Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 460

 

 Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн

Тээврийн газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:           Г.Банзрагч

                           Х.Батсүрэн

                           Д.Мөнхтуяа  

Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн С.Нямдоржийг ажлаас халах тухай Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийслэлийн Тээврийн газрын даргад даалгах тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0356 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0515 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч С.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0356 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан С.Нямдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Н-ийг Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн техник технологи, инновацийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан С.Н-ийн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс энэхүү шийдвэр гарсан 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 6 сар, 22 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх 5.909.976 төгрөгийн олговрыг нийслэлийн Тээврийн газраас гаргуулж, үүнээс 4.839.783 төгрөгийг нэхэмжлэгч С.Н-д олгох, 1.070.193 төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0515 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0356 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...2016...” гэснийг “...2017..”. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

       Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: Шүүхийн шийдвэрийн 7 дугаар нүүрэнд С.Н-ийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахдаа Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг хэзээ, хэрхэн зөрчсөнийг тогтоолгүйгээр, түүнчлэн эрх нь хөндөгдөж байгаа албан тушаалтныг өөрийг нь байлцуулан зөрчил гаргасан эсэх асуудлыг хэлэлцэлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн албан хаагчийн баталгааг хангалгүй ажил албан тушаалаас халахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч С.Нямдоржийн төрийн алба хаших, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэсэн нь буруу юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2017 оны Б/141 дүгээр тушаалыг гаргахын өмнө хэлэлцэж, мэргэжилтэн С.Нямдоржийг оролцуулахаар дуудсан боловч ажилдаа ирээгүй, ажлаа тасалсан байсан тул тухайн шийдвэрийг гаргасан.

4. Энэ талаарх нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасныг зөрчсөн талаарх холбогдох нотлох баримтуудын хамт гаргасан байтал шүүх үүнийг хүлээн авч нягтлан шалгаагүй.

5. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид 26.1.1, 26.1.2, 26.1.3-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар хуульчилсан байдаг. С.Нямдорж нь 13 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй ба түүнд Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан нь мөн хуулийн 27.2.1-д заасан нөхцөл байдал үүсгээгүй. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

6. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-аар зохицуулагдах ба С.Н нь үр дүнгийн гэрээ байгуулахаар гэрээний төсөл өгснийг хэлтсийн дарга Д.Галбадрах авч гараар засвар хийсэн нь гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байх ба уг журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт тухайн оны гэрээний биелэлтийг тайлагнаж, дараа оны гэрээний төслийг чанартай боловсруулж, танилцуулах үүрэгтэй” гэж заасан үүргийг С.Н нь хүлээсэн боловч биелүүлээгүй гэрээний төслийг эргэн танилцуулаагүй, гэрээний төслөө өгөөгүйгээс үүдэн үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй байна. Гэрээ байгуулагдаагүй учраас тухайн гэрээг дүгнэх боломжгүй.     

  7. Нийслэлийн тээврийн газрын даргын 2014 оны А/59 дүгээр тушаалаар батлагдсан “Ажлын цаг ашиглалтын журам”-ын 13.1 дэх заалтыг С.Нямдорж нь зөрчсөн тул уг журмын 4.5-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон. Тодруулбал ажлын цагаар бүрэн ажиллаагүй, ажил тасалсан гэх зөрчлийн тухайд тус газрын 2017 оны 11 дүгээр сарын цагийн мэдээнд С.Н нь 88 цаг 11 өдөр ажиллахаас 8 өдөр 64 цаг ажиллаж 24 цаг тасалсан бөгөөд цагийн бүртгэлийн системээс гарсан мэдээнд ажлын цагийн гүйцэтгэл дутуу байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагдаж байна.

  8. С.Нямдорж нь хугацаандаа сар бүрийн төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг гарын үсгээр баталгаажуулан өгөөгүй нь тухайн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байгаа бөгөөд нотлох баримтын шаардлага хангуулан хүргүүлсэн нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт технологийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны хэлтсийн төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлээгүй дээрх зөрчилтэй нэгэн адил холбогдох нотлох баримтыг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

 9. Техник технологи, инновацийн мэргэжилтэн С.Н-д ногдуулсан сахилгын шийтгэлийг зөвхөн ажлын цаг ашиглалтаас хамааран ногдуулаагүй ба харин Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг, Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон холбогдох дүрэм журам, дотоодод мөрдөх дүрэм, журмыг тус тус зөрчсөн гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.

 10. Иймд Нийслэл дэх анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0356 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0515 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

12. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, тус газрын “Дүрэм”-ийн 2.5.1, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10.1.3-т заасныг тус тус үндэслэн Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн техник технологи, инновацийн мэргэжилтэн С.Н-ийг “...удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргийг хэрэгжүүлээгүй, ажил таслах, ажлын цагаар бүрэн ажиллаагүй” гэх үндэслэлээр ажлаас халсан, нэхэмжлэгч С.Нямдорж нь “...халахыг урьдчилан мэдэгдээгүй, сонсгол хийгээгүй, ямар ч зөрчил гаргаагүй” гэж маргажээ.

13. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд... төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна...”, 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг тухайн харилцаанд хүчин төгөлдөр мөрдөж байна.

14. Уг журмын хоёрын 4-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан, энэ маргааны тухайд хариуцагчаас С.Н-д сахилгын шийтгэл ногдуулахдаа “сахилгын зөрчил”-ийг шалган тогтоогоогүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

15. Тухайлбал, Тээврийн газрын захиргааны зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд мэргэжилтэн С.Нямдоржийн талаар “ажил хийдэггүй, ажлын цаг ашиглалт муу, ажлаас байнга хоцордог, бусад ажилтнуудын адилаар 2 цаг тутамд хийсэн ажлаа бичиж өгч үзээгүй” гэж хариуцсан хэлтсийн даргаас нь танилцуулж, улмаар “...ажлаа хийгээгүй нь тодорхой байна... өөрийг нь хуралд оруулах шаардлагагүй, халах нь зүйтэй” гэж шийдвэрлэж, ажлаас халах тушаал, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар С.Н-ийн талаар дахин хэлэлцэхдээ “...үүрэг даалгавар биелүүлдэггүй талаар хэлтсийн даргаас нь гаргах ямар нэгэн нотлох баримтгүй, ...үр дүнгийн гэрээгээ байгуулаагүй гэдгээр халах боломжтой” гэж шийдвэрлэж “үр дүнгийн гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр ажлаас халах тушаал тус тус гаргахаар болсон, эндээс үзвэл “...удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ хэрэгжүүлээгүй” гэх сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг хариуцагч нь урдчилан тогтоогоогүй ба нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй болох нь тогтоогджээ.

16. Мөн Тээврийн газрын даргын 2016 оны А/40 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 9.5-д “ажил таслах, ажлын цагаас хожимдож ирэх, цагаас эрт тарж явах, ажлын цагаар ажлын байрыг орхиж явах...” зэргийг “хөдөлмөрийн сахилгын зөрчил”-д тооцож, 10.1-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоор журамласан, тус газрын “Ажлын цаг ашиглалтын журам”-ын 4.5-д заасны дагуу “сард 1440 минутаас хэтэрсэн дутуу гүйцэтгэлтэй хүнийг 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсанд тооцож, “Хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дүгээр заалтыг үндэслэн газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаас үзэхэд доод тал нь 3 хоног ажил таслах нь сахилгын шийтгэл хүлээх “зөрчил”-д тооцогдоно.

17. Энэ маргааны тухайд С.Н-д сахилгын шийтгэл ногдуулсан нэг үндэслэл нь түүнийг 2017 оны 11 дүгээр сард 3 хоног ажил тасалсан гэж хариуцагч үзсэн боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, ажил тасалсан хоног нь “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохооргүй байсныг 2 шатны шүүх нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэжээ.

18. Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан “2017 оны 11 дүгээр сарын мэдээ” гэх хүснэгтэд С.Н-ийг 22 хоног ажиллахаас 8 хоног ажилласан, ажил тасалсан 24 цаг гэж тэмдэглэгдсэн хэдий ч С.Н-ийг ажлаас халахаар Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр гарах үед дээрх “журам”-аар тогтоосон сахилгын шийтгэл хүлээлгэх зөрчил буюу 3 хоногийн ажил таслаагүй байсан, хурлын дараа өдөр ажилдаа ирэхэд нь “ажлаас халсан” гэснээр тухайн өдрөө ажиллаагүй нь тогтоогдсон, иймээс С.Нямдоржийг 3 хоног ажил тасалсан гэж үзэхгүй.

19. Нэхэмжлэгч С.Н-ийг Тээврийн газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн стандарт, техник технологийн мэргэжилтнээр, мөн даргын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/42 дугаар тушаалаар техник, технологи, инновацийн мэргэжилтнээр томилсон, энэ талаар хариуцагч маргаагүй ба хэрэгт “техник, технологи, инноваци хариуцсан мэргэжилтэн” С.Нямдоржийн гарын үсэг бүхий 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “үр дүнгийн гэрээ”, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас” зэрэг баримтууд авагдсан, Захиргааны зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлд “...үр дүнгийн гэрээ хийж өгсөн, гэхдээ шаардлага хангахгүй,... ажил дутуу тусгагдсан байна,... засаад өгөөрэй гэхэд авахгүй, над дээр байгаа” гэж хэлтсийн даргаас тайлбарласан нь тусгагдсан, эдгээрээс үзвэл “үр дүнгийн гэрээ” байгуулаагүй, энэ нь нэхэмжлэгчийн буруугаас болсон гэх хариуцагчийн тайлбарын үндэслэл тогтоогдохгүй байна.

20. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага тогтооно” гэсний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 8.1-д “...төрийн жинхэнэ албан хаагч нь гэрээнд заасан хугацаанд менежерт гэрээний биелэлтээ тайлагнаагүй, гэрээний төслөө өгөөгүй тохиолдолд холбогдох тал байгууллагынхаа дээд шатны удирдах албан тушаалтан болон Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд харъяаллын дагуу гаргаж болно. Гомдол хүлээн авсан этгээд ирүүлсэн гомдлын дагуу шалтгааныг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна. Холбогдох зөвлөл шаардлагатай тохиолдолд буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэхээр эрх бүхий этгээдэд санал гаргаж болно” гэж зааснаар уг маргаантай асуудлаар гомдол гаргах, хэн, хэрхэн шийдвэрлэхийг тусгайлан зохицуулжээ.

21. Гэтэл, менежер /хэлтсийн дарга/-ээс үр дүнгийн гэрээний төсөлд юу шаардсаныг нэхэмжлэгч биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй, уг маргааныг дээрх журмын дагуу эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлээгүй байхад үр дүнгийн гэрээний төслөө өгөөгүй гэж нэхэмжлэгчийг шууд буруутгасан хариуцагчийн үйл ажиллагаа дээрх хууль, журмын зохицуулалтад нийцэхгүй.  

22. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн хяналтын журмаар гаргасан “...шүүх нотлох баримтыг шалгаагүй,... Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-д заасан нөхцөл байдал үүсээгүй байхад уг хуулийг буруу хэрэглэсэн,... гэрээ байгуулагдаагүй байхад дүгнэх боломжгүй байсан” гэх агуулгатай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0356 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2018/0515 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.1-д заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМНЫ ТЭРГҮҮН                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                      Ч.ТУНГАЛАГ