Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2024/0004/З |
Дугаар | 124/ШШ2024/0009 |
Огноо | 2024-06-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 124/ШШ2024/0009
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг би Б.С-ийн Увс аймгийн Ө сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Өсумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг даалгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Ө сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б овогтой С миний бие 2009-2015 онд АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд 2015 оны 09 дүгээр сарын 14-өөс эхлэн Н сумын Эрүүл мэндийн төвд хүүхэд хариуцсан их эмчээр. 2016 оны 03 дугаар сарын 04-өөс Ө сумын Эрүүл мэндийн төвд хүүхэд хариуцсан их эмчээр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 23-аас тус Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажилласан.
Улмаар 2021 онд Аймгийн Эрүүл мэндийн газраас Төрийн сангийн зардлаар сурах боломжтой "Эх барих эмэгтэйчүүд судлал"-ын нэг хуваарь байна, шалгалт өгөөд тэнцвэл явж болно гэж санал тавьсны дагуу шалгалт өгч тэнцэн суралцахаар болсон. Тухайн үед би ээлжийн амралтаа аван суралцахаар явсан ба ээлжийн амралтын хугацаа дуусангуут суралцах хугацаанд чөлөө олгохыг хүсэж сумын Засаг даргад хандсаны дагуу Ө сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/17 тоот тушаалаар намайг 2 жил суралцах хугацаанд албан ажлаас түр чөлөөлөх тушаал гаргасан.
Миний бие Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс чиглэл өгсний дагуу Амгалан Амаржих Газар Төрөлжсөн Мэргэшлийн Эмнэлэгт хуваарилагдан 2021 оны 10 сараас "Эх барих эмэгтэйчүүд судлал"-ын үндсэн мэргэжлээр элсэн орж 2 жилийн хугацаанд суралцсан ба Эрүүл мэндийн сайдын 2023 оны 11 сарын 17-ны өдрийн А/398 дугаартай "Үндсэн мэргэшил олгох тухай" тушаалаар Эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжлийг эзэмшсэн. Ийнхүү сургуулиа төгсөж ирээд урьд эрхэлж байсан ажилдаа эргэн ажиллах хүсэлтээ Өлгий сумын Засаг даргад 2023 оны 12 сарын 25-ны өдөр гаргасан.
Би анх өрийн сангийн зардлаар суралцахаар байсан боловч миний сургалтын төлбөр Төрийн сангаас шилжиж ирэхгүй байсан учир өөрийн зардлаар хувиараа төлбөрөө төлсөн. Ингээд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Мэргэжлийн үнэмлэхээ авахаар хүсэлтээ гаргахад чиний тушаал төрийн сангийн зардлаар гэж гарсан учир орон нутагтаа очиж 5 жил ажигласны дараа үнэмлэхээ авах ёстой гэсэн хариуг өгсөн. Би хувиараа төлбөрөө төлсөн учир төлбөрийн асуудлаа шийдүүлэхээр холбогдох хүмүүстэй нь холбогдсон ба 2 жилийн төлбөр болох, 1,568,000 төгрөг буцаан олгогдсоны дараа орон нутагтаа ирж ажилдаа эргэж орохоор хүсэлтээ гаргасан. Гэтэл сумын Засаг даргын зүгээс 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 37 дугаартай албан бичгээр хариу өгсөн ба тухайн албан бичигт Эрүүл мэндийн төвийн даргыг томилох эрх өөрт нь байхгүй, уг бүрэн эрх Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын бүрэн эрхэд хамаарна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасны дагуу Сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрх нь тухайн шатны Засаг даргад байхад ийнхүү эс үйлдэхүй гаргаж миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдаж байна.
Иймд Увс аймгийн Ө сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Өлгий сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Б.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Увс аймгийн Ө сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийнхээ хүрээнд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Өлгий сумын Засаг дарга Ж.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б овогтой С нь тус сумын эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад хоёр жилийн хугацаанд нарийн мэргэжлээр суралцахаар хүсэлт гаргаж, ажлаасаа чөлөөлөгдсөн, суралцахаар явсан тухайн 2 жил гаруйн хугацаанд сум орон нутагтаа холбоо харилцаагүй явж ирсэн ба тухайлбал эрүүл мэндийн төсвийн 2020, 2021 оны санхүүгийн тайланд нийцлийн аудит хийж, сөрөг дүгнэлт гарч хуучин удирдлагаас нь асууж тодруулах зүйл удаа дараа гарч байсан болов ч утсаа аваагүй...
Б.С-ийг тус эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд, "Ковид-19" коронавируст халдварт цар тахлын үед бид байгаа бүхий л боломжоороо дэмжиж, үр дүнтэй хамрагдан ажилласан билээ, энэ хугацаанд алдаа дутагдал гаргаж байсан хэдий ч тухай бүрийд нь ярилцаж, зөвлөж, сар, улирлаар олгодог үр дүнгийн урамшууллыг нь бүгэн тооцон олгосоор ирсэн. Б.С-ийн ажилд орох хүсэлт бүхий өргөдлийг Эрүүл мэндийн төвийн бичиг хэргийн ажилтан Д.Ч оны өмнөхөн намайг банк руу орж явахад, Сэржмядаг дарга миний хаяг руу ийм өргөдөл явуулжээ, танд өг гэлээ гээд авч ирж өгөөд явсан. Тухайн үед би яаруу ажилтай явсан учир машинд орхиод мартсан, дараа нь санаад оруулж ирээд өргөдөл, гомдлын хавтсандаа хийсэн, ингээд бас өөрөө ярих болов уу гэж харсан боловч яриагүй ба он гараад цагаан сарын өмнөхөн буюу 2-р сарын 2 дахь 7 хоног хөдөөгийн багуудаар аймаг, сумын шагнал гардуулаад чөлөө муутай явах хооронд Б.С орж ирж уулзсан, тэр үеэр би өргөдлийг нь гарган үзүүлж, чи өөрөө ярьчихаж болохгүй байна уу, чи бид хоёрын хооронд үл ойлголцсон ямар нэг асуудал байхгүй дээ, чи миний охин дүүтэй нэг ангийн хүүхэд арай л эрт их зан суусан байна шүү гэхчлэн ах хүний хувьд дүүтэйгээ харьцуулан бодож ярьж хэлсэн тэгээд өргөдлийг хууль эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтэнд шилжүүлж, цохилт хийсэн.
Ингээд 2 дугаар сард сар шинийн золголт гээд хүмүүс чөлөө авч нааш, цааш явсан, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй гэхчлэн цаг үеийн ажил ихтэй байсан бөгөөд 2-р сарын сүүлээр би дуудсан, өөрөө ч өргөдлийнхөө хариу авъя гэж намайг байхгүйд ирсэн байсан, сүүлд ирэх үед нь би чамайг эрүүл төвийн даргаар томилоход хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтад /Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө/ гэж заасан. Иймд Б.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.С миний бие ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Ө сумын Засаг даргад холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын Засаг дарга Ж.О, ЭМТ-ийн дарга Б.Э нартай зөвшилцөлд хүрсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс намайг Өлгий сумын Эрүүл мэндийн төвд эмчлэгч эмчээр ажиллуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн ба би тухайн саналыг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй боллоо. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд Увс аймгийн Ө сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Өлгий сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 03 сарын 19-ний өдөр гаргасан байна.
Тус нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан хуульд заасан хугацааны дотор гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа илэрхийлэн нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчээс 2024 оны 06 сарын 06-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-ийн Увс аймгийн Ө сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Өлгий сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг даалгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төрийн санд хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ