Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 378

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Л,

улсын яллагч Д.Ц,

шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Авга овогт Мөнхбатын Ууганбаярт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011054 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Авга овогт Мөнхбатын Ууганбаяр, 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 30-387 тоотод оршин суух хаягтай урьд ял шийтгэлгүй, /РД:УХ90061556/

 

Шүүгдэгч М.Ууганбаяр нь давтан үйлдлээр 2017 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энэрэл цогцолборын 24а байрны 32 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Даваадуламыг зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

-мөн өдөр хохирогч Ц.Даваадуламыг зодож байхад нь салгах гэж очсон насанд хүрээгүй хохирогч Э.Мэнд-Амарыг уруул руу нь  гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Ууганбаяр нь давтан үйлдлээр 2017 оны 3 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энэрэл цогцолборын 24а байрны 32 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Даваадуламыг зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь,

              -мөн өдөр хохирогч Ц.Даваадуламыг зодож байхад нь салгах гэж очсон насанд хүрээгүй хохирогч Э.Мэнд-Амарыг уруул руу нь  гараараа цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

Шүүгдэгч М.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хохирогчид учирсан гэмтлийг зүгээр байхад нь учруулаагүй. Хохирогч архи нилээн уух дуртай уухаараа муухай авир гаргаж архираад байдаг. Би энэ талаар өөрийн гар утсан дээр бичлэг хийж, маргааш хохирогчид үзүүлсэн. Хохирогч бичлэгээ хараад би дахиж ийм асуудал гаргахгүй, наад бичлэгээ устага гэж хэлэхээр устгасан.  Бичлэгээ усгуулсаны дараа дахиад архи ууж ийм авир гаргадаг. Хохирогч 7 хоногт 3-4 удаа байнга архи уудаг, уухаараа байнга агсан согтуу тавьдаг. Тухайн хэрэг гардаг өдөр би найзтайгаа хохирогчийн гэрт ортол хохирогч согтуу над руу агсан тавих гэхээр нь би найзаасаа санаа зовоод явуулсан. Тэгээд би араас нь явах гэтэл хохирогч намайг явуулахгүй, хүүхдээ дуудаад байсан. Би гарах гэтэл хохирогч миний гараас тавихгүй байхаар нь гараа угз татсан. Хажууд хохирогчийн хүүхэд байсан санамсаргүй хүүхдийнх нь уруул руу цохьсон” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Ц.Даваадулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энэрэл цогцолборын 24а-32 тоот гэртээ байж байтал гаднаас хамтран амьдрагч М.Ууганбаяр найзынхаа хамт халамцуу орж ирсэн. Тэгээд сууж байгаад гаднаас архи авч орж ирсэн, тэрнийгээ задлаад найзтайгаа уугаад намайг уу гээд байхаар нь би уулгүй амандаа балгаж байгаад асгаад байсан. Тэгээд байж байтал найз нь явлаа гээд яваад өгсөн. Тэгтэл 00-н өрөө рүү хамт ороод үгийн зөрүүгүй цохьсон. Тэгтэл би довжоон дээр хөл алдаад унасан чинь нүүр толгой хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би хүү Мэнд-Амарыг дуудаад цагдаа дууд гэж хэлтэл манай хүү Мэнд-Амар цагдаа дуудсан чинь ирээгүй. Тэгтэл намайг дахиж өшиглөсөн чинь хүү Мэнд-Амар гарч ирээд Ууганаа ахаа ээжийг яаж байгаа юм гэж хэлтэл нүүр рүү нь гараараа цохьсон. Тэгтэл манай хүү Мэнд-Амарын амнаас цус гараад цаашаа яваад өгсөн. Тэгээд дахиад цагдаа дуудсан боловч ирээгүй. Тэгтэл Мэнд-Амарын нүүр толгой хэсэг рүү 1-2 удаа цохьсон, тэр хооронд дахиж өшиглөхөөр нь би гараараа хамгаалсан чинь гар руу цохиод хуруу тулгасан, тэгээд шууд гэрээс гараад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг. /хх-13/,

Хохирогч Э.Мэнд-Амар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би өрөөндөө ороод хэвтэж байтал манай ээжийн хамтран амьдрагч Ууганбаяр гэх ах манайд ирсэн юм. Тэгээд би унтах гээд хэвтэж байтал манай ээж 00-н өрөөнөөс орилоод Мэнд-Амараа цагдаа дуудаарай гэсэн. Тэгэхээр нь цагдаа дуудчихаад том өрөөрүүгээ ороход том өрөөнд манай ээжийг Ууганбаяр ах дарчихсан дээрээс нь өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би ээжийгээ салгах гээд очтол Ууганбаяр нь баруун гараараа миний уруулны зүүн дээд хэсэг рүү нэг удаа цохьсон юм. Тэгэхээр нь би шууд жижиг өрөөндөө ороод дахиад цагдаа дуудсан юм. Тэг үед миний уруулнаас цус гарч байсан. Тэгээд буцаад том өрөө рүү ороход мөн л манай ээжийг газар унагаачихсан цохиж, зодоод байхаар нь би Ууганбаярт хандаж та хоёр яг яах гээд байгаа юм бэ гэж хэлээд очоод Ууганбаярыг цаашаа түлхээд ээжийгээ газраас босгох гэтэл Ууганбаяр дахиад гараараа миний уруул руу цохиод авсан юм. Ингээд нэг цохьсон газраа 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг. /хх-38/,

Гэрч Д.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр найз Ууганбаярын хамт гэрт нь шөнийн 03 цаг өнгөрч байхад дэлгүүрээс нэг шил архи аваад орсон. Тэгээд гэрт нь ороход хамтран амьдрагч гэх танихгүй эмэгтэй байсан. Бид 3 хамт суугаад авсан архиа хувааж ууж байгаад уг архи дуусч байхад Ууганбаяр нь уг эмэгтэйтэй маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би Ууганбаярт явлаа гэж хэлчихээд гарч явсан...Намайг гэрт нь байхад 00-н өрөөндөө орж хэрэлдээд байсан. Юунаас болоод хэрүүл болсныг би мэдээгүй. Тэр эмэгтэй гэнэт уурлаад орилж хашгичаад Ууганбаярыг цохиж аваад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх42-43/,

Хохирогч Ц.Даваадуламын мэдүүлэг /хх11-13/, насанд хүрээгүй хохирогч Э.Мэнд-Амарын мэдүүлэг /хх-15/, шинжээчийн №3701, №3702 дугаартай дүгнэлт /хх18-19/, сэжигтэн М.Ууганбаярын мэдүүлэг /хх-24/, яллагдагч М.Ууганбаярын мэдүүлэг /хх25-26/, ял шалгах хуудас /хх-27/, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх29-31/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх50-55/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Ууганбаярын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр хэргийн ангилал, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч М.Ууганбаярыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ууганбаяр нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос М.У 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг шинэчлэн найруулсан (2015 оны) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар (2015 оны) Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2.М.У хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Ууганбаярыг 500 нэгж /500*1.000=500.000 төгрөг/-ээр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.У оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд буюу 2018 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлөхийг даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.У нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.У хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  •             , ШҮҮГЧ                                 Т.ШИНЭБАЯР