| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03045/И |
| Дугаар | 182/ШШ2024/04754 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2024/04754
2024 11 14 182/ШШ2024/04754
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ................. тоот хаягт оршин суух, М овогт Ш.Ж /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............, өөрийн байранд байрлах, Т банк ХК /РД:0000000/,
Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух, Б овогт Б.А /РД:00000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2020.06.15-ны өдрийн ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ш.Ж,
Хариуцагч Т банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
Хариуцагч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Ж нь хариуцагч Т банк ХК, Б.А нарт холбогдуулан 2020.06.15-ны өдрийн ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. ...Миний бие Ш.Ж нь хариуцагч Б.А-той анх 1994 онд танилцаж, бид 2006 оноос эхлэн үерхэж, 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаандаа орон сууцтай болох зорилгоор ............ нутаг дэвсгэрт байрлах ........... тоот соон сууцыг Ипотекийн зээлээр худалдан авч, хариуцагч Б.А нь үндсэн зээлдэгчээр, Ш.Ж миний бие хамтран зээлдэгчээр ............... дугаартай Зээлийн гэрээг 2010.10.18-ны өдөр Т Банк ХХК-тай байгуулсан.
Бид хамтран амьдрах хугацаандаа хувийн таарамжгүй харилцааны улмаас 2013 оноос эхлэн тусдаа амьдарч, 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлах тухай маргааныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн ба шүүхийн шийдвэрт бидний гэр бүлийн дундын өмч болох орон сууцыг цаашид хэн эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах, Т банк ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг Б.А нь хариуцах талаар шийдвэрлэж, орон сууцнаас Ш.Ж надад ноогдох хэсгийг Б.А-оос гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл Ш.Ж миний 2010.10.18-ны өдөр Т банктай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх бөгөөд Б.А нь өөрийн хүлээж буй үүргийг гүйцэтгэхдээ Т банкинд холбогдох хүсэлтийг гаргаж, Ш.Ж намайг хамтран зээлдэгчээс хасуулах ёстой байсан боловч одоог хүртэл миний бие тус зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр байгааг олж мэдсэн.
Би 2018 онд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулснаас хойш зээлийн гэрээний хамтран зээлдэгчээс хасагдсан гэж ойлгож байсан боловч одоог хүртэл хасагдаагүйгээс гадна миний гарын үсэгтэй, 2020.06.15-ны өдрийн ................ дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ гэх гэрээ бичгээр байгуулагдсан болохыг олж мэдсэн.
Миний бие энэ талаар мэдсэн даруйдаа Т банк ХК-д хандаж зөвшөөрөлгүйгээр, гарын үсгийг хуурамчаар үйлдэж, анх 2010 онд байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулсан байх тул хүчингүй болгуулах, Б.А-од хандаж энэхүү асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхийг шаардаж байсан боловч одоог хүртэл үр дүн гараагүй бөгөөд миний бие өөрийн хамааралгүй зээлийн гэрээнд хамтрагчаар бүртгэгдэж, өөр бусад байдлаар зээл авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд Ш.Ж миний зөвшөөрөлгүйгээр, хамтран зээлдэгчийн гарын үсгийг хуурамчаар зурсан 2020.06.15-ны өдрийн ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 2010.10.18-ны өдөр байгуулсан ............... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний хамтран зээлдэгчээс нэхэмжлэгч Ш.Ж-ын нэрийг хасахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Т банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Т банкны 2020.04.28-ны өдрийн №05/36 тоот, №10-04/122 тоот албан бичиг, 2020.04.29-ний өдрийн гүйцэтгэх захирлын дугаар А/205 тоот тушаалаар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс үүдэн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, зээлийн нөхцөлийг 1 удаа өөрчлөх зөвшөөрлийг олгосон.
Үүний дагуу үндсэн зээлдэгч Б.А-ын мэйл хаягаар явуулсан хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2020.06.15-ны өдөр Чингэлтэй тооцооны төвийн зээлийн хорооны шийдвэр гарч, зээлийн хугацааг 6 сараар хойшлуулан, гэрээг хийсэн.
Үндсэн зээлдэгч нь хамтран зээлдэгчээр солих хүнээ авч ирээгүй. Хамтран зээлдэгчээр солих хүнийг авч ирвэл бүх талаас шийдэх боломжтой. Үүнийг зээлдэгчийн зүгээс хангаж өгөхгүй байгаа учраас Т банк ХК шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Гарын үсгийн хувьд программын түвшинд тулгаж авсан. Үүн дээр Т банк ХК хариуцлага хүлээхгүй... гэв.
3.Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би нэхэмжлэгч Ш.Ж-ын өмнөөс гарын үсэг зурсан нь үнэн. Нэхэмжлэгч Ш.Ж-ыг хамтран зээлдэгчээс хасаж болно. Ямар ч асуудалгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэв.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.03-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4 х/,
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5 х/,
-2018.10.29-ний өдрийн 102/ШШ2018/03241 дугаартай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-ийн 7-10 х/ зэрэг баримтуудыг,
5.Хариуцагч Т банк ХК нь тайлбар татгалзтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 0000000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 19 х/,
-2024.05.15-ны өдрийн 01/2716 дугаартай С.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 20 х/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21 х/ зэрэг баримтуудыг,
6.Хариуцагч Б.А нь тайлбар татгалзтайгаа холбогдуулан баримт өгөөгүй.
7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024.09.03-ны өдрийн 182/ШЗ2024/14742 дугаартай Нотлох баримт гаргуулах тухай шүүгчийн захирамжаар Т банк ХК-иас 2010.10.18-ны өдрийн ............... дугаартай зээлийн гэрээ, 2020.06.15-ны өдрийн ................ дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /хх-ийн 44-51 х/,
-2024.09.17-ны өдрийн 182/ШЗ2024/15620 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн 2024.10.24-ний өдрийн 2986 дугаартай Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-72 х/ зэрэг баримтуудыг тус тус шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Ш.Ж нь хариуцагч Т банк ХК, Б.А нарт холбогдуулан талуудын 2020.06.15-ны өдөр байгуулсан гэх ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 2020.06.15-ны өдрийн ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2010.10.18-ны өдөр байгуулсан ............... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний хамтран зээлдэгчээс нэрийг нь хасахыг хариуцагч нарт даалгахаар тодруулж, шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.4-д заасныг үндэслэж тодорхойлсон.
3.Хариуцагч Т банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Т банкны гүйцэтгэх захирлын 2020.04.29-ний өдрийн А/205 тоот тушаалаар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс үүдэн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, зээлийн нөхцөлийг 1 удаа өөрчлөх зөвшөөрлийг олгосон. Үүний дагуу үндсэн зээлдэгч Б.А нь хүсэлт гаргасныг үндэслэн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд хамтран зээлдэгчийн гарын үсгийг бид хуурамч эсэхийг мэдэх боломжгүй учраас программын түвшинд тулгаж авсан. Үүн дээр Т банк ХК хариуцлага хүлээхгүй.
Харин зээлдэгч Б.А нь хамтран зээлдэгчээ аваад ирвэл Ш.Ж-ыг хамтран зээлдэгчээс хасах боломжтой гэж маргасан.
4. Хариуцагч Д.А нь 2020.06.15-ны өдрийн ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд би Ш.Ж-ын өмнөөс гарын үсэг зурсан нь үнэн. Энэ 7 хоногтоо багтаагаад хамтран зээлдэгчээс Ш.Жыг хасуулна гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Зохигчийн хооронд 2010.10.18-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар ............... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулагджээ. Энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд заасан зээлийн нөхцөлийн дагуу талууд 27,900,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, зээл олгосон өдрөөс хойш гэрээний хугацаа дуусах хүртэл зээлийн жилийн 8 хувийн хүүтэй байх, гэрээний үүрэг зөрчигдсөн нөхцөлд алданги тооцохоор харилцан тохиролцож, мөн өдрөө Б.А-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .............. тоот хаягт байрлах, 31 м.кв нэг өрөө орон сууцыг барьцаалж, уг гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлжээ. /хх-ийн 47-48, 51 х/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.
Энэхүү заалтаас үзэхэд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болохоор зохицуулсан бөгөөд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр 2010.10.18-ны өдөр ............... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-нийхээ агуулгыг тодорхойлсон байх тул зохигчийн хооронд мөн хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 451.3-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж тус тус заасан.
Хуульд заасны дагуу Т банк ХК нь гэрээнд заасан мөнгөн хөрөнгө болох 27,900,000 төгрөгийг зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот дансанд шилжүүлэх, зээлдэгч Б.А, Ш.Ж нар нь гэрээний хавсралтад заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө болон түүний хүү төлөх үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурсан байх ба зохигч энэ талаар маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөх шаардлагагүй.
6.Харин зохигчийн маргааны зүйл нь 2010.10.18-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар ............... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргийг хамтран зээлдэгч Ш.Ж хамтран хариуцах эсэх, 2020.06.15-ны өдрийн ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ нь хуульд нийцсэн эсэх, түүний үр дагаварын талаар байна.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ,
20.8-д Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж,
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ш.Ж, хариуцагч Б.А нар нь 2007.12.12-ны өдөр гэр бүл болж, хууль ёсны эхнэр, нөхөр болж, гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн хамтран амьдарч байх хугацаандаа Т банк ХК-тай 2010.10.18-ны өдөр орон сууц худалдан авах зориулалтаар ............... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .............. тоот хаягт байрлах, 31 м.кв нэг өрөө орон сууцыг худалдаж авснаар хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч болжээ.
Гэвч гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд хандсан байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.28-ны өдрийн 102/ШШ2018/03241 дугаартай шийдвэрээр Ш.Ж, Б.А нарын гэрлэлтийг цуцалж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .............. тоот хаягт байрлах, 31 м.кв нэг өрөө орон сууцыг Б.А-ын өмчлөлд хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 7-10 х/
Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалсан ... бол гэрлэлт дуусгавар болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.Ж, хариуцагч Б.А нарын гэрлэлт дуусгавар болсон нь дээр дурдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор тогтоогдсон тул энэхүү үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүх дахин нотлох шаардлагагүй.
Талуудын 2010.10.18-ны өдөр байгуулсан ............... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1.6-д Зээлдэгчийн эд хөрөнгийг аливаа үндэслэлээр ноогдол хэсэгт хуваах, эсвэл хамтран зээлдэгчдийн аль нэг нь гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарах, гэр бүл цуцлах, бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө зээлдэгчийн хүлээх мөнгөн төлбөрийн болон бусад үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрх бүхий этгээдийн шийдвэр гаргасан тохиолдолд энэ гэрээ ёсоор хамтран зээлдэгч нь тэргүүн ээлжинд гэрээний дагуу хүлээх төлбөрийн үүргээ барагдуулна гэсэн үүргийг хүлээж харилцан зөвшөөрсөн болно,
4 дүгээр зүйлийн 4.2-т Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ болон хавсралтад өөрчлөлт оруулж болно... гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Ш.Ж нь гэрлэлтээ цуцлуулсан шүүхийн шийдвэрийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу банкинд хүлээлгэн өгсөн. Мөн ............... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний хамтран зээлдэгчээс нэрээ хасуулах хүсэлтээ гэрээний нэг тал болох Т банк ХК-д гаргасан боловч Б.А-ыг хамтран зээлдэгчээ авч ирж гэрээнд өөрчлөлт оруулаагүй гэх үндэслэлээр татгалзсан нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т Өрийг шилжүүлснээр батлан даагч ... харилцаагаа үргэлжлүүлэхээс татгалзсан бол шаардлагыг хангахад чиглэгдсэн ... банкны баталгаа дуусгавар болно гэж заасны дагуу Ш.Ж, Б.А нарын гэрлэлтийг цуцалж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, .............. тоот хаягт байрлах, 31 м.кв нэг өрөө орон сууцыг Б.А-ын өмчлөлд хэвээр үлдээснээрээ Ш.Ж-ын Т банк ХК-д гаргасан баталгаа дуусгавар болсон гэж үзнэ.
Ингэснээр Т банк ХК нь үндсэн зээлдэгч Б.Аод 2010.10.18-ны өдөр байгуулсан ............... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний хамтран зээлдэгчийг өөрчлөх шаардлагаа тавих нь зүйтэй бөгөөд уг гэрээнээс нэхэмжлэгч Ш.Ж-ын нэрийг хасахыг хариуцагч нарт даалгаж байна.
7. Ш.Ж, Б.А нарын гэрлэлт дуусгавар болсноос хойш нэхэмжлэгч нь Т банк ХК-тай байгуулсан 2010.10.18-ны өдрийн ............... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний үүргийг хамтран хүлээхгүй бөгөөд мөн 2020.06.15-ны өдрийн ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан нь хуульд нийцээгүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл бүхий байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үздэг.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсын Их Хурлаас 2020.04.29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ,
10.8-д Энэ хуулийн 10.7-д заасан зээлийн гэрээний хугацааг сунгахад зээлдэгчийн саналыг үндэслэн банкны танилцуулсан зээлийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг зээлдэгч хүлээн зөвшөөрснөө энэ хуулийн 10.9-д зааснаар илэрхийлснийг банк хүлээн авснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцно,
10.9-д Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэртэй үйлчилгээнд тухайн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээдийн бүртгэлтэй баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, программ хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк, эрх бүхий хуулийн этгээд хүлээн авсан бол Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 196.1-д заасантай адилаар хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцно
18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хууль 2022.12.31-ний өдрийг дуустал үйлчилнэ гэжээ.
Хариуцагч Т банк ХК нь 2020.06.15-ны өдөр байгуулсан ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г байгуулахдаа дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг зөрчсөн, хариуцагч Б.А нь Ш.Ж-ын зөвшөөрлийг аваагүй байх тул энэхүү гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Учир нь 2020.06.15-ны өдрийн ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-нд нэхэмжлэгч Ш.Ж гарын үсэг зураагүй болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.10.24-ний өдрийн 2986 дугаартай ...2020.06.15 гэсэн огноотой Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, дугаар 401413-1 гэсэн баримтын 1-р хуудасны баруун доод хэсэгт Хамтран зээлдэгч: Ш.Ж гэсний доор байх, 3-р хуудасны баруун доод хэсэгт Зээлдэгчийг төлөөлж гэсний доор, Ш.Ж гэсний урд байх 2 ширхэг гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Ш.Ж-ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт, хариуцагч Б.Аын ...Би Ш.Ж-ын өмнөөс гарын үсэг зурсан нь үнэн... гэх тайлбараар тус тус тогдоогдсон. /хх-ийн 61-72 х/
Иймээс нэхэмжлэгч Ш.Ж-ын хариуцагч Т банк ХК, Б.А нарт холбогдуулан гаргасан талуудын 2020.06.15-ны өдөр байгуулсан ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг гэрээнээс нэхэмжлэгч Ш.Ж-ын нэрийг хасахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4-т заасныг баримтлан 2020.06.15-ны өдрийн ................ дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2010.10.18-ны өдөр байгуулсан ............... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-ний хамтран зээлдэгчээс нэхэмжлэгч Ш.Ж-ын нэрийг хасахыг хариуцагч нарт даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА