Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 13

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

батлах тухай

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би Завхан аймгийн *******дэд холбогдох Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 27-ний өдөр товлосон хугацаандаа хуралдуулахыг Завхан аймгийн *******дэд даалгах-ийг хүссэн нэр дэвшигч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болсон аймгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчөөс Ардчилсан намаас 24, Монгол Ардын намаас 17 төлөөлөгч сонгогдон Ардчилсан нам олонхи болсон юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т анхдугаар хуралдааныг сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй ИТХ-ын Тэргүүлэгчид зарлан хуралдуулна гэж заасан бөгөөд анхдугаар хурал хуралдах эцсийн хугацаа 7 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасны дагуу 7 дугаар сарын 8-ний өдрөөс 17-ний өдрийг дуустал амралтын өдөр тохиож байгаа тул 7 дугаар сарын 8-ний дотор анхдугаар хуралдааны товыг зарлаж өгөх хүсэлтийг аймгийн *******дэд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 88 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно.

Албан бичгийн хариуг өгөөгүй учир аймгийн ИТХ-ын дарга Б.*******т 2016 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 92, 07 дугаар сарын 18-ний өдрийн 95 тоот албан шаардлагуудыг тус тус хүргүүлсэн ч хариу өгөлгүй байсаар 2016 оны 07 дугаар сарын 18-ний өдөр хуралдсан *******дийн хуралдаанаас анхдугаар хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 27-ний өдөр байхаар товлож, тогтоол гаргасан нь хууль бус байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-д заасны дагуу дээрх шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, анхдугаар хуралдааныг хуулийн хугацаанд хуралдуулах шийдвэр гаргахыг аймгийн *******дэд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийг өөрчлөх нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Ардчилсан намаас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 96 тоот нэхэмжлэлээр аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хуулийн хугацаанд товлож өгөхийг даалгах шаардлага гаргасан билээ. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар захирамж ирсэн бөгөөд шаардлагын дагуу бүрдүүлбэрийг хангаж итгэмжлэлийг солих боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийг Ардчилсан намаас аймгийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгчид болгон өөрчилж байна.

Учир нь анхдугаар хуралдаанаар Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгогчдод амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж бүрдэх учраас Төлөөлөгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа учир ийнхүү өөрчлөх боломжтой гэж үзэж байна.

Хоёр. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гаргасан дээрх нэхэмжлэлд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хуулийн хугацаанд буюу 7 дугаар сарын 19-ны өдөр товлуулах даалгавар гаргах шаардлага хүргүүлсэн ч одоо нэгэнт хуулийн хугацаа өнгөрч ач холбогдлоо алдсан төдийгүй ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор анхдугаар хуралдааныг 7 дугаар сарын 27-ны өдөр байхаар товлосон юм. Гэтэл одоо энэ хугацаандаа хуралдахгүй бас дахин хойшлуулж болзошгүй нь тодорхой болж өнөөдөр энэ асуудлаар ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаанаа дахин зарласан байгаа тул 2016 оны 7 дугаар сарын 27-ний өдөр товлосон хугацаандаа хуралдуулахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр АН-ын нэр бүхий төлөөлөгчдөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хуралдуулах товыг анх зарласан хугацаандаа буюу 07 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгах тухай нэхэмжлэлийг өгсөн юм. Өнөөдөр 07 дугаар сарын 27-ны өдөр болсон, Төлөөлөгчид хуулийн дагуу 1 хоногийн өмнө хуралдаанаар хэлэлцэх асуудалтай танилцах нөхцөл нэгэнт хангагдах боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 78 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хариуцагчид нэхэмжлэлийн 1 хувийг гардуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байна.

Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тайлбарыг ирүүлжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарын Завхан аймгийн *******дэд холбогдуулан гаргасан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр товлосон хугацаандаа хуралдуулахыг Завхан аймгийн *******дэд даалгах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаарлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА