Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 158/ШШ2024/0010

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаагийн дүгнэлттэй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч /Э.Нандинцэцэг/-д холбогдох Улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0691334 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:...Иргэний үнэмлэхийг гэмтээсэн гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Т.Сайнбилэгт 2024 оны 02 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 2-д зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Холбогдогч Т.Сайнбилэг нь иргэний үнэмлэхээ гэмтээсэн зөрчлөө сайн дураараа илчлэн ирсэн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг хянавал үндэслэлгүй шийтгэл оногдуулсан байна.Үүнд:

Холбогдогч Т.Сайнбилэг нь иргэний үнэмлэхийг зориуд гэмтээсэн гэх зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдоогүйн зэрэгцээ 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэний үнэмлэх шатсан үйл баримтын талаар өргөдөл болон мэдүүлэгтээ дурдсан байгаа нь зөрчил үйлдэгдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж хуульчилсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн; бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Э.Нандинцэцэг нь Т.Сайнбилэгт 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 2-д зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0691334 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.Нандинцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаагийн гаргасан 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай дүгнэлттэй танилцлаа.

Холбогдогч Т.Сайнбилэгт 2024 оны 02 дугаар сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 2-д зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулж шийдвэрлэхдээ:

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэсэн заалтыг зөрчсөн.

Холбогдогч Т.Сайнбилэг нь иргэний үнэмлэхийг зориуд гэмтээсэн гэх зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдоогүй байтал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ гэх заалтыг зөрчиж торгох шийтгэл оногдуулсан болохоо хүлээн зөвшөөрч байна.

Цаашид холбогдох хууль, журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаагаас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /Э.Нандинцэцэг/-д холбогдуулан Улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0691334 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэл /дүгнэлт/-ийг тус шүүхэд гаргасан.

Шүүх уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн хариу тайлбарыг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

Энэ нөхцөл байдал нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0014/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болох бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаагийн дүгнэлттэй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /Э.Нандинцэцэг/-д холбогдох Улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0691334 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0014/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Прокурорын газар /прокурор/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захирамжийг хэргийн оролцогчдод хүргүүлж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыгдурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ