Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 118/ШШ2024/0053

 

 

                                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би тус аймгийн Тосонцэнгэл сумын ******* хяналтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.******* нь бүртгэлийн МЭХУБ-01 дугаартай "...Тосонцэнгэл сум дахь Ус сувгийн өөдөөс харсан дэлгүүр сургуулийн хүүхдүүдэд битгий хог зараад байлдаа..." гэх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч "*******" ХХК-д 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр №******* дугаартай шийтгэлийн хуудсаар "Зөрчлийн тухай хуулийн 11.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Материалд цугларсан Зөрчлийн талаарх амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай "...Тосонцэнгэл сум дахь Ус сувгийн өөдөөс харсан дэлгүүр сургуулийн хүүхдүүдэд битгий хог зараад байлдаа ..." гэх тэмдэглэл, Хохирогч Б.*******гийн "...2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай бага ангийн хүүхэд 1 ширхгийг худалдан авч гэртээ авчирч идсэн байсныг нягталж үзэхэд их л муухай содон үнэртэй байсан. Тэгээд л сошиалд тавьсан..." гэх мэдүүлэг, Холбогдогч Э.*******гийн "...Бүтээгдэхүүнийхээ хугацааг л хараад байснаас, энэ хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг шалгаагүй нь миний буруу боллоо. Цаашид ийм асуудал гаргахгүй анхаарч ажиллана..." гэх мэдүүлэг, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Шалгалтын тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар эрх бүхий албан тушаалтан М.******* нь зөрчлийн МЭХУБ -01 дугаартай гомдол мэдээлэлд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэл оногдуулахдаа хуульд байхгүй торгох шийтгэлээр шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "...хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байтал эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад "...1000.000..." гэх хуульд байхгүй шийтгэл оногдуулж бичсэнийг "нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" гэж өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч М.*******гийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр №******* дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* хяналтын улсын байцаагч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч “*******” ХХК-д 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ авч шийтгэлийн хуудсыг бичихдээ бичиглэлийн алдаа хийснээ хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* хяналтын байцаагч М.******* нь Зөрчлийн тухай хуулийн тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж ******* ХХК-г  1 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.******* нь Зөрчлийн тухай хуульд байхгүй шийтгэл оногдуулж бичсэн гэх үндэслэлээр дээрх ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 13 дүгээр дүгнэлтийг тус шүүхэд бичиж ирүүлсэн байна.

Прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг "...1000.000..." гэх хуульд байхгүй шийтгэл оногдуулж бичсэнийг "нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" гэж өөрчлүүлэх хэмээн тодорхойлсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Тосонцэнгэл сумын ******* хяналтын улсын байцаагч М.******* дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна.

Зөрчилд холбогдогч “*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "...холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй..." гэх зөрчлийг үйлдсэн болох нь зөрчлийн хэргийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурж, уг шийтгэлийн хуудсанд хуулийн хугацаанд гомдол гаргаагүй байх тул прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Тосонцэнгэл сумын ******* хяналтын улсын байцаагч М.*******гийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ******* хяналтын улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.*******ийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                              ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД-ОЧИР