Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 158/ШШ2024/0011

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг би Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн дүгнэлттэй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /Э.*******/-д холбогдох Улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:...Иргэний үнэмлэхийг гэмтээсэн гэх зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж М.*******од 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 2- д зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Холбогдогч М.******* нь иргэний үнэмлэхээ гэмтээсэн зөрчлөө сайн дураараа илчлэн ирсэн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгаад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг хянавал зөрчлийн шинжийг шалган тогтоолгүйгээр үндэслэлгүй шийтгэл оногдуулсан байна.

Үндэслэл нь: Холбогдогч М.*******оос иргэний үнэмлэхээ карманд байсныг мэдэлгүй шатааж гэмтээсэн байна гэсэн мэдүүлгийг авснаас өөрөөр нэмэлт ажиллагаа хийгээгүй, иргэний үнэмлэхийг зориуд гэмтээсэн гэх үйл баримтыг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ. гэсэн заалтыг

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2-д заасан зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэсэн заалтыг тус тус хэрэгжүүлээгүй байна.

Мөн шийтгэлийн хуудсанд хураан авсан иргэний үнэмлэхийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана.гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Э.******* нь М.*******од 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 2-д зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн гаргасан 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай дүгнэлттэй танилцлаа.

Холбогдогч М.*******од 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 2-д зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулж шийдвэрлэхдээ:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д заасан Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ гэж,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэсэн заалтуудыг зөрчиж торгох шийтгэл оногдуулсан болохоо хүлээн зөвшөөрч байна.

Цаашид холбогдох хууль, журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гаас тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч /Э.*******/-д холбогдуулан Улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн дүгнэлтийг тус шүүхэд гаргасан.

Шүүх уг дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн хариу тайлбарыг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

Энэ нөхцөл байдал нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0015/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр энэхүү хэргийн оролцогчид уг асуудлаар нэхэмжлэл гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болох бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.*******гийн дүгнэлттэй тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч /Э.*******/-д холбогдох Улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2024/0015/З дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Прокурорын газар /прокурор/ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захирамжийг хэргийн оролцогчдод хүргүүлж, холбогдох баримтыг үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргах болон энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыгдурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ