МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Онгод жамаа овогт Цэрэндоржийн Мөнхжаргал
Хариуцагч: Булган аймгийн Татварын хэлтэс,
Хариуцагч: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нарын хоорондын “Татварын хэлтсийн 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Татвар төлөгчийн бүртгэлээс хасах карт”-ыг хүчингүй болгуулах, “Хатгуурт” хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 126/2024/0011/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болор-Эрдэнэ, өмгөөлөгч П.Эрхэмбаяр, хариуцагч Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номин, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
-
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болор-Эрдэнээс Булган аймгийн Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Татварын хэлтсийн 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Татвар төлөгчийн бүртгэлээс хасах карт”-ыг хүчингүй болгуулах, “Хатгуурт” хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
- Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хассан шийдвэрийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Булган аймгийн Татварын хэлтэс болон Улсын бүртгэлийн хэлтэст тус тус гомдол гаргасан байх ба Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 4/6889, Булган аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 02/540, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 117 дугаартай албан бичгүүдээр тус тус хариуг өгч,
- Нэхэмжлэгч дээрх гомдлын хариуг эс зөвшөөрч шүүхэд 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл ирүүлжээ.
- Нэхэмжлэлийн үндэслэл: “
2.1. Хоршооны дүрэм зөрчсөн,
2.2. “Хатгуурт” хоршоог татвар төлөгчийн бүртгэлээс хасалт хийхдээ үндэслэсэн хоршооны бүх гишүүдийн хуралдааны тэмдэглэлд хоршооны гишүүд оролцоогүй, гишүүн бус этгээд орсон,
2.3. Хоршоог татан буулгасан талаар нийтэд мэдээлээгүй нь хууль бус гэж тодорхойлсон.
-
- Хариуцагч Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номин дараах хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: “
3.1. “Хатгуурт” хоршооны гишүүд 100 хувийн саналаар хоршоог татан буулгахаар шийдвэрлэж, материалаа бүрдүүлэн өгсөн,
3.2. Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь татан буулгах асуудлыг шийдвэрлэсэн хуралд огт оролцоогүй гэх боловч түүнийг тухайн хуралд оролцоогүйг нотлох баримт байхгүй,
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд ...нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж заасан тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэжээ.
4. Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Ганболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “
4.1. “Хатгуурт” хоршоо 2008 онд татан буугдаж, хуулийн этгээдийн бүртгэлээс хасагдсан,
4.2. хасалт хийхдээ Ц.Мөнхжаргалд мэдэгдээгүй байх хуулийн үндэслэл харагдахгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанд:
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болор-Эрдэнэ тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Мөнхжаргал нь 1998 оны 05-р сарын 20-ны өдөр “Хатгуур” хоршоог зүсмэл материал үйлдвэрлэх, газар тариалан, өргөн хэрэглээний барааны дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулсан. Гэтэл “Хатгуурт” хоршоог 2008 оны 06-р сарын 17-ны өдөр Булган аймгийн татварын хэлтсийн “Хасалтын карт”-ын дагуу татан буулгасан байна. Үүний дагуу хуулийн этгээдийг татан буулгах тухай хүсэлтэд хавсралтаар ирүүлсэн баримтыг шүүж үзэхэд “Хатгуурт хоршооны хурлын тэмдэглэл” гэх гарчигтай бүх гишүүдийн хурлын хэлэлцэх асуудал нь “хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасуулан татан буулгах” гэсэн байна. Ц.Мөнхжаргал нь “Хатгуурт” хоршоог татан буулгах тухай уг хуралдаанд огт оролцоогүй юм. ...Хоршооны дүрмийн 4 дэх хэсэгт “Хоршоо нь өөрийн нэр бүхий тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ”, 13.3.12 дахь хэсэг “Бүх гишүүдийн хурлын шийдвэрийн бүртгэлийг хоршооны дарга хөтөлнө” гэж тус тус заасан. Гэтэл хоршоог татан буулгах тухай хурлын тэмдэглэлийг хоршоонд огт хамааралгүй М.Түвшинбаяр гэх иргэн хөтөлсөн ба албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглээгүй зэрэг нь хоршооны дүрэм болон Хоршооны тухай хуульд нийцэхгүй байна. Ц.Мөнхжаргал нь “Хатгуурт” хоршоог татан буулгасан тухай мэдээгүй, энэ талаар эрх бүхий байгууллага нь нийтэд мэдээлээгүй буюу Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтэс нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, энэ тухай хуульд заасны дагуу нийтэд мэдээлэх”, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.11-т “Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд мэдээлнэ” гэж заасан тус үүргээ биелүүлээгүй байна. Мөн бүх гишүүдийн хуралдаанд хоршооны гишүүн бус этгээд оролцож санал гаргасан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. ... “Хатгуурт” хоршоог татан буулгах тухай өргөдөл гаргах эрхий бүхий этгээд буюу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25.2, 15 дугаар зүйлд заасан өргөдөл гаргагч этгээд нь улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй юм. “Хатгуурт” хоршооны дүрэм үүсгэн байгуулсан баримт бичгээс үзвэл хоршоо нь ... 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан байна. Уг бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэл хийгдээгүй буюу анх үүсгэн байгуулсан гишүүд огт өөрчлөгдөж, нэмэгдэж, хасагдаагүй. “Хатгуурт” хоршооны дүрмийн 13 дугаар зүйлийн 13.3.7 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хоршоог татан буулгах, үйл ажиллагааг дуусгавар болгох нь бүх гишүүдийн хурлын бүрэн эрх боловч иргэн М.Бямбадорж, М.Түвшинбаяр, Г.Баярхүү, Л.Ганбат нар нь хоршооны гишүүнчлэлд бүртгэлгүй шийдвэр гаргах эрх бүхий этгээдүүд биш учир хуулийн этгээдийг татан буулгах эрхгүй. “Хатгуурт” хоршоог татан буулгах тус хуралдаан нь хууль бус байна. Гэтэл Булган аймгийн Татварын хэлтэс болон Булган аймгийн улсын бүртгэгч Л.Пагмадорж нь дээрх нөхцөл байдлыг хянан шалгалгүйгээр, татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын картыг үндэслэн хуулийн этгээдийг татан буулгасан бүртгэл хийсэн үйлдэл нь Ц.Мөнхжаргалын эрх ашгийг зөрчиж байна. Ц.Мөнхжаргал нь “Хатгуурт” хоршоог татан буулгасан талаар тухайн цаг үед мэдээгүй ба татан буулгасан талаар сүүлд 2023 онд хүүхдүүд аавынхаа эзэмшдэг газар дээр үйл ажиллагаа явуулахаар төрийн байгууллагад хандах үед “Хатгуурт” хоршоо татан буугдсан талаар мэдсэн юм. Дээрх үйл баримттай холбогдуулан Булган аймгийн Татварын хэлтэст хандсан бөгөөд татварын хэлтсээс хуулийн этгээдийг бүртгэх, хасах чиг үүргийг 2009 онд Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлснээр татвар төлөгчийн бүртгэлтэй холбоотой хувийг хэргийг бүртгэлийг байгууллагад шилжүүлсэн тул бүртгэлийн байгууллагад ханд гэсэн. Харин Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид мөн хандсан боловч гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн. Иймд Ц.Мөнхжаргал нь өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Тиймээс Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Булган аймгийн Татварын хэлтсийн 2008 оны 06-р сарын 17-ны өдрийн 232239 регистрийн дугаартай “Хатгуурт” хоршоог “Татвар төлөгчийн бүртгэлээс хасах карт”-ыг хүчингүй болгож, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “Хатгуурт” хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээхийг даалгаж өгнө үү” гэв.
- Хариуцагч Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номин тайлбартаа: “Хурлын тэмдэглэлийг хууль ёсны гэж үзэж байгаа. Татварын улсын байцаагч тухайн үедээ үзээд тухайн тэмдэглэлийн дагуу хасалтын картыг журмынх нь дагуу ажилласан. Ц.Мөнхжаргал нь өөрийн биеэр хуралд оролцоогүй гэж тайлбарладаг боловч оролцоогүй болохыг нотлох баримт буюу хуралд оролцсон гишүүдээс тайлбар хүсэлт гаргасан зүйл байхгүй байгаа. Мөнхжаргалаас гадна хоршооны гишүүн Баасанжав оролцсон гэж тэмдэглэлд тусгаж өгсөн. Ц.Мөнхжаргалаас бусад гишүүд гомдол санал гаргаагүй ба хоршоо нь бүх гишүүдийн хурлын шийдвэрт тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг тул ганцхан Мөнхжаргалын хууль бусад тооцуулах нэхэмжлэл, тайлбарыг хоршооны бусад гишүүдийн ашиг сонирхол гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн хоршоо нь анх 1998 онд байгуулагдсан ба 2008 онд татан буугдсан байна. 1998-2008 оныг хүртэл 10 жил үйл ажиллагаа явуулсан ба энэ хооронд хэдэн ч гишүүн гарч, хэдэн ч гишүүн шинээр орсон байх боломжтой. Тухай бүр гишүүдийн хурал зохион байгуулж, гишүүдэд өөрчлөлт оруулсан талаар бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй орхисон байх боломжтой. Нэхэмжлэгч ... хуульд заасан зохицуулалтуудыг 10 жилийн хугацаанд нэг ч хэрэгжүүлж биелүүлээгүй. Ийм нөхцөл байдалд орсон, гарсан гишүүддээ улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгаа. ... Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах хугацаа буюу 30 хоногийн хугацаа 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дууссан байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг нэхэмжлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд, хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж зааснаар мэдэгдсэн байх боломжтой юм. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн тайлбар хэсэгт хэвшсэн журмаар нийтэд мэдээлэх гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснийг ойлгоно гэж заасан байгаа тул дээрх хэвшсэн журмаар нийтэд мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дараа албан ёсоор актыг мэдэгдсэнд тооцох зохицуулалттай. Тухайн байгууллага нь өөрсдийн мэдээллийн самбар болон цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хасалт хийгдсэн компаниудын жагсаалтыг нийтэлснээр тухайн нийтэлсэн жагсаалтыг олж унших нь тухайн хоршоо, аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь үүрэг болж хувирдаг зохицуулалттай. Тийм болохлоор энэ зохицуулалтын дагуу мэдэгдсэн гэж үзэж байгаа. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг зөрчиж гомдол гаргасан үйл баримт тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
- Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Байгалмаа тайлбартаа: ““Хатгуурт” хоршооны хувийн хэргүүд Улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байгаа. Тухайн үед үүсгэн байгуулах болон татан буугдахтай холбоотой бүртгэл Татварын хэлтэс дээр бүртгэгдэж байсан. 2009 онд Татварын хэлтэст байсан хуулийн этгээдийн бүртгэл, иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл гэсэн 3 бүртгэл нийлээд Улсын бүртгэл байгуулагдсан. “Хатгуурт” хоршооны татан буугдсантай холбоотой тайлбар дээр манай хэлтсийн зүгээс Татварын газрын тайлбарыг дэмжиж оролцож байна” гэв.
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “Энэ “Хатгуурт” хоршоо гэдэг байгууллагыг дахиад Улсын бүртгэлийн газар итгэмжлэгдсэн төлөөлөгч эсхүл Мөнхжаргал гэдэг хүнд яагаад өгөөд шинээр байгуулчхаж болохгүй байгаа юм гэж бодож байж магадгүй. Бид нарыг шүүх хуралдааны танхимд авчирсан нөхцөл байдал бол Шуурайн Насандулам. Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг дарга байж байгаад ноднин жил Авилгатай тэмцэх газраас шүүх рүү шилжээд ял аваад өгсөн ийм Засаг дарга байгаа. Мөнхжаргалын нөхрийг Санвайдагвын Баасанжав гэдэг 1997 онд тариаланжуулах хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд зарлаад хоршоо байгуулж газар авдаг болчихсон. ... 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдөр энд дурдсан 9 хүн нийлээд хоршоо байгуулсан. Зорилго нь юу байсан бэ гэхээр 80 га газрыг Булган аймгийн Сэлэнгэ суманд хоршооны нэр дээр авч тариалан тарьсан байгаа. 2002 онд Санвайдагвын Баасанжав гуай нь хүүхдүүдээ аваад Мөнхжаргалтайгаа Улаанбаатар хот руу явдаг. Насандуламд энэ газрыг хэрэглэж бай ашигтай байх юм бол мөнгө өгнө гээд тухайн үед 800,000 төгрөгөөр тохирсон гэдэг талаар ар гэрийнхнээс мэдээлэл өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгч байсан. Ингэж тохироод 2008 он хүртэл Сэлэнгэ сумын Засаг дарга байсан Насандулам гэдэг хүн тариалан тариад ашигтай байсан учраас энэ хоршооноос газрыг яаж салгах вэ гэсэн арга хайж эхэлсэн байдаг. Энийг лавшруулаад судлах юм бол хүүхдүүдийнхээ нэр лүү шилжчихсэн байгаа. Сүүлдээ энэ 80 га нь дөч дөчөөрөө, жижгээрээ хуулийн этгээдүүд рүү явчихсан байгаа юм. Яагаад “Хатгуурт” хоршоог энд авчирч шүүхдээд байгаа юм гэдэг нь тодорхой болж байгаа . Яагаад вэ гэхээр эдний хоршоонд 80 га газар байгаа учраас энэ газрыг нь буцааж авах эрхтэй субъект нь “Хатгуурт” хоршоо юм. Тэрнээс Мөнхжаргал гэдэг хүнд тэр газрыг өгөөгүй, энэ 9 хүнд өгөөгүй, дахиж шинээр авах боломжгүй болчихоод байгаа. Өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргаад байгаа нь энэ улсын бүртгэлээс хассан үндэслэл нь хуульд нийцээгүй бүртгэл хийсэн. Энэтэй холбоотой Насандулам энэ тэмдэглэл, хурлын тэмдэглэл гээд яриад байгаа Түвшинбаяр баталсныг эрүүгийн журмаар гомдол гаргая гэсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчхаад гаргаж чадахгүй байгаа юм. 9 хүнээс төлөөлөх боломжтой субъект хамгийн олон хувь эзэмшиж байгаа. Мөн амьд сэрүүн байгаагаараа Мөнхжаргал болчихоод байгаа 39,2%-ийн хувьцаа эзэмшдэг учраас “Хатгуурт” хоршоог улсын бүртгэлээс хасчихсан гэдэг юмыг мэдээд Татвар, Улсын бүртгэлийн хэлтэс рүү ингээд хандаад явсан. Харамсалтай нь төрийн захиргааны байгууллагууд улсын бүртгэл нь мэднэ, татвар нь мэднэ гэж явж байгаад тэгээд шүүхийн хаалга татаад бид нар энд ингээд хуралдаад суугаад байгаа юм. Тэгэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс юуг хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа юм гэхлээр ганцхан эрх зүйн илт хууль бус захиргааны акт гарчихсан байна. Ямар акт юм бэ гэхээр 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Үндэсний татварын албаны татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын карт гэсэн зүйл гарчихсан. Тэгээд энийгээ үндэслээд “Хатгуурт” хоршоо хуулийн этгээдийн улсын бүртгэлээс тэр чигээрээ хасагдчихаад байгаа юм. Тэгээд энэ гаргасан эрх зүйн акт нь илт хууль бус акт юм. Яагаад илт хууль бус акт вэ гэхээр захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй. Эрх зүйн үндэслэл байхгүй гэдгийг сая итгэмжлэгдсэн төлөөлөгч хангалттай хэмжээнд яриад тайлбарлаад хэлээд байгаа юм. “Хатгуурт” хоршооны хурлын тэмдэглэл дээр танихгүй хүмүүс байна. Баярхүү, Ганбат, Баасанжав, Бямбадорж, Мөнхжаргалын өөрийнх нь нэрийг биччихсэн. Энэ тэмдэглэлээр хасалт хийх боломж байхгүй, тухайн үед ч байхгүй байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Хоршооны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д хоршооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг гагцхүү бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ. Тэгэхээр дүрэмд гэдгийг нь өмгөөлөгч яагаад тодотгож яриад байгаа вэ гэхээр энэ дүрэмд 9 хүний нэр яваад орчихсон байхгүй юу. Тэгэхээр энэ 9 хүний нэрээс нэгийг хасах, эсхүл нэгийг нь буцааж нэмэх тохиолдолд заавал хуралдах ёстой гэж байгаа юм. Юуг барьж мэтгэлцэж явах ёстой байсан бэ гэхээр энд авагдсан баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд шүүхээс бүх баримтыг боломжийнх нь хүрээнд хангалттай авсан байна. Авагдсан нотлох баримтууд шаардлага хангаад ирсэн байна. Маргаан болоод байгаа баримт бичиг нь энэ “Хатгуурт” хоршооны хурлын тэмдэглэл, дүрэмд дээр нь нэмэгдээд татан буулгасан акт бүртгэсэнтэй холбоотой баримтууд байгаа. Тэгэхээр энэ хоёрын тулгахаар логикийн зөрөө гараад ирнэ. “Хатгуурт хоршоо гэдэг байгууллагыг 9 хүнтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 50 дугаарт хууль тогтоомжийн хүрээнд юмнууд нь бүрдчихсэн учраас бүртгэсэн Засаг даргын тодорхойлолттой. 1998 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Татварын албанд очиж бүртгүүлсэн байсан юм байна. Тэр үед улсын бүртгэлд хамаагүй байсан. Засаг дарга 2008 онд энэ баримтуудыг хууль бусаар үйлдээд, тэгээд Мөнхжаргал зурахгүй учраас Түвшинбаяр гэдэг хүний тэмдэглэл яваад байгаа байхгүй юу. Энийг үйлдээд “Хатгуурт хоршооноос 80 га газрыг нь зараад аваад тараагаад хаячихсан юм. Өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Хатгуурт” хоршоогоо босгож авчхаад 80 га газар хаана байна гээд дахиад Газрын алба болон холбогдох байгууллагуудыг татаад маргах хууль зүйн шаардлага, үндэслэл үүсэж байгаа юм. Тэгэхээр энд бид нарыг мэтгэлцүүлээд хэлэлцүүлээд байгаа хамгийн гол шаардлагатай зүйл бол энэ байна. Татварын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд асууж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага эсвэл гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Хатгуурт” хоршоо татан буулгасан гэдгийг мэдсэнээсээ хойш л гомдол гаргасан юм. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан үндэслэлээр гомдол гаргах хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйл нь сэргэчихдэг юм. Хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан байна. Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гээд иргэн Үүрийнтуяа гэдэг нь өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 432 дугаар албан тоотоор хандсан. 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтсээс энэ албан тоотыг гаргаж өгсөн байна. Хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд шүүхэд хандаад шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна. Энийг тодруулах хэрэгтэй. Төлөөлөгч ирээгүй гээд хуульд заасан бүх процесс ажиллагаануудыг хийж яваад өнөөдөр бид нар энд хуралдаж байгаа юм. Илт хууль бус захиргааны акт гэдгийг түрүүний өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болон мөн 47 дугаар зүйлийн 47.1.6-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлээр 2008 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Үндэсний татварын албанаас Пунцагдорж, Пагмадорж гээд байгаа төрийн албан хаагчийн шийдвэр үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа юм. Энэ шийдвэр үндэслэлгүй болоод “Хатгуурт” хоршоог улсын бүртгэлээс хассан шийдвэр нь хүчингүй болж байгаа юм бол буцаад улсын бүртгэлд бүртгэх, тэрийг улсын бүртгэгчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүгч мөн дурдаж асуугаад байна. Энэ дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн түрүүний хэлсэн 2024 оны 2 дугаар сарын 29-ний 117 дугаар иргэн Мөнхжаргал танаа гээд Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс энэ албан тоотыг явуулсан байдаг. Жадамбын Ганболд гээд хэлчихсэн юм байна. Энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр таны гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. Тэгэхээр итгэмжлэгдсэн төлөөлөгч болон иргэн Мөнхжаргал гомдол гаргасан юм байна. Гомдлын хариу нь шүүх рүү хандаж болно гэдэг байдлаар буцааж шийдвэрлэсэн. Эдгээр нөхцөл байдал эдгээр хууль зүйн үндэслэлийг харгалзаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад өгөөч ээ гэдэг шаардлагаа дэмжиж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болор-Эрдэнээс Булган аймгийн Татварын хэлтэст холбогдуулан “Татварын хэлтсийн 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Татвар төлөгчийн бүртгэлээс хасах карт”-ыг хүчингүй болгуулах”, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ““Хатгуурт” хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
- Нэхэмжлэгчээс маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу холбогдох дээд шатны байгууллага болон захиргааны байгууллагад хандаж, сүүлийн хариуг 2024 оны 2 дугаар сарын 29-нд авсан байх ба шүүхэд нэхэмжлэлээ 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасныг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
- Маргаан бүхий акт болох Булган аймгийн Татварын хэлтсийн 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын карт” нь Булган аймгийн Хангал суманд үйл ажиллагаа явуулж байсан “Хатгуурт” хоршоог татвар төлөгчөөс хасаж, улсын бүртгэлд бүртгэжээ.
- Нэхэмжлэгчээс “хоршоог татвар төлөгчийн бүртгэлээс хасалт хийхдээ хоршооны бүх гишүүдийн хуралдаанд үндэслэсэн гэх боловч уг хуралдаанд гишүүн бус этгээд оролцсон, Хоршооны дүрэмд зааснаар “хоршоо нь хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэснийг зөрчсөн байхад нягтлан шалгаагүй” гэж, хариуцагч Татварын хэлтсээс “нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, тухайн үед “Хатгуурт” хоршоог татан буулгасан тухай нийтэд мэдээлсэн” гэж, хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсээс “татан буугдсан хуулийн этгээдийн хувийн хэргээс харахад Булган аймгийн Татварын хэлтэс бүртгэсэн байна. Тухайн үед уг хасалтыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх хуулийн үндэслэл байхгүй“ гэж тус тус маргасан.
- Маргаан бүхий захиргааны акт болох “Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын карт”-ыг 2008 онд хуулийн этгээдийн улсын бүртгэлийг эрхлэн гүйцэтгэж байсан эрх бүхий байгууллага болох Булган аймгийн Татварын хэлтэс, улсын бүртгэгч үйлдсэн байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон 1998 оны Хоршооны тухай хуулийн зохицуулалтаар маргааныг шийдвэрлэсэн болно.
- Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий актыг хүчингүй болгох” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ нэхэмжлэлийн шаардлагыг “маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт” гэж өөр өөрөөр тодорхойлсон боловч нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргаан бүхий актыг хүчингүй болгох” шаардлагыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч дэмжсэн тул энэхүү шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ.
- Маргааны үйл баримтын талаар:
- Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Хатгуурт” нэртэй хөдөө, аж ахуйн хоршоог нэр бүхий иргэд нэгдэн байгуулахаар шийдвэрлэж, 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Хөдөө аж ахуйн “Хатгуурт” хоршооны дүрэм” /хэргийн 13-16 дугаар хуудас/-ийг баталжээ.
- Улмаар 1998 оны 6 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Татварын хэлтэст “Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягт - Аж ахуйн нэгж” гэх маягт /хэргийн 64 дүгээр тал/ -ыг бөглөн, Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг /хэргийн 65 дугаар тал/, мөн өдрийн ““Хатгуурт” хоршооны гишүүдийн анхдугаар хурлын протокол” /хэргийн 68-69 дүгээр тал/, холбогдох бусад баримтын хамт бүртгэх эрх бүхий байгууллага буюу Булган аймгийн Татварын хэлтэст хүргүүлснээр “Татвар суутган төлөгчийн бүртгэл” /хэргийн 67 дугаар тал/ -д бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 10 дугаар тал/ -г тус хэлтсээс олгосон байна.
- Гэрчилгээнд дараах агуулгыг тусгажээ. Үүнд: “Хуулийн этгээдийн регистр -2322439, эрх барих байгууллага -Бүх гишүүдийн хурал, Эрхлэх ажил -Зүсмэл материал үйлдвэрлэх, газар тариалан, өргөн хэрэглээний барааны дэлгүүр, Гишүүдийн тоо -9, Удирдлагын овог нэр - Цэрэндоржийн Мөнхжаргал, Орших газар -Сэлэнгэ сум 4 дүгээр баг, Бүртгэсэн -Татварын хэлтэс, тасгийн дарга ..., улсын байцаагч..., 1998 оны 6 дугаар сарын 24 өдөр” гэжээ.
- Булган аймгийн Татварын хэлтэс 2008 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Хатгуурт” хоршоог “гишүүдийн шийдвэрээр татан буугдсан” гэх үндэслэлээр “Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын карт” /хэргийн 62 дугаар тал/ -аар хуулийн этгээдийн улсын бүртгэлд хасалт хийсэн байх ба улсын бүртгэлээс хасалт хийлгэхдээ Сэлэнгэ сумын Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/150 дугаартай албан бичиг /хэргийн 61 дүгээр тал/ , “Хатгуурт” хоршооны хурлын тэмдэглэл /хэргийн 9 дүгээр тал/ зэргийг хавсаргасан нь шүүхээс Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хийсэн үзлэг /хэргийн 56-58 дугаар тал/ -ээр тогтоогдсон.
- Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч нарын хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
- Булган аймгийн Татварын хэлтсийн “Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын карт”-ыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
- Маргаан бүхий Татварын хэлтсийн “Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын карт” нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-д заасан захиргааны актын шинжийг агуулсан захиргааны байгууллагын шийдвэр байна.
- “Хатгуурт” хоршоог үүсгэн байгуулж, баталсан “Хөдөө аж ахуйн “Хатгуурт” хоршооны дүрэм”-ийн 8-д “Хоршооны орлого, зарлагыг тооцох, бүртгэх түүнийг хуваарилах” гэсэн хэсэгт дэс дугааргүйгээр хоршооны гишүүдийн талаарх мэдээллийг
| Гишүүдийн нэрс | Хувь хөрөнгө | Хөдөлмөрийн орлого | Нийт ногдол орлого, мян. төгрөг |
Нийт хөрөнгөнд хувь хөрөнгийн эзлэх хувь | Ногдол орлого, мян.төг | Ажилласан хоног | Ногдол орлого мян.төг |
1 | Ц.Мөнхжаргал | 35.8 | 170.0..0 | х | х | х |
2 | М.Бямбацогт | 11.1 | 530.0 | х | х | х |
3 | С.Батбаяр | 7.3 | 350.0 | х | х | х |
4 | С.Сайнжаргал | 3.5 | 170.0 | х | х | х |
5 | С.Батхүү | 5.8 | 275.0 | х | х | х |
6 | С.Алтанбагана | 6.2 | 295.0 | х | х | х |
7 | З.Чүлтэм | 4.2 | 200.0 | х | х | х |
8 | Г.Дэлгэрсайхан | 6.3 | 300.0 | х | х | х |
9 | С.Баасанжав | 19.8 | 930.0 | х | х | х |
| Дүн | 100 хувь | 4750.0 | х | х | х |
гэж тусгажээ.
-
- Хоршоог улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн маягтын 7 дугаарт “Үүсгэн байгуулагчдын тоо -9” гээд “1.Цэрэндоржийн Мөнхжаргал, 2. Мэндбаярын Бямбацогт, 3.Санвайдагвын Алтанбагана, 4.Сандарын Батхүү, 5.Гэндэнгийн Дэлгэрсайхан, 6.Санвайдагвын Баасанжав, 7.Санвайдагвын Батбаяр, 8.Сүхбатын Сайнжаргал, 9.Загарын Чүлтэм” гэсэн нь дээрх дүрэмд тусгасан гишүүдийн нэртэй тохирч байна.
- Нэхэмжлэгч талаас маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг дараах байдлаар хөндсөн гэж тайлбарлаж байна. Үүнд: 1. “Хатгуурт” хоршоог татан буулгасан талаар хоршооны удирдлагад мэдэгдээгүй. 2. Хоршооны эзэмшиж байсан 80 га газрыг бусдад шилжүүлсэн. 3. Хоршоог татан буулгах “бүх гишүүдийн хуралдааны тэмдэглэл” нь хуурамч байхад нягтлан шалгаагүй гэжээ.
- Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.11-т “Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд мэдээлнэ”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003/ 7 дүгээр зүйлийн 7.1-д “Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага /цаашид "бүртгэх байгууллага" гэх/ бүртгэнэ:” гээд 7.1.1-д “нөхөрлөл, компани, хоршоо, төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, холбоо, сан, шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Бүртгэх байгууллага дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 8.1.1-д “хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх, энэ тухай хуульд заасны дагуу нийтэд мэдээлэх” гэж тус тус заажээ.
- Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад хуулийн этгээдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий захиргааны байгууллага нь тухайн хуулийн этгээдийн татан буугдсан талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх үүргийг хуулиар хүлээсэн байна. Хуульд заасан “нийтэд мэдээлэх” гэдэгт хуулийн этгээдийн удирдлага, гишүүд болон хамаарал бүхий этгээдэд бус харин бусад хамааралгүй иргэд, хуулийн этгээдэд мэдэгдэх гэж ойлгох нь зүйтэй.
Тодруулбал: аливаа хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, өөрчлөн зохион байгуулах болон татан буулгах ажиллагаа нь уг хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан хамаарал бүхий этгээдийн хүсэл сонирхлоор хийгддэг тул хуулийн этгээдийн талаарх мэдээлэл болон татан буугдсан шийдвэрийг дээрх хамаарал бүхий этгээдүүд мэдэх боломжтой. Харин хуулийн этгээдтэй харьцдаг бусад хуулийн этгээд, иргэд татан буугдсан талаарх шийдвэрийг мэдэх боломжгүй тул эрх бүхий бүртгэлийн байгууллага уг шийдвэрийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх үүргийг хүлээжээ.
-
- Энэхүү хуульд заасан үүргээ захиргааны байгууллага зохих ёсоор биелүүлсэн эсэх, нийтэд мэдээлээгүйгээс учирсан хохирол, үр дагавартай холбоотой маргааныг “Хатгуурт” хоршоонд хамааралгүй, хөндлөнгийн этгээдээс үүсгэх боломжтой ба нэхэмжлэгчид хоршоог хуулийн этгээдийн бүртгэлээс хассан талаарх мэдээллийг мэдэгдэх үүргийг захиргааны байгууллага хүлээгээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “бүртгэх эрх бүхий захиргааны байгууллагаас “Хатгуурт” хоршоог татан буулгасан талаар хоршооны удирдлагад мэдэгдээгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.
- Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн агуулгад “Хатгуурт” хоршооны эзэмшиж байсан гэх “газар”-ын талаар тусгагдаагүй, газар эзэмших эрхтэйг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй, газар эзэмших эрхтэй холбоотой маргааны үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хоршооны эзэмшиж байсан 80 га газрыг бусдад шилжүүлсэн” гэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “1998 оны 5 дугаар сарын 20-ны өдөр энд дурдсан 9 хүн нийлээд хоршоо байгуулсан. Зорилго нь юу байсан бэ гэхээр 80 га газрыг Булган аймгийн Сэлэнгэ суманд хоршооны нэр дээр авч тариалан тарьсан байгаа... хоршоонд 80 га газар байгаа учраас энэ газрыг нь буцааж авах эрхтэй субъект нь “Хатгуурт” хоршоо юм” гэх дүгнэлт няцаагдаж байна.
- Мөн нэхэмжлэгч талаас “Хатгуурт” хоршоог татан буулгасан бүх гишүүдийн хуралдааны тэмдэглэл хуурамч” гэж мэтгэлцэж байх боловч бүртгэх эрх бүхий байгууллагад нотлох баримтаар ирүүлсэн тэмдэглэлийг хуурамч, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй, энэ талаар хоршооны гишүүд болон нэхэмжлэгч талаас маргаан үүсгээгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага ажлын 3 хоногт багтаан холбогдох бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувь, ... хавсаргана” гэжээ. Дээрх хуульд заасан “эрх бүхий байгууллага” гэдэгт Хоршооны тухай /1998/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хоршооны удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасны дагуу хоршооны гишүүдийн хурлыг ойлгоно.
- Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Дор дурдсан асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гээд 23.4.10-т “хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах” гэжээ. “Хатгуурт” хоршоог татан буулгах асуудлыг хэлэлцсэн “Хатгуурт хоршооны хурлын тэмдэглэл” /хэргийн 9 дүгээр тал/ -д “Хатгуурт хоршоо нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул улсын бүртгэлээс хасуулан татан буулгах тухай хэлэлцлээ” гэсэн байна.
- “Хатгуурт” хоршоо нь 1998 онд үүсэн байгуулагдах үед хоршоог 9 гишүүний бүрэлдэхүүнтэй үүсгэсэн үйл баримт тогтоогдсон ба энэхүү 9 гишүүн нь 10 жилийн турш буюу 2008 он хүртэл өөрчлөгдсөн эсэх, гишүүдийн тоо өссөн, буурсан эсэх зэргийг тодорхойлох боломжгүй байна. Мөн “Хатгуурт” хоршоо нь 1998 оноос 2008 оныг хүртэлх хугацаанд Хоршооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хийнэ” гэж заасны дагуу бүх гишүүдийн хурлыг хийж байсан талаарх баримт, мэдээллийг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “1998-2008 оны хооронд “бүх гишүүдийн хурал” -ыг зарлан хуралдуулсан гэх баримт “Хатгуурт” хоршооны удирдлага болох нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалд байхгүй” гэж тайлбарласан.
- Бүртгэх эрх бүхий байгууллага болох Булган аймгийн Татварын хэлтэст Сэлэнгэ сумын Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/150 дугаартай албан бичиг /хэргийн 65 дугаар тал/ -ийн хамт ирүүлсэн ““Хатгуурт” хоршооны хурлын тэмдэглэл”-ийг улсын бүртгэгч хүлээн аваад уг хоршооны гишүүдийн шийдвэр гэж үзсэнийг буруутгах боломжгүй. Учир нь уг баримтыг хүлээн авсан улсын бүртгэгч “хуурамч” гэдгийг тогтоох эрхгүй ба хянан шалгах боломжгүй. Энэхүү баримт нь улсын бүртгэгчийн хувьд эх нотлох баримт болсон. Иймд дээрх баримтыг “хуурамч байхад нягтлан шалгаагүй” гэж улсын бүртгэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
- “Хатгуурт” хоршооны удирдлага болох Ц.Мөнхжаргал нь Улаанбаатар хот руу шилжин явсан, хоршоо нь 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Мөнхжаргалын нөхрийг Санвайдагвын Баасанжав гэдэг. 2002 онд Санвайдагвын Баасанжав гуай нь хүүхдүүдээ аваад Мөнхжаргалтайгаа Улаанбаатар хот руу явдаг” гэх тайлбар, дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хоршоо 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй” гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
- Мөн “Хатгуурт” хоршоо нь 2008 оноос хойш харьяалах Татварын хэлтэст хуулийн этгээдийн тайланг гаргаж хүргүүлээгүй, жилийн эцсийн тайланг холбогдох газарт хүргүүлсэн боловч хүлээж аваагүй зэрэг үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч талаас “хоршоо татан буугдаагүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан” гэх үйл баримтаа нотолж чадаагүй тул маргаан бүхий захиргааны актаас болж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол ямар хэмжээнд хөндөгдсөн, бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.
- Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ““Хатгуурт” хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
- Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 5 дугаар зүйлийн 5.4-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна:” гээд 5.4.4-т “хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох тухай /өөрчлөн байгуулах, татан буулгах/” гэж заажээ. 2008 онд Булган аймгийн Татварын хэлтсийн чиг үүрэгт хамаарч байсан “хуулийн этгээдийг татан буулгаж, улсын бүртгэлээс хасалт хийсэн” үйл ажиллагаа /хуулийн этгээдийн бүртгэл/ нь 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн үеэс Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгчийн чиг үүрэгт хамаарч, Татварын хэлтэст хамаарахаа больсон байна.
- Хуулийн энэхүү өөрчлөлт, захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг өөрчлөгдсөнтэй уялдан нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий үйл ажиллагаа нь бүхэлдээ Улсын бүртгэлийн хэлтэст хамаарч байх бөгөөд хуулийн этгээдийг татан буулгаж, улсын бүртгэлээс хассан бүртгэл нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн нь тогтоогдоогүй тул хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэст “Хатгуурт” хоршооны улсын бүртгэлийг сэргээхийг даалгах боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Хоршооны тухай хуулийн /1998 оны/ 23 дугаар зүйлийн 23.1, 23.4.10, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Мөнхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Болор-Эрдэнээс Булган аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “2008 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын карт”-ыг хүчингүй болгох, Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан ““Хатгуурт” хоршооны бүртгэлийг сэргээхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ