Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2017/0872

 

2017 оны 12 сарын 14 өдөр                   Дугаар 221/МА2017/0872                          Улаанбаатар хот

Г.Ж, М.Цнарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч М.Ц-ийн давж заалдах гомдлоор, Г.Ж, М.Ц нарын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч У.У, А.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 29, 31 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсгүүд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.2.9, 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсгүүд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 479.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц, Г.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У.У, А.Д нарын тавьсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/17, 34/03/18 тоот, “Складын үнэ төлүүлэх тухай” 34/03/19 тоот, “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх” 34/03/20 тоот “Төлбөр хариуцуулах тухай” 34/03/22 тоот актуудыг тус тус хүчингүй болгож, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/16 тоот актын төлбөрийн хэмжээг “”7774489 /долоон сая долоон зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун наян ес/ төгрөг гэж багасган хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Ц давж заалдах гомдолдоо: “Увс аймгийн Цахилгаан түгээх станц ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан үлдэх өртөггүй болсон 40-15УВА ланд круйзер авто машиныг 2014, 2015 онуудад актлах хүсэлтийг албан бичгээр хууль журмын дагуу материалууд бүрдүүлж, удаа дараа Баруун бүсийн эрчим хүчний станц ТӨХК-д хүргүүлж, дээд шатны байгууллагуудад уламжилж байсан. Мөн 2015 оны 12 сарын 10-ны үед Баруун бүсийн эрчим хүчний станц ТӨХК-аас актлах хөрөнгийн жагсаалт, хууль журмын дагуу акт материалууд ирүүл гэсний улмаас 26 нэр төрлийн актлах хөрөнгө хууль журмын дагуу материалууд хүргүүлж, дээд шатны байгууллагуудад уламжлагдаж, тус компанийн үлдэх өртөггүй болсон авто машиныг Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 794 дүгээр тогтоолоор актлагдаж, дуудлага худалдааны доод үнэ 3500000 төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан. Уг  автомашиныг Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн өмч хамгаалах Байнгын зөвлөлын дарга Г.Заяабаяр, гишүүд хууль журмын дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, худалдан борлуулсан. 2013, 2014, 2015 онуудад хүсэлт гаргаж байсан боловч тухайн машины оронд өгөх машин, санхүүжилт байхгүй учир сэлбэг запас тавьж ажил үйлчилгээ хийх болсон. Тус компани нь төрийн өмчит онцгой салбар учир жил бүр Эрчим хүчний яамнаас өвөлжилтийн бэлэн байдал, машин техник тоног төхөөрөмжид шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт шаардлагууд тавьдаг. Иймд тус машинд сэлбэг тавьсан. Мөн Увс аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн 13000 гаруй хэрэглэгч, 1200 гаруй километр цахилгаан дамжуулах шугамын засвар үйлчилгээ, хяналт, шалгалт эвдрэл гэмтлийг засварлан борлуулалтын орлого төвлөрүүлэх зорилгоор тус автомашиныг төрийн өмч байхад дээрх ажил үйлчилгээг хийх зайлшгүй шаардлагын улмаас сэлбэгүүд тавьсан болно. Ямар нэг хувийн ашиг сонирхол байхгүй.

...Иймд тус компанид хохирол учраагүй гэж үзэж байна. Улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 25.1.2, 26.1, 27.6, 45.2, 47.3, 48.2.4 зэрэг заалтуудыг мөрдөж ажиллаагүй гэж үзэж байна.

..Тухайн автомашинд тавьсан сэлбэгүүд үйлчилгээгээрээ компанид өртгөө нөхсөн ажил үйлчилгээг хийсэн ба дуудлага худалдаанд орж зарагдахын өмнө тавьсан сэлбэгүүд биш юм. Иймд 34/03/16 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч А.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/16 тоот актыг Цахилгаан түгээх сүлжээ компанийн эзэмшилд байсан тоёота ланд-105 маркийн 40-15УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Н.Гүррагчаад худалдахдаа 2014 онд 790200 төгрөг, 2015 онд 8027489 төгрөг бүгд 8817689 төгрөгийн сэлбэг шинээр авч тавьсныг няраваар дамжуулж орлого авахгүйгээр шууд бүртгэлээр орлого авч хөндий шаардах хуудас бичүүлж зарлагадсан мөн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 095 тоот өмч хамгаалах Байнгын зөвлөлын хурлын дүгнэлт нь тухайн албан тушаалтнуудын гарын үсэг байхгүй, дуудлага худалдаа явуулсан тэмдэглэл байхгүй, худалдсан машины хувийн хэрэгт бичилт хийгээгүй, өмч хамгаалах Байнгын зөвлөлын дүгнэлт байхгүй зэрэг зөрчил илэрсэн.

Төрийн албан хаагчийн хариуцлагатай холбогдуулан Засгийн газрын 483 дугаар тогтоолын 7.5-д “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, Санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ”, мөн “Төрийн болон орон нутгийн тухай хуулийн 20.5-д Захирлын гэм буруутай үйл ажиллагаа болон гэрээнд заасан эд хөрөнгө ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн буюу урвуулан ашилах зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна” гэж заасны дагуу акт тогтоосон болно. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул тухайн тээврийн хэрэгсэлийн үнэ биш тавьсан сэлбэгний үнэ төлүүлэх акт тогтоосон.

-Төрийн өмчийн хорооны 794 дүгээр тогтоолд 2014, 2015 онд тавьсан сэлбэг, сэлбэгний үнэ 8817689 төгрөгийг оруулж өгөөгүй

-Уг автомашиныг хууль журмын дагуу худалдан борлуулсан гэх боловч гаргасан баримтад тухайн гишүүдийг гарын үсэг байхгүй, дуудлага худалдаа явуулсан тэмдэглэл байхгүй, худалдсан машины хувийн хэрэгт бичилт хийгээгүй, өмч хамгаалах Байнгын зөвлөлын дүгнэлт нь дутуу, техникийн комиссын акт байхгүй, авто тээврийн улсын байцаагчийн дүгнэлт нь зэрэг нь дутуу байсан нь анхан шатны шүүхийн үзлэгээр нотлогдсон болно.

-Захиргааны ерөнхий хуулийн 25.1.2, 26.1, 27.6, 45.2, 47.3, 48.2.4 дэх заалтуудыг мөрдөж ажиллаагүй гэсэн байна. Хяналт шалгалт хийж байх үедээ М.Ц-тай утсаар 2 удаа яриад ир гэсэн боловч ирээгүй утсаар ярьсан тухай тэмдэглэл хэргийн материалд хавсаргасан байгаа. 48.2.4-д заасан хууль бус арга хэрэглээгүй, захиргааны актыг Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоотоор Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д хүргүүлсэн.

-Улсын байцаагчийг ёс зүйгүй, мэргэжлийн ур чадваргүй, бусдын эрх ашгийг хохироосон гэсэн байна. Миний бие төрд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч, энэ албанд 21 жил санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байна.
Жил бүр шалгалт өгч сангийн яамнаас улсын байцаагчийн эрхээ сунгуулж ирсэн.

-Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн эзэмшилд байсан тоёота ланд-105 маркын 40-15 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Н.Гүррагчаагийн нэрээр мөнгө тушаасан боловч үнэн хэрэг дээрээ захирал хийж байсан М.Ц нь албан тушаалаа урвуулан ашиглаж бүх сэлбэгийг шинээр тавиад өөрөө авсан. Энэ нь иргэний хэргийн шүхийн мэдүүлгээр тус компанид ажиллаж байсан холбогдох хүмүүсийн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэжээ.

ХЯНАВАЛ:

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Сэлбэгний үнэ төлүүлэх тухай” 34/03/16 дугаар актаар “...Цахилгаан түгээх сүлжээ компаний эзэмшилд байсан Тоёота ланд круйзер 105 маркийн 40-15 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Н.Гүррагчаад худалдахдаа 2014 онд 790 200 төгрөг, 2015 онд 8 027 489 төгрөг, бүгд 8 817 689 төгрөгийн сэлбэг шинээр авч тавьсныг няраваар дамжуулж орлого авахгүйгээр шууд бүртгэлээр орлого авч, хөндий шаардах хуудас бичүүлж, зарлагадсан мөн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 095 тоот өмч хамгаалах Байнгын зөвлөлийн хурлын дүгнэлт нь тухайн албан тушаалтнуудын гарын үсэг байхгүй ба дуудлага худалдаа явуулсан тэмдэглэл байхгүй, худалдсан машины хувийн хэрэгт бичилт хийж, зарагдах үнийн дүнд оруулахгүйгээр зардалд бичсэн” зөрчил гаргасан гэж үзэж сэлбэгний үнэ 8 817 689 төгрөгийг тухайн компанийн захирлаар ажиллаж байсан М.Ц, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Ж нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр тогтоожээ.

            Нэхэмжлэгч М.Ц, Г.Ж нар нь тус актыг эс зөвшөөрч, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 794 дүгээр тогтоолоор “Ланд круйзер-105” автомашиныг акталж дуудлага худалдааны доод үнэ 3 500 000 төгрөгөөр худалдах шийдвэрийн дагуу автомашиныг худалдсан, компанид учруулсан хохирол байхгүй, 2013, 2014, 2015 онуудад тус автомашиныг актлуулахаар хүсэлт гаргаж байсан боловч тухайн автомашины оронд өгөх машин байхгүй гэсэн учир компанийн үйл ажиллагааг доголдуулахгүйн тулд сэлбэг, запас тавьсан” гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн, цаашид сэргээн засварлах боломжгүй болсон “Ланд круйзер-105” автомашиныг актлах саналыг дэмжин Төрийн өмчийн хороонд шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн боловч тухайн үед Төрийн өмчийн хороо тус автомашиныг актлах шийдвэрийг гаргаагүй учир “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ашиглалтад хэвээр үлдсэн байсан болох нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Ц.Наранчангаас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлд дээрх автомашиныг актлах эсэх асуудлыг шийдвэрлэхийг дахин хүсч албан бичиг явуулсны үндсэн дээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Ланд круйзер-105” автомашиныг актлах саналыг Төрийн өмчийн хороонд шийдвэрлүүлэхээр дахин хүргүүлснээр Төрийн өмчийн хорооны 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 794 дүгээр тогтоол гарч, уг автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч, худалдах доод үнийг тогтоосноор тогтоогдож байна.

Ийм байхад анхан шатны шүүх ““Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн өмч хамгаалах Байнгын зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Тоёота ланд круйзер 105 болон УАЗ-31512 маркийн автомашиныг актлах тухай дүгнэлт гарч, уг дүгнэлтийг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “ББЭХС” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар цаашид сэргээн засварлаад ч ашиглах боломжгүй гэсэн шийдвэр гарсны дараа Тоёота ланд круйзер 105 автомашинд 7 774 489 төгрөгийн сэлбэг шинээр авч тавьж илүү зардал гарган компанид хохирол учруулсан” гэж дүгнэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай[1] хуулийн 11 дүгээр зүйлийн 8-д “Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах бүрэн эрхийг эдэлнэ” гэж зааснаар Тоёота ланд круйзер 105 маркийн автомашиныг актлах талаар гарсан “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн өмч хамгаалах Байнгын зөвлөлийн дүгнэлт болон “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн актлах саналыг дэмжсэн тогтоолыг энэ талаарх эцсийн шийдвэр гэж үзэхгүй бөгөөд эцсийн шийдвэрийг гагцхүү Төрийн хороо эрхтэй гаргах юм.

Тэрчлэн дээрх автомашиныг актлах талаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ТУЗ-ийн тогтоол 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр /хх-2-87/, Төрийн өмчийн хорооны тогтоол 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр /хх-1-57/ тус тус гарсан байх ба Тоёота ланд круйзер 105 маркийн автомашинд дээрх шийдвэрүүд гарахаас өмнө сэлбэг авч тавьсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарыг актлах шийдвэр гарсны дараа Тоёота ланд круйзер 105 автомашинд сэлбэг шинээр авч тавьж, илүү зардал гарган компанид хохирол учруулсан гэж буруутгах үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, маргаан бүхий Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 34/03/16 тоот актыг хүчингүй болгох талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                               ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 29, 31 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц, Г.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/16, 34/03/17, 34/03/18, “Складын үнэ төлүүлэх тухай” 34/03/19, “Сэлбэгний үнэ нөхөн төлүүлэх тухай” 34/03/20, “Төлбөр хариуцуулах тухай” 34/03/22 тоот актуудыг хүчингүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...70 200...” гэснийг “...140 400...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                    

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН

 


[1] Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хууль дагаж мөрдөгдөхөөс өмнө мөрдөгдөж байсан