Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2024/0325/З |
Дугаар | 128/ШШ2024/0327 |
Огноо | 2024-04-12 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.У********
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ч.С***** нарын хооронд үүссэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, прокурор С.У****, хариуцагч С.С****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н**** нар оролцов.
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.У**** нь “... Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ч.С***** 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0215250 дугаартай шийтгэлийн хуудсаар Э.Б***** 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.У**** ирүүлсэн СЗХ-28 дугаартай хялбаршуулсан журмаар зөрчил шийдвэрлэсэн материалыг хуулбарлан хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ч.С**** нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэл үйлджээ.[1]
2.2. Энэхүү тэмдэглэлд И****** ХХК нь Баянзүрх дүүрэг, 24 хороо, Ш***** байршилд зөвшөөрөлгүй салбан нээн ажиллуулсан зөрчлийг газар дээрх шалгалтын явцад 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр илрүүлсэн тухай тусгажээ.
2.3. Улмаар 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэлийг ЗХБ-7 маягтаар хөтөлж, И**** ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Э.Б******* мэдүүлэг авч “...2024 оны 02 дугаар сарын 16-наас очиж хүмүүст мэдээллээ өгч байсан...” гэх зэрэг мэдүүлгийг авсан.[2]
2.4. Мөн зөрчлийн хэргийн материалд И***** ХХК болон Э.Б***** нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан талбай түрээслэх гэрээ, Ө**** ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээг тус тус хавсаргажээ.[3]
2.5. И***** ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24/01 дүгээр Төлөөлөгчийн газар байгуулах тухай тогтоолын 1 дэх заалтаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д**** худалдааны төвд Төлөөлөгчийн газар байгуулахаар, 5 дахь заалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох зөвшөөрөл авах, Улсын бүртгэлд бүртгүүлэхийг Гүйцэтгэх захирал Б****т даалгаж шийдвэрлэжээ.[4]
2.6. Улсын байцаагч Ч.С******** нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗХБ-22 маягтаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл үйлдэж, “...И**** ХХК нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Ш****** байршилд зөвшөөрөлгүй салбар нээн ажиллуулсан нь ажлын байр, холбогдогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй...” гэх үндэслэлийг тусгажээ.[5]
2.7. Ийнхүү мөн өдрийн 0215250 дугаар шийтгэлийн хуудсаар холбогдогч Э.Б***** Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй “И****** ХХК-ийн салбар нээсэн зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.5, 11.5.1-д заасны дагуу 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.[6]
2.8. Гомдол гаргагчийн зүгээс улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан дүгнэлтдээ “...Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулсан эсэх, салбарын үйл ажиллагаа явуулсан бол хэзээнээс ямар хугацаанд явуулсан эсэх, энэ үйл ажиллагааны үр дүнд хөрөнгө, орлого олсон эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа гүйцэтгээгүй,...зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл бүрдээгүй,...хуулийн этгээдийг зөрчил үйлдсэн гэж буруутгасан атлаа ажилтанд нь шийтгэл оногдуулж хуулийн буруу хэрэглэсэн” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.9. Хариуцагчийн зүгээс “...И******* нь байгууллагынхаа үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцагчдад хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулах, төлөөлөгчийн газрын удирдлагаар Б.С****** томилсугай гэсэн тогтоол гарсан. Энэ тогтоолыг төлөөлөгчийн газар биш салбарын үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох зөвшөөрлийг авах гэж даалгасан байгаа боловч Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авалгүйгээр салбарын үйл ажиллагааг эхлүүлсэн. Салбар дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч зээл олгогдоогүй байсан... И**** ББСБ нь гадаадын хөрөнгө оруулалттай, гүйцэтгэх захирлаар нь Солонгос улсын хүн ажилладаг. Тийм учраас Монгол талынх нь үйл ажиллагааг хариуцсан захирал Э.Б****** нь хариуцан гүйцэтгэдэг буюу төрийн байгууллагуудтай харилцах, тайлан мэдээ гаргах, холбогдох зөвшөөрөл авах гээд бүх ажлыг нь Э.Б***** гүйцэтгэдэг байсан. Ажил үүргийнхээ дагуу Э.Б***** өөрийнхөө хийж гүйцэтгэх ажлыг гүйцэтгээгүйн улмаас тухайн зөрчил үйлдэгдсэн гэж үзэж хувь хүнээр нь торгуулийн арга хэмжээ авсан. Үүнийг холбогдогчийнхоо мэдүүлгээр өөрийнхөө буруутай үйл ажиллагаа гэдгийг баталсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлөөс нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваарай гээд заачихсан байна. Гэтэл үүнийг бодит байдал дээр хэрэгжүүлэх хүн нь үүргээ гүйцэтгээгүйн улмаас тухайн зөрчил гарчихсан учраас Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 11.5.1-д заасны дагуу хувь хүн буюу Э.Б**** 4,000,000 төгрөгийн торгууль ноогдуулж ажилласан…” гэж тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч хяналтын прокурор С.У**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор С.У***** би, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ч.С******* Их ирээдүй капитал ББСБ-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Э.Батчимэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан материалыг хянаад прокурорын дүгнэлт бичсэн. И**** ББСБ-ын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор И********* ББСБ ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцагчид хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д****** худалдааны төвд И********* ББСБ ХХК-ийн төлөөлөгчийн газрыг байгуулах шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийн хуулбарыг хэргийн материалд хавсаргасан байсан. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн зөрчлийг хуульчилсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам"-ын 5.3.3-т "ББСБ-ын оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн үйл ажиллагааг эрхэлж буй нэгжийг салбар гэнэ", 5.3.4-т "ББСБ-ын оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх чиг үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар” гэнэ гэж тус тус тодорхойлсон. И******* ББСБ”-ын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоол нь төлөөлөгчийн газар байгуулах тухай гэж гарсан байх боловч тогтоолд И******* ББСБ ХХК-ийн үйл ажиллагааг Төлөөлөн өргөжүүлэх, харилцагчдад хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулсан байх тул төлөөлөгчийн газар, салбар байгуулах шийдвэр гаргасан байна гэж үзсэн. Холбогдогч Э.Б******** хувьд үйл ажиллагаа хариуцсан захирал гэж холбогдогчоос авсан мэдээлэлд байна. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг тухайн компанид ямар албан тушаал эрхэлдэг болох, ажлын байрны тодорхойлолт гэх мэт материал хэрэгт авагдаагүй байсан. Холбогдогч Э.Б********** Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт 02 дугаар сарын 16 хавьцаанаас очиж хүмүүст мэдээлэл өгч байсан. Энэ хугацаандаа зөвшөөрөх авах баримт материалаа бүрдүүлж байсан. 02 дугаар сарын 28-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд төлөөлөгчийн газар нээх хүсэлтээ цахимаар илгээсэн гэж мэдүүлсэн байдаг. Тухайн ажлын байранд И******* ББСБ-ын салбарын үйл ажиллагаа явуулсан гэх нотлох баримт материалд авагдаагүй. Өөрөөр хэлбэл компанийн гүйцэтгэх захирал Б****, төлөөлөгчийн газрын удирдлагаар томилогдсон Б.С******, тухайн ажлын байранд ажиллаж байсан хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Д***** худалдааны төвд хэзээнээс ямар үйл ажиллагаа явуулж байсныг тодруулж тогтоогоогүй. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг явуулсан эсэх, хэрвээ явуулсан бол тухайн хугацаанд олсон хөрөнгө орлогыг тогтоох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгээгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үндэслэлийг тодорхойлсон байдаг. Тухайн зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйл нь хөрөнгө орлого хураах, албадлагын арга хэмжээ авахаар заасан зөрчил юм. Гэтэл энэ дээр зөрчлийн хэрэг нээж шалгаагүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. И***** ББСБ-ын хувьд салбар байгуулах, төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг тухайн ББСБ-ын төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан болохоос биш, хувь хүн Э.Б******* иргэн гаргаагүй. ББСБ-ын үйл ажиллагаа явуулах энэ шийдвэрийг хуулийн этгээд гаргасан гэж үзэж байна. И******* ББСБ-ын холбогдогч Э.Б***** салбар нээсэн, зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Түүнчлэн хамгийн гол асуудал нь сая дурдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар иргэн хүн эрхлэхгүй, хуулийн этгээд эрхэлдэг. Мөн салбар нээх үйл ажиллагаа хуулийн этгээдэд хамааралтай, хувь хүнд хамааралгүй. Иймд тухайн зөрчилд хуулийн этгээдэд зөрчил оногдуулах байтал хувь хүнд шийтгэл оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн” гэжээ.
3.2. Хариуцагч Ч.С***** итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын дүгнэлтэд эрх бүхий албан тушаалтан буюу Улсын байцаагчийн зүгээс зөрчлийг тогтоож, илрүүлээгүй байна гэж дурдсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд зөрчил үйлдэгдсэн учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар тухайн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Эрх бүхий албан тушаалтан буюу Улсын байцаагчийн зүгээс Их ирээдүй ББСБ нь салбарыг зөвшөөрөлгүй нээн ажиллуулсан зөрчлийг хэрхэн яаж илрүүлсэн талаар сая дэлгэрэнгүй тайлбар хэллээ. Нэмэлт тайлбар хэлэхэд И**** ББСБ-ын ТУЗ-ын тогтоолд гүйцэтгэх захирлаас холбогдох чиг үүргийг олгосон. Гүйцэтгэх захирал Солонгос хүн учраас Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Б******* зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Э.Б***** холбогдох бүх чиг үүргийг олгосон, тайлан мэдээ гаргах, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах, улсын бүртгэлд бүртгүүлэх гэх мэт чиг үүргийг хэрэгжүүлэхээр олгосон. Тухайн компанийн холбогдох баримт бичгийн дагуу Э.Батчимэг холбогдогч тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой байсан, холбогдох чиг үүргийг хэрэгжүүлээгүйн улмаас компанид аливаа нэгэн байдлаар эрсдэл үүсэх ийм асуудал үүсэж байна. Эрх бүхий албан тушаалтны зүгээс компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Б**** И***** ББСБ-ын салбарыг нээх чиг үүргийг хэрэгжүүлээгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 11.5.1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч, хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан. Прокурорын зүгээс зөрчлийг илрүүлээгүй гэдэг асуудалд эрх бүхий албан тушаалтан буюу Улсын байцаагч хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл эрх бүхий албан тушаалтны зүгээс тухайн ББСБ-ын холбогдох баримтуудыг цуглуулсан. ТУЗ-ийн тогтоол болон холбогдогчоос тайлбар мэдүүлэг авсан. Холбогдогч тайлбар мэдүүлэгт гаргасан зөрчлөө сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. Жишээ нь холбогдогчоос мэдүүлэг авсан тухай нотлох баримт буюу тэмдэглэлийн төгсгөл хэсэгт та ББСБ-ын үйл ажиллагааны салбар нээх, үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн үү гэсэн ийм агуулгатай асуулт асуухад, тийм гэж холбогдогч хариулж сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна. Холбогдогч гаргасан зөрчлөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болохоор заавал зөрчлийн хэрэг нээж, нэмэлтээр нотлох баримт цуглуулах шаардлагагүй, гаргасан зөрчил нь илт тодорхой, илэрхий байгаа болохоор эрх бүхий албан тушаалтан тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж харж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх прокурорын дүгнэлт, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн дүгнэлтэд дурдсан маргаан бүхий 0215250 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
1. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ч.С****** 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0215250 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Э.Б*** Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж буруутган 4 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.[7]
2. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
3. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:” гээд, 4.1.1 дэх заалтад "банк бус санхүүгийн үйл ажиллагаа" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг;” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг Компанийн тухай хуульд заасны дагуу үүсгэн байгуулна” гэж, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгээр нээнэ” гэж тус тус заасан.
4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, банк бус санхүүгийн үйл ажиллагааг иргэн бус, харин Компанийн тухай хуульд заасан хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зөвшөөрлийн дагуу эрхлэх бөгөөд тухайн хуулийн этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг нээж байгуулахад мөн адил хамаарахаар зохицуулсан байна.
5. И********* ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор олгосон 1/333 дугаар тусгай зөвшөөлийн дагуу банк бус санхүүгийн үйлчилгээ эрхэлж байх бөгөөд гүйцэтгэх захирлаар Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Б***** бүртгэлтэй байна.[8]
6. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр “...эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй,... хуулийн этгээдийн үйлдсэн гэх зөрчилд хүнд шийтгэл оногдуулсан...” гэх үндэслэлийг хариуцагч Ч.С***** эс зөвшөөрч “...компаниас даалгасан шийдвэрийг Э.Б**** биелүүлээгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй үйлдэлд Э.Б**** буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, зөрчил нь ил тодорхой бөгөөд хүнд шийтгэл оногдуулж болохоор хуульчилсан тул хариуцлага ногдуулсан...” гэх агуулгаар маргасан.
7.Тодруулбал, талуудын эсрэг тэсрэг тайлбаруудын агуулгыг нэгтгэн үзвэл, “Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль зөрчих” зөрчлийг хувь хүн үйлдэх боломжтой эсэх, зөрчлийг бүрэн шалгаж тогтоосон эсэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх, улсын байцаагч нь зөрчлийн холбогдогчийг зөв тодорхойлсон эсэхэд маргааны гол агуулга оршиж байна.
8. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагааг гүйцэтгэж, зөрчлийг нотолсон гэх нотлох баримтыг цуглуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
9. Эрх бүхий албан тушаалтан Ч.С**** нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэлд И**** ХХК нь Баянзүрх дүүрэг, 24 хороо, Шар хад плаза байршилд зөвшөөрөлгүй салбан нээн ажиллуулсан зөрчлийг газар дээрх шалгалтын явцад 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр илрүүлсэн талаар тусгасан атлаа 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр И*** ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Э.Б****** мэдүүлэг авч, Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай ЗХБ-7 маягтаар тэмдэглэл үйлдсэн.[9]
10. Улсын байцаагч Ч.С**** нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗХБ-22 маягтаар Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд “...И**** ББСБ” ХХК нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Шархад плаза байршилд зөвшөөрөлгүй салбар нээн ажиллуулсан нь ажлын байр, холбогдогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй...” гэх үндэслэлийг тусгасан[10] бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “И*** ББСБ” ХХК-ийг зөрчил үйлдсэн талаар дурдсан боловч тухайн компанийн ажилтан Э.Б***** шийтгэл оногдуулжээ.
11. Мөн шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авах, баримт бичиг бүрдүүлэхийг Э.Б**** даалгасан байхад хариуцсан ажлаа гүйцэтгээгүйн улмаас зөвшөөрөл авалгүй салбарын ажиллагаа эхлүүлсэн...” гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан “И**** ББСБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24/01 дүгээр “Төлөөлөгчийн газар байгуулах тухай” тогтоолын 1 дэх заалтаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д***** худалдааны төвд Төлөөлөгчийн газар байгуулахаар, 5 дахь заалтаар Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох зөвшөөрөл авах, Улсын бүртгэлд бүртгүүлэхийг Гүйцэтгэх захирал Б*****-т даалгаж шийдвэрлэсэн байна.[11]
12. Тодруулбал, И****** ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр салбар нээхтэй холбогдох зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах, Улсын бүртгэлд бүртгүүлэхийг Гүйцэтгэх захирал Б*****т даалгасан, үүнтэй холбоотой аливаа харилцаанд гүйцэтгэх удирдлага төлөөлөх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлж оролцох эрх, үүрэгтэй байхад Э.Б**** зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор оролцуулж, улмаар шийтгэл оногдуулсныг шүүх зөвтгөх үндэслэлгүй.
13. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд 1.4-д "оролцогч гэж зөрчилд холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг;” гэж 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:” гээд, 1.2-д “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан бөгөөд улсын байцаагч Ч.С**** нь “И**** ББСБ” ХХК-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тус компанийн гүйцэтгэх захирал Бом Ү Сог-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, оролцуулах учиртай байжээ.
14. Мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч бус этгээдийн мэдүүлгээр зөрчлийг нотлогдсон гэж буруу дүгнэсэн байх тул хүн, хуулийн этгээдээс баримт бичиг гаргуулан авах, гэрчээс мэдүүлэг авах, гэрээ, санхүүгийн баримт зэргийг цуглуулах замаар зөрчлийг нотлох ажиллагаа явуулах шаардлагатай.
15. Эрх бүхий албан тушаалтан нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд буюу тусгай субьектэд хамаарах зөрчилд тухайн компанийн ажилтныг холбогдогчоор оролцуулсан төдийгүй, мэдүүлгийг дангаар үндэслэн зөрчлийг илэрхий тогтоогдсон гэж үзэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан байх тул улсын байцаагчийн гаргасан процессын зөрчлийг шүүх залруулах боломжгүй бөгөөд зөрчлийг хуульд заасан журмын дагуу шалгаж тогтоосны эцэст дахин захиргааны акт гаргавал зохино.
16. Түүнчлэн “...Банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээх...” зөрчлийн субьектийг хуулийн этгээд байна гэж Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд хуулиар тусгайлан заасан байхад дээрх зөрчилд хүнийг холбогдуулан шалгаж, шийтгэл оногдуулсан хууль хэрэглээний алдаа нь зөрчил шалган шийдвэрлэх процессын зөрчлөөс үүдэлтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, захиргааны актыг хуульд нийцүүлэн гаргах нь зүйтэй.
17. Иймд тухайн зөрчлийг нотлох үүргийг захиргааны байгууллага, албан тушаалтны өмнөөс шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөвтгөж явуулах, зөрчил үйлдсэн этгээдийг тогтоох нь эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээ байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.У***** дүгнэлтэд дурдсан маргаан бүхий 0215250 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан бөгөөд зөрчлийн холбогдогч Э.Б****т шийтгэл оногдуулсан захиргааны актыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтээр үүссэн захиргааны хэргийн улмаас Э.Батчимэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөхгүй.
19. Харин мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасны дагуу тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчоор оролцсон этгээдийн хувьд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдаанд оролцуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын дүгнэлтэд дурдсан маргаан бүхий 0215250 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхээс тогтоосон дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 0215250 тоот шийтгэлийн хуудас хүчингүй болохыг тогтоосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжид төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хх 6 дахь тал
[2] Хх 7-8 дахь тал
[3] Хх 9-17 дахь тал
[4] Хх 18 дахь тал
[5] Хх 25 дахь тал
[6] Хх 26 дахь тал
[7] Хх 26 дахь тал
[8] Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн бүртгэлийн мэдээлэл http://www.frc.mn/#/sct/org-detail/5712203, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн https://opendatalab.mn/search/5712203
[9] Хх 7-8 дахь тал
[10] Хх 25 дахь тал
[11] Хх 18 дахь тал