Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 144/ШШ2024/00183

 

 

 

            2024              11                    07

                                   144/ШШ2024/00183

                          

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2-р баг, Гавилууд, Гоёотын 20-5 тоотод оршин суух, Ч овгийн Ц.Б /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2-р баг, Гавилууд, Ханбогд хотхон 1-5 тоотод оршин суух, Б овгийн Б.Б /РД:*********/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б миний бие Б.Б 2007 оны 10 сарын 22-нд Дундговь аймгийн Сайн цагаан сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Бид 2008 оны 02 сарын 23-нд төрсөн хүү Б.Д, 2013 оны 02 сарын 28-нд төрсөн хүү Б.Э нар төрсөн, одоо Д 16 настай, Э 11 настай хүү нартай. Б.Б нь 2023 оны 10 сард Б хэмээх залууг надад танилцуулж салах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Иймд миний бие энэ хүсэлтийг хүлээн авч Б.Б ярилцаж тохиролцон 2007 онд батлуулсан 290 гэрлэлтийн гэрчилгээний дугаартай гэрлэлтийг цуцлуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй ярилцан тохиролцсон. Мөн 2 хүүхдээ харилцан тохиролцож ээлжлэн асран хамгаалах хүсэлтэй байна.

Б асуултын дагуу хариулъя. Зээл хийлгээд авхуулсан. Машины зээл байгаа. Өөрөө мөнгөтэй баян хүн байх. Зээл татаад авчихаар үлдэгдэл нь хүрэхгүй бага мөнгө болчхоод байгаа. Түүнийг энэ хүн ойлгохгүй намайг байнга дарамталдаг гэх мэт, гэрлэлт цуцлуулахгүй бол байнга эхнэр нөхөр шиг залгаж дарамталдаг. Түүнээс болсон. Харилцан тохироод боломжоороо өгье гэж бодож байна. Тэтгэмжийг өгч чадахгүй гэе, бага хэмжээтэй өгөх боломж байна уу. Энэ хүний залгаж нэхэж, дарамталдаг асуудал хэцүү байна. 400.000 төгрөг надаас боломжоор гарч байгаа мөнгө, энэ хүнд юу ч биш байх.’’ гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б овогтой Б миний бие Ц овогтой Б гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ц.Батбаяр нь өөрөө бас амьдралдаа өөр эмэгтэйг оруулж ирсэн байгаа. Тэр эмэгтэйг өөрөө энэ залууг гаргаж ирэхээс өмнө мэдэж байсан. Уг нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулах тухай хүлээн зөвшөөрч байна.

Хэдэн төгрөг зээл авсан гэсэн бэ, 12.000.000 төгрөг. Би банкнаас олон удаа 30 сараар зээл авч байсан. Чи хамгийн дээд тал нь 15.000.000 төгрөг авч байсан, машин 15.000.000 төгрөг болсон, дараа нь би 12.000.000 төгрөгийг авсан. Машин унаад зугтаагаад байсан. Машиныг 32.000.000 төгрөгөөр Батбаяр 15.000.000 төгрөг зээлж авсан. Машиндаа 15.000.000 төгрөгөөс 12.000.000 төгрөгийг өгсөн. Хотод байр авсан, энэ байрыг хундааманд нь 53.000.000 төгрөгөөр хямдхан авсан. Би бүгдийг нь өөрөө шилжүүлж авсан, би үүнийг 100  хувь төлж авсан. Энд байранд Батбаяр мөнгө өгсөн гэж хэлээд байна. Чи 5.000.000 төгрөг өгсөн. Ухамсраараа хоёр хүүхдэдээ мөнгө өгчихвөл надад дэмтэй. Энэ хүний амны билэг байхгүй гэж хэлдэг байсан. Чи “Оюу толгой” ХХК-д ажиллаж байгаа цалин гайгүй авч байгаа. 2022 онд авсан машины 15.000.000 төгрөг асуудалгүй дуусчихсан байгаа. Сая 12.000.000 төгрөг авсан. Өөрөө ухамсраараа мөнгө өгчихвөл би хүчлээд шүүхээр шаардахгүй. Сар бүр мөнгө өгөхгүй байгаа. Чи сар бүр өгчихвөл сайн байна, боломжоороо гэвэл чамд хэзээ ч боломж гарахгүй. Энэ хүн тэтгэмж төлж чадахгүй гэж байгаа учир хэлэх зүйл байхгүй. Тэтгэмжийг тогтоолгохгүйгээр орхиё.” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Б.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчдыг гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн *** дугаарт 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэжээ. /хавтаст хэргийн 10 дахь тал/

            Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар зохигчид гэр бүл болж, тэдний дундаас **** оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Э, **** оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Д нар нь төрж, эрүүл өсөн бойжиж байгаа болох нь тэдний гаргасан тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

          Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь шүүхэд болон шүүх хуралдаанд зохигчийн гаргасан нэхэмжлэл, тайлбар болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ц.Гантуяагийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 144/ЭТ2024/00053 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан эвлэрүүлэх урьдчилсан арга хэмжээ авах шаардлагагүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэв. /хавтаст хэргийн 7 дахь тал/

          Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэж тус тус заасны дагуу эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээжээ.

            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх, эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй. Хүү Б.Э, Б.Д нар нь эцэг Ц.Б овоглосон байна. Эх Б.Б, эцэг Ц.Б нар хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүүхдийн нас, ахуйн нөхцөл, бололцоо, хүү Б.Э, Б.Д нарын санал болон төрсөн цагаас хойш эх Б.Б асрамж асаргаанд хамт амьдарч байгаа зэргийг харгалзан хүү Б.Э, Б.Д нарыг эх Б.Б асрамжид үлдээж, эцэг Ц.Б хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б олгохоор шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ч овгийн Ц.Б, Б овгийн Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Э, 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Д нарыг эх Б.Б асрамжид үлдээсүгэй.
  3.   Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Э, 2008 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Б.Д нарыг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ц.Б гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
  4.    Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д зааснаар хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
  5.    Зохигчид нь эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
  6.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б олгосугай.
  7.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Г даалгасугай.
  8.    Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАТМӨНХ