Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2016/00997

 

О.Батсуурийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/02670 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1025 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч О.Батсуурийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Батсүхэд холбогдох,

25 390 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Батсүхийн гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 16 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Батсүхтэй 2008 онд үйлдвэрлэсэн саарал өнгөтэй, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1381663 тоот гаалийн мэдүүлгийн дугаартай, JTMHV05J90, 4015370 арлын дугаартай, Тоyota Land Cruizer-200 маркийн машиныг 90 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр автомашины урьдчилгаа төлбөр болох 18 000 000 төгрөгийг гаалийн татвар болгон төлж гаалийн газраас машиныг авсан. Б.Батсүхэд автомашины урьдчилгаа төлбөрт нийт 30 000 000 төгрөг төлсөн. Үлдсэн төлбөр болох 60 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон. ...2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний дагуу машины төлбөр төлөх хугацаа дууссан. Бид төлбөрөө бүрэн төлөөгүй учир Б.Батсүх 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдөр автомашины түлхүүрээ буцааж авсан бөгөөд бидэнд анхнаасаа 1 түлхүүр өгсөн байсан.2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр автомашины урьдчилгаа төлбөр болгож өгсөн 30.000.000 төгрөгийг өгөхийг шаардахад “автомашин зарагдахаар мөнгийг өгнө” гэсэн шалтгаан хэлж мөнгийг одоо хүртэл төлөхгүй, утсаа тасалж холбогдохгүй болсон. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр уулзахад Б.Батсүх автомашинаа 76 000 000 төгрөгөөр зарсан. Зарсан хүнээсээ мөнгө аваагүй гэж хэлж байсан ба дээрх шалтгаануудыг удаа дараа хэлж бидний мөнгийг өгөхгүй байна.Иймд Б.Батсүхээс машины урьдчилгаа төлбөр болгож өгсөн 30 000 000 төгрөгөөс уг машиныг бид ашиглаж байх үед учирсан элэгдэл, хорогдолд 4 850 000 төгрөгийг хасаж үлдэх 25 150 000 төгрөг, наклад солиулахад төлсөн 120.000 төгрөг, автомашины /хаалганы хүрээ, борооны хаалт/ худалдаж авсан 120.000 төгрөг, нийт 25 390 000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 4 850 000 төгрөгөөр багасгаж байна. Энэ мөнгө нь уг автомашины ашигласан хугацааны төлбөр юм гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу улсын их баяр наадам болохоос хэд хоногийн өмнө автомашины наймаа эрхэлж буй хүмүүс орлого ихтэй байдаг үед О.Батсуурь гэх хүн надаас Toyota Land cruiser-200 маркийн, 2008 онд үйлдвэрлэсэн, саарал өнгөтэй, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1381663 тоот гаалийн мэдүүлгийн дугаартай, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг 90 000 000 төгрөгөөр тохиролцон худалдан авахаар болсон. О.Батсуурьтай 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бичгээр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг байгуулж, төлбөр төлөх нөхцлийн дагуу урьдчилгаанд 18 000 000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 12 000 000 төгрөгийг дахин худалдан авагчаас нэмж авсан. Худалдан авагч талаас миний бие нийт 30.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл төлбөр болох 60 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулах талаар харилцан тохиролцож гэрээнд тусгасан байсан.Худалдан авагчаас гэрээнд заасан ёсоор үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч хугацаандаа биелүүлээгүй. Хугацаа болохоос өмнө би залгаж хугацаа болох гэж байгаа талаар мэдэгдэж байсан.Миний зарсан Toyota Land Gruiser-200 маркийн машин 2008 онд үйлдвэрлэсэн, саарал өнгөтэй, 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1381663 тоот гаалийн мэдүүлгийн дугаартай, суудлын зориулалттай тээврийн хэрэгсэл маань гэрээнд заасанчлан ямар нэгэн эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй гэрээнд зааснаар бүрэн ашиглах боломжтой өмчийн ямар нэгэн маргаангүй эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгсэл болно.Би тухайн үед машиныг өгч явуулахад миний машины километрийн заалт 117800 байсан. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр автомашинаа авахад 123 800 км заалттай болсон байсан. Энэ нь 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс хойш О.Батсуурь нь нийт 6 000 км явсан гэсэн үг. О.Батсуурь одоо гэрээнээс татгалзаад байгаа тохиолдолд би ч мөн адил зардал мөнгийг хасаж тооцуулна. Учир нь тээврийн хэрэгслийг худалдан авч явчихаад нийт 113 хоног буюу бүтэн 4 cap үнэ төлбөргүй ашиглах үндэсгүй юм.Наклад болон борооны хамгаалалтын төлбөрт нэхэмжилсэн 240 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аливаа доголдолгүй эд хөрөнгө нийлүүлсэн бөгөөд ашиглалтын явцад гарсан асуудлыг өөрсдөө хариуцах ёстой. Анх Монголд Герман Улсаас орж ирсэн гаалийн бичигтэй, улсын дугаар аваагүй евро стандартын Toyota Land Gruiser-200 маркийн 90 000 000 төгрөгөөр тохиролцож авч явсан. Монголд орж ирж улсын дугаар авмагц уг автомашиныг эдэлж хэрэглэсэн гэж үзэж дахин зарахад автомашины үнэ автоматаар шууд буурдаг. Тэр утгаараа улсын дугаар авч, Монголд багагүй явсан учир машинаа 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 74 000 000 төгрөгөөр худалдсан болно.Иймд үнийн зөрүү болох 16.000.000 төгрөгийг О.Батсуурьт буцаан олгохгүй. Харин урьдчилгаанд өгсөн 30 000 000 төгрөгөөс 14 000 000 төгрөгийг буцаан өгнө. Энэ хүмүүс өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хийж, үлдэгдэл төлбөрийг хугацаа тохирсон, гэрээнээсээ ч мөн өөрсдөө сайн дураар татгалзсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:...Б.Батсүх би 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр О.Батсуурьтай тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулан Ланд крузер 200 маркийн, евро стандартын саарал өнгөтэй, 2008 онд үйлдвэрлэсэн, 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаалиар орж ирсэн, Монголд яваагүй /шинэ/ автомашиныг 90 000 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. О.Батсууриас үлдэх 60 000 000 төгрөгөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй 4 cap автомашиныг унаж, ашиглаж байсан тул хэдэн өдөр хөөцөлдөж байж арга буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр автомашинаа авсан. Ингээд автомашинаа 2016 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр иргэн Ц.Тогосмаад 74 000 000 төгрөгөөр худалдсан, учир нь Монголд явсан, улсын дугаар авсны улмаас автомашины үнэ 74 000 000 төгрөг болж буурсан. Автомашины үнэ буурсан нь О.Батсуурийн буруутай үйлдлийн улмаас болсон тул 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 16 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Автомашиныг 68 хоног л унасан. Ашиглалтын явцын элэгдэл хорогдлыг тооцоод 4 850 000 төгрөгийг хариуцагчид төлж байна. Өөрөөр хэлбэл энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан байгаа. Эд хөрөнгийг нь ердийн элэгдэл хорогдлоос бууруулсан зүйл байхгүй. Ц.Тогосмаад автомашиныг 74 000 000 төгрөгөөр худалдсан гэж байна. Гэтэл үнэн хэрэгтээ Б.Батсүхээс биш н.Бат-Эрдэнэ гэдэг хүнээс Ц.Тогосмаа худалдан авсан байдаг. Иймд түүнийг Б.Батсүхэд учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм. Б.Батсүхээс н.Бат-Эрдэнэд хэрхэн шилжсэнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнээс гадна нэхэмжлэгчийг 6 000 км явсан гэж маргаж байна. Гэтэл энэ нь ямар нотлох баримтаар нотлогдохгүй байна. Угаасаа энэ машин бол 199 000 км явчихсан машин байсныг ухрааж 118 000 болгон зарсан нь өөрөө хууль бус үйлдэл. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/02670 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсэгт заасны заасны дагуу хариуцагч Б.Батсүхээс 25 150 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Батсуурьт олгож, нэхэмжлэгч О.Батсуурь нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 4 850 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болохыг баталж, Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч О.Батсуурьт холбогдуулан гаргасан 16 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Б.Батсүхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 283 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1025 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/02670 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг...” гэж, “...4 850 000 төгрөг...” гэснийг “...5 090 000 төгрөг...” гэж, уг шийдвэрээс “...94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг” гэснийг хасч, 2 дахь заалтын “...Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх О.Батсуурийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ “нэхэмжпэгчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан тээврийн хэрэгслийн дугаар авсан нь автомашины зах зээлийн үнэ буурахад нөлөөлсөн” талаар шинжээчээр дүгнэлт гаргуулах гэсэн боловч үндэслэл бүхий хүсэлтийг хүлээж авалгүй шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх энэ талаар 1025 дугаартай магадлалдаа “...хариуцагч хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас автомашины үнэ зах зээлд буурсан гэдэг нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй..” гэж дүгнэсэн атлаа шинжээч томилуулах хүсэлтийг шүүх 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 101/Ш32016/12414 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй гэсэн атлаа нотлоогүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/02670 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1025 дугаартай магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны эрх зүйн үг дагаврын талаар гарсан маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа зарим дүгнэлтийг дутуу хийсэн нь учир дутагдалтай болсон боловч уг алдааг магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч О.Батсуурь хариуцагч Б.Батсүхэд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа автомашин худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, эд хөрөнгийн үнэд төлсөн 30 000 000 төгрөгийг буцаан шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тодорхойлсон автомашины элэгдлийн 4 850 000 төгрөгөөр багасгаж, 25 150 000 төгрөг болгон, машины засан сайжруулалтад оруулсан 240 000 төгрөгийн хамт нийт 25 390 000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч Б.Батсүх нэхэмжлэлийн дээрх шаардлагаас 14 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 16 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримт, нотолгооны зүйлийн талаар бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн эрх зүйн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд худалдан авагч гэрээнээс татгалзаж, худалдагч гэрээний зүйлийг буцаан авсан болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг бол  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна. Эдгээр зүйл, заалт нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болох юм. Харин нэхэмжлэгчийн шаардлагын наклад солиулахад 120 000 төгрөг төлсөн гэх үйл явдал баримтаар тогтоогдоогүй, автомашины хаалганы хүрээ /борооны хаалт/ 120 000 төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримт 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанаас өмнө бичигдсэн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын падаанаар \хх-ийн 6 дугаар тал\ нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан “гэрээ биелсэнээс олсон ашиг” гэдэгт хамаарахгүй байна. Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдах тухай Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д заасан зохицуулалт гэрээ биелсэнээс олсон ашгийг буцаан өгөх нэхэмжлэлийн шаардлагад  хамааралгүй байна.

Анхан шатны шүүх дээрх 240 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа шийдвэрлэлгүй орхигдуулсан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн татгалзсан хэсэгт хамааруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь тус тус буруу болжээ.

Нэхэмжлэгч О.Батсуурь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар 30 000 000 төгрөгийн шаардлагаа багасгаж, 25 150 000 төгрөг болгосныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан гэж үзэж, татгалзлыг баталсан нь алдаатай болжээ. Нэхэмжлэгч автомашины төлбөрт төлсөн урьдчилгаа мөнгийг хариуцагчаас буцаан авах шаардлагаас татгалзаагүй, харин тодорхой хугацаанд эд хөрөнгийг ашигласны элэгдлийг тооцож, шаардлагынхаа үнийн дүнг багасгасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 106 дугаар зүйлийн 106.5.-д заасан нэхэмжлэлээс татгалзах зохицуулалтад хамааруулах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч О.Батсуурь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д хандаж, 2008 онд үйлдвэрлэгдсэн 2015 оны 07 дугаар сард Монгол Улсад орж ирсэн “Тоёота Ланд Крузер 200” маркийн автомашин Монгол Улсад 3 200 км явсан тохиолдолд 4 850 000 төгрөгийн элэгдэл гарахыг тодорхойлуулж, улмаар энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Харин хариуцагч Б.Батсүх автомашины үнэ 16 000 000 төгрөгөөр буурсан гэж элэгдлийн хэмжээг сөрөг нэхэмжлэлдээ заасан боловч энэ шаардлагаа баримтаар нотлоогүй байна. Уг сөрөг нэхэмжлэлийг хариуцагч өөрөө нотлох боломжгүй, зөвхөн шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулах журмаар нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхийг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1025 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д” гэж, “4 850 000 төгрөг” гэснийг “нэхэмжлэгч О.Батсуурь нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 4 850 000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болохыг баталсугай” гэж, “5 090 000 төгрөг” гэснийг “үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 240 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, “94 дүгээр зүйлийн 94.1. дэх хэсэг” гэснийг “255 дугаар зүйлийн 255.1.1., 94 дүгээр зүйлийн 94.4.-т заасны”  гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН