Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/47

 

 

 

 

 

 

  2023             01            10                                       2023/ДШМ/47

 

 

Г.М-д холбогдох

                                        эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Б,

шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч С.С,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1699 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ............................ дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” авто угаалгын газарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 10.7 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.М хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-д 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.М-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай, 10.7 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдолдоо: “...Би өөрийн үйлдсэн хэрэгтэй гэмшиж байгаа бөгөөд гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Миний бие өөрийн төрсөн ээжийн хамт хоёулаа амьдардаг. Мөн би “Б” их сургуулийн аялал жуулчлалын менежмент чиглэлээр 1 дүгээр дамжаанд суралцдаг бөгөөд өөрийн бодлогогүй үйлдлийн улмаас ийм зүйл хэрэглэж, түүнийхээ хор уршгийг таньж мэдээгүй. Өөрийн сурч боловсрох насандаа хоригдоод сууж байгаа даа үнэхээр их харамсаж байна. Иймээс та бүхэн миний сурч боловсрох эрхийг минь харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.М-ийн өмгөөлөгч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч оюутан бөгөөд тухайн үед эцэг, эхдээ дэм болох зорилгоор сурахынхаа хажуугаар ажиллаж байсан. Үйлчлүүлэгч маань ялимгүй хэмжээний өвс хүнээс авсан. Үүнийгээ худалдан борлуулаагүй. Өөртөө хадгалсан үндэслэлээр шүүхээс ял шийтгүүлсэн. Г.М цаашид сурч боловсрох шаардлагатай, зан байдлын хувьд эвдрээгүй учир хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой. Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Прокурор Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо ам бүл 2 гэсэн боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ам бүл 4 гэж тайлбарлаж байна. Мөн шүүгдэгч “Б” их сургуульд суралцдаг гэсэн биеийн байцаалтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн боловч шүүгдэгчийн хувийн байдлууд хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж нь асар их байдаг тул энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М нь 2022 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” авто угаалгын газарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 10.7 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Яллагдагч Г.М-ийн “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 104- 105/ гэсэн мэдүүлэг,

“...Шинжилгээнд ирүүлсэн өвс мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “...Г.М-ийн биеэс илэрсэн ногоон өнгийн ургамал мэт хатаасан зүйл” гэж хаягласан хатаасан ногоон өнгийн, нунтаг 10.7 грамм жинтэй өвс мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/  нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3875 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 41-43/,

“...Шинжилгээнд ирүүлсэн “Г.М гэж хаягласан тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг. Шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.  Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 1 жагсаалтад багтдаг. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3874 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 46-48/,

гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/, “...Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор түүний биеэс биологийн дээж болох шээс авч, тестэлж шалгасан “Урьдчилсан байдлаар ТНС илэрсэн...” гэсэн тэмдэглэл /хх 14/, “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд Баянзүрх дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэр, “У” худалдааны төвийн урд талд хуулиар хориглосон мансууруулах бодис биедээ авч явсан Г.М гэх хүнийг илрүүлж, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Б-д хүлээлгэн өгсөн...” гэсэн илтгэх хуудас /хх 11/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 37-39/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Г.М-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.М-ийн 2022 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын /delta 9 tetrahydrocanninol/ агууламжтай,  10.7 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь тохирсон байна.

Шүүгдэгч Г.М-ийн “...Миний бие өөрийн төрсөн эхийн хамт хоёулаа амьдардаг. Мөн “Б” их сургуулийн аялал жуулчлалын менежмент чиглэлээр 1 дүгээр дамжаанд суралцдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “Б” их сургуульд суралцдаг, мөн төрсөн эхийн хамт хоёулаа амьдардаг болох нь тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Г.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй ял хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1699 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.М-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 54 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/1699 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ