Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2024/0489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч С.Г*******, Б.Э******* нарын хоорондын Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Э*******, С.Г******* нарын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21******* нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч С.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А******* ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Э*******, С.Г******* нарын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаар тушаалаар 2007 онд Таяннуурын төмрийн орд дээр гүйцэтгэсэн эрлийн ба түүний Төв хүдрийн биетийн баруун хэсэгт хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан /Ордын нөөц 2008.01.01-ний байдлаар/ дахь Таяннуурын төмрийн хүдрийн ордын Төв хүдрийн биетийн баруун хэсгийн төмрийн хүдрийн бодитой /В/ нөөцийг хүдрээр 6.41 сая т, металл төмрөөр 2.64 сая т, боломжтой /С/ нөөцийг хүдрээр 9.78 сая т, металл төмрөөр 2.48 сая т-оор хүлээн авч, хайгуулын ажлын үр дүнгийн тайланг, хээрийн судалгааны анхдагч материал, тайлангийн бичвэрийн дискийн хамт ЭБМЗ-ийн хуралдааны дүгнэлт, түүний дагуу гаргасан АМГТХЭГ-ын даргын тушаалыг Геологийн мэдээллийн төвд хүлээлгэн өгөхийг А******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Гаалийн төв лабораторийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0028211 дугаар дүгнэлтээр ...А******* ХХК-ийн...экспортолж буй бараа нь төмрийн хуурай баяжмал байна. Тус баяжмалд төмөр-62.66%, хөнгөнцагаан-1.49%, зэс-0.01%, цайр-0.03% тус тус агуулагдаж байна гэж, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 0028702 дугаар дүгнэлтээр ...А******* ХХК-ийн экспортолж буй бараа нь төмрийн хуурай баяжмал байна. Тус баяжмалд төмөр-59.99%, алт-0.013 мг/кг, хөнгөнцагаан-0.76%, зэс-56.58 мг/кг, хар тугалга-7.70 мг/кг, цайр-265.35 мг/кг тус тус агуулагдаж байна гэж, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0028849 дугаар дүгнэлтээр ...А******* ХХК-ийн...тус баяжмалд төмөр-59.45, хөнгөнцагаан-1.25%, зэс-139.5 мг/кг, цайр-380 мг/кг, молибден-17.00 мг/кг тус тус агуулагдаж байна гэж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 0029539 дугаар дүгнэлтээр ...А******* ХХК-ийн...бараа нь төмрийн хуурай баяжмал байна, Тус баяжмалд төмөр-60.95-60.99%, хөнгөн цагаан-0.98-1.07%, хар тугалга-14,49-113.05 мг/кг, цайр-259.5-503 мг/кг, зэс-69-154.5 мг/кг, цагаан тугалга-8.57 мг/кг тус тус агуулагдаж байна гэж, мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0029982 дугаар дүгнэлтээр ...Уг баяжмалд төмөр-59.25%, алт-0.047 мг/кг, хөнгөнцагаан-1.35%, хүхэр-0,47%, зэс-139.95 мг/кг, цайр-281.85 мг/кг тус тус агуулагдаж байна гэж, мөн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0030613 дугаар дүгнэлтээр ...хуурай төмрийн хүдэр байна, Уг хүдэрт төмөр-55.54%, хөнгөнцагаан-1.12%, зэс-160.95 мг/кг, хар тугалга-8.15 мг/кг, цайр-293.05 мг/кг тус тус агуулагдаж байна гэж, мөн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0030785 дугаар дүгнэлтээр ...А******* ХХК-ийн...хуурай баяжмал байна, уг баяжмалд төмөр-59.72%, хөнгөнцагаан-1.07%, зэс-176.45 мг/кг, хар тугалга-9.48 мг/кг, цайр-375.9 мг/кг тус тус агуулагдаж байна гэж, мөн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0031216 дугаар дүгнэлтээр ...экспортолж буй бараа нь төмрийн хуурай баяжмал байна, тус баяжмалд төмөр-60.53%, хөнгөнцагаан-1.08%, зэс-175.95 мг/кг, хар тугалга-14.71 мг/кг, цайр-317.1 мг/кг тус тус агуулагдаж байна гэж, мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0032186 дугаар дүгнэлтээр ...Тус баяжмалд төмөр-65.68%, хөнгөнцагаан-0.80%, зэс-105 мг/кг, хар тугалга-28.1 мг/кг, цайр-399 мг/кг, цагаан тугалга-32.85 мг/кг, хүхэр-1.09% тус тус агуулагдаж байна гэж тус тус дүгнэсэн.

4. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Э*******, С.Г******* нар нь А******* ХХК-д 6,369,479,019.91 төгрөгийн нөхөн татвар, 2,571,753,988.49 төгрөгийн торгууль, 1,819,671,356.33 төгрөгийн алданги, нийт 10,760,904,364.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр НА-21******* дугаар нөхөн ногдуулалтын акт тогтоосон.

5. А******* ХХК-ийн гомдлын дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 44 дүгээр тогтоолоор ...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21******* дугаар нөхөн ногдуулалтын актаар 246,855,258,008.95 төгрөгийн зөрчилд 6,369,479,019.91 төгрөгийн нөхөн татвар, 2,571,753,988.49 төгрөгийн торгууль, 1,819,671,356.33 төгрөгийн алданги, нийт 10,760,904,364.73 төгрөгийн төлбөр ногдуулснаас 2018 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх алдагдлыг бууруулсан дүнгээс 673,455,000.04 төгрөгийн зөрчлийг бууруулж, 21 тонн цагаан гантиг чулуунд тооцооллын алдаа гаргаж илүү ногдуулсан 33,672,750.00 төгрөгийн нөхөн татвар, 10,101,825.00 төгрөгийн торгууль, 6,734,550.00 төгрөгийн алданги, нийт 50,509,125.00 төгрөгийн төлбөрийг бууруулж, 245,508,348,008.95 төгрөгийн зөрчилд 6,335,806,269.91 төгрөгийн нөхөн татвар, 2,561,652,163.49 төгрөгийн торгууль, 1,812,936,806.33 төгрөгийн алданги, нийт 10,710,395,239.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгч А******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хулан шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Нөхөн ногдуулалтын №НА-21******* дугаар актын зөрчлүүдийг татвар төлөгч А*******" ХХК-ийн зүгээс дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Татварын Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.19 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.

Актын Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар хэсгийн 3, 4-т БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1,664,025.85 тонн 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын орлогыг татварын тайланд тусгаагүй гэсэн актыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.

"А******* ХХК нь 2018 онд 1,662,452.50 тонн төмрийн хүдрийн баяжмалыг экспортод гаргасан талаар татварын тайланд мэдүүлсэн бөгөөд 1,664,025.85 тонн баяжмалыг гаалийн мэдүүлгээр гаргасан. Үүний зөрүү болох 1,573.35 тонн төмрийн хүдрийн баяжмалыг татварт тайлагнаагүй хэдий ч гаалийн байгууллагад зохих журмын дагуу мэдүүлэг бөглөж экспортод гаргасан бөгөөд үүнд ногдох албан татварыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 1,664,025.85 тонн 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын орлогыг албан татварын тайланд тусгаагүй гэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь нөхөн ногдуулалтын актад 1,664,025.85 тонн 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал экспортод гарган борлуулсан гэсэн боловч А*******" ХХК-ийн зүгээс 1,664,025.85 тонн 184,382,008,615.36 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал худалдан борлуулсан. Харин нөхөн ногдуулалтын актад дурдаад буй 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээ нь төмрийн хүдрийн баяжмал бус уг баяжмалд агуулагдаж буй 19,254.63 тонн дагалдах металл, эрдсийн үнэлгээ юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө" гэж заасан. Уг заалтын дагуу зөвхөн ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож буюу зөвхөн олборлож, худалдсан төмрийн хүдрийн баяжмал бүхий бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөс уг бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл, эрдэс тутамд АМНАТ төлөх талаар хууль тогтоогчийн зүгээс зааж өгөөгүй байтал татварын улсын байцаагч хуулиас давсан акт гаргаж нөхөн төлбөр ногдуулж буй нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Татварын улсын байцаагчийн актад тусгасан төмрийн хүдрийн баяжмал дахь дагалдах элементүүд нь химийн нэгдэл хэлбэрээр баяжмалд агуулагдаж байгаа болохоос худалдсан эсвэл худалдахаар ачсан дагалдах бүтээгдэхүүн биш юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг" хамааруулдаг. Уг заалтын дагуу "А*******" ХХК нь зөвхөн төмрийн хүдэр олборлож түүнийг хуурай соронзон аргаар баяжуулан 60%-ийн агуулгатай төмрийн хүдрийн баяжмал гэсэн зөвхөн нэг л төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг.

А******* ХХК-ийн Говь-Алтай аймаг, Цээл сум дахь Таяннуур төмрийн хүдэр, гантигжсан шохойн чулууны ордын Техник эдийн засгийн үндэслэлд уг ордод агуулагдаж буй төмрийн хүдэр доторх химийн найрлагын талаар дэлгэрэнгүй дурдсан.

Дээрх Техник эдийн засгийн үндэслэл болон химийн шинжлэх ухаанд төмрийн хүдэр" бол төмөр, түүний янз бүрийн нэгдлүүдийг агуулсан байгалийн эрдсийн тогтоц бөгөөд байгальд дангаараа оршдоггүй нэгдэл юм. Химийн найрлагын хувьд төмрийн хүдэр нь янз бүрийн төмрийн нэгдэл агуулдаг. Төмрийн хүдрийн чулуулаг дахь төмрийн эзлэх хувь нь түүнийг олборлох нь үйлдвэрлэлийн хувьд ашигтай байх ёстой тул уг хүдэрт агуулагдаж буй алт, мөнгө, цайр, зэс, молибден, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг дагалдах металлыг хүдрийн баяжмалаас ялгах боломжгүй бөгөөд төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй эдийн засгийн үр ашиггүй маш бага хэмжээтэй металлууд юм.

Гэтэл татварын улсын байцаагч уг дагалдах металлуудыг цэвэр металл мэтээр тайлбарлаж, нэг бүтээгдэхүүн гэж үзэж татвар ногдуулж буй нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлтэй огт нийцэхгүй, үндэслэлгүй байна. Жишээлбэл: Алт (Au) байгальд цэврээр (дангаараа) оршдог үнэт металл ба цэвэр алт ихэнх тохиолдолд 30-50%-ийн агуулгатай мөнгөний хольцтой байдаг. Зарим тохиолдолд зэс, төмөр зэрэг эрдсийг агуулж байдаг. Энэ тохиолдолд алтны дагалдах металлууд болох зэс, мөнгө, төмрийг химийн бодис хэрэглэж уусгах, ялгах замаар бусад металлыг нь ялгаж авч эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой байдаг буюу алт, мөнгө, зэс гэсэн тус тусдаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж баяжуулах нь технологийн хувьд боломжтой юм. Энэ тохиолдолд алтны дагалдах металлуудад бүтээгдэхүүн гэж үзэх АМНАТ ногдуулах нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж болно.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл/элемент нь ялган авахад эдийн засгийн болон технологийн хувьд ашигтай бөгөөд бололтой бол ашигт малтмалын бүтээгдэхүүний цаашдын боловсруулалтын явцад ялган авах эсэхээс нь үл хамааран тухайн дагалдах металл/элементэд АМНАТ ногдуулах нь зүйн хэрэг. Харин А*******" ХХК-ийн төмрийн хүдрийн баяжмалд дээрх дагалдах металлууд маш бага хэмжээгээр буюу цэвэр байдлаар оршдоггүй нь лабораторийн дүгнэлт нотлогдоно.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй гэж заасныг зөрчсөн. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан дараах үндэслэлээр 118,311,165,580 төгрөгийн татварын нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Үүнд: Гаалийн лабораторийн шинжилгээгээр төмрийн хүдэр, хөнгөн цагаан, зэс, цайр, хар тугалга, цагаан тугалга, алт, мөнгөний хувь хэмжээг нэг ижил хэмжигдэхүүн (%)-аар тодорхойлсон байтал татварын улсын байцаагчид төмрийн хүдрийн агуулгын хувь хэмжээг агуулга гэж үзсэн мөртлөө дагалдах металлуудын хувь хэмжээг агуулга гэж үзэлгүй төмрийн хүдрийн баяжмал гэж тодорхойлсон.

Мөн дагалдах металлуудын АМНАТ-ийг тооцохдоо тухайн металлуудын зах зээл дээрх цэвэр бүтээгдэхүүний агуулгатай металлуудын үнээр тооцож байна. Гэтэл төмрийн хүдэрт агуулагдаж байгаа дээрх дагалдах металлууд нь цэвэр бүтээгдэхүүн биш гэдэг нь ТЭЗҮ-гээр нотлогдохын зэрэгцээ цэвэр бүтээгдэхүүн бол дээрх металлуудын агуулга (99.99) хувь байх байтал төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй уг металлуудын төмрийн хүдрээс ялгах боломжгүй металл юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.8-д хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг Засгийн газар батална гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ын 2.1-д Ашигт малтмалын хүдэр гэж газрын гадаргуу, түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик-химийн процессын үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа ашигт элементийг (металл) нь олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгийг хэлнэ гэж заасан. Харин Эрдэс баялгийн зөвлөл ТЭЗҮ дээр зөвхөн төмрийн хүдрийг ашиглан төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэх нь ашигтай гэж үзэж баталсан. ТЭЗҮ дээр уг дагалдах металлууд хүдэрт маш бага хэмжээтэй агуулагдах хэдий ч дагалдах бүтээгдэхүүн гэж татварын байгууллага үзээд буй дагалдах металл, эрдсийг ашиглах нь техник технологийн, зах зээлийн болоод цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэрэгжих боломжгүй ашиггүй тул ТЭЗҮ дээр батлагдаагүй.

Засгийн газрын 2019 оны 465-р тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, телех журам"-ын 2.8-д "Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно" гэж заасан. Өөрөөр хэлбэл лабораторийн дүгнэлтээр агуулгын цэвэр хувь хэмжээг нь тогтоосны үндсэн дээр дагалдах бүтээгдэхүүнд АМНАТ оногдуулах эрх зүйн үндэслэлийг зааж өгсөн байна.

Гэтэл "А*******" ХХК-ийн төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй дагалдах металлууд нь агуулгын хувьд цэвэр биш байгаа нь лабораторийн дүгнэлтээр нотлогдож байхад АМНАТ ногдуулж буй нь үндэслэлгүй юм.

Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А-19 тушаалаар батлагдсан "Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны журам"-ын 2.1.1-т "Үнэт металл гэж алт, мөнгө, платинум болон түүний бүлэгт багтдаг... хэлнэ" гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно", 46.5-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 400 граммаас дээш жинтэй, эсхүл түүнээс хөнгөн боловч онцгой чамин дүрс хэлбэртэй байгалийн төрц алт, түүнчлэн ховор өнгө, дүрстэй эрдэнийн чулуу олборлосон бол тэдгээрийг Монгол банкны төрийн эрдэнэсийн санд урамшуулалтай үнээр худалдах үүрэгтэй" гэж заасан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч алт, мөнгө бүхий үнэт металл олборлосон бол зөвхөн Монгол банканд худалдах үүрэгтэйн зэрэгцээ Монгол банкнаас зөвшөөрсөн тохиолдолд экспортод гаргах үүрэгтэй байна.

Гэтэл нөхөн ногдуулалтын актад дурдсанаар бол А*******" ХХК нь 11,365.02 кг буюу 0.01 тонн алт, 3 кг мөнгийг хууль бусаар экспортоор БНХАУ руу гаргасан юм шиг нөхцөл байдалд хүргэж байгаа нь огт үндэслэлгүй юм.

Мөн түүнчлэн Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр 1 кг төмрийн хүдрийн баяжмал тутамд 0.01% - 0.005% милограммаас доош буюу маш бага агууламжтай алт, мөнгө, вольфрам зэрэг дагалдах металл агуулагдаж байна гэж дурдсаар байтал шууд 0.01% алт агуулагдаж байна гэж тэнцүү утгаар авч үзэж тухайн сард экспортолсон төмрийн хүдрийн баяжмалын тоо хэмжээгээр шууд үржиж бодож байгаа нь тооцооллын хувьд алдаатай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т "уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах"-аар зааж өгсөн.

Хууль тогтоогчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуульд уул уурхайн бүтээгдэхүүн гэсэн ойлголтыг нарийвчлан зааж өгөөгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т "уул уурхайн бүтээгдэхүүн" гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ангилагдах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнийг гэж зааж өгсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д бүтээгдэхүүний нэр төрлөөр ялгаж ангилсан бөгөөд зэс, алт, цайр, цагаан тугалга, хар тугалга зэрэг металлуудад цэвэр металл ангиллаар нь АМНАТ оногдуулахыг зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл уг ашигт малтмалын бүтээгдэхүүн зөвхөн цэвэр бүтээгдэхүүн байх тохиолдолд АМНАТ оногдуулж болохыг хууль тогтоогчоос зааж өгсөн.

Нягтлан бодох бүртгэлийн ойлголтоор үндсэн бүтээгдэхүүн гэдэг нь тухайн үйлдвэрийн газрын үйлдвэрлэхээр зорьж байгаа бүтээгдэхүүн байдаг. Харин Дайвар бүтээгдэхүүн гэдэг нь үндсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эсвэл үндсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулах түүхий эд материалыг бэлтгэх явцад гардаг, зах зээлийн эрэлт бага, цаашид ашиглагдаж ч болох ашиглагдахгүй ч байж болох бүтээгдэхүүн юм.

"А*******" ХХК-ийн зүгээс төмрийн хүдрийн баяжмал болон гантигжсан шохойн чулуу гэсэн 2 төрлийн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бөгөөд төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цагаан тугалга, цайр зэрэг нь дагалдах буюу дайвар бүтээгдэхүүн бус үйлдвэрийн явцад боловсруулж бүтээгдэхүүн гаргах боломжгүй төмрийн хүдэрт агуулагдаж буй маш бага хэмжээтэй металлууд юм. Гэтэл уг металлуудыг бүтээгдэхүүн гэж үзэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-т экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж болохыг хууль тогтоогчоос зааж өгсөн. Мөн хуулийн 47.3.3-т "энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь" гэж заасан.

Уг заалтуудаас харахад зөвхөн борлуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахаар байна. Өөрөөр хэлбэл "А*******" ХХК-ийн зүгээс зөвхөн өөрийн олборлож, хуурай соронзон аргаар баяжуулж гаргасан "төмрийн хүдрийн баяжмал гэж бүтээгдэхүүн" болон худалдан авагч талд зөвхөн төмрийн хүдрийн баяжмал борлуулсан борлуулалтын үнэлгээ"-нд АМНАТ төлбөр төлөхөөс уг төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад төмрийн нэгдэл болох цайр, хар тугалга, цагаан тугалга, хөнгөн цагаан, зэс, молибден, алт, мөнгө зэрэг металлуудад АМНАТ төлөх үүрэг огт алга байна.

Нэг кг төмрийн хүдрийн баяжмал тутамд агуулагдаж буй 0.01%-иас ялгаж бүтээгдэхүүн болгох баяжуулан, ялгах технологи Монголд болоод БНХАУ-ын төмрийн үйлдвэрийн салбарт нэвтрээгүй байгаа. Тиймээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс төмрийн хүдрийн баяжмал бүхий нэг төрлийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын худалдан авагч талд экспортолж, уг баяжмал буюу бүтээгдэхүүний төлбөрийг хүлээн авдаг бөгөөд дагалдах металлуудыг БНХАУ-ын зүгээс тус, тусдаа бүтээгдэхүүн гэж үзэж ямар нэгэн нэмэлт төлбөр А******* ХХК-д төлдөггүй болохыг дурдах нь зүйтэй.

Ашигт малтмалын тухай хуульд дагалдах металлд АМНАТ ногдуулах талаар зохицуулалт байхгүй бөгөөд Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.8-д Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно гэж оруулж өгсөн.

Гэвч уг тогтоол нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж батлагдсан тул уг тогтоолын хавсралтаар 2018 оны экспортын бүтээгдэхүүнд АМНАТ нөхөн ногдуулах боломжгүй юм.

Харин тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төмрийн хүдрийн баяжмал экспортлоход АМНАТ тооцох аргачлал болох Засгийн газрын 2015 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан Төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлоход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлал-ын 4.6-д Экспортын төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын агуулга, түүний хувь, дагалдах бодисын хувь найрлага, чийгшил, ангиллыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр тогтооно гэж зааснаас дагалдах металл, эрдэст АМНАТ ногдуулж болох талаар эрх зүйн харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй байна.

Татварын Ерөнхий Газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал-ын 2.7-д Тухайн бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл, үнэт металл, бусад эрдэс бүтээгдэхүүний хувьд аргачлалын 2.5-д заасны дагуу тогтоосон дагалдах бүтээгдэхүүний агуулгын талаарх дүгнэлтийг үндэслэн тухайн дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг энэхүү аргачлалын дагуу тооцно гэж заасан. Уг тушаалын хавсралтаар дагалдах бүтээгдэхүүний агуулгыг үндэслэн тухайн дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцож, борлуулалтын үнэлгээг тооцож болох хэдий ч уг тушаалыг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн өдрөөс буюу 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон.

Иймд А******* ХХК-ийн 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмал бүхий бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах металл болох алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг 19,254.63 тонн гэж тооцоо гаргаад байгаа 118,311,165,580 төгрөгийн үнэлгээтэй гэх дагалдах металлд АМНАТ нөхөн ногдуулж буй нь огт үндэслэлгүй байх тул дараахь нөхөн ногдуулалт, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна

Нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хэсгийн 1 болон 2-т заасан нөхөн татварт 30 хувийн торгууль тооцсон байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дэх заалтад, 20 хувийн алданги тооцсон байгаа нь Татварын ерөнхий хууль болон Алдангийн хэмжээг тогтоох тухай Сангийн сайдын 2022 оны 26 дугаар тушаалд тус тус нийцэхгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19.1-т Татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0,1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, 11.19 дүгээр зүйлийн Тайлбар хэсэгт Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан.

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд нөхөн ногдуулалтын актад дурдсан 11.19.1.1 гэсэн заалт байхгүй бөгөөд тус хуулийн өөрчлөлтийг шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байх тул 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн нөхөн ногдуулалтын актаар үндэслэлгүйгээр 30 хувийн торгууль ногдуулсан гэж үзэж байна.

Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоох бөгөөд Алдангийн хэмжээг тогтоох тухай Сангийн сайдын 2022 оны 26 дугаар тушаалын 1-т татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0,038 хувь байх-аар зохицуулсан. Гэтэл татварын улсын байцаагч 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцогдсон 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74.1 дэх хэсгийг удирдлага болгон хамгийн өндөр буюу 20 хувиар алданги тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хэсгийн 4-т заасан АМНАТ, 8-т заасан ХХОАТ, 9-т заасан НӨАТ төлөх хугацаа хожимдуулсан зөрчлүүдэд алданги тооцохдоо Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,050 хувийн алданги тооцсон нь Татварын ерөнхий хууль болон Алдангийн хэмжээг тогтоох тухай Сангийн сайдын 2022 оны 26 дугаар тушаалд тус тус нийцэхгүй байна. Сангийн сайдын 2022 оны 26 дугаар тушаалын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,038 хувийн алданги тооцохоор зохицуулсан байна.

Иймд нөхөн ногдуулалтын актын татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хэсгийн 4, 8, 9-т заасан алданги, торгуулийн хэмжээг дараах байдлаар тооцох нь үндэслэлтэй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 4.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.19 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасны дагуу зөрчлийн хэрэг нээгээгүй, 6.9 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу оролцогчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй, 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргахдаа прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг процессын алдаа гаргасан байх тул нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 2,571,753,988.49 төгрөгийн торгуулийг эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-т заасныг удирдлага болгон нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Иймд Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Э*******, С.Г*******, Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.М******* нарын 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр тогтоосон №НА-21******* дугаар Нөхөн ногдуулалтын акт-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч С.Г******* шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх 2122501578 тоот томилолтын дагуу А******* ХХК-ийн 2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус-Иж бүрэн хяналт шалгалт хийсэн.

Актын Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар хэсгийн 3, 4-т БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1,664,025.85 тонн 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын орлогыг татварын тайланд тусгаагүй гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Актын Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар: хэсгийн 3,4-т БНХАУ-д 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмал бүхий бүтээгдэхүүнд агуулагдаж буй дагалдах метал болох алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэг 19,254.63 тонн гэж тооцоо гаргаад байгаа 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээтэй гэж дагалдах металлд АМНАТ нөхөн ногдуулж буй нь огт үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж гомдол гаргасан байна.

Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд; 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь; 47.5. Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно, 47.8-д Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална,

Засгийн газрын 2015 оны 488, Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ын 2.2-ын 4, 6 дахь заалт, 2.4-ийн 4,6 дахь заалт, 2.5-ын 5 дахь заалтыг тус тус дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:...2.4 дэх заалтын: 4.Төмрийн баяжмал Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулгийн физик болон химийн аргаар боловсруулсан төмрийн хүдэр, агуулга >57% гэж зааснаар А******* ХХК нь төмрийн хүдрийн 55.54-65.68 хувийн агууламжтай 1,664,025.85 тонн баяжмалыг БНХАУ-д экспортолсноос татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй байсан 1,573.3 тонн төмрийн хүдрийн баяжмал болон нийт экспортолсон 1,664,025.85 тонн 118,311,165,580.00 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмал дахь бүх төрлийн ашигт малтмалын төрөлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулж, хариуцлага тооцсон болно.

Актын ТОГТООХ нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, 11.19.1, 11.19.2, 11.19.4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн нийт 10,760,90,4364.73 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Төлбөрийн тооцоо хэсгийн 1 болон 2-т заасан нөхөн татварт 30 хувийн торгууль тооцсон байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дэх заалт, 20 хувийн алданги тооцсон байгаа нь Татварын ерөнхий хууль болон Алдангийн хэмжээг тогтоох тухай Сангийн сайдын 2022 оны 26 дугаар тушаалд тус нийцэхгүй байна гэж гомдол гаргасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд: 11.19.1.Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар:-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасан хууль эрх зүйн зохицуулалттай. Энэ заалт нь дээр дурьдсанчлан зөвхөн татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүйд хариуцлага тооцоход хэрэглэх заалт юм.

Татварын ерөнхий хууль/ шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай /2019 он/ хуулийн 4 дүгээр зүйлд: 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж зааснаар Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлд: 74.1. Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж зааснаар 5,924,528,910.56 төгрөгийн нөхөн татварт 20 хувиар тооцон 1,184,905,782.11 төгрөгийн алданги, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл. Татварын ерөнхий хууль зөрчих: 1.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: 1.1.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан бол татварын нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 30 хувиар тооцон 1,777,358,673.17 төгрөгийн торгууль ногдуулан хариуцлага тооцсон.

Актын тооцоо хэсгийн 4-т заасан АМНАТ, 8-т заасан ХХОАТ, 9-т заасан НӨАТ төлөх хугацаа хожимдуулсан зөрчлүүдэд алданги тооцохдоо хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.050 хувийн алданги тооцсон нь Сангийн сайдын 2022 оны 26 дугаар тушаалд тус тус нийцэхгүй байна гэж гомдол гаргасан байна.

А******* ХХК-ийн 2018 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийсэн тул Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолд: Татварын ерөнхий хуулийн 60.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1.Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0,050 хувь байхаар тогтоож, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэж зааснаар алдангийг тооцсон боловч эцсийн төлөх ёстой алдангийн хэмжээг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай /2019 он/ хуулийн 4 дүгээр зүйлд: 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасны дагуу Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлд: 74.1. Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна, Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд: 11.19.1. Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон, төлөгдөөгүй өрийн дүнд торгуулийг 10 хувь, алдангийг 20 хувиас хэтрүүлэлгүйгээр тооцсон.

А******* ХХК нь 2.2-т бичсэн гомдлын талаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргаж байгаагүй, энэ асуудлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч А******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч А******* ХХК тус шүүхэд хандаж Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Э*******, С.Г******* нарын гаргасан, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21******* нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүнийгээ шүүх хуралдааны явцад дээрхи актын Зөрчлийн тооцоолол хэсгийн 3 ба 4 болон актад 30 хувийн торгууль, 20 хувийн алданги тооцсон хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэг. Актын Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар хэсгийн 3, 4-т БНХАУ-д 2018 онд экспортод гарган борлуулсан 1,664,025.85 тонн 118,490,578,211.12 төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын орлогыг татварын тайланд тусгаагүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч компанийн экспортолсон төмрийн баяжмалд агуулагдах алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, цагаан тугалгад ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй 118,311,165,580.00 төгрөгийн зөрчилд 1,183,111,655.80 төгрөгийн алданги, нийт 8,873.337,418.51 төгрөгийн, ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулаагүй 118,311,165,580.00 төгрөгийн зөрчилд 409,211,693.96 төгрөгийн нөхөн татвар. 122,763,508.19 төгрөгийн торгууль, 81,842,338.79 төгрөгийн алданги, нийт 613,817,540.94 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь А******* ХХК нь 2018 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар худалдсан, худалдахаар ачуулсан 1,662,452.50 тонн төмрийн хүдрийн баяжмалд 184,202,595,984.24 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 9,210,129,799.96 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулан тайлагнаж, харин төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад ашигт малтмалд төлбөр ногдуулаагүй нь тогтоогдсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Гаалийн төв лабораторийн дүгнэлтүүдээр тус компанийн 2018 онд экспортолсон төмрийн хүдрийн баяжмалд алт (Au) 0.01-0.05 мг/кг, мөнгө (Ад) 1.0 мг/кг, зэс (Си) 56.5-206.05 мг/кг, молибден (Мо) 17 мг/кг, хар тугалга (Pb) 7.7- 28.10 мг/кг, Цайр(Zn) 259.5-399.0 мг/кг, Хөнгөн цагаан(Al) 0.76-1.49%, Цагаан тугалга (Sn) 8.57-32.85 мг/кг, төмөр-60.53%, хөнгөн цагаан-1.08%, зас-175.95 мг/кг, хар тугалга. 17.71 мг/кг тус тус агуулагдсан нь тогтоогдсон, нэхэмжлэгч компани нь эдгээр ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулаагүй байх ба энэ талаар нэхэмжлэгчээс ...төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад дагалдах металлд төлбөр тооцох үндэслэлгүй, энэ талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй гэж маргасан, харин бусад үндэслэлээр маргаагүй болно.

Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшил нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бух төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улс, орон нутгийн төсөвт төлнө, 47.2-т Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно 47.2.1-т экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3-т .Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хувь хэмжээтэй байна, 47.3.2-т энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувьтай тэнцүү, 47.4-т тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна, 47.5-д Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараах байдлаар тодорхойлно, 47.6-д Энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батална гэж;

Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал-ын 1.2-т Ашигт малтмалын хүдэр баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үндэслэх-ээр тус тус заасан.

Дээрхи хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан аргачлал, журмаас үзвэл А******* ХХК нь төмрийн хүдрийн 55.54-65.68 хувийн агууламжтай 1,664,025.85 тонн баяжмалыг БНХАУ-д экспортолсон атлаа татварын тайланд тусгаагүй, түүнчлэн 1,573.3 тонн төмрийн хүдрийн баяжмалд албан татвар ногдуулж төлөөгүй байсан нь тогтоогдсон тул тус компанийн нийт экспортолсон төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж байгаа алт, мөнгө, зэс, молибден, хар тугалга, цайр, хөнгөн цагаан, цагаан тугалга зэрэгт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулж, хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тодруулбал А******* ХХК нь төмрийн хүдрийн баяжмал экспортлогч этгээд болохын хувьд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 хувиар тооцож төлөхөөс гадна Засгийн газраас тогтоосон аргачлалын дагуу уг төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад дагалдах бүтээгдэхүүнд мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэгтэй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ...төмрийн хүдрийн баяжмалд агуулагдаж буй бусад дагалдах металлд төлбөр ногдуулах үндэслэлгүй гэх тайлбар хуульд нийцэхгүй байна.

Хоёр. Актын тогтоох нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.1 дэх заалтыг үндэслэн 30 хувийн торгууль, 20 хувийн алданги тооцсон байгаа нь Татварын ерөнхий хууль болон Алдангийн хэмжээг тогтоох тухай Сангийн сайдын 2022 оны 26 дугаар тушаалд тус тус нийцээгүй гэх үндэслэлийн тухайд:

Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.19.1-д Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар:-Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна гэж,

Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай /2019 он/ хуулийн 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: 1.1.татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан бол татварын нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 30 хувиар тооцон 1,777,358,673.17 төгрөгийн торгууль ногдуулсан байх тул нэхэмжлэгчийн ...Зөрчлийн тухай хуулийн 11.19.1.1 дэх заалтыг үндэслэн 30 хувийн торгууль тооцсон нь буруу гэх үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж зааснаар 5,924,528,910.56 төгрөгийн нөхөн татварт 20 хувиар тооцон 1,184,905,782.11 төгрөгийн алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь татварын улсын байцаагч нарын тогтоосон нөхөн ногдуулалтын акт болон Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШЗ2024/1454 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, уг захирамжид гомдол гаргаагүй, Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байна.

Уг тогтоолоос үзвэл нэхэмжлэгч компаниас гаргасан ...экспортолсон 21 тонн цагаан гантигийн борлуулалтын гаалийн байгууллагад мэдүүлсэн нийт үнэ болох 33,672,750.00 төгрөгөөр үржүүлэн нэгжийн үнийг буруу тооцоолж, нийт 707,127,750.04 төгрөгийн үнэлгээнд 53,034,581.25 төгрөгийн төлбөр ногдуулснаас 33,672,750.00 төгрөгийн үнэлгээнд ногдуулсан 2,525,456.25 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч, илүү тооцсон 673,455,000.04 төгрөгт ногдуулсан 50,509,125.00 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэх гомдлыг Татварын маргаан таслах зөвлөлөөс хангаж татвар төлөгчийн 33,672,750.00 төгрөгийн зөрчилд 1,683,637.50 төгрөгийн нөхөн татвар, 505,091.25 төгрөгийн торгууль, 336,727.50 төгрөгийн алданги, нийт 2,525,456.25 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 673,455,000.04 төгрөгийн зөрчилд ногдуулсан 33,672,750.00 төгрөгийн нөхөн татвар, 10,101,825.00 төгрөгийн торгууль, 6,734,550.00 төгрөгийн алданги, нийт 50,509,125.00 төгрөгийн төлбөрийг илүү ногдуулсан гэх болон гантиг чулууны борлуулалтын үнэлгээг нэгжийн үнээр биш нийт үнээр үржүүлж тооцсон нь алдаатай гэж дүгнэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх алдагдлыг 33,672,750.00 төгрөгөөр бууруулах байтал 673,455,000.04 төгрөгөөр илүү бууруулсан гэх гомдлыг нь тус тус хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.3, 47.4, 47.5, 47.6, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А******* ХХК-иас Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч С.Г*******, Б.Э******* нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.Э*******, С.Г******* нарын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн НА-21******* нөхөн ногдуулалтын акт /уг актын Зөрчлийн тооцоолол хэсгийн 3 ба 4 болон актад 30 хувийн торгууль, 20 хувийн алданги тооцсон хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан/-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН