Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 0006

 

 

 

 

 

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Н.Д

Шүүгдэгч                                                          Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              О.С, Д.О

Нарийн бичгийн дарга                                Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-н гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овогт Б-н Б,

 

Б.Б нь 2022 оны 08 дугаар сарын эхээр        аймгийн       сумын        багийн нутаг дэвсгэрт      дугаар байрны урд талд байх саравчны орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд өөрийн гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 17.1 грамм цэвэр жинтэй “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

            Шүүгдэгч Ж овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож,  

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б-н Б-г 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн тортой 17,1 гр ногоон өнгийн ургамал мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо:

... Би өмнө нь ийм хэргээр тэнсэгдэж байсан учраас одоо ял хүнд байх ёстой гэж бодож байна. Гэвч би сүүлийн 3 жил ийм зүйл хэрэглээгүй мөртлөө таарангуут нь дахиад хэрэглэсэндээ үнэхээр их харамсаж байна. Тэнсэнгийн хугацаандаа огт хэрэглэж байгаагүй. Эхнэртэйгээ танилцаад гэрлэхээр шийдээд жирэмсэн болоод хүү төрөөд би аз жаргалтай байсан. Аав ээж 2 маань бага байхад салаад аав Германд амьдардаг. Ээж өөр хүнтэй суусан. Тэр хүн намайг хүн гэж үздэггүй. Би ээжийнхээ аав, ээж дээр өссөн. Одоо хоёулаа нас барсан. Одоо аавынхаа ээжийг буюу эмээг асарч амьдардаг. Эмээ, өвөө нараас минь өөр намайг хайрлах хүн байгаагүй. Сэтгэл санаагаар их гутарч өссөн.

Монгол Улсын Их сургуулийн эдийн засгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангид орж чадсан ч 2 дугаар курсээс төлбөрөө төлж чадахгүй сургуулиа орхисон. Намайг хайрлаж, хүү төрүүлж өгсөн эхнэр маань одоо ямар ч орлогогүй нялх хүүхэдтэй, өр зээлд баригдаад үнэхээр амьдрал маш хүнд байдалд орчихлоо. Энэ бүхэнд би өөрөө буруутай.

Би “Б”-д ажиллаж сард гар дээрээ 750.000 төгрөгийн цалин авч эхнэр хүүхдээ тэжээж байлаа. Эмээгээ бас харж ханддаг байлаа. Цалин хүрэлцэхгүй болохоор энд тэндээс банк бус санхүүгийн байгууллага, гар утасны лизинг гээд нийтдээ 2.000.000 гаруй төгрөгийн зээлийг төлөх ямар ч аргагүй боллоо. Тог цахилгаан, юнивишний мөнгө, СӨХ-ийн мөнгө бүгд хуримтлагдаж дээр нь хүүхдийн тэжээл, памперс гээд үнэхээр маш хүнд нөхцөл байдал гэр бүлд минь эхнэрт минь учирлаа. Энд би л буруутай. Амьдралаа сүйрүүлчихлээ. Хадам аав, ээжид эхнэр маань хэлэхээсээ айгаад таньдаг хүмүүсээсээ түр зуур мөнгө зээлж амиа зогоож 12 сарын 19-ний өдрөөс хойш өдий хүрч байгаа гэнэ. Надад үнэхээр маш хэцүү байна.

Би цаашид хар тамхи өвс ургамлаас хол байж чадна. Миний тусламж эмээд минь, эхнэр хүүхдэд минь маш их хэрэгтэй байна. Эмээ минь одоо 80 нас гарсан, ганцаараа амьдардаг. Эмээгээ зовоож байгаадаа их харамсаж байна. Би өөрийгөө зөвтгөхгүй. Надаас болж хүмүүс зовж байгааг бодохоос би гол минь харлаж байна. Тиймээс миний ар гэрийн минь хүнд байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөлж өгнө үү ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тайлбартаа: ... Ар гэр, ахуй амьдралыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... Шүүгдэгч нь өөрөө амьдралаа авч явдаг. Шүүгдэгчийн асрамжид байгаа үр хүүхэд, хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-т заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Анхан шатны шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шударга ёсны зарчимд нийцсэн байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б 2022 оны 08 дугаар сарын эхээр         аймгийн        сумын      багийн нутаг дэвсгэрт     дугаар байрны урд талд байх саравчны орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар уг бодисыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн гэртээ болон биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн гэмт хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх зөрчил илрээгүй болно.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд уг бодисыг хэрэглэхийг хориглодог.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.Б-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгох ба Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Анхан шатны шүүх дээр дурдсан зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүгдэгч Б.Б-н гэм буруу, хувийн байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /1-5 жил хүртэл/- т заасан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх эсхүл үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх бөгөөд шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял нь түүний гэм буруу, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-н гаргасан “ ...ар гэрийн хүнд байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 , 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР