Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 0527

 

 

 

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0527

Улаанбаатар хот

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 280 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0001857 тоот актын тогтоох хэсгийн 1Б заалтыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “О” ХХК нь тухайн хугацаанд цагдаагийн байгууллагаар шалгагдаж зөрчлөө хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээний мөнгө төлсөн байдаг. Гэтэл одоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэтээр тайлбарладаг нь үндэслэлгүй байна.

Мөн тухайн шалгагдаж байх хугацаанд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж нотлох баримтыг гаргаж өгөөгүй атал актыг гардуулаагүй талаар маргаж хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй. Татварын улсын байцаагчийн акт нь хууль тогтоомжийн дагуу үйлдэгдсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “О” ХХК нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0001857 дугаар актын 1б-д заасан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг” хэсэгт 181818,2 мянган төгрөгийг тусган төсөвт төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулсан зөрчилд 18181,8 мянган төгрөгийн нөхөн татвар, 5454,5 мянган төгрөгийн торгууль, 683,6 мянган төгрөгийн алданги ногдуулах” талаар эс зөвшөөрч маргасан байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн  15.1-д “дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”, 15.1.2-д “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж заасан нь баримтаар нотлогдсон зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцох зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээд баримтаар нотлогдож байгаа зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга, “ПИ” ХХК-ийн агуулахын барилга, “БС” ХХК-ийн оффисийн барилга барихад зарцуулсан материалын зардалд 181818,2 мянган төгрөгийг зарцуулсан болох санхүүгийн баримтуудаар тогтоогдож байхад[1] нэхэмжлэгчийг баримтаар нотлогдохгүй зардал гэж буруутган акт ногдуулсан үндэслэлгүй” байгаа талаар хэрэгт авагдсан баримтад үндэслэн дүгнэжээ.

Хариуцагчаас хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашигласан, улмаар үүнийгээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвшөөрсөн байтлаа дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бусад баримтуудыг ашиглан аж ахуйн нэгжийн орлогын албан татварт ногдох орлогоо бууруулсан гэж маргасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх бөгөөд ““О” ХХК нь тухайн хугацаанд цагдаагийн байгууллагаар шалгагдаж зөрчлөө хүлээн зөвшөөрч тодорхой хэмжээний мөнгө төлсөн байдаг. Гэтэл одоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа мэтээр тайлбарладаг” гэх гомдол үндэслэлгүй байна.

Өмнө нь эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн асуудал нь одоо маргаж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчилтэй холбоотой маргаан биш байна. Учир нь нэхэмжлэгч “О” ХХК “ЦР” ХХК-ийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн падааныг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон хэрэгт шалгагдсан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д хуулийн этгээдийн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцохоор, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байна. Үүнээс үзвэл татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0001857 дугаар актын тогтоох хэсгийн 1б-д тодорхойлсон зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтыг зөрчсөн тухай маргаан байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрүүгийн журмаар шалгагдсан зөрчил нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн эсэх тухай маргаан байна. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа худалдан авсан эсэх талаарх маргаан нь татвар төлөгчийн зардал нь баримтаар нотлогдох эсэхээс хамаарч орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох тухай маргаантай нэг биш юм.

Эдгээр болон бусад баримтаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ