Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/48

 

 

 

 

 

 

  2023             01            10                                           2023/ДШМ/48

 

 

 Т.С-д холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

хохирогч Д.Ж,

шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч А.О,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/1429 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.С-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох .................. дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.С нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу:

1. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” хорооллын “Хаан” банкны АТМ-ээр үйлчлүүлж байсан хохирогч Д.Э-д картаас нь 400.000 төгрөг авч өгчхөөд түүний картыг буцааж өгөхдөө хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Хаан” банкны виза картыг нь өөр картаар сольж аван бэлэн мөнгөний машин ашиглаж хохирогчийн картаас 400.000 төгрөгийг уншуулан авсан,

2. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” хорооллын “Хаан” банкин дотор байрлах бэлэн мөнгөний машинаас хохирогч Д.Ж-д 130.000 төгрөг авч өгөөд түүний картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж өгч, бусдыг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 345.000 төгрөгийг тус хорооллын “T дотор байрлах “Хаан” банкны машинаас уншуулан авсан,

3. 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, “Н” худалдааны төвийн хүнсний захад байрлалтай “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан хохирогч Д.Б-д картаас нь мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж, бусдыг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 215.000 төгрөгийг тус хорооны нутаг дэвсгэрт байрлах “N худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас уншуулан авсан,

4. 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “С” хороолол салбар дотор байрлах бэлэн мөнгөний машинаас хохирогч О.Ц-д бэлэн мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч эд зүйл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 360.000 төгрөгийг тус дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” супермаркетын бэлэн мөнгөний машинаас уншуулан авсан,

5. 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” үйлчилгээний төвийн “Хаан” банкны мөнгөний машинаас хохирогч Р.Т-ийн тэтгэврийн виза картаас мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 2.152.269 төгрөгийг авсан,

6. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” үйлчилгээний төвийн “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас хохирогч Х.У-т картаас мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 800.000 төгрөгийг “Д” гар утасны худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас уншуулан авсан,

7. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, “Д” төвийн “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас хохирогч Д.У-д картаас мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 400.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, “Д” гар утас худалдааны төвийн Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар хороо “С” хороололд 102 дугаар байр “T бэлэн мөнгөний машинаас уншуулан авсан,

8. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Д” худалдааны төвд байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас хохирогч С.Н-д картаас нь мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 500.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, “Х” худалдааны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас уншуулан авсан,

9. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “С” салбар дотор байрлах АТМ-ээс хохирогч Ц.Б-ын виза картаас түүний хүү С-ийн данс руу 10.000 төгрөгийн гүйлгээ хийж өгөөд түүний “Хаан” банкны виза картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш” захын “Хаан” банкны АТМ-ээс 300.000 төгрөгийг уншуулан авсан,

10. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “С” салбар дотор байрлах АТМ-ээс хохирогч Ж.Д-д виза картных нь үлдэгдлийг шалгаж өгөөд буцааж өгөхдөө түүний “Хаан” банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тус дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” сургуулийн автобусны буудал дээр байрлах “Хаан” банкны АТМ-ээс 290.000 төгрөгийг уншуулан авсан,

11. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” салбар дотор байрлах “Хаан” банкны АТМ-ээс хохирогч Ж.Б-т шилжүүлэг хийж өгөөд картыг нь буцааж өгөхдөө түүний “Хаан” банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бэлэн мөнгөний машинаас 800.000 төгрөгийг уншуулан авсан,

12. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “С” салбар дотор байрлах АТМ-ээс хохирогч Д.Э-т бэлэн мөнгө авч өгөөд түүний “Хаан” банкны картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” дотор байрлах АТМ-ээс 800.000 төгрөгийг уншуулан авсан,

13. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “С” салбар дотор байрлах АТМ-ээс хохирогч Б.Ц-ын картаас мөнгө авч өгөөд түүний “Хаан” банкны виза картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” дотор байрлах “Хаан” банкны АТМ-ээс 800.000 төгрөгийг уншуулан авсан,

14. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” төвийн В1 давхарт байрлах “Хаан” банкны АТМ-ээс хохирогч Т.Д-д бэлэн мөнгө авч өгөхдөө түүний “Хаан” банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, “С” салбар дотор байрлах АТМ-ээс 500.000 төгрөгийг уншуулан авсан,

15. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “С” салбар дотор байрлах АТМ-ээс хохирогч Д.С-ийн “Хаан” банкны виза картнаас мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, “М” дотор байрлах “Хаан” банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг уншуулан авсан,

16. 2021 оны 12дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны “С” салбар дотор байрлах АТМ-ээс хохирогч Н.Ц-ийн “Хаан” банкны виза картаас мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, “М” дотор байрлах “Хаан” банкны АТМ-ээс 245.000 төгрөгийг уншуулан авсан,

17. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо “Д” төвийн 1 давхарт байрлах “Хаан” банкны АТМ-ээс хохирогч С.С-ын “Хаан” банкны виза картаас мөнгө авч өгөөд улмаар буцаан өгөхдөө картыг сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Д” гар утас худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас 330.000 төгрөгийг уншуулан авсан,

18. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” үйлчилгээний төвийн “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаар хохирогч Д.А-г гүйлгээ хийж өгөөд картыг нь буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” дотор байрлах АТМ-ээс 600.000 төгрөгийг уншуулан авсан,

19. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” үйлчилгээний төвийн бэлэн мөнгөний машинаар хохирогч Н.Л-д гүйлгээ хийж өгөөд картыг буцаан өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тус дүүргийн ... дугаар хороо, “С” салбар дотор байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас 320.000 төгрөгийг уншуулан авч бусдад нийт 10.657.269 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокуророос шүүгдэгч Т.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг авч, бусдад нийт 10.657.269 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 861 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон 1 жил 6 сарын ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч Т.С-ийн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 /хоёр/ жил 11 /арван нэгэн/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-ийн цагдан хоригдсон 272 /хоёр зуун далан хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцон хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Т.С нь бусдад нийт 10.657.269 /арван сая зургаан зуун тавин долоон мянга хоёр зуун жаран ес/ төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Д.Б-д 215.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-аас нийт 10.442.269 /арван сая дөрвөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Э-д 400.000 төгрөг, хохирогч Д.Ж-д 345.000 төгрөг, хохирогч О.Ц-д 360.000 төгрөг, хохирогч Р.Т-д 2.152.269 төгрөг, хохирогч Х.У-т 800.000 төгрөг, хохирогч Д.У-д 400.000 төгрөг, хохирогч С.Н-д 500.000 төгрөг, хохирогч Ц.Б-т 300.000 төгрөг, хохирогч Ж.Д-д 290.000 төгрөг, хохирогч Ж.Б-т 800.000 төгрөг, хохирогч Д.Э-т 800.000 төгрөг, хохирогч Б.Ц-т 800.000 төгрөг, хохирогч Т.Д-д 500.000 төгрөг, хохирогч Д.С-т 500.000 төгрөг, хохирогч Н.Ц-д 245.000 төгрөг, хохирогч С.С-д 330.000 төгрөг, хохирогч Д.А-д 600.000 төгрөг, хохирогч Н.Л-д 320.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хилийн цэргийн сонсогчийн хувцас 1 хос, “Хаан” банкны виза карт 6 ширхэг, “Төрийн” банкны карт 3 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 6 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалж, тус хэрэгт шүүгдэгчийг иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Би аль болох ажил хийж хохирогчдын хохирлыг барагдуулах нь миний туйлын зорилго юм. Би зөв замаар явж нийгэмшиж, хүний ёсоор ажил хөдөлмөр эрхэлж, хичээх болно. Намайг өршөөж, миний ялыг жаахан боловч анхааран үзэж, надад боломж олгоно уу хэмээн үнэн сэтгэлээсээ гуйж байна. Намайг уучлаарай, би дахин хэзээ ч шударга бус замаар явж хүн хохироохгүй. Дахин хэзээ ч ийм бохир замаар явахгүй гэдгээ давтан, давтан тангараглаж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Т.С-ийн өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч Д.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирол төлбөрөө авмаар байна. ...” гэв.

Прокурор Д.У тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.С бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдлээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.С 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөн зүйл ангиар ял шийтгүүлсэн. Ингээд шийтгэх тогтоол гарснаас 4 хоногийн дараа буюу 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс дахин гэмт хэрэг үйлдсэн байдаг. Шүүгдэгч 19 хүнд хохирол учруулснаас ганцхан хүнд хохирол төлсөн бөгөөд бусад 18 хохирогч нарт өдийг хүртэл хохирол барагдуулаагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.С-д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэргийн шинж, гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.С нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд “...бэлэн мөнгөний машинаас мөнгө авч чадахгүй бол би туслаад мөнгө аваад өгье” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч 19 удаагийн үйлдлээр нийт 10.657.269 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Э-ийн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “С” хороололд байх “Хаан” банкны АТМ-ээр үйлчлүүлсэн ба би картаас мөнгө авч чаддаггүй болохоор миний урд байсан үл таних эмэгтэйгээс “мөнгө аваад өгөөч, бас мөнгө шилжүүлээд өгөөч” гэсэн юм. Тэгээд тэр эмэгтэй миний “Хаан” банкны картаас 400.000 төгрөг бэлнээр авч өгөөд миний картыг өгсөн. ...” /1хх 13-14/,

хохирогч Д.Ж-ын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “С” хорооллын Хаан банкнаас мөнгө авах гэтэл банк хаалттай байхаар нь үүдэнд байдаг АТМ ороод картаасаа мөнгө авах гэтэл өөрөө авч чадахгүй болохоор хойно ганцаараа зогсож байсан 20 орчим насны охиноос гуйгаад “өвөөдөө мөнгө аваад өгөх үү” гэтэл “тэгье” гэхээр нь би картаа өгөөд пин кодоо ..... гэж хэлээд 130.000 төгрөг авхуулсан ба надад хэлээд миний мөнгийг өгөөд картаа ав гэхээр нь би өөрийн карт байна гэж бодсон. ...” /1хх 68/,

хохирогч Д.Б-ын “...2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зах орж хүний гар цайлгах бэлэг авах гэж яваад мөнгө дутаж магадгүй гээд “У” төвийн зүүн урд талын “Хаан” банкны АТМ орж мөнгөө авах гээд 14 цаг 50 минутад сайн санахгүй байна. Нэг хүнийг гуйгаад 50.000 төгрөг аваад өг гэхэд авч өгөөд надад 50.000 төгрөг болон виза карт өгсөн. Тэгээд гэртээ хариад маргааш нь мах авах гээд “Х” зах ороход миний карт болохгүй байсан. Тэгээд “Хаан” банк орж өргөдөл бичиж өгөөд картаа хаалгаад миний карт биш байсныг мэдсэн...” /1хх 103/,

хохирогч О.Ц-ийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед хөдөө гэрээсээ ирээд Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” хорооллын АТМ-ээс 700.000 төгрөг авчихаад байж байтал нэг шар царайтай хүүхэд эгчээ картаа аваарай гэхээр нь би авч гараад замын урд талын ломбард ороод картаа цүнхэндээ хийх гээд хартал миний карт биш байсан юм. Тэгээд удалгүй миний данснаас 360.000 төгрөг гарахаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. ...Би данснаасаа 360.000 төгрөг алдсан. ...” /1хх 198/,

хохирогч Р.Т-ийн “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... хороо “Д” төвийн “Төрийн” банкнаас тэтгэврийн зээл гэж 2.299.771 төгрөгийн зээл аваад миний тэтгэврийн данс болох ............ тоот дансанд үлдэгдэл болох 602.598 төгрөг байсан бөгөөд нийлээд 2.902.369 төгрөг байсан. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймагт байхдаа өөрийн тэтгэврийн данснаас бэлнээр мөнгө авах гэтэл миний дансанд мөнгө байхгүй байна гэхээр нь би гайхаад өөрийн тэтгэврийн Төрийн банкны виза картаа гаргаж иртэл миний виза карт биш. Л.Г гэх хүний карт байхаар нь би дансны хуулгаа авч үзтэл миний данснаас төрийн банкны виза картаар бэлнээр мөнгө авсан байхаар нь цагдаад мэдэгдсэн юм. Нийт 2.152.269 төгрөг алга болсон...” /1хх 235/,

хохирогч Х.У-ийн “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Д төвийн 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө авах гээд 13 цагийн орчимд очсон. Би өөрөө АТМ-ээс мөнгө авч чаддаггүй болохоор АТМ-ын ойролцоо зогсох нүдний шилтэй, 20-25 насны, 155-160 орчим өндөртэй үл таних нэг охин байхаар нь эгчдээ АТМ-ээс 200.000 төгрөг аваад өгөөч гэж хэлтэл надад 200.000 төгрөг авч өгөөд миний виза картыг буцааж өгсөн. Тэгээд мөнгөө авчихаад “С” ХХК-ний автобусны буудал дээр зогсож байхад миний гар утсанд 800.000 төгрөгийн зарлага гарлаа гэж захидал ирэхээр нь өөрийнхөө виза картыг харсан чинь өөр карт байсан. Тухайн надад мөнгө авч өгсөн охин надад өөр хүний виза карт өгөөд миний картыг аваад явсан байсан. ...” /2хх 22/,

хохирогч Д.У-ийн “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Д төв дотор байрлах АТМ-ээс үл таних эмэгтэй өөрийн “Төрийн” банкны виза картаас мөнгө авахуултал миний картыг буцааж өгөхдөө өөр хүний карт өгсөн байсан. “Төрийн банк”-ны хуулгаа авч үзэхэд 400.000 төгрөгийн зарлага гарсан байсан. ...” /2хх 65/,

хохирогч С.Н-ийн “...эмээ нь өөр банкны АТМ ашиглаж чаддаггүй юм. Эмээдээ туслаад данснаас 100.000 төгрөг бэлнээр аваад өг гэж хэлтэл надад туслаад 100.000 төгрөг гаргаж өгөхдөө “...Эмээ та мөнгөө сайн тоолоорой. Энэ “Хаан” банкны машин мөнгөө дутуу гаргаад байдаг шүү...” гэхээр нь мөнгөө тоолоход 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт байхаар цүнхэндээ хийчихээд явах гэтэл нөгөө охин ардаас дуудаад “...эмээ картаа аваарай...” гэж хэлээд цэнхэр өнгийн картыг минь буцааж өгсөн. Би картаа аваад найзындаа очоод сууж байхдаа “Төрийн банк”-ны шинэ карт авсан гээд үзүүлэх гэтэл миний карт биш, шал өөр хүний карт байсан. “Төрийн банк” руу залгаад асуутал таны картад үлдэгдэлгүй байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” /2хх 107-108/,

хохирогч Ц.Б-ын “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед би хүү С-руу мөнгө шилжүүлэхээр С хорооллын АТМ орсон. Би өөрийн банкны картаа ашиглаж АТМ-ээс мөнгө шилжүүлж чадахгүй учир хажууд зогсож байсан үл таних эмэгтэйг “миний дүү надад туслаад энэ данс руу 10.000 төгрөг хийгээд өгөөч” гэсэн чинь тэр охин “тэгье тэгье” гээд миний ............ гэсэн данснаас манай хүүгийн данс болох ............... дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлж өгөөд “ахаа картаа аваарай” гээд нэг карт өгөхөөр нь би аваад халаасандаа хийгээд тухайн АТМ-ээс гараад явсан. Би байдаг айлдаа очих гээд явж байтал миний гар утсанд мессеж ирэхээр нь хартал миний данснаас 300.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхаар нь би картаа гаргаж ирээд хартал миний карт биш байсан. ...” /2хх 154/,

хохирогч Ж.Д-ын “...би өөрийнхөө банкны картаа ашиглаж АТМ-ээс үлдэгдэл мөнгөө харах гээд би ашиглаж чадахгүй байхаар нь хажуу талд зогсож байсан үл таних эмэгтэйг миний охин надад туслаад миний үлдэгдэл мөнгийг хараад өгөөч гэхэд харж өгсөн. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөнгө авах гээд “С” хороололд байрлах “Хаан” банкны АТМ-рүү ороод мөнгө авах гэсэн чинь миний карт ерөөсөө болохгүй байхаар нь хажуу талд байсан “Хаан” банкны охиноос миний карт болохгүй байна гэсэн чинь энэ таны карт биш байна гэсэн. ...” /2хх 184/,

хохирогч Ж.Б-ын: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо “С” хорооллын “Хаан” банкны АТМ орсон бөгөөд миний хараа муу учир тухайн АТМ дотор байсан танихгүй эмэгтэй хүнд мөнгөн шилжүүлэг хийгээд өгөөч гэж гуйсан. Тухайн эмэгтэй зөвшөөрч шилжүүлсэн бөгөөд тухайн үед миний эзэмшлийн “Хаан” банкны картыг авч үлдээд надад өөр Б гэх хүний “Хаан” банкны карт өгчихсөн байна. Тэгээд удалгүй миний “Хаан” банкны тэтгэврийн картаас 800.000 төгрөг авчихсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна...” /1хх 47/,

хохирогч Д.Э-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед “С” хорооллын АТМ-ээс 850.000 төгрөг авах гээд чадахгүй байсан тэгтэл хажууд зогсож байсан эмэгтэй “...би аваад өгье...” гэж хэлээд миний картаас 850.000 төгрөг авч өгсөн. Тэгээд би “С” худалдааны төв орж юм авах гэтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Би утсаа шалгаж үзтэл миний картаас 800.000 төгрөг гарч картыг нь сольсон байсан. Тэгэхээр нь би банк руу ярьж картаа хаалгасан...” /2хх 234-235/,

хохирогч Б.Ц-ын “...би өөрийнхөө банкны картаа ашиглаж АТМ-ээс мөнгөө авч чадахгүй тул хажуу талд зогсож байсан үл таних эмэгтэйг “...миний дүү надад туслаад 150.000 төгрөг аваад өгөөч...” гэсэн чинь тэр охин “...тэгье...” гээд миний данснаас 150.000 төгрөг гаргаж өгөөд “...ахаа энэ мөнгө карт 2 чинь аваарай...” гээд миний “Хаан” банкны картыг мөнгөний доор хийгээд өгсөн. Би АТМ-ээс гарч яваад “С” хорооллын тоглоомын талбай дээр ирээд мөнгөө түрүүвчиндээ хийгээд картаа хартал миний карт биш байсан. ...” /3хх 60/,

хохирогч Т.Д-ын “...Хаан банкны АТМ-ээс өөрийн картнаасаа бэлэн мөнгө авах гэж байтал нэг цэргийн хувцастай, 30 орчим насны эмэгтэй ирээд мөнгөө авч чадахгүй бол аваад өгье эгчээ гэхээр нь би түүнд картаа өгчихсөн. Тэгээд түүнд картны нууц дугаар болох .... дугаарыг хэлж өгсөн, тухайн эмэгтэй надад бэлнээр 100.000 төгрөг авч өгсөн. Тэгээд би тухайн эмэгтэйгээс картаа авсан бөгөөд тэр эмэгтэй цаашаа түргэн яваад өгсөн. Тэгээд картаа харсан чинь миний карт биш, өөр хүний карт өгөөд явчихсан байсан. ...” /3хх 134-135/,

хохирогч Д.С-ийн “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, “С” хорооллын АТМ ороод мөнгө авч чадахгүй хүнээр авхуулдаг юм. Тухайн үед АТМ дотор хүн бага байсан ба хажууд цэргийн хувцастай эмэгтэй хүн зогсож байхаар нь “миний охин надад туслаад миний данснаас 65.000 төгрөг аваад өгөөч” гэхэд тэр охин “тэгье” гээд 65.000 төгрөг гаргаж өгөөд картаа аваарай гээд карт өгөхөөр нь “би баярлалаа” гээд картаа халаасандаа хийгээд гарсан. ...” /3хх 172/,

хохирогч Н.Ц-ийн “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16-17 цагийн үед гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, “С” хорооллын АТМ орсон. Би өөрийн Хаан банкны картнаас мөнгө авч чадахгүй тул хажуу талд байсан эрээн өнгийн цэргийн хувцастай эмэгтэй охин зогсож байхаар нь “миний охин надад туслаад миний данснаас 100.000 төгрөг аваад өгөөч” гэхэд “тэгье” гээд данснаас 100.000 төгрөг авч өгөөд “картаа аваарай” гээд миний картыг өгсөн. Би картаа аваад халаасандаа хийгээд мөнгөө тоолж үзээд бүрэн байхаар нь гараад явсан. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүр ороод юм авсан чинь миний код буруу байна гэхээр нь хартал миний карт биш байсан. ...” /3хх 202/,

хохирогч С.С-ын “...Би 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шилэн “Д” төвийн 1 давхарт байрлах “Хаан” банкны АТМ дээр мөнгө авах гээд орсон. Тэгээд би “Хаан” банкны картнаасаа мөнгө авч чаддаггүй, нэг эмэгтэй хүнээс “Хаан” банкны картнаас мөнгө аваад өгөөч гэж гуйгаад банкны картаа тэр эмэгтэй хүнд өгсөн. Тэгсэн “Хаан” банкны картнаас 70.000 төгрөг надад авч өгөхдөө миний картыг өөр “Хаан” банкны карттай сольсон байсан. ...” /3хх 232/,

хохирогч Д.А-ийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед “Д” төвийн АТМ-д өөрийнхөө данс руу 6.000.000 төгрөг хийсэн. Тэгээд хүлээн авах боломжгүй гээд сэмэрхий 60.000 төгрөг гарч ирсэн. Тэгсэн нэг охин “эгчээ би хийгээд өгье” гээд миний 60.000 төгрөгийг янзалж хийгээд мөнгө нь миний данс руу орсон. Тэгээд АТМ-ээс миний картыг аваад өгөх шиг болсон. Тэгээд гэртээ 19 цагийн үед орж ирэх үед Хаан банкнаас 500.000 төгрөгийн зарлагын мессеж ирсэн, тэгээд хэдэн минутын дараа 100.000 төгрөгийн зарлагын мессеж ирсэн. Тэгээд шууд Хаан банкны лавлах руу залгаад картаа хаалгуулаад шууд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /4хх 20-21/,

хохирогч Н.Л-ийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, “Д” төвийн 1 давхарт байрлах “Хаан” банкны АТМ дээр нэг хүнээс “Төрийн” банкны данс руу 540.000 төгрөг шилжүүлэх гэсэн юм туслаач гэж гуйсан. Тэгсэн тэр хүн таны “Хаан” банк болохоор болихгүй ээ. Харин мөнгийг нь таны “Хаан” банкны данс руу 540.000 төгрөг хийчихлээ гэхээр нь би буцаагаад мөнгө авъя гэсэн нөгөө хүн ...за би буцаагаад гаргаад өгье гэснээ 200.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгө нь цагийн дараа та өөрөө гаргаж аваарай гэж хэлээд миний “Хаан” банкны картыг өгөхдөө өөр банкны карттай солиод өгсөн байсан. ....” /3хх 95/,

яллагдагч Т.С-ийн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо төлж барагдуулна. ...” /1хх 25, 1хх 80, 1хх 145, 1хх 212, 1хх 250, 2хх 33, 2хх 80, 2хх 112-113, 2хх 168, 2хх 200, 2хх 211, 2хх 246, 3хх 76-77, 3хх 105-106, 3хх 151, 3хх 185, 3хх 213, 3хх 245, 4хх 39/ гэх мэдүүлгүүд,

банкны дансны хуулга /1хх 31, 1хх 40, 1хх 98, 1хх 188, 2хх 4, 2хх 17, 2хх 61, 2хх 102, 2хх 148, 2хх 180,  2хх 228, 3хх 52, 3хх 110, 3хх 129, 3хх 165, 3хх 193, 4хх 1, 4хх 48/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 108-109, 1хх 226-230, 2хх 35-39, 2хх 71, 2хх 124,  2хх 144-145, 2хх 187-188, 2хх 215-216, 2хх 230-231, 3хх 55-56, 3хх 152, 3хх 167-168/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 189-193, 3хх 85-91, 3хх 221-227, 4хх 10-12/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн Т.С-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Т.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.С-д тухайн зүйлд зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 861 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон 1 жил 6 сарын ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч Т.С-ийн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 /хоёр/ жил 11 /арван нэгэн/ сар 9 /ес/ хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Т.С-аас гаргасан “...Би өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгосон. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Т.С нь нийт 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нэр бүхий иргэдийг бэлэн мөнгөний машинаас мөнгө авч чадахгүй байгаа сул талыг ажиглан харж, энэ байдлыг ашиглан тэдгээрт тусалж буй дүр эсгэн, мөн аль нэг сургуульд харьяалагдан суралцдаггүй атлаа их сургуулийн дүрэмт хувцас өмсөн хохирогч нарт итгэл төрүүлэн хуурч, тэдгээрийн хүссэн үйлчилгээг үзүүлэх үедээ картны нууц дугаарыг мэдэж аваад, тухайн хохирогчийн анхаарал суларсан байдлыг ашиглан картыг нь өмнөх хохирсон иргэний картаар сольж аван өөр АТМ-д уншуулан бэлэн мөнгө гарган авч захиран зарцуулсан байна.

Өөрөөр хэлбэл, Т.С нь бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахдаа хууль бус үйлдэл гэдгийг мэдсээр байж үйлдсэн байх ба анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Т.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.С-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 49 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/1429 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ