролцогч орчуулагчийн тусламж авах эрх”, мөн хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “орчуулагч томилох үүргийг зөрчсөн” зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. Ингэж орчуулагчгүй, өмгөөлөгчгүй, авсан байцаалтын тэмдэглэлийг яллах дүгнэлт үйлдэхэд бүрэн эхээр нь тусгаж, шүүгдэгч биднийг яллах нотлох баримтаар шүүх үнэлсэн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Т-, К.А-, Ж.М- бид гурав Р.Е-тэй эрх ашиг, сонирхолын хувьд эсрэг, сонирхолтой байхад Р.Е- нь бидний эсрэг мэдүүлэг өгсөөр байхад бидэнд ганц Т.Костёр өмгөөлөгчийг томилж өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчөө өрөө сонгоно”, 5.2  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... өмгөөлөгчийг мөрдөгч нэр зааж тулгаж болохгүй” гэж заасан байхад мөрдөгч нь Т.Костёр өмгөөлөгчийг бидэнд тулгаж өгсөн нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн явдал юм. Тус өмгөөлөгч нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргаар олон жил ажиллаж, тэтгэвэрт гараад “төрийн өмгөөлөгч” хийж буй хүн ба, хэргийн бодит байдлыг тогтоож, өмгөөлөл явуулахын оронд “яллах тал” барьдаг хүн юм билээ.

Өмгөөлөгч Т.Костёр нь бидэнд хандаж “мөрдөн байцаагчид анх өмгөөлөгчгүй, орчуулагчгүй өгсөн байцаалтаас зөрж мэдүүлэг өгч болохгүй, хэмээн ятгаж, хэргийн бодит үнэнийг мэдүүлэлгүй, шүүх хуралдаанд мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлгийг цээжилж хэлээрэй гэж захиж байсан нь хэрэг буруугаар шийдвэрлэгдэх нөхцөл болсон юм.

Шүүгдэгч Р.Е-, Б.Т- нарт түүний өмгөөлөгч Т.Костёр нь "өмгөөлөгчгүй, орчуулагчгүй” авсан байцаалтыг өөрчлөхгүйгээр мэдүүлэг өгөх зааварчлага өгснөөр анхан шатны шүүхэд Р.Е-, Б.Т- нар “худал мэдүүлэг” өгч, давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч Т.Костёроос татгалзаж, өөр өмгөөлөгч буюу шүүгдэгч Б.Т- нь өмгөөлөгч К.Ержан, шүүгдэгч Р.Е- нь өмгөөлөгч А.Серикжан нарыг сонгон авч, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон юм. Энэ нь шүүгдэгч Р.Е-, Б.Т- нар өмгөөлөгч Т.Костёрыг сонгож аваагүй, өмгөөлөгч нь шүүгдэгч нарын эсрэг өмгөөлөл явуулж, тэдний хүсэл зоригийн эсрэг, худал мэдүүлэг өгүүлснийг илтгэж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд Р.Е-, Б.Т- нар нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс буцсан байна. Гэвч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Р.Е-, Б.Т- нарын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээс “ноцтой зөрүүтэй” мэдүүлэг өгч, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн байдлыг нотлох баримтын хүрээнд үнэлээгүй байна. Энэ нь “хэрэг хянан шийдвэрлэх” журам зөрчсөн, давж заалдах шатны шүүх хуралдааны ач холбоогдол, давж заалдах гомдлын үндэслэлийг дүгнээгүй гэж гомдол гаргаж байна.

Хуулийг буруу хэрэглэсэн талаар:

К.А- миний бие шүүгдэгч Р.Е-ийн хулгайлж өгсөн шохойг “хулгайн зүйл” гэдгийг мэдээгүй байж, өөрийн хувийн машинаар зөөж, тээвэрлэж өгснийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар “учрах садыг арилгах зорилгоор машин механизм ашигласан” гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм. К.А-, Ж.М- бидэнд шүүгдэгч Р.Е- нь бэлтгэж өгсөн шохойг хулгайн зүйл гэж хэлээгүй, хулгай хийх талаар бид урьдчилан тохироогүй, гэмт үйлдэлд бүлэглээгүй байхад Эрүүгийн гэмт хэрэг хэмээн үзэж ял шийтгэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм. Шүүгдэгч Р.Е-ийн тулгаж өгсөн өмгөөлөгч Т.Костёрийн ятгалгаар “К.А- нь хулгайн зүйл гэдгийг мэдэж байсан” гэх мэдүүлгийг дан ганц үндэслэл болгож намайг гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч, уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3-т “Яллагдагч, шүүгдэгчийн хэргийг хүлээсэн мэдүүлэг шүүгдэгчийг гэм буруутанд тооцох үндэслэл болохгүй” гэснийг тус тус зөрчиж байна.

Товчоор хэлбэл зөвхөн шүүгдэгч Р.Е-ийн мэдүүлгээр намайг гэм буруутайд тооцох боломжгүй юм. Миний бие хулгайн гэмт хэрэг огт үйлдээгүй ба мэргэжлийн хуулчид, худал мэдүүлэг гаргасан шүүгдэгч Р.Е- нарын хууль бус ажиллагааны улмаас хилс хэрэгт шийтгүүлж байна.

Иймд К.А- намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч К.А-, Ж.М- нарын өмгөөлөгч Х.Зулхаш хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол,  магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч тус бүрийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг заавал тогтоосон байх шаардлагатай. Харин шүүгдэгч Р.Е-ийн санаачилж 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч П.Е-ын шохой цэгээс 300 кг шохой хулгайлсан үйлдэлд шүүгдэгч К.А-, Ж.М- нар нь бүлэглэн оролцсон эсэх, хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцсон байдал, К.А-, Ж.М- нарын гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэрэг гэмт хэргийн субьектив талын шинжүүд тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар К.А-, Ж.М- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл юм. К.А- нь шохой боловсруулдаг газар ажилладаг Р.Е-т шохой захиж байсан, Р.Е- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр удаа дараа утасаар залгаж “Захисан шохойгоо бэлтгэж тавьсан, унаатай ирж аваад яв” гэж холбогдож байсан үйлдэл, К.А-, Ж.М- нарт Р.Е- шохойг өгөхдөө “хулгайн зүйл” гэдгийг хэлээгүй байдал, Р.Е-ийн өгч буй шохой нь хулгайн шохой болохыг А.Аманбет, Ж.М- нар мэдсэн буюу мэдэх боломжтой байдал нь огт тогтоогдоогүй байхад тэднийг гэм буруутайд тооцох шийдвэр гаргасан “анхан шатны шүүх” хууль буруу хэрэглэсэн болохыг нотолж байна.

Шүүгдэгч Р.Е- нь шохой хулгайлсан үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Харин Р.Е- нь хамтран оролцогч гэх К.А-, Ж.М-, Б.Т- нарт шохой хулгайлах тохиролцоо хийсэн, урьдчилан хэлэлцэн, эсвэл үйлдэл дунд хамтарсан зэрэг нь нотлогдоогүйгээс гадна шүүгдэгч Р.Е- нь шохой хулгайлах талаар бусад оролцогч нарт ямар хэлбэрээр, яаж илэрхийлсэн талаар өөрөө баталж чадахгүй байна. Мөн Р.Е- нь “бусад оролцогч нар хулгайн зүйл гэдгийг мэдсэн байх” гэж таамаглаж, сул үгээр тайлбарлах төдий боловч, албан ёсоор тохирсон явдал нотлогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.М нь Дэлүүн сумаас Өлгийд байдаг ах К.А-ийн гэрт эмчилгээ хийлгэх зорилгоор ирээд, түүнийг дагаж Р.Е-т очиж, тэдний шохой савлах, ачиж буулгах үйл ажиллагаанд тусалж явсны төлөө гэм буруутай болж, 2 жил хорих ял шийтгүүлсэн нь шүүх бусдыг “хилс хэрэгт ял шийтгэсэн” ноцтой асуудал болсон гэж гомдол гаргаж байна. Тухайн үед Ж.М- нь “хулгайн зүйл гэдгийг мэдээгүй” гэдгийг бүх шүүгдэгч нар нотолсон байдаг.

Ж. М нь өөрийн өгсөн бүх байцаалт, мэдүүлгээр “тэд хулгай хийж байгаа талаар би мэдээгүй, өөрөөсөө ах хүмүүс ажил хийж байгаа болохоор тэдэнд тусалсан юм. Надад хулгайлсан шохойноос авсан, борлуулсан, хэрэглэсэн явдал байхгүй” гэжээ.

Хулгайн хэргийг анх санаачилан үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнийг хүлээн зөвшөөрч байгаа шүүгдэгч Р.Е- хүртэл “Ж.М- хулгайн гэмт хэрэг гэдгийг мэдээгүй” гэж мэдүүлсээр байтал түүнийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн явдал юм.

К.А-ийг зөвхөн шүүгдэгч Р.Е-ийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг ... дангаараа яллах үндэслэл болохгүй” гэсэн заалт, мөн шүүгдэгч Р.Е- нь “К.А- нь хулгайн зүйл гэдгийг мэдсэн байх” гэж мэдүүлэх боловч, түүнд “хулгайн зүйл гэдгийг ямар байдлаар илэрхийлсэн, К.А-, Ж.М- нарт хулгай хийх талаар тохирсон мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нотлох баимт болохгүй” гэсэн хуулийн заалтыг шүүх буруу хэрэглэснийг нотолж байна.

Шүүгдэгч Р.Е- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс буцаж, өөр буюу хулгайн гэмт хэрэг үйлдэхэд бусад оролцогч нар болох К.А-, Ж.М-, Б.Т- нар оролцоогүй, тэдэнд хулгайн шохой гэдгийг би хэлээгүй, гэм буруугүй хүмүүсийг хорих ялаар шийтгүүлсэн миний буруу гэж мэдүүлсэн байтал, давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан. Гэтэл тус шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Е- болон бусад шүүгдэгч нарын мэдүүлгийг хянаж дүгнэлт өгөөгүй болох нь давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаарх:

Шүүгдэгч Р.Е-, Б.Т-, К.А-, Ж.М- нар “монгол хэл, бичиг үсэг огт мэдэхгүй”. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээр хүмүүсээс байцаалт авч, тэмдэглэл хөтлөхөд “албан ёсны орчуулагч” оролцуулаагүй явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан орчуулагчийн тусламж авах эрх”, мөн хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “орчуулагч томилох үүргийг мөрдөгч зөрчсөн” зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2  дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг зөрчиж, шүүгдэгч нарт нэг өмгөөлөгчийг тулгаж томилсон, өмгөөлөгч сонгох эрхийг хангаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Өмгөөлөгч Т.Костёрыг мөрдөн байцаалтад оролцуулаагүй мөртлөө хуурамчаар гарын үсэг зуруулж, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байдаг. Энэ нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар батлагдсан байна. Ингэж хууль зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэж, прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүх шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Иймд шүүгдэгч К.А-, Ж.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 -р зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Одонсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч К.А- болон нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Зулхашийн гаргасан гомдлыг үндэслэн Р.Е-, Б.Т-, К.А-, Ж.М- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Нэр бүхий шүүгдэгч нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 20 цагийн үед К.А-ийн *** БӨТ дугаартай “Ниссан Санни” загварын тээврийн хэрэгслийг ашиглан *** багт байдаг иргэн П.Е-ын шохой шатаадаг цэгээс 600 кг буюу 360,000 төгрөгийн үнэ бүхий шохой хулгайлсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.Е-, Б.Т-, К.А-, Ж.М- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тэдгээрийн үйлдэл хамаарч буйг тодорхойлон, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тэдгээрт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд анхан ба давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн болон хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрч, түүнчлэн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна. 

Түүнчлэн, шүүхүүд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.А-, өмгөөлөгч Х.Зулхаш нарын гаргасан “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн ижил агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч К.А- болон шүүгдэгч Ж.М-, К.А- нарын өмгөөлөгч Х.Зулхашийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН