| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0013/э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 22
2018 01 11 22
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгч Ц.Жаргалболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүхөөш бодонгууд овогт Ц овогт Ж-д холбогдох эрүүгийн 1721000530018 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкийн механикч мэргэжилтэй, ам бүл 2, аавын хамтаар Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суудаг, ажилгүй, гавъяа шагналгүй, 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 20 тоот шийтгэх тогтоолоор ЭХТА-н 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдөр 2009 оны ӨҮТХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснэаар эдлээгүй үлдсэн 10 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлсэн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1077 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-н 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 141 тоот шүүгчийн захирамжаар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ц. Ж-д гэв.
Шүүгдэгч Ц.Ж нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хохирогч Н.Э өөрийн эзэмшлийн Прус маркийн 29-43 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад нь Хэрлэн сумын 6 дугаар баг 24-р байрны гаднаас Хэрлэн сумын 7 дугаар баг Мянгатын 31-р байрны гаднаас Хэрлэн сумын 7 дугаар баг Мянгатын 31-р байрны ар талд хүргүүлэхдээ хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж 51.000 төгрөгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Лхагвадаштай хамт явж байгаад “Приус 20” маркийн машиныг барьсан. Тухайн машины жолоочоос онгорхой баар байдаг уу гэж асуухад “Бунхан”-д байдаг гээд хамт очсон. Тэнд очиход хаалттай байсан учраас буцаж байхад 15 дугаар байрны орчимд та хоёр хаачих вэ гэж таксины жолооч асуухад нь “Бид хоёр мянгат руу явъя” ах нь шоронгоос гарчихаад явж байгаа юм найзтайгаа ганц, хоёр пиво уух санаатай байна гэж хэлсэн. Гэтэл Эрдэнэтулга тэр шорон чинь надад хамаагүй гэж хэлэхэд нь би үнэн байдлаа хэлж байна зөвөөр ойлгоорой гэж хэлсэн. Би машины ард талын суудал дээр гараа тавихад жолооч айгаад зугтаасан. Би араас нь ахын дүү хүрээд ирээ гэж дуудсан. Би буцаж машинд нь ороод голын хайрцганд таксины жолоочтой холбогдох зүйл байна уу гэж үзэхэд мөнгө байсан. Би мөнгийг нь авсан нь буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Сүүлд нь мөрдөн байцаагчид нэмж өргөдөл ирсэн байна. Мөрдөн байцаагч хохирогчтойгоо утсаар ярь, чамайг заамдсан гэж дээрмийн хэрэг үүсгэсэн байна гэж хэлсэн. Би хохирогчийн биед огт хүрээгүй, заналхийлсэн зүйл байхгүй гэж хэлсэн. Би Э утсаар мөрдөн байцаагчийн хажууд яриад “Би чиний биед огт хүрээгүй шүү дээ”, дахиж шоронд ороход хэцүү байна. Хөгшин настай эцэгтэйгээ амьдардаг юм. Чиний мөнгийг авсан нь ахынх нь буруу, мэдүүлгээ өөрчилөөд өгөөч гэж хэлэхэд хохирогч анхны мэдүүлгээр байхгүй бол би хуулийн хариуцлага хүлээнэ шүү дээ гэж хэлсэн. Э тухайн үед би машинаа орхиж явсан болохоор сандраад өргөдөл бичээд өгсөн юм гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хулгай хийж, мөнгийг нь авсан нь үнэн. Ер нь бол 12000 төгрөг байсан. 51000 төгрөг байгаагүй.... гэв.
Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ... Би 29-43 УНХ улсын дугаарын Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2017 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө халтуурт явах санаатай гараад 24 дүгээр байрны урд талын зогсоол дээр зогсож байхад 35-40 орчим насны бололтой 2 эрэгтэй хүн суусан... Ингээд тэр 2 ах Мянгат явъя гэж хэлэхээр нь Мянгатын урд талаар орох гэсэн боловч ар талаар нь яв ар талдаа орцтой болсон гэж хэлсэн. Мянгатын ар талаар ороод засварын газрын урд талд байх мухар руу шахаж зогс гэхээр нь зогсоход “ би анхнаасаа камергүй газраас чамайг авч явсан. Одоо камергүй газар зогсож байгаагаа мэдэж байна уу” гэж хэлсэн. Тэгэхэд нь ард сууж байсан ах нь буугаад урагшаа харанхуй руу ороод явчихсан. Миний хажууд сууж байсан ах нь буугаад явахаар нь би зугтаасан. Тэр ах жолоочийн талын хаалга онгойлгоод юм ухаад байгаа харагдсан...Чамайг айлгана, тоглоно гэж хэлээд хоолойноос багалзуурдаад авахад нь л би гарч зугтаасан. Миний хувьд сандал дээр гараа тавьсан хоолойнд гар хүрсэн хоёрыг ялгахгүй байна гэж юу байхав дээ./хх-ийн 15/... Би тухайн өдөр өглөөнөөс орой хүртэл такси үйлчилгээнд явсан. Би мөнгөө голын хайрцганд хийдэг бөгөөд сүүлд нэг хүнийг Ялалт хороололд хүргэж өгчихөөд мөнгөө тоолоход 51000 төгрөг байсан гэж санаж байна... гэжээ./хх-ийн 75 тал/
Гэрч Ж.Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ... Тэр жолоочоос онгорхой баар байна уу гэхэд Бунханд баар онгорхой байгаа гээд очоод баарны хаалгыг цохьсон боловч нээхгүй байхаар нь буцаад аймгийн төвд ороод Гэрлээ гэж ялалтад байдаг тоглоом тоглуулдаг айл руу очиж таксины мөнгө олох гэж очиж тэдний гэр рүү ороход тэдний гэрт таних хүн байхгүй байхаар нь буцаж гараад мянгат руу яв гэж хэлээд урд сууж байсан Ж ингэж яв гээд мянгатын ар талаар явж 32-33 дугаар байрны ар талд очихоор нь би явлаа гэж буугаад мянгатын голоор урагшаа гарч урд замаас такси барьж хойшоо эр хүний овооны зүүн талд байдаг Баярсайхан гэдэг нутгийн дүүгийн гэрт очиж хоносон. Ж тэр таксины жолоочтой машинд суугаад үлдсэн ба хаашаа явсан талаар мэдэхгүй байна... гэжээ.. /хх-ийн 24тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07тал/
Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Ц.Ж ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 42 тал/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-59 тал / зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ц.Ж нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хохирогч Н.Э өөрийн эзэмшлийн Приус маркийн 29-43 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад нь Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны гаднаас Хэрлэн сумын 7 дугаар баг Мянгатын 31 дүгээр байрны ар талд хүргүүлэхдээ хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр занилхийлж 51.000 төгрөгийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ... Би машины ард талын суудал дээр гараа тавихад жолооч айгаад зугтаасан. Би араас нь ахын дүү хүрээд ирээ гэж дуудсан. Би буцаж машинд нь ороод голын хайрцганд таксины жолоочтой холбогдох зүйл байна уу гэж үзэхэд мөнгө байсан. Би мөнгийг нь авсан нь буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлгээр,
Хохирогч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан... Ингээд тэр 2 ах “Мянгат явъя” гэж хэлэхээр нь Мянгатын урд талаар орох гэсэн боловч ар талаар нь яв ар талдаа орцтой болсон гэж хэлсэн. Мянгатын ар талаар ороод засварын газрын урд талд байх мухар руу шахаж зогс гэхээр нь зогсоход “ Би анхнаасаа камергүй газраас чамайг авч явсан. Одоо камергүй газар зогсож байгаагаа мэдэж байна уу” гэж хэлсэн....Чамайг айлгана, тоглоно гэж хэлээд хоолойноос багалзуурдаад авахад нь л би гарч зугтаасан. Миний хувьд сандал дээр гараа тавьсан хоолойнд гар хүрсэн хоёрыг ялгахгүй байна гэж юу байхав дээ...гэх мэдүүлэг /хх-ийн 15/... Би тухайн өдөр өглөөнөөс орой хүртэл такси үйлчилгээнд явсан. Би мөнгөө голын хайрцганд хийдэг бөгөөд сүүлд нэг хүнийг Ялалт хороололд хүргэж өгчихөөд мөнгөө тоолоход 51000 төгрөг байсан гэж санаж байна гэсэн мэдүүлгээр./хх-ийн 75 тал/,
Гэрч Ж.Л мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан.... Ж тэр таксины жолоочтой машинд суугаад үлдсэн ба хаашаа явсан талаар мэдэхгүй байна гэсэн мэдүүлгээр .. /хх-ийн 24тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Ж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, хохирогч Н.Э 51.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ж нь энэ хэрэгт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд хохирогч Н.Э төлөх төлбөргүй, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖВ 89092417 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Ж ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хүхөөш овогт Ц. Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц. Ж-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь цагдан хоригдсон 77 / далан долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, баримт бичгээр ирсэн түүний /ЖВ89092417/ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ