Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 68

 

Б.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 848 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр магадлалтай, Б.У-д холбогдох 1705012280200 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дөрвөн хүүхдийн хамт,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1362 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Б-ны У.

Б.У- нь иргэн М.О-т өөрийгөө “Засгийн газрын хэрэг эрхлэх албаны даргаар ажилладаг, Хөдөө аж ахуйн яаманд тусламжаар ирж байгаа хүлэмж олж өгнө, мөн дүү нарт чинь Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Увс аймагт байхад нь болон *** тоотод ирсэн байх үед нь 8,000,000 төгрөг,

М.О-ийн хадам эцэг Д.Г-д өөрийгөө “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албаны даргаар ажилладаг, “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдэг авч өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Д.Г-г Увс аймагт байхад нь болон *** тоотод ирсэн байх үед нь итгэл төрүүлэн өөрөөс нь болон охин М.О-ээр дамжуулан 4,800,000 төгрөг авч, нийт 12,800,000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.У-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Б.У-г 5 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У-д оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-гаас 9,407,800 төгрөг гаргуулж хохирогч М.О-, Д.Г- нарт олгуулж, шүүгдэгч Б.У-гийн насанд хүрээгүй хүүхдүүд болох 2001 оны 07 дугаар сарын 24-нд төрсөн У.Э, 2005 оны 01 дүгээр сарын 18-нд төрсөн У.Э-, 2017 оны 01 дүгээр сарын 18-нд төрсөн П.Х, 2018 оны 09 дүгээр сарын 01-нд төрсөн У.Х нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад даалгуулж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.У- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би өөрийн найз М.О-ээс 12,800,000 төгрөгийг амьдралын эх үүсвэр болгон залилж аваагүй. Тус мөнгөний зохих хэсэг зээл болон бусад хэлбэрээр орж ирсэн гүйлгээ байсан. О-т учруулсан хохиролд энэ бүгдийг оруулан тооцож хохирлын хэмжээг бодитой тогтоолгүй, хохирлоо төлж эхэлсэн, цаашид хурдан хугацаанд төлж дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, гэм буруугаа хүлээн шат шатны шүүхэд хохирогчоос уучлалт хүссэнээ илэрхийлсэн, байнгын орлоготой байсан зэргийг няцааж гаргасан шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Хохирогч нь миний эрх зүйн байдлыг мэддэг байсан ба энэ хэрэгт тухайн байдлыг ашиглаж зарим тохиолдолд худал ярьсныг харгалзан үзэлгүй анхан шатны шүүхээс хүнд зүйл ангиар зүйлчилсэн. Гэвч миний бие өөрийн хийсэн үйлдлээсээ болж бусдад хохирол учруулсандаа гэмшиж байна. Би ял эдлэх болсноор ар гэрийн байдал туйлын хүнд үлдсэн. Ам бүл 5-уулаа амьдардаг, 0-17 насны 4 хүүхэдтэй. Том охин 17, том хүү 13, дунд хүү 1 нас 8 сар, бага хүү 1 сартай үлдсэн. Бага хүү дутуу төрсөн. Хөхөөр хооллож тэнхрүүлэх шаардлагатай гэж эмч нар зөвлөсөн. Би хувиараа хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг байсан. Одоо хүүхдүүд тун хэцүү байдалтай байгаа. Мөн төрөөд 1 сартай байхдаа хоригдсон учир бие тэнхрээгүй эрүүл мэндийн байдал муудсаар байгаа. Би гэмт хэрэг үйлдчихээд хүүхдүүдээрээ шалтаглан ялаас зугтах, биеэ хаацайлах санаа агуулаагүй өөрт тохирох шийтгэлээ хүлээх болно. Гагцхүү миний үйлдсэн хэрэгт тохирох ялыг оногдуулахыг хүсэж байна. Гэм буруутай үйлдэл хийсэн нь үнэн боловч залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдраагүй. Миний хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзэж тохирох зүйл ангиар зүйлчлэн ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн хохирол 9,405,000 төгрөгийг барагдуулах боломж олгохыг хүсэж байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаж байна. Учир нь Б.У-гийн үйлдэлд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй, нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна. 2017.07.01-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т “залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” бол гэдэг шинэ гэмт хэргийн төрлийг бий болгож хэрэв дээрх үндэслэл байвал хүндрүүлэн авч үзэхээр хуульчилсан.

Уг ойлголт нь харьцангуй шинэ ойлголт бөгөөд залилах гэмт хэргийн хамгийн хүнд хэлбэр байхаар хуульчилсан. Энэ тохиолдолд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт “...залилах гэмт хэргийг амьдралынхаа зорилгоо болгож өөрийн өдөр тутмын үндсэн ажил, зан төлөв хэвшил болгож зөвхөн түүгээрээ орлогоо олж, амьдралаа залгуулж байхыг ойлгоно...” Гэтэл Б.У-гийн үйлдэлд дээрх гэмт хэргийн шинж байхгүй байна. Хавтаст хэргээс үзэхэд Б.У- нь хохирогч М.О-ээс 2 сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр дансаар 9,151,000 төгрөг авсан байдаг. Өөр хүнээс мөнгө аваагүй. Б.У- нь Нарантуул зах дээр лангуу түрээсэлдэг, хувиараа саван хийж зардаг, өөрийн орлоготой байсан талаарх баримт, банкны дансны хуулгыг шүүхэд гаргаж өгч нотолсон болно. Хавтаст хэргийн 79-р хуудсанд Б.У-гийн Хаан банкны дансны хуулгыг авч үзвэл 1,500,000 төгрөгийг М.О-ээс зээлэв, 200,000 төгрөгийг эцэг эхийн зөвлөлөөс гэж оруулсан байдаг. Үүнээс үзэхэд бодит хохирлын хэмжээ нь зөрүүтэй прокурорын зүгээс хохирлын хэмжээг баримтын хүрээнд нарийн тооцож гаргаагүй, зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн гаргасан байдаг. Түүнчлэн уг хэрэгт Д.Г-г хохирогчоор тогтоосон нь мөн буруу болжээ. Д.Г- нь Б.У-тай шууд харьцаж мөнгө өгч байгаагүй. Өөрийн бэр М.О-ээр дамжуулан түүний дансанд 4,600,000 төгрөг хийсэн гэдгээ мэдүүлдэг. М.О- нь Б.У-гийн данс руу Д.Г-гээс ирүүлсэн мөнгөнөөс 4,300,000 төгрөг өгсөн гэдгээ мэдүүлдэг /хх-16-17х/. Үүнээс үзэхэд Д.Г- нь энэ хэрэгт шууд хамааралтай хохирогч бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн хувьд хохирол хүлээсэн иргэний нэхэмжлэгч юм. Гэтэл шүүхээс Д.Г-г хохирогчоор тогтоосныг үндэслэлтэй гэж  үзэж 4,800,000 төгрөгийг түүнд олгохоор шийдвэрлэсэн. М.О-ийн мэдүүлэг дансны хуулгаас үзэхэд Д.Г-гээс М.О- руу шилжүүлсэн мөнгөн дүн 4,600,000 төгрөг байхад М.О- нь 4,300,000 төгрөгийг Б.У-гийн дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 300,000 төгрөгийг шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, мөн 1,500,000 төгрөгийг Б.У-д зээлсэн, 200,000 төгрөг нь эцэг эхийн зөвлөл /хх-79х/ гэх мэт нэрээр шилжүүлсэн байхад эдгээрийг хохиролд тооцсон нь үндэслэлгүй. Хохирлын хэмжээг бүрэн бодитой тогтоогоогүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх Б.У-г 12,800,000 төгрөг залилсан мэтээр хохирлын хэмжээг яллах дүгнэлтийн хүрээнд оруулж тооцсон нь үндэслэлгүй байна. Анхан болон дааж заалдах шатны шүүх нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэв.  

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.У- нь бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бусдыг төөрөгдүүлэх замаар хохирогч нараас 12,800,000 төгрөг залилсан нь нотлогдсон байна. Мөн гэмт хэргийг үйлдэхдээ нийт 24 удаагийн үйлдлээр залилсан болох нь дансны хуулга болон бусад баримтаар нотлогддог. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, дөрвөн хүүхдээ тэжээн амьдардаг учраас 24 удаагийн үйлдлийг амьдралын эх үүсвэр болгож, байнга үйлдсэн гэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Хохирогч Д.Г- нь 4,600,000 төгрөгийг шилжүүлэхийн өмнө шүүгдэгчтэй биечлэн уулзсаны эцэст М.О-ээр дамжуулж, дансаар шилжүүлсэн учраас Д.Г-г энэ хэрэгт хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч нь залилан мэхлэх гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхээс өмнө үйлдсэн боловч арга нь ижил төстэй байсан. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэм буруу, хувийн байдалд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулсан байна. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.У-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.У- нь бодит байдлыг нууж, зохиомол байдал үүсгэн, хохирогч М.О-ийн итгэлийг олж, түүнд өөрийгөө “Засгийн газрын хэрэг эрхлэх албаны даргаар ажилладаг, Хөдөө аж ахуйн яаманд тусламжаар ирж байгаа хүлэмж олж өгнө, дүү нарт чинь Солонгос Улсын виз гаргаж өгнө”, мөн хохирогчоор дамжуулан түүний хадам эцэг Д.Г-д нь “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдэг авч өгнө” хэмээн хуурч мэхлэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр нийт 12,800,000 төгрөг залилан авсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.У- нь хохирогч М.О-ийг залилан мэхлэх санаа зорилгоор тодорхой цаг хугацаанд хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байхад шүүх бэлэн мөнгө авах болон мөнгөн гүйлгээ хийлгэсэн тохиолдол бүрийг тус тусдаа эхлэл, төгсгөл бүхий үйлдэл бүртээ бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж, гэмт хэргийн ойлголт, шинжийн талаарх эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний агуулгыг буруу тайлбарлан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.У-гийн үйлдсэн гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх Б.У-г залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэн зүйлчилж, хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, мэргэшсэн байдал болон уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно.

Иймд Б.У-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулсан хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэл насны хүүхэдтэй эх зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн авахаар хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 848 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр магадлалд “Прокуророос Б.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй”, “Б.У-г зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.У-д 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр биелүүлэхийг 2 /хоёр/ жил хүртэл хугацаагаар хойшлуулсугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН