| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 102/2020/01010/И |
| Дугаар | 01727 |
| Огноо | 2020-08-07 |
| Маргааны төрөл | Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 01727
Ч.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01914 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Г-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Ч.Г-,
Хариуцагч: М.Г-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд М.Г-тай танилцаж, 2008 оны 8 сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болохдоо би 1995 онд төрсөн хүү Г.Б-тэйгээ, М.Г- нь 1999 онд төрсөн охин Г.Бүжингийн хамт буюу хоёр талаасаа нэг нэг дагавар хүүхэдтэй нийлсэн. 2008 оны 5 сарын 22-нд хүү Г.Х-ыг төрүүлсэн. Нөхөр М.Г- нь 2015 оны 6 сараас гэр бүлээс гадуурх харилцаатай болсноор гэр бүл таагүй харилцаатай болсон. Энэ байдал удаан хугацаанд даамжирсан, согтууруулах ундаа байнга хэрэглэх, гэр бүлийн таагүй харилцаа улам гүнзгийрч харилцаанд сэв сууснаас болоод хүүхдүүд сэтгэл санааны дарамтад байх болсон. Сүүлдээ гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй болсон. Гэр бүлийн энэхүү таарамжгүй харилцааг том хүү Г.Б- ойлгож, эцгийгээ эрс үгүйсгэх, ээжийгээ өмөөрөх, зүгээр байж болдоггүй юм уу гэдэг байдлаар хандах болсон. Бага хүү Г.Х-ын хувьд энэ байдлыг айж эмээсэн байдалтайгаар хүлээж авдаг. Бага хүүгийн сэтгэл зүйд илтээр сандрах, айх түгших байдал бий болсон. Хүү Хангал надтай илүү дотно, бүх юмыг надаар дамжуулж ааваасаа асуулгадаг байсан, гэр бүлийн энэхүү таагүй байдал нь хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байсан учраас би удаан бодсоны эцэст гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан. М.Гантулгын хувьд хүүхдийн хажууд намайг хэл хэлэхгүй үгээр доромжлох, гэр бүлдээ дарамт үзүүлэх, цагдаад худал мэдүүлэг өгүүлэх гэх зэрэг ёс суртахууны доголдол маш ихээр үзүүлж хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Иймд М.Г-ас гэрлэлтээ цуцлуулж, хүү Г.Х-ыг өөрийн асрамжид авч тэтгэвэр тогтоолгоно. Бид хамт амьдрахдаа Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 42 дугаар байрны 29 тоот байрыг Төрийн банкны зээлээр авсан. Энэ зээлд 38 549 312 төгрөг төлж, одоо 30 560 877 төгрөг үлдсэн. М.Г- нь өөрийн нэр дээрх “Тоёота” маркийн машиныг өөрийн найз Энхболдод шилжүүлсэн байдаг. Мөн 18 м.кв авто зогсоолыг 18 000 000 төгрөгөөр худалдаж авсан тул орон сууц 67 000 000 төгрөг, гарааш 18 000 000 төгрөг, автомашиныг 49 500 000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн орон сууцны гэр бүлийн гишүүнээр Ч.Г-, М.Г-, Г.Х-, Г.Б- нар байдаг. Г.Бүжин 2004 оноос хойш хамт амьдрахгүй байгаа. Дээр дурдсан 134 950 000 төгрөгийг 4 хүнд хуваагаад 33 737 500 төгрөг болж байна. Хүү Г.Х-ыг асрамжиндаа авна, ингээд 3 хүнд ногдох 101 212 500 төгрөг болж байна. Ингээд орон сууц, гарааш хоёрыг авна, зөрүү 16 000 000 төгрөгийг нэмж М.Г-ас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Г-тэй 2004 онд танилцаж гэр бүл болсон. Тухайн үед М.Гэрэл хүү Г.Б-тэй, би охин Г.Бүжингийн хамт гэр бүл болж байсан. Ингээд 2008 онд хүү Г.Х- төрсөн. Миний охин Н.Бүжин 2 настайгаасаа надтай хамт байсан, 6 настай байхад ээжид нь өгсөн. Гэвч 2010 онд шүүхийн шийдвэрээр охиноо асрамжиндаа авсан. Би цагдаад ажилладаг байсан болохоор гэртээ байх нь ховор, намайг байхгүйд эхнэр, том хүү хоёр охиныг маань ад үзэж, цохиж биеийг нь хөхрүүлж, няцруулсан байсан. Ингээд миний охин 2014 онд гэрээсээ явсан. Гэр бүлийн маргаан бол үүнээс л үүдэлтэй. Тэрнээс биш би гэр бүлээс гадуур харилцаатай болсон зүйлгүй, надад өөрийн гэсэн бодол, ухамсар байна. 2018 онд охин надаас 10 000 төгрөг өгөөч гэж гуйсан, Ч.Г-ийг 20 000 төгрөг шилжүүлчхээч гэхэд шөнийн 00 цаг хүртэл шилжүүлээгүй байсан. Үүнээс болж маргаад би Ч.Г-ийн нүүр рүү нь түлхсэн. Миний зүгээс гэр бүл цуцлуулахыг зөвшөөрч байгаа. Байрны хувьд зээлтэй тул хуваах боломжгүй. хүү Г.Х-ыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Гараашаа өгөхгүй, машиныг 24 000 000 төгрөгөөр зарсан. Тухайн үед машиныг 49 500 000 төгрөгөөр авч байсан гэжээ.
Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан М.Г-, Ч.Г- нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 5 сарын 22-нд төрсөн хүү Г.Х-ыг эх Ч.Г-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Г.Х-ыг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг М.Г-ар тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205047514 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 42 дугаар байрны зоорийн давхарт байрлалтай 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг М.Г-д үлдээж, М.Г-ас 40 500 000 төгрөг гаргуулж Ч.Г-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 430 650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шийдвэрт үнэн зөв тусгаагүй тухайд: Шүүхийн шийдвэрт хариуцагчаас шүүхэд 2020 оны 4 сарын 06-ны өдөр бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг бүрэн гүйцэд, үнэн зөв бичилгүй зөвхөн хоорондын харилцааны буюу гэр бүлийн маргааны талаар голлон бичсэн байх ба харин нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, татгалзлыг бичилгүй орхигдуулсан байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй тухайд: Гэр бүлийн тухай тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дахь хэсэгт “... Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан байна. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуула. боломжгүйгээс бусад тохиолдолд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж дууссаны дараа нэхэмжлэлийг хүлээн авахаар хуульчилсан байна. Гэтэл шүүх хуульд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй болохыг тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөх ёстой байсан. Нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хүүхдийн асран хамгаалагч, тэтгэмж тогтоолгох тухайд: Миний хувьд бага насны хүү Г.Х-ыг асран хамгаалдаггүй, түүний зан төлөвт сөргөөр нөлөөлөх үйлдэл хийж байгаагүй. Харин ч хүүтэйгээ өдөр тутамд нь хамт байх, зааж сургах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж бүрдүүлэх гэж хичээдэг, хичээл сургуульд нь хүргэх, авах, ангид нь зохиогдсон аливаа арга хэмжээнд хамтдаа оролцох зэргээр илүү их оролцоотой байдаг тул хүү Г.Х- ч надтай илүү дотно, надад илүү ээнэгшсэн дассан. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хүүхдийн асрамжийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж хүүхдийн асрамжийг хэрхэн тогтоох тухай “үүрэг" болгон заасныг шүүх баримтлаагүй нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн хүү Г.Х- эцэгтэйгээ ээнэгшин дассан болох нь миний гар утсанд хийсэн үзлэг, түүнчлэн анги удирдсан багш Б.Учралт 2020 оны 3 сарын 26-ны өдөр бичиж, нотариатаар гэрчлүүлсэн тодохойлтоор зэргээр тус тус тогтоогдож байхад шүүх эдгээр баримтыг нотлох баримтаар үнэлээгүй. Гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухайд: Шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 40 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 42 дугаар байрны зоорийн давхар дахь 18 м.кв талбай бүхий авто зогсоол нь хэдийгээр миний нэр дээр бүртгэлтэй байдаг боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тул зогсоолын үнэ болох 18 000 000 төгрөгөөс гэр бүлийн 5 гишүүнээс нэхэмжлэгч Ч.Г-, Г.Б-, Г.Х- нарт ногдох хэсэг болох 10 800 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид шийдвэрлэсэнтэй маргахгүй. Харин хариуцагч М.Г- миний бие нь цагдаагийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад 2017 онд тэтгэвэрт гарсан ба миний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 19 дүгээр зүйлийн 19.1 дахь хэсэгт заасны дагуу төрөөс 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 35 669 326 төгрөгийг 2018 оны 3 сарын 30-ны өдөр Хаан банкан дахь миний 5016412309 дугаарын дансаар олгосон ба уг мөнгөөр 0689 УНИ улсын дугаартай авто машиныг анх худалдан авсан тул миний хувьд уг авто машиныг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.5-т “хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого” гэж зааснаар өөрийн хуваарьт хөрөнгө гэж, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар уг авто машиныг өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй. Тийм ч учраас өөрийн найз Б.Энхболдоос урд өмнө нь зээлсэн 24 000 000 төгрөгийн зээлийн төлбөрөө төлж чадаагүй тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэлийг гаргахыг мэдээгүй байхдаа буюу 2020 оны 02 сарын 23-ны өдөр гэрээгээр тохиролцсоны дагуу авто машины өмчлөх эрхийг Б.Энхболдод шилжүүлэн өгсөн ба хавтаст хэрэгт дээрх авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хувиараа авагдсан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар үнэлээгүй. Гэтэл шүүх бусдын өмчлөлийн эд зүйлийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамааруулж, 06-89 УНИ улсын дугаартай авто машиныг анх худалдан авч байх үеийн үнэ болох 49 500 000 төгрөгөөр тооцож, гэр бүлийн 5 гишүүнээс нэхэмжлэгч Ч.Г-, Г.Б-, Г.Х- нарт ногдох хэсэг болох 29 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Г- нь хариуцагч М.Г-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн амрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Г.Х-ыг эх Ч.Г-ийн асрамжид үлдээж, хүү Г.Х-ыг 16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг М.Г-ар тэжээн тэтгүүлж, улсын бүртгэлийн Ү-2205047514 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 42 дугаар байрны зоорийн давхарт байрлалтай 18 м.кв талбай бүхий авто зогсоолыг хариуцагч М.Г-д үлдээж, хариуцагчаас 40 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Г-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгчээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ч.Г- нь хариуцагч М.Г-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай маргаанд хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж, цаашид гэр бүлээрээ хамтран амьдрах болсон үндэслэлээр бүхэлд нь татгалзаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Ч.Г-, хариуцагч М.Г- нарын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуульд заасан асуудлаар дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01914 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Г- нь хариуцагч М.Г-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай маргаантай хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430 650 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Г.ДАВААДОРЖ