Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 158/ШШ2024/0009

 


 

 

 

 

  *******иуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал би “******* *******” ХХК-аас Булган аймгийн Засаг даргад холбогдуулан ирүүлсэн “аймгийн Засаг даргын “хайрга олборлолт явуулах зөвшөөрөл олгосон” үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох, “******* *******” ХХК-ийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн албан бичигт хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус ХХК-ийн эзэмшлийн ******* дугаар бүхий ******* мкв талбай бүхий эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсны улмаас ижил төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой газарт шинэ газар олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Манай компани нь Газрын тухай хуулийн 6.1-т “Газрыг аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж заасны дагуу 2011 оны 07 дугаар сарын 28-нд дуудлага худалдаанд оролцож Булган аймгийн ******* сумын 1-р баг ******* ******* гэх газарт ******* м.кв талбай бүхий газрыг мод үржүүлгийн зориулалт эзэмшдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, Газрын тухай хуулийн 35.1.1-т “ газар эзэмшигч гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй” гэж тус тус заасан байхад манай компани өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүй ноцтой нөхцөл байдал үүсээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн. ТУХАЙЛБАЛ: Манай компанийн эзэмшлийн газраас иргэн аж ахуйн нэгж компаниудад барилгын элс хайрга, дайрга, пидесийг олборлох зөвшөөрлийг бидэнд огт мэдэгдэхгүй өгч улмаар тэднээс нэг машин тутамд 300.000 төгрөгийн татвар хураамж авч зах зээлийн эргэлтэд оруулан бидний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Төрийн байгууллагаас зөвшөөрөл авч тээвэрлэлт явуулж буй иргэд нэг машин /ковш/ элс хайрга, дайрга, пидесийг зах зээл дээр 1.200.000-1.300.000 төгрөгөөр худалдан борлуулдаг. Одоогийн байдлаар хамгийн багадаа 300-400 машин тээвэрлэлт явуулсан байх ба энэ зөрчлийг арилгах талаар холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй байна.

Манай компанийн эзэмшлийн талбайгаас эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр байгалийн баялаг олборлож, тээвэрлэлт явуулах зөвшөөрөл өгч газрын бүтцийг өөрчлөн их хэмжээгээр ухаж мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулах ямар* ч боломжгүй болтол эвдэн сүйтгэж байгаа нь хууль бус юм. Тиймээс бид холбогдох эрх бүхий албан тушаалтнаас Газрын тухай хуулийн 35.1.3-т “Газар эзэмшигч нь газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх эрхтэй”, мөн хуулийн 62.1-т “Газарт хохирол учруулсан гэм буруутай этгээд нь Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээсэн эсэхээс үл хамааран уг хохирлыг өөрийн хүч хөрөнгөөр арилгах арга хэмжээ авах бөгөөд хэрэв мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн бол үүнтэй холбогдон гарсан зардлыг бүрэн хариуцна” гэж заасны дагуу хохирол, хор уршгийг арилгуулахыг шаардаж байсан. Энэхүү хууль бус үйлдлийн улмаас бид эзэмшлийн газраа ашиглах боломжгүй болсны зэрэгцээ урьдчилсан байдлаар хамгийн багадаа 400.000.000 төгрөгөөс 500.000.000 гаруй сая төгрөгийн хохирол учирсан.

Бид Газрын тухай хуулийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасан үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсээр ирсэн. Өөрөөр хэлбэл манай компани өөрийн эзэмшлийн газартаа нэлээдгүй хөрөнгө оруулалт хийж 10.000 гаруй чацаргана, мод бут, сөөг тариалсан бөгөөд хүлэмжийн аж ахуй эрхлэн ногоон тэжээл, жимс жимсгэнэ тариалах, үржүүлгийн модыг бойжуулан үрсэлгээг тухайн газартаа шилжүүлэн суулгадаг.

Гэвч бидэнд олгосон газар замын карьерт өртсөн, хөрсний бүтэц нь хайргархаг, шим тэжээл муутай, ******* голын ай сав орчмоор голын хүйтэн урсгал давамгайлсан байхаас гадна дээр дурдсанчлан холбогдох эрх бүхий албан тушаалтнууд бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Дээрх шалтгааны улмаас Булган аймгийн ******* сумын 1-р баг ******* ******* гэх газраа хууль ёсоор эзэмшиж, ашиглаж чадахгүй байгааг харгалзан мод үржүүлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжтой үржил шимт /мод үржүүлгийн зориулалтаар ашиглах боломжтой/ өөр газарт байршлыг шилжүүлж өгөхийг хүсч ******* сумын Засаг даргад 2023.10.24-ний өдрийн 38-01 дугаартай албан бичгээр хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй. *******ин ******* сумын Засаг даргын 2023.11.15-ны өдрийн 01/412 дугаартай албан бичгээр “мэдээллийн зөрүүтэй байдлаас болж *******-Хишиг-Өндөр Гурванбулаг чиглэлийн улсын чанартай авто замын гүйцэтгэгч ******* ХХК-нд 100 машин хайргыг аймгийн Засаг даргын зөвшөөрлөөр олгож татварыг төрийн санд төвлөрүүлсэн болно” гэсэн хариу ирүүлсэн. Тус шийдвэрийг эс зөвшөөрч Булган аймгийн Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “газрын байршил өөрчлүүлэх тухай” албан бичгээр тус хууль бус үйлдлийг зогсоож биднийг эзэмшил газраа хуулийн дагуу эзэмших, ашиглах боломжийг олгож, өөр газарт газар олгож өгөхийг хүссэн боловч Аймгийн засаг даргын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй. Тиймээс 2023.12.26-ны өдөр дахин албан бичиг явуулсан боловч өнөөдрийг хүртэл зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу өгөхгүйгээр хууль бус эс үйлдэхүй гаргаж бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Аймгийн засаг дарга нь манай эзэмшлийн газраас хайрга олборлох зөвшөөрөл олгосон илт хууль хууль бус шийдвэрийн улмаас манай компани тус газрыг дахин ашиглах ямар ч боломжгүй болгосонд гомдолтой байна. Мөн нэгэнт ашиглах боломжгүй болсон газрын байршлыг өөрчилж шинээр газар олгож өгнө үү гэсэн 2023.11.21-ний өдрийн албан бичигт ямар ч хариу өгөхгүй байгаа Булган аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж байна.

Иймд Булган аймгийн ******* сумын Засаг даргын 2011.07.28-ны өдрийн А/138 дугаартай захирамжаар ******* сумын 5-р баг, *******, ******* ******* хаягт байрлах ******* дугаар бүхий ******* мкв талбай бүхий эзэмшил газраас Булган аймгийн Засаг дарга Б.-ийн хайрга олборлох зөвшөөрөл олгосон үйлдэл илт хууль бус болохыг тогтоож, “******* *******” ХХК-ийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн албан бичигт хариу өгөхгүй байгаа Аймгийн засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ******* ******* ХХК нь өөрийн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсны улмаас ижил төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой газрыг шинээр олгох шийдвэр гаргахыг Аймгийн засаг дарга Б.-эд даалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

*******иуцагч Булган аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Юмжав нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгч компани нь Булган аймгийн ******* сумын 1-р баг ******* ******* гэх газарт ******* м.кв талбай бүхий газрыг мод үржүүлгийн зориулалтаар эзэмшдэг боловч тус газар нь *******-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн улсын чанартай босоо тэнхлэгийн авто замын төлөвлөлтөнд орж замын карьерт өртсөн ба түүнчлэн хөрсний бүтэц нь хайргархаг тул мод үржүүлгийн зориулалтаар ашиглах боломжгүй болсон талаар Байгаль орчин, Аялал жуулчлалын газраас гаргасан дүгнэлтээр баталгаажсан байна.

“******* *******” ХХК-ны мод үржүүлэгийн зориулалтаар эзэмшиж буй ******* м.кв талбай бүхий газарт *******-Хишиг-Өндөр-Гурванбулаг сумдын чиглэлийн улсын чанартай босоо тэнхлэгийн авто замын үйл ажиллагаанд зориулж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хайрга олборлолт явуулан татварыг Булган аймгийн ******* сумын төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн зөрчил гаргаж хохирол учирсан. Иймд ******* сумын нутаг дэвсгэрт байршилтай газарт газар эзэмшүүлэх эрх ******* сумын Засаг даргын эрх хэмжээнд хамаарч байгаа тул хууль зөрчсөн зөрчлийг арилгах талаар шийдвэр гаргаж өгнө үү.

Шүүхийн шийдвэрийн дагуу доод шатны Засаг даргад үүрэг чиглэл өгөх, шийдвэрлүүлэх эрх нь Аймгийн засаг даргад хуулиар олгогдсон байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээж ******* сумын Засаг даргад “******* *******” ХХК-нд олгогдсон газрын байршлыг Булган аймгийн ******* сумын 2 дугаар баг Ар мэргэний жалгын судаг дагуу өөрчилж шийдвэрлэх талаар чиглэл өгч, биелэлтэд хяналт тавьж ажиллахад татгалзах зүйлгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна”

ҮНДЭСЛЭХ нь:

“******* *******” ХХК-аас Булган аймгийн Засаг даргад холбогдуулан “аймгийн Засаг даргын “хайрга олборлолт явуулах зөвшөөрөл олгосон” үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох, “******* *******” ХХК-ийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн албан бичигт хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус ХХК-ийн эзэмшлийн ******* дугаар бүхий ******* мкв талбай бүхий эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсны улмаас ижил төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой газарт шинэ газар олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлжээ.

            Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... *******иуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан ба энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Юмжаваас тодруулахад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа илэрхийлэв. *******иуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Юмжавт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан эрхийг итгэмжлэлээр олгожээ. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн” тайлбар нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0007/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “******* *******” ХХК-аас Булган аймгийн Засаг даргад холбогдуулан ирүүлсэн “аймгийн Засаг даргын “хайрга олборлолт явуулах зөвшөөрөл олгосон” үйлдэл илт хууль бус болохыг тогтоолгох, “******* *******” ХХК-ийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн албан бичигт хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус ХХК-ийн эзэмшлийн ******* дугаар бүхий ******* мкв талбай бүхий эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсны улмаас ижил төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой газарт шинэ газар олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0007/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЖАРГАЛ