Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/46

 

 

 

 

 

 

  2023             01            10                                       2023/ДШМ/46

 

 

                                                         С.Б-өд холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.У,

хохирогч Х.Б-ын өмгөөлөгч С.С,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч О.С,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/659 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч О.С-ын гаргасан давж заалдах гомдлоор С.Б-өд холбогдох ................................. дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, “Р” хотхоны ..... блокийн ...... тоот гэртээ хамтран амьдрагч Х.Б-тай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг түлхэж унагаагаад дээр нь гарч хоолойг нь боож, баруун хацар хэсэгт тохойгоороо цохиж зодон эрүүл мэндэд нь цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Б-ийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч С.Б-өд оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Х.Б гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тухайд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д “яллаж байгаа гэмт хэргийн цаг хугацаа”-г зайлшгүй тодорхой бичихээр хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн заажээ. Хяналтын прокурорын зүгээс С.Б-ийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, эрүүгийн хэрэг үүсгэсэн /хх-1-3/, мөн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 189 дугаар яллах дүгнэлт үйлдэж хэргийн оролцогчид гардуулахдаа “яллагдагч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө Хан-Уул дүүргийн ........... дүгээр хорооны нутаг дэвсгэр “Р” хотхоны ......... блок, .....тоот гэртээ хамтран амьдрагчаа түлхэж унагаагаад дээр нь гарч хоолойг нь боож, баруун хацар хэсэгт тохойгоороо цохиж зодон биед нь цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх хууль зүйн дүгнэлтийг хийж, үйл баримтыг тогтоолгохоор хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дээрх нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргасан хэдий ч анхан шатны шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй болно. Үүний дараагаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэм буруугийн шүүх хурал дээр нотлох баримтыг шинжлэн судлах явцад, хэргийн үйл баримтыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэмээн зассан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талууд мэтгэлцэх боломжийг хязгаарласан. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй" гэх оролцогчийн эрхийг хязгаарлахаас гадна хуульд заасан яллах дүгнэлтийн хууль зүйн шаардлагыг хангаагүй байсан байхад анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

1. Хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөгчийн даалгавраар /хх 15, 38/ хэрэгт гэрчээр оролцсон Н.А, Д.М нараас мэдүүлэг авхуулахаар мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөрдөгчийн даалгавар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан мэдүүлэг авах журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаар хийлгэх шаардлага гарвал мөрдөгч энэ тухайгаа саналаа прокурорт гаргана. Прокурорын даалгаврыг хүлээн авсан тухайн мөрдөн шалгах ажиллагааг явуулах байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамт прокурорт хүргүүлнэ” гэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Уг заалтыг хэрэгжүүлж нотлох баримтаар хавсаргасан хохирогч Х.Б-ын мэдүүлэг, гэрч Н.А, Д.М нарын мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх шаардлагатай байсан. Мөн энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад мөрдөгч, мөрдөгчийн даалгаврыг бие даан шийдвэрлэхгүй байтал хуулийг ноцтой зөрчсөн.

2. Хохирогч гэх Х.Б-аас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр /хх 19-20/ дугаар талд мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлана” гэх хуулийн заалтыг зөрчсөн зэрэг мөрдөн шалгах ажиллагаануудыг зөрчсөн байтал дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрт ашигласан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Х.Б-ын өмгөөлөгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтийн он сар зөрүүтэй асуудлыг техникийн шинжтэй алдаа гэж үзэн прокуророос залруулж шүүхэд шилжүүлсэн учир энэ баримтад маргах шаардлагагүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн асуудал гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатын шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хацар дээрх хөхрөлт филлер тарианы улмаас үүссэн гэж анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн гэдэг нь үндэслэлгүй. Шинжээч эмч энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгчийн хацар дээрх хөхрөлт шүүгдэгчийн үйлдлийн улмаас үүссэн гэдэг нь хохирогчийн болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаар хийлгэх шаардлага гарвал мөрдөгч энэ тухайгаа саналаа прокурорт гаргана. Прокурорын даалгаврыг хүлээн авсан тухайн мөрдөн шалгах ажиллагааг явуулах байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамт прокурорт хүргүүлнэ” гэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна.” гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.14 дэх заалтад заасны дагуу өөр нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрэн сурвалжлах шаардлага гарвал энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.У тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд 2022 оны 1 дүгээр сарын 5-ны шөнө үйлдэгдсэн үйл баримтыг 2022 оны 1 дүгээр сарын 6-ны шөнө үйлдэгдсэн гэж техникийн шинжтэй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэхдээ гараар засаж явуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар маргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 2022 оны 1 дүгээр сарын 5-ны шөнө гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо эрх бүхий албан тушаалтнаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаатай санал нийлэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б 2022 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ........дугаар хороо, “Р” хотхоны ..... блокийн ...... тоот гэртээ хамтран амьдрагч Х.Б-тай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг түлхэж унагаагаад дээр нь гарч хоолойг нь боож, баруун хацар хэсэгт тохойгоороо цохиж зодон эрүүл мэндэд нь цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Б-ын “...С.Б бид хоёр хоорондоо маргалдахад С.Б явлаа гээд гарч явах гээд байсан. Тэгэхээр нь би согтуу хүн гараад хөлдөөд үхчихнэ гэж бодоод явуулахгүй гэж хорьсон, тэгсэн чинь намайг түлхэж унагаад дээр гарч сууж байгаад миний хоолойг боосон, ...тохойгоороо миний баруун шанаа руу тохойлдсон. Би өөрийгөө хамгаалахдаа өөдөөс нь эсэргүүцэж нүднийх нь доор маажсан. Тэгээд дүү Г-ыг дуудаж Б-ийг салгуулсан, манай хамаатнууд байсан болохоор нөхрийг аваад өрөөнд нь оруулж унтуулсан. Өглөө нь С.Б гэрийн түлхүүр үлдээгээд машинаа аваад явсан. Мессежээр намайг зайлаарай, голомтоор чинь самарна, аав, ээжээс чинь айхгүй, чаддаг юм бол цагдаагаар яваарай гэсэн. ...” /хх 19-25/,

гэрч Х.Г-ын “...Би сэрээд өрөөнөөс гарч үүдэнд очиход Б эгчийг нөхөр Б нь заамдчихсан, хувцас хунараа өмсчихсөн гарах гэж байгаа бололтой хана руу шахаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод боль гээд салгасан. Тэгтэл Б ах би гармаар байна гэсэн, ...Б ах нэлээн согтуу байсан, аниа ч гэсэн наадахыгаа битгий гарга гэсэн болохоор Б ахыг би аргадаад тайвшруулсан. Тэгээд та энэ гэртээ үлд, бид нар явъя гээд би хувцсаа өмссөн чинь Б ах та нар явах хэрэггүй гээд гайгүй болохоор нь би өөрийнхөө унтаж байсан өрөөнд Б ахыг оруулаад бид хамт унтсан. ...” /хх 26-30 /,

гэрч Н.А-ын “...Б, Б, манай эхнэр хөзөр тоглоод байсан. Тэгж байгаад гэнэт Б нь явлаа гээд үүд рүүгээ явсан. Тэгсэн чинь Б явуулахгүй гээд араас нь явсан, тэгээд үүдний өрөөнд пижигнээд явчихсан. ...Д.М нь дүү Б-тай тухайн өдөр том өрөөнд хоорондоо муудалцсан маргалдсан асуудал болоогүй ...Манай эхнэр дүүдээ гар хүрсэн зүйл байхгүй. Ингэж үндэслэлгүй гүтгэж байгаад гайхаж байна...” /хх 41-42/,

гэрч Д.М-ийн “...Б, С.Б бид гурав хөзөр тоглож байсан, ...хөзөр тоглож байхад Б, Б хоёр хоорондоо муудалцаад байсан, яг юунаас болоод байгааг нь мэдээгүй, тэгж байгаад Б хөзрөө шидээд би явлаа гээд шууд хаалга чиглээд явсан. Тэгсэн Б чамайг явуулахгүй гээд араас нь явсан, би том өрөөнд сууж байхад түр тар гээд явчихсан. Тэгсэн чинь “Б” “Г” гээд дүүгээ дуудсан, дүү нь нөгөө өрөөнөөс босоод очсон. Би бас босоод очсон, Б, Б-ыг багалзуурдаад дарчихсан байсан. Г, Б-ийг салгаж аваад өрөө рүү явсан. Тэгээд би Б-ыг босгож авсан. ...” /хх 45-47/,

гэрч Г.А-ы “...Б утсаар яриад нөхөр Б-д зодуулсан тухайгаа хэлсэн. ...хүн, хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй, хөхрөлт үүсэхгүй ч байж болно. Энэ зургаас харахад миний өөх хайлуулах тарилга хийсэн талбайд хөхрөлт үүссэн байна. Гэхдээ тарианых мөн, биш гэж хэлэхэд хэцүү юм...” /хх 49-50/,

яллагдагч С.Б-ийн “...Намайг Б гаргахгүй гээд үүдэнд зууралдаад байхаар нь би гарах гэж зүтгээд байсан ч намайг гаргахгүй хэл амаар доромжилж, намайг өшиглөж цохиод хаалга алдалж зогсоод намайг гаргаагүй. Тэр үед жижиг өрөөнд унтаж байсан төрсөн дүү Г-ыг орилж дуудаад “Б ах чинь намайг зодох гээд байна” гэсэн, дүү нь сэрээд гарч ирэхээр нь би ах нь гарах гэсэн юм, эгчийгээ холдуулаадах гэсэн чинь дүү ч бас намайг та гарч яахын бэ гэхээр нь би гарахаа болиод охиныхоо хажууд очоод хэвтсэн. ...Б намайг гаргахгүй гээд үүдэнд зууралдаж байхад би санамсаргүй тохойгоороо түүний нүүр орчимд хүрсэн байж магадгүй...” /хх 79-81/ гэх мэдүүлгүүд,

“...Х.Б-ын биед цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1470 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 54-55/,

“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1470 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Х.Б-ын биед цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байх ба эдгээр гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 200 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 67-69/,

хүний биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч С.Б-ийг хохирогч Х.Б-тай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг түлхэж унагаагаад дээр нь гарч хоолойг нь боож, баруун хацар хэсэгт тохойгоороо цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Б-ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн  нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч О.Санчирбал “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Х.Б-ын /хх 19-25/, гэрч Х.Г-ын /хх 26-30 /, Н.А-ын /хх 41-42/, Д.М-ийн /хх 45-47/, Г.А-ы /хх 49-50/, яллагдагч С.Б /хх 79-81/ нарын мэдүүлгүүд,1470 дугаар шинжээчийн дүгнэлт болон 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч С.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Х.Б-ын биед учирсан цээж, хэвлий, баруун хацар, хүзүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч О.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/659 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч О.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ